| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0861/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/886 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/886
2018 10 16 886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Ц.Ц.............рж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Засагт хан овогт Ц.............үүгийн Ц.............ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0387 91032 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Засагт хан овогт Ц.............үүгийн Ц.............рж, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1964 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 231 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХК64012615,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ц.Ц.............рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .............. гэртээ хамтран амьдрагч З.О................гийг шалтгаангүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож З.О................гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц.............рж мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Э.О................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Ц.............рж нь өөрийн төрсөн эгч Ц................гтэй хамт гэртээ 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд эгч Ц................г нь 15 цагийн орчим гэртээ орохоор гараад явсан. Гэтэл Ц.............рж нь намайг дуудахаар нь би Ц................гийн мандал янзалж байгаад босоод очих хооронд Ц.............рж байшингаас гараад ирсэн. Тэгээд гартаа байсан аягатай архиа миний нүүр рүү цацсан. Тэгэхээр нь би “чи яагаад хүн рүү архи цацаж байгаа юм бэ” гэсэн чинь Ц.............рж “барьж байсан аягаа миний нүүр рүү” шидсэн. Тэгтэл над руу шидсэн аяга нь миний нүдний дээр дух хэсэгт онож, миний духнаас цус гарсан. Түргэний эмчийг иртэл их хэмжээний цус гараад байсан...Намайг ямар ч шалтгаангүйг аяга шидэж гэмтээсэн. Мөн баруун нүдний орчимд гараараа нэг удаа цохисон. Баруун тохойд нохойн идүүрээр нэг удаа цохисон...Дээрх гэмтлийг Ц.............рж учруулсан...надад гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7),
“...би хамт архи уугаагүй...толгой руу аяга шидээд духны баруун хэсэгт зүсэгдсэн, мөн тохой бага зэрэг зүсэгдсэн байсан өөрөө гараараа цохиогүй...Бид хоёр 2015 оноос хойш хамтран амьдрагч байгаа, дундаасаа хүүхэд байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),
2. Гэрч Ц.М................л (шүүгдэгчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ..............од зуслан дээрээ байж байгаад аавын том эгч НаранЦ................г буюу Ц................гээ эгч ирсэн юм. Тэгээд аав болон бид нартай Ц................гээ эгч уулзаагүй удсан байсан болохоор аав нэг шил архи задалж өгөөд хамт уусан юм. Тэгээд би Н...........н эгчийнхээ хамт Ц................гээ эгчийг гэрээс гаргаж өгөөд буцаад орж ирэхэд О................г эгч духаа бариад цус гарчихсан байхаар нь “яасан бэ” гэж асуугаад шууд л эмнэлэг орсон. Яг яаж юунаас болж духнаас нь цус гарсан талаар мэдэхгүй байна...би З.О................г гэх хүнийг таньдаг болоод 3 жил болж байна. Манай ээж бурхан болсны дараа манайхаар орж гарах болсон...” (хавтаст хэргийн 9-10),
3. Гэрч Ц.Н...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дүү М................лын хамт Ц................гээ эгчийг гэрээс гаргаж өгөөд явж байхад гэрт хүн орилох шиг болохоор нь гэртээ орсон чинь О................г эгчийн нүүр нь цус болсон байсан...Тэгээд би Ц................гээ эгчийг гэрт нь оруулж өгчихөөд гэртээ орсон чинь О................г эгч газарт суучихсан дүү М................л цусыг нь арчаад сууж байхад цагдаа, түргэн ирсэн...яг яаж юунаас болж духнаас нь цус гарсан талаар мэдэхгүй байна... би З.О................г гэх хүнийг таньдаг болоод 3 жил болж байна. Манай ээж бурхан болсны дараа манайхаар орж гарах болсон. З.О................г эгч ер нь их сайхан ааштай эгч...надад их сайн хандаж анхаарал халамж тавьдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12)
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 10221 дугаар шинжээчийн дүгнэлтэнд
“...Хэсэг газрын үзлэгт: Духны баруун дээд хэсэгт ташуу 1.5х0.1см оёдол тавигдсан няцарсан шархтай, баруун тохойд 1.5х0.2см ангайсан зах ирмэг тэгш бус няцарсан шархтай, баруун нүдний дээд доод зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралттай, зовхинд цус хуралт, хамрын нуруу зүүн талдаа хонхор,
2018.8.20-ны “Натур эмнэлэг”-н Толгойн компьютерт томографийн шинжилгээ: “...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...баруун талд дух хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай бөгөөд 1,0х0.4см хэмжээтэй +66HU нягтралтай цус хуралттай... ДҮГНЭЛТ:
1. З.О................г-н биед тархи доргилт, дух, баруун тохойд няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),
5. Шүүгдэгч Ц.Ц.............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байшиндаа 3 охин, хамтран амьдрагч О................г нарын хамт байж байхад манай төрсөн эгч НаранЦ................г манай гэрт ирсэн. Тэгээд би эгчтэйгээ хамт 0.5 литрийн хар Чингис архи, 0.5 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд манай эгч НаранЦ................г явахаар болоод манай хоёр охин гаргаж өгсөн. Тэр үед би О................гийн хамт амьдарч байсан эрэгтэйн талаар яриад бид хоёр маргалдсан. Тэгээд би согтуу байсан болохоор уурлаад гартаа барьж байсан аягыг шидсэн чинь духыг нь оносон.Тэгсэн чинь О................г над руу уурлаад дайрахаар нь би нохойны хоолтой байсан идүүрний савыг аваад шидсэн чинь намайг нохойны идүүрээр цохилоо гэхээр нь би гараараа нүүр рүү нь цааш нь түлхсэн юм...бид хоёр нэг нэгнийхээ гэр орноор орж гарч хамт хонодог болоод 3 жил болж байна. Миний том охин өвчтэй болохоор О................г надад тусалж охиныг маань харж хандаж хааяа манайд ирж хонодог юм. Тэрнээс яг нэг гэрт орсон зүйл байхгүй...дээрх гэмтлийг би учруулсан...би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-36),
6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 23, 22), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 39-43, 57, 58), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 53), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 55-56) нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Ц.............ржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц.............ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нь мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ц.Ц.............рж нь Сонгинохайрхан дүүргийн .............., 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ, шалтгаангүйгээр, хамтран амьдрагч З.О................г рүү архи цацаж, улмаар аяга шидсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь;
-Хохирогч Э.О................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр...Ц.............рж нь намайг дуудахаар нь би Ц................гийн мандал янзалж байгаад босоод очих хооронд Ц.............рж байшингаас гараад ирсэн. Тэгээд гартаа байсан аягатай архиа миний нүүр рүү цацсан. Тэгэхээр нь би чи яагаад хүн рүү архи цацаж байгаа юм бэ гэсэн чинь Ц.............рж барьж байсан аягаа миний нүүр рүү шидсэн. Тэгээд миний нүдний дээр дух хэсэгт онож, миний духнаас цус гарсан. ...Надруу ямар ч шалтгаангүйг аяга шидэж гэмтээсэн. ...Баруун тохойд нохойн идүүрээр нэг удаа цохисон... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7),
“...би хамт архи уугаагүй...толгой руу аяга шидээд духны баруун хэсэгт зүсэгдсэн, мөн тохой бага зэрэг зүсэгдсэн байсан өөрөө гараараа цохиогүй...Бид хоёр 2015 оноос хойш хамтран амьдрагч байгаа, дундаасаа хүүхэд байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),
- Гэрч Ц.М................л (шүүгдэгчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ..............од зуслан дээрээ ...би Н...........н эгчийнхээ хамт Ц................гээ эгчийг гэрээс гаргаж өгөөд буцаад орж ирэхэд О................г эгч духаа бариад цус гарчихсан байхаар нь яасан бэ гэж асуугаад шууд л эмнэлэг орсон... би З.О................г гэх хүнийг таньдаг болоод 3 жил болж байна. Манай ээж бурхан болсны дараа манайхаар орж гарах болсон. З.О................г эгч ер нь их сайхан ааштай эгч...надад их сайн хандаж анхаарал халамж тавьдаг...” (хавтаст хэргийн 9-10),
- Гэрч Ц.Н...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дүү М................лын хамт Ц................гээ эгчийг гэрээс гаргаж өгөөд ... гэртээ орсон чинь О................г эгчийн нүүр нь цус болсон байсан...би З.О................г гэх хүнийг таньдаг болоод 3 жил болж байна. Манай ээж бурхан болсны дараа манайхаар орж гарах болсон. З.О................г эгч ер нь их сайхан ааштай эгч...надад их сайн хандаж анхаарал халамж тавьдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12)
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 10221 дугаар шинжээчийн дүгнэлтэнд “...1. З.О................г-н биед тархи доргилт, дух, баруун тохойд няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14)
-Шүүгдэгч Ц.Ц.............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би О................гийн хамт амьдарч байсан эрэгтэйн талаар яриад бид хоёр маргалдсан. Тэгээд би ...уурлаад гартаа барьж байсан аягыг шидсэн чинь духыг нь оносон. Тэгсэн чинь О................г над руу уурлаад дайрахаар нь би нохойны хоолтой байсан идүүрний савыг аваад шидсэн чинь намайг нохойны идүүрээр цохилоо гэхээр нь би гараараа нүүр рүү нь цааш нь түлхсэн юм...бид хоёр ... хамт амьдардаг болоод 3 жил болж байна...Тэрнээс яг нэг гэрт орсон зүйл байхгүй...дээрх гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-36) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Ц.............рж нь хохирогч З.О................г рүү аяга шидсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба тухайн аяганд оногдсоны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нөгөө талаас хохирогч нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдэд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Тиймээс дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц.............ржийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц.............ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ц.............ржид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Ц.Ц.............ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасны дагуу оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0387 91032 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн аяга, нохойны идүүр сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Засагт хан овогт Ц.............үүгийн Ц.............ржийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.............ржийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.............ржид оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ц.............рж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар
- хэргийн газрын үзлэгээр хураан авсан улаан өнгийн аяга, нохойны идүүр сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ