Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0384

 

2016 оны 6 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0384

Улаанбаатар хот

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй, иргэн Д.Б-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: Миний бие О ХХК-ийг газар тариалан эрхлэх чиглэлээр байгуулж 2008 онд Төвшрүүлэх суманд газрын дуудлага худалдаагаар 500 га газрыг тус сумын Засаг даргын 33 тоот захирамжаар эзэмшиж, хөрсний археологийн шинжилгээг Дарханы УГТЭШ-ний хүрээлэнгээр хийлгэж, 34 га газарт уринш хийсэн. 2009-2010 онд өөрийн хүч хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул аймаг орон нутагт /Архангай аймгийн болон Төвшрүүлэх сумын ЗДТГ/-т төсөл хөтөлбөр боловсруулж хүргүүлсэн боловч хөрөнгө санхүүгийн дэмжлэг авч чадаагүй. 2010-2012 онуудад Хөдөө аж ахуйн яаманд төсөл өгсөн боловч /780 сая төгрөг/-ний дэмжлэг аваагүй. 2010 оноос хойш манай хүү Б.Г байнгын хүний асаргаанд орж, одоог хүртэл байгаа. О ХХК болон миний бие 2008 оны газрын дуудлага худалдааны үнэ, 2008-2014 оныг дуустал газрын төлбөрөө жил бүр хугацаанд нь төлж сумын Засаг даргын Тамгын газартай гэрээгээ дүгнэж ирсэн. Гэтэл 2015 оны 4 дүгээр сард гэрээгээ дүгнэхээр Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газарт очтол таны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гээд 2015 оны газар эзэмших гэрээг сунгаж өгөөгүй. Иймээс би 2015 оны 4 дүгээр сарын 30-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл бичиж өөрийн бие төлөөлөгчөөр С.О-р дамжуулан өгсөн. Сүүлийн 2 жил миний өөрийн даралт ихсэж шүүх хуралд оролцож чадахгүй байна. О ХХК-нд охин Б.О, Б.Б нар ажиллаж ирсэн. Хүү Б.А АНУ-д 4 жил суралцаад 2016 оны 01 дүгээр сард мөнгө ирсэн, цаашид дээрх компанийн ажилд оролцох бүрэн боломжтой болж байна. Нөгөө талаар би Архангай аймгийн Хөдөө аж ахуйг механикжуулах, цахилгаанжуулах анхны шинэ техник нэвтрэх үед нь өөрийн мэдлэг чадвар, хувийн амьдралаа зориулж хөдөлмөрлөж явсныг Архангайд байгаа ахмад үеийнхэн мэднэ. Архангайд ажилласан 1966-1984 онд манай гэр бүлийн бүх хүүхдүүд маань төрж өссөн. Саяхан тариалангийн тухай шинэ хууль батлагдаж техник тоног төхөөрөмж эзэмшиж байгаа газраа барьцаалж зээл авч ажил үйлчилгээгээ явуулах боломжтой болж байна. Бид цаашид сум, аймгийн удирдлагатай хамтарч усалгаатай төхөөрөмж, малын тэжээл үйлдвэрлэх боломж бүрэн байна. Захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагын хүрээнд аймгийн Засаг дарга болон Төвшрүүлэх сумын Засаг даргад хандсан боловч хууль бус шийдвэрийг хүчингүй болгосонгүй, миний газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон нь хууль бус үйлдэл байна. Иймд иргэн Д.Б миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Төвшрүүлэх сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/122 дугаар захирамжийн Д.Б надтай холбоотой заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д.Б нь 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн сумын Засаг даргын 33 дугаар захирамжийн дагуу тус сумын нутаг дэвсгэрт 500 га газар эзэмшихээр болж эзэмших эрхийн гэрчилгээг авч гэрээ байгуулан тариалалт эрхлэн тодорхой үйл ажиллагаа явуулахаар болсон. Түүнээс хойш жил бүр газрын төлбөр төлж гэрээ байгуулан ирсэн боловч тухайн газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагааг явуулаагүй болно. Сумын газрын даамал болон Засаг даргын зүгээс удаа дараа тухайн газар дээрээ тариалалт хийж үйл ажиллагаа явуулаач гэсэн санал хүсэлтийг тавьж байсан. Г.Б миний бие 2012 онд сумын Засаг даргын ажлыг авсан бөгөөд 2013 онд иргэн Д.Б-д тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулж эхлэх, үгүй бол хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдлийг хүргүүлж танилцуулан гарын үсэг зуруулан авч байсан. Гэсэн хэдий ч иргэн Д.Б-н хувьд 2008 оноос 2014 он хүртэл 6 жилийн дотор тухайн газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, эхлээгүй учир Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн иргэн Д.Б-н газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргасан. Миний хувьд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн а/122 дугаар захирамжтай холбогдуулан иргэн Д.Б-н гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар бэлдэх, баримт бичиг бүрдүүлэх явцад 2008 онд иргэн Д.Б-д газар эзэмшүүлэх талаар тухайн үеийн Засаг даргын гаргасан захирамж нь өөрөө хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус захирамж болохыг олж мэдсэн. Учир нь 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 33 тоот захирамжид албан ёсны ямар ч тамга тэмдэг гарын үсэг байхгүй, захирамжийн хавсралт нь Засаг даргын бус Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамгатай, тухайн үед газар эзэмшүүлэх талаар газрын дуудлага худалдаа явуулж байсан тэмдэглэл зэрэг баримт байхгүй байсан. Би Д.Б-тай газар эзэмшүүлсэн гэрээ байгуулсныг мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл ирсний дараа шүүхээс үзлэг хийгээд Д.Б-н хувийн хэргийг үзэхэд гэрээ байгуулсныг мэдсэн. Гэрээ байгуулсан асуудал бол хуучин газрын даамлаар ажиллаж байсан хүний буруутай үйл ажиллагаа. Би гэрээ байгуулах зөвшөөрөл өгөөгүй. 2008 оноос 2012 оны хооронд гэрээг дүгнэсэн материал байхгүй, 2013 оноос хойш гэрээг дүгнэж байгаа. Өмнөх газрын даамал дүгнээгүй байсан. Харин одоо шинээр томилогдсон газрын даамал дүгнэж байгаа. Шүүхэд уринш, тариалалтын мэдээг өгсөн. Түүнд Д.Б 34 га газар уринш хийсэн гэсэн баримт огт байгаагүй. Гэрээг дүгнэсэн нотлох баримт мөн байхгүй байгаа. Газрын төлбөр жил бүр төлж байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт нь Д.Б-д холбоотой заалт биш. Өөр иргэдэд хамааралтай. Иймд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга миний бие иргэн Д.Б-н газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэж хүчингүй болгосон. 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/122 дугаар захирамжийг гаргахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг удирдлага болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа учир иргэн Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6, 40.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-н Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн а/122 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Д.Б-н нэхэмжлэлтэй Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/122 дугаар захирамжийн Д.Бад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах захиргааны хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хууль буруу хэрэглэж, хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1.      Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/122 дугаар захирамжид Д.Б-н газар эзэмших эрхийг ямар үндэслэлээр хүчингүй болгож, байгааг бичээгүй, хүчингүй болгосон үндэслэл нь тодорхойгүй байгаа.

2.      Засаг дарга захирамж гаргахдаа газар эзэмшигч Д.Б-н сүүлийн жилд үйл ажиллагаагаа явуулаагүй байгаа шалтгааныг судалж үзээгүй газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох гэж байгаа талаараа мэдэгдээгүй, улмаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон захирамжийг өгөөгүй 1 жилийн хугацаа өнгөрсний дараа Д.Б нь энэ тухай мэдсэн.

3.      Д.Б-н газар эзэмшүүлэх гэрээний хугацаа 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгагдаж газар эзэмших гэрээ хүчинтэй байхад сумын Засаг дарга захирамж гаргаж Д.Б-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Шүүх сумын Засаг даргын А/122 дугаар захирамж нь захиргааны байгууллага эрхийн акт гаргахдаа бэлтгэн эрх ашиг нь зөрчигдсөн иргэнд мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүйгээс иргэний эрхийг ноцтой зөрчсөн нь илэрхий байхад захирамжийг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хуулийг буруу хэрэглэж хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

Иймд, шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/122 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж иргэн Д.Б-н тариалангийн зориулалтаар эзэмшсэн 500 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч Д.Б нь ... 2014 оноос хүү Б.Г-ийн шизофрин өвчин нь даамжирч хүний хараа хяналтгүйгээр амьдрах боломжгүй, байнга асрамжлан халамжилж байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байтал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг минь хүчингүй болгосныг хууль бус хэмээн маргажээ.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар захирамжаар иргэн Д.Б-д Хүрэн хоолой нэртэй газарт 500 га талбайг үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 0154638 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх, 17.2.4 дэх хэсэгт заасан тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр  гаргаж  өгөх гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь өөрийн эзэмшлийн 500 га газартаа тариалан эрхэлсэн тухай мэдээг гаргаж өгч байгаагүй байна.

Тухайлбал иргэн Д.Б нь 2009 онд хөрсний шинжилгээ хийлгэж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас дэмжлэг авахаар 2010 онд хандаж байснаас өөр бусад байдлаар тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж, тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй болох нь жил бүрийн ургац хураалтын болон уриншийн мэдээ, гэрчүүдийн мэдүүлгээс илэрхий байна.

Нэхэмжлэгч нь дээрх байдлаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй шалтгаанаа хүүгээ асрамждаа байлгасан, улмаар шүүх хуралдаан дээр өөрийн эрүүл мэнд муудсан гэх зэргээр тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй, энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэгт хамаарахгүй.

Тодруулбал Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл элэгдэл, цөлжилт бий болсон, үржил шимийг нөхөн сэргээх буюу сайжруулах арга хэмжээ авах болон тариалан эрхлэгчид тариалах үр дутагдах, тухайн жилд ган болох магадлал ихтэй байсан, бусдын хууль бус үйлдэл зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаанаар тариалалт эрхлээгүй байхыг хамааруулж ойлгоно.

Бодит байдалд газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг зориулалтын дагуу ашиглахад Д.Б нь шаардлагатай мэргэжилтэн, ажилчидтай байх, тэдгээр нь түүний эзгүйд үйл ажиллагаа явуулах боломжтой байжээ.

Мөн Д.Б-н газар эзэмшүүлэх гэрээний хугацаа 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгагдаж газар эзэмших гэрээ хүчинтэй байхад сумын Засаг дарга захирамж гаргаж Д.Б-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй хэмээн давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч иргэн Д.Б-н газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2008 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх ба хариуцагч Газрын тухай хууль болон Газар эзэмших эрхийн гэрээ-нд заасан үйл ажиллагаа явуулж, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байхад тус сумын газрын даамал түүний газар эзэмших гэрээний хугацааг сунгажээ.

Ийнхүү газрын даамлын буруутай үйл ажиллагаанаас үүдэн нэхэмжлэгчийн газар эзэмших гэрээний хугацаа дуусаагүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ