Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Боролзойн Халиун |
Хэргийн индекс | 186/2016/0074/э |
Дугаар | 115 |
Огноо | 2016-09-07 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | З.Энхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,
улсын яллагч З.Энхжаргал,
шүүгдэгч Н.Идэр-Алтай, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
иргэдийн төлөөлөгч Б.Урантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Наташийн Идэр-Алтайд холбогдох эрүүгийн 2014250002020 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Боржгон овогт Наташийн Идэр-Алтай, 1970 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар баг, Дэнж баруун 10 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар МП70030673;
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/,
Шүүгдэгч Н.Идэр-Алтай 2014 оны 04 дүгээр сарын 12-ны орой Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарантуул 2 захын хойд талд зам гүүрийн баазын орчимд иргэн С.Батбаяр руу чулуу шидэж бие махбодид нь баруун дагзны ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх бага хэмжээний цус хуралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Идэр-Алтай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Хохирогч С.Батбаяр 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн тайлбартаа: “... 2014 оны 04 дүгээр сарын 11-ний орой найз Чимэгсайханыд байж байтал Ихбаяр гэдэг найз утасдсан, тэгэхээр нь Чимэгсайхан, түүний эхнэр Пагмаа бид 3 замаараа дэлгүүрээс 1 шил 750 грамм Арвай гэдэг архи аваад Ихбаярын гэрт нь ирэхэд цуг ажилладаг ажилчид нь гээд 2-3 хүн ирчихсэн байсан. Тэгээд Ихбаярыг аваад Чимэгсайхан, Ихбаяр бид 3 тэдний ойролцоо эзэнгүй хашаанд очиж архиа хувааж уучихаад буцаж ирээд Ихбаярынд ороход 2 залуу нэг талынх нь өрөөнд байсан. Тэдний нэгэнтэй маргасан гэтэл тэр залуу гаднаас тоосго авч ирээд миний толгой руу цохьчихоод зугтсан. Тэгэхэд Чимэгсайханы авгай Пагма гадна байсан намайг ухаан алдаад унахад орж ирээд түргэн дуудсан гэсэн. Намайг ямар хүн зодсоныг санахгүй байна. Ихбаярын цуг ажилладаг гэх хүмүүсийн нэг нь зодсон. Пагмаа тэр хүнийг харсан. Би Ихбаярынд зодуулсан тэр үед түргэн тусламж, цагдаа ирсэн. Түргэн тусламж ирж боолт хийж өгөхөд гайгүй байх гэж бодоод цагдаа нарт гомдол саналгүй гээд явуулчихсан. Тэгээд гэртээ очиход эхнэр намайг аймаар болчихсон байсныг хараад түргэн тусламж дуудан эмнэлэгт ирэхэд тархины зураг аваад гавлын яс цөмөрсөн хугаралтай байна гээд оёдол тавьж өгсөн...” гэжээ /хх-16-17/.
Хохирогч С.Батбаяр хохирогчоор мэдүүлэхдээ: “…2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр найз Чимэгсайханы гэрт очиж 1 шил 0,5 литрийн архи уусан. Тэгээд байж байтал Ихбаяр над руу залгаад чи миний түр амьдарч байгаа байранд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Чимэгсайхан, Оюунгэрэл бид гурав замаасаа 1 шил 0,75 литрийн архи аваад Ихбаярын амьдарч байгаа газар буюу Дэнжийн 1000-д очсон. Тэгээд Ихбаяр, Чимэгсайхан, Оюунгэрэл бид нар хашаанаас гараад гудамжинд гарч байгаад 0,75 литрийн архийг хувааж уусан. Тэгээд Ихбаяр, Чимэгсайхан бид 3 нилээн согтсон. Тэгээд би Ихбаярыг түр амьдарч байсан байранд нь оруулсан. Нэг ухаан ороход би нэг намхан нуруутай залуутай маргалдаж барилцаж авсан ноцолдож байсан. Тэгтэл миний ар талаас хатуу зүйлээр толгой руу цохисон. Тэгээд би доош шуудайтай төмс налж суусан. Тэгээд нэг сэрэхэд байшингийн өрөөнд ганцаараа хэвтэж байсан. Тэгээд би босоод байшингаас гарахад Чимэгсайхан хашааны гадаа согтсон хэвтэж, дэргэд нь эхнэр Оюунгэрэл нь зогсож байсан. Тэгээд би Оюунгэрэлээс намайг хэн цохьчихсон юм бэ гэж асуухад Ихбаярыг оруулж өгсний дараа чи орилж байсан. Тэгтэл тус байшинд байсан хүмүүс бүгд гараад ирсэн гэж надад ярьж байсан. Мөн Оюунгэрэлийг байшин руу ороход нь би цустай холилдсон хэвтэж байсан гэж Оюунгэрэл надад ярьж байсан. Оюунгэрэл болсон асуудлын талаар бүрэн мэдэж байгаа. Тэгээд би Оюунгэрэлтэй хамжиж Чимэгсайханыг гэрт нь хүргэж өгсөн. Чимэгсайханы аав нь Галбадрах гэж хүн такси зогсоож намайг суулгаж өгсөн. Тэгээд би тэр таксигаар явж гэртээ Сонсголонд очсон. Намайг гэртээ очиход эхнэр Отгонцэцэг түргэн дуудаж намайг үзүүлсэн. Түргэний эмч үзээд яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлагатай гээд түргэний машинаар авч яваад ГССҮТөвийн Гавал тархины тасагт хэвтүүлсэн. Тэгээд уг эмнэлэгт 10 гаран хоног эмчилгээ хийлгэсэн. Тэгээд тус эмнэлгээс гараад Булган аймагт очиж аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэж 10 хоног эмчилгээ хийлгэсэн...” гэжээ /хх-28-29/.
Гэрч Т.Оюунгэрэл мэдүүлэхдээ: “...2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 19:00 цагийн үед манай найз болох Батбаяр манай гэрт орж ирээд хоол идчихээд манай найзынд очъё гээд бид 3 Батбаярын найзынд очсон. Тэгээд найзынд нь очоод манай нөхөр, Батбаяр, Батбаярын найз тэр 3 нийлээд 1 шил архи уусан. Манай нөхөр согтоод газар унаад явж чадахгүй байсан. Тэгээд Батбаярын найзтай гэр рүү нь орсон би нөхрийгөө авах гээд дийлэхгүй болохоор Батбаярыг дуудах гээд хашаа руу орсон чинь миний хажуугаар хоёр банди гүйгээд гарсан. Тэгээд би гэр рүү нь орсон Батбаяр толгойгоо хагалуулсан нил цус болсон сууж байсан. Би Батбаяраас яасан бэ? гэж асуухад энэ дотроос нэг залуу миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн...” гэжээ /хх-18/.
Гэрч Г.Ихбаяр мэдүүлэхдээ: “...2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 11:00 цагийн үед манай найз Батбаяр над руу утсаар яриад найз нь ажилгүй байна, яваад очих уу гэж хэлсэн. Тэгээд 13:30 цагийн үед манай ажил дээр ирсэн. Батбаяр, тогооч Ундараа бид гурав Дэнжийн мянгад байдаг манай хөлсний байр руу явсан. Батбаяр бид хоёр дэлгүүр орсон чинь Батбаяр 20000 төгрөг гаргаж ирээд архи, пиво аваад гэрт очиж бид 2 ууж дуусаад дахиад 1 шил архи авч уусан. Батбаяр архи ууж байгаад манай найз Чимгээ дуудаад байна гээд гараад явсан. Би явсных нь дараа Батбаярын утас руу нь залгасан чинь танайх руу очиж байна гэж хэлээд тасалсан. Удалгүй Батбаяр 1 шил архи аваад ирсэн. Тэр үед манайх гамбир хийгээд хиншүүтэй байсан учир гадаа хашааны буланд уусан. Тэгээд би согтчихсон, нэг мэдэхэд гэртээ сэрсэн. Тэгсэн Батбаяр орилоод байхаар нь очиж уулзсан чинь толгойноос нь цус гоожсон байсан. Батбаяр танайхан намайг цохчихлоо гээд намайг цохиод байсан…” гэжээ /хх-19/.
Гэрч Н.Төмөрбаатар мэдүүлэхдээ: “...2014 оны 4 дүгээр сарын 12-ны оройн 19:00 цаг өнгөрч байхад ажлаа тараад түр амьдарч байгаа байрандаа орж ирээд цай уугаад байж байтал манай багын ахлагч Ихбаяр нэг үл таних залуутай орж ирсэн. Тэр үл таних залуу нь гаднаас орж ирээд та нарыг ална шүү гэж орилоод над руу дайрч түлхэж газар унагаасан. Тэгснээ Идэр-Алтай ах руу бас дайраад Идэр-Алтай ах руу чулуу шидсэн. Тэгтэл тэр тарган залуу бид нарыг ална гээд дайрахаар нь Гантөмөр, Санжаа, бид нар байшингаас зугтаагаад гарсан. Тэгтэл Ихбаяр ах өөрийн найз гэх тарган залуутай маргалдаад барьцалдаж аваад ноцолдоод байсан. Тэгтэл Идэр-Алтай ах тэр тарган залуугийн шидсэн чулууг газраас аваад түүн рүү шидэхэд толгойд нь оносон. Тэгтэл хэн дуудсан бүү мэд түргэний эмч, цагдаа нар ирсэн...” гэжээ /хх-24/.
Гэрч Б.Сэргэлэнбаатар мэдүүлэхдээ: “…2014 оны 4 дүгээр сарын 12-нд Батбаяр ах гаднаас согтуу гартаа чулуу барьчихсан Ихбаяр ахтай хамт орж ирсэн. Батбаяр ах агсарч байгаад гартаа барьж байсан чулууг нэг рүү нь шидчихсэн. Батбаяр ах Идэр-Алтай ахын дүү гэх залуу руу агсарч та нар юу юм бэ гэх мэтээр маргаад байсан. Батбаярыг чулуу шидэхэд нь Идэр-Алтай ах нөгөө чулууг нь аваад Батбаяр ахын толгойн тус газарт нэг л удаа цохисон. Толгой руугаа цохиулаад ухаан алдаад уначихсан. Батбаяр ахыг босч ирэхэд толгойн ард нь хагараад цус гарчихсан байсан. ...Идэр-Алтай эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Идэр-Алтай ахын дүү рүү чулуу шидэхэд дүү нь бултчихсан. Дүүгээ өмөөрч унасан чулууг авч толгой руу нь цохисон...” гэжээ /хх-35-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 6333 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
“1. Батбаярын биед баруун дагзны ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх бага хэмжээний цус хуралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт, тогтонги алдалтан нөлөөлөхгүй…” гэжээ /хх-42/.
Шүүгдэгч Н.Идэр-Алтайн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/, ам бүлийн тодорхойлолт /хх-65/, хохирогч С.Батбаяраас 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд ирүүлсэн өргөдөл зэргийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Н.Идэр-Алтай 2014 оны 04 дүгээр сарын 12-ны орой Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарантуул 2 захын хойд талд зам гүүрийн баазын орчимд иргэн С.Батбаяр руу чулуу шидэж бие махбодид нь баруун дагзны ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх бага хэмжээний цус хуралт, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь хохирогч С.Батбаярын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Идэр-Алтайн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Хохирогч С.Батбаяр нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин зэргийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс 830.000 төгрөг авсан, одоо 1.670.000 төгрөг нэхэмжилнэ гэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. Харин шүүх хохирогчийн гаргаж өгсөн баримтаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч Н.Идэр-Алтай бүрэн төлж барагдуулсан гэж дүгнээд, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүх шүүгдэгч Н.Идэр-Алтайд ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.
Түүнчлэн түүний үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулах хорих ялаас өршөөн хасах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржгон овогт Наташийн Идэр-Алтайг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Идэр-Алтайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Боржгон овогт Наташийн Идэр-Алтайд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн ерөнхий ангийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Идэр-Алтайн цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч С.Батбаярт 830.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Идэр-Алтайн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Идэр-Алтайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХАЛИУН
ШҮҮГЧИД Г.БУЯННЭМЭХ
С.БАТГЭРЭЛ