Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/724

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Н.Ч, Ж.Г,

шүүгдэг нарын өмгөөлөгч А.Очбадрал оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ж.Г, Н.Ч нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808004250687 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа блокны үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл 2, эхийн хамт Хан-уул дүүргийн ** дугаар хороо, Нүхтийн ** дугаар гудамж, *** тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Нын Ч /РД:****/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Орхон  аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 4, хадам эх, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Дэнжийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ж-ын Г /РД:***/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.Ч, Ж.Г нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ** дүгээр байрны ** дугаар орцны подвалд үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Ө” сууц өмчлөгчдийн холбооны тусгайлан хамгаалсан агуулахын хаалганы цоожийг эвдэн, нэвтэрч кабелийн зэс голтой 480 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.728.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 1 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Г бид хоёр “Ө” СӨХ дээр ирж кабелийн зэс утсыг аваад Яармагт жалганд аваачиж шатаасан. Зэсээ тушааж 280000 төгрөг болгосон. Гэртээ хариад цагдаа ирсэн байхаар нь авсан мөнгөө нуусан. 110000 төгрөгийг цагдаад хураалгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг өршөөнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 1808004250687 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Э-гийн: “...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай бүх орцны цахилгаан шатны шинэчлэл хийгдэж хуучин лефтны материалыг 6 дугаар орцны подволд хураасан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө би ажил дээрээ ирсэн чинь 6 дугаар орцны подволд хураасан байсан хуучин цахилгаан шатны лефтны материалаас 480 метр урт кабелын утас хулгайд алдагдсан байсан. Уг кабелын утас нь цахилгаан шатны бүдүүн зэс утас байсан бөгөөд Хархорин зах дээр 1 метр нь 15.000 төгрөгөөр зарагдаж байсан. Нийт 7.200.000 төгрөгийн кабелийн утас алдагдсан. Подволийг цоожилсон байсан 7500 төгрөгийн үнэтэй цоожийг эвдэлсэн байсан. Би “Дамно” ХХК-ийн үнэлгээ 1.720.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-21-22, 71/,

Гэрч Э.Б-ын: “...Тухайн үед жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн. Орцны үүдний камерыг шүүж үзсэн бөгөөд бичлэгт шөнийн 03 цагийн үед уг байрны **-р орцны орчмоос 2 залуу гарч явж байгаа бичигдсэн байсан. Уг бичлэгийг тухайн үед гар утсан дээрээ бичиж аваад **-р байрны**-р орцны жижүүр Б гэх хүний хүү Ч-ийг холбогдуулан шалгасан. Тэгээд бичлэг дээрх хүн уг сэжиглэж шалгасан Ч нь өөрийн найз Г-ий хамт явж байсан. Тухайн подвалоос цахилгааны утас хулгай хийсэн гэдгээ хүлээсэн. Уг бичлэгийг үзлэг хийж бэхжүүлэн авч чадалгүй байж байгаад өөрийн гар утсаа хаячихсан юм. Тэгээд бичлэгийг дахин авахаар СӨХ-н байранд ирэхэд уг бичлэг устсан байсан. Дээрх бичлэгийг үзүүлсэн чинь “кабелийн утсыг хулгайсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гээд зэс тушаасан газраа зааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-23/,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Ж-ын Г, Боржигон овогт Н-ын Ч нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Ч, Ж.Г тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Ч, Ж.Г тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Ч, Ж.Г нар урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжих ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Чээс 725.950 төгрөг, шүүгдэгч Ж.Гэс 925.950 төгрөгийг 3 жилийн хугацаанд тус тус гаргуулж, нийт 1.451.900 төгрөгийг хохирогч “Ө” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэн П.Ганбаатар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Ч, Ж.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ч, Ж.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР