| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0869/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/896 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/896
2018 10 17 896
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Энхбат
шүүгдэгч Г.Н.............д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Даагачид овогт Г................гын Н.............дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0381 61128 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Даагаид овогт Г................гын Н.............д, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1989 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “Эрдэм Транс” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын ............................. түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НМ89091719.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Г.Н.............д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ................. тоот хашааны гадна иргэн Д.Д...............ааг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
шүүгдэгч Г.Н.............д мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа ирсэн чинь манай эхнэр хүүхдүүдээ аваад дүү Д.Д...............аагийн гэр рүү явсан байсан. Би ажлаасаа ирэхдээ нэг шил архи авч ирээд найзтайгаа хувааж уугаад унтсан. Тэгээд шөнө унтаж байгаад эхнэр Ш.Б..................лыг дуудаж ирүүлснээс болж хэрүүл маргаан гарч энэ хэрэг гарах болсон...” гэв.
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Д...............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний...орой 17 цагийн орчим Ш.Б..................л эгч хүүхдүүдээ манайд орхиод...найз нартайгаа кино үзчихээд ирье гэсэн. Тэгээд орой 22 цаг 30 минутын үед Ш.Б..................л эгч манай гэрт ирсэн. Ш.Б..................л эгчийг манай гэрт ирэх үед манай аавын дүү О.Х.............аа манайд ирчихсэн бид хоёр вино ууж байхад таараад бид гурав хамт 0.5 литрийн вино хувааж уугаад юм яриад сууж байсан. Тэгтэл Ш.Б..................л эгч гарч караоке орьё гэхээр нь зөвшөөрөөд бид гурав Хархорин захын замын ард талд байх нэг караоке ороод нэг цаг дуулаад гарч ирсэн. Тэр үед шөнийн 03 цаг болж байсан...бид нарыг гараад явж байсан чинь Ш.Б..................л эгчийн нөхөр залгаад тэр хоёр хоорондоо утсаар хэрэлдээд байсан. Тэгтэл Ш.Б..................л эгч намайг хүргээд өг гэхээр нь замаасаа такси бариад Ш.Б..................л эгчийн гэрийн гадаа очиход Ш.Б..................лын нөхөр Г.Н.............д гадаад хүлээгээд зогсож байсан. Тэгээд Ш.Б..................л эгч машинаас буугаад нөхөр дээрээ очсон чинь үснээс нь зулгаагаад алгадаад цохиж аваад байхаар нь О.Х.............аа эгч бид хоёр машинаасаа бууж очоод болиулах гээд очсон чинь Солонгос явдаг баячууд, янхан, Дэлгэрээгийн муу шээс гээд орилоод миний үснээс зулгаагаад газар унагаагаад чирээд толгой руу өшиглөсөн. Тэр үед О.Х.............аа эгч Г.Н.............дыг надаас холдуулаад түлхэж унагаасан. ...Г.Н.............д миний үснээс зулгаагаад 2-3 алхам газар чирээд толгой руу 6 удаа өшиглөж газар хэвтэж байхдаа гараараа гэдсээ хаасан байхад 4-5 удаа өшиглөсөн...Тухайн өргөдөл гаргах үед би 5 сартай жирэмсэн байсан одоо 7 сартай болж байна...би ургийг эхо оношлогоонд харуулахад 45.000 төгрөгний зардал гарсан дээр нь эмнэлэг гэр хоёрын хооронд хэд хэдэн удаа таксигаар үйлчлүүлсэн. Нийт 75.000 төгрөгний зардал гарсан төлбөрийг нэхэмжилж байна. Надад Г.Н.............доос өөр нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-8)
2. Гэрч О.Х.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний орой...22 цаг 40 минутын үед Д.Д...............аа дэлгүүр гараад 1 шил 0.5 граммын вино авч ирсэн...бид хоёрыг виногоо уугаад сууж байтал гаднаас нэрийг нь мэдэхгүй Д.Д...............аагийн ээжийнх талын хамаатан гээд эгч эмэгтэй орж ирсэн. Ингээд бид 3 виногоо хувааж уугаад юм яриж суусан. Тэгээд сууж байхад нөгөө гаднаас орж ирсэн эмэгтэй гурвуулаа караоке орье гээд бид гурав Д.Д...............аагийн гэрээс гараад Хархорин захын ард нэг караокед 1 цаг дуулсан...тэгээд Ш.Б..................лын гэрт очиход гэрийнх нь гадаа Ш.Б..................лын нөхөр нь согтуу байсан. Тэгээд Ш.Б..................л таксинаас буухад нөхөр нь гэх залуу Ш.Б..................лыг шууд нүүр рүү нь цохисон. Тэгээд Д.Д...............аа таксинаас буугаад очоод болиулах гэхэд тэр залуу Д.Д...............ааг үснээс нь зулгаагаад газар унагааж дээрээс нь өшиглөөд байсан. Энэ үед Ш.Б..................л шууд зугтаагаад явчихсан. Би сандраад очиж болиулах гэхэд миний үснээс зулгаагаад гараараа миний доод уруул хэсэг рүү цохисон. Тэгээд би Д.Д...............аагийн хажууд унасан... миний үснээс зулгаасан нүүр, уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон намайг унасан байхад миний толгой руу нэг удаа өшиглөсөн...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9)
3. Гэрч Ш.Б..................лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үеэл Д.Д...............аагийн гэрт нь хүүхдүүдээ дагуулаад хонох гээд очсон. Тэгтэл Д.Д...............аа нэг шил жимсний дарс задлаад бид нар уусан...тэгээд...О.Х.............аа Д.Д...............аа бид гурав 00 цаг өнгөрч байхад нэгдүгээр хороололд нэг караокед ороод нэг цаг дуулчихаад 01 цаг өнгөрч байхад гарч ирээд Д.Д...............аагийнх руу явах гэж байсан чинь Г.Н.............д утасдаад байхаар нь Д.Д...............аа, О.Х.............аа хоёрт Г.Н.............д согтуу байна харихгүй бол болохгүй нээ гэсэн чинь Д.Д...............аа, О.Х.............аа хоёр намайг хүргэж өгөхөөр хамт такси бариад шөнө 03 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулга 2-13а тоотын гадаа очиход...Г.Н.............д өөдөөс гараад ирсэн. Тэгээд...хаагуур явж байгаад ирж байгаа юм гээд нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгтэл Д.Д...............аа машинаас бууж ирээд та яагаад байгаа юм бэ...манайд надтай хамт байсан юм гэсэн чинь уурлаад Д.Д...............аатай барьцалдаж аваад хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),
4. Иргэний нэхэмжлэгч Н.У..................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 12-ны шөнө 03 цаг 30 минутын үед Хархорин захын хойд талын ВЕСТ баарны үүдэнд гар өргөсөн 3 эмэгтэй байхаар нь авсан. Тухайн 3 эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн арагшаа хүргүүлнэ гэж хэлсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн арын шинэ замын цаана гудамжинд зогссон. Энэ үед нэг жирэмсэн эмэгтэй нь та хүлээж байгаараа буцаж хүргүүлнэ гэж хэлсэн нэг эмэгтэй нь түрүүлээд буусан тэгтэл нэг залуу урдаас нь гарч ирээд тэр эмэгтэйг цохисон. Тэгтэл тэр эмэгтэй орилоод хэрэлдээд байсан. Энэ үед машин дотор байсан хоёр эмэгтэй хоёулаа буугаад очтол тэр залуу миний машинд байсан жирэмсэн эмэгтэйг цохиод үсдээд чирээд дээрээс нь өшиглөөд байсан. Тэгээд тэр залуу жирэмсэн эмэгтэй хамт байсан эмэгтэй хоёрыг зодож байхдаа халит гараараа цохиод гар нь халтираад хажууд нь байсан тоосгон байшинг мөргөөд унасан. Тэгээд байж байтал тэр хоёр эмэгтэй миний машинд суусан нөгөө түрүүлээд буусан эмэгтэй айгаад цаашаа зугтаагаад явсан...Тэгээд тэр хоёр эмэгтэйг суулгаад явж байтал миний машины араас чулуу аваад шидсэн миний машины жолооч талын толины суурь хугараад үүрээд уначихсан...би өөрийн машины толины мөнгө гэж 200.000 төгрөг авсан...одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9881 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: баруун нүдний дээд, доод зовхинд 3х4см улаан ягаан цус хуралттай, бага зэргийн хавдартай, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун нүдний алимны салстад улаан ягаан цус хуралттай, хамрын нурууны дээд хэсгээр хаван хавдартай, тэмтрэхэд эмзэглэлтэй, хэвлий өнгөц тэмтрэлтээр эмзэглэлгүй.
2018.08.12-ны “Эмэгтэйчүүдийн эхо” шинжилгээнд: “...Ургийн зүрхний цохилт 1 мин 150 удаа, ихэс ар хананд, ураг орчмын шингэн хангалттай, умаа тонустайу/х 4.34, онош: 19 долоон хоног, 4 өдөр...ДҮГНЭЛТ
1.Д.Д...............аагийн биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),
6. Шүүгдэгч Г.Н.............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 11-ний орой ажил тараад 23 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэх үед эхнэр хүүхдүүд айлд усанд орох гээд явчихсан байсан. Би гэртээ ирэхдээ нэг шил архи авчираад хойд талын хашаанд амьдардаг найз Баярсайханыг дуудаж хувааж уусан...Тэгээд 23 цагийн үед Баярсайхан гэр рүүгээ орчихсон би гэртээ ганцаараа унтаад үлдсэн. Тэгтэл шөнө сэрээд цаг хартал 03 цагт эхнэр ирээгүй байхаар нь эхнэр Ш.Б..................лын гар утас руу залгаад хүрээд ир гэж дуудсан. Тэгээд шөнийн 03 цаг өнгөрч байхад Ш.Б..................л үеэл Д.Д...............аатай цуг такси бариад хүрч ирээд...эхнэр бид хоёр хэрэлдэж байхад Д.Д...............аа машинаас бууж ирэхэд нь баруун талын шанаа руу нэг удаа цохисон, машин руу чулуу шидсэнээ мэдэж байгаа...би Д.Д...............аагийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...би урд нь эхнэр Ш.Б..................лын ярианаас Д.Д...............ааг жирэмсэн гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68),
7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 23), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 26), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 25), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 27-29), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 30), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 33, 35-51) хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 82) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Н.............дод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Н.............д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Г.Н.............д нь Сонгинохайрхан дүүргийн ................. тоот хашааны гадна, 2018 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчимд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, үеэл дүү Д.Д...............ааг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Д.Д...............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Н.............д... О.Х.............аа эгч бид хоёр машинаасаа бууж...очсон чинь Солонгос явдаг баячууд, янхан, Дэлгэрээгийн муу шээс гээд орилоод миний үснээс зулгаагаад газар унагаагаад чирээд толгой руу өшиглөсөн. ...Г.Н.............д миний үснээс зулгаагаад 2-3 алхам газар чирээд толгой руу 6 удаа өшиглөж газар хэвтэж байхдаа гараараа гэдсээ хаасан байхад 4-5 удаа өшиглөсөн...Тухайн өргөдөл гаргах үед би 5 сартай жирэмсэн байсан одоо 7 сартай болж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-8)
-Гэрч О.Х.............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Б..................л таксинаас буухад нөхөр нь гэх залуу Ш.Б..................лыг шууд нүүр рүү нь цохисон. Тэгээд Д.Д...............аа таксинаас буугаад очоод болиулах гэхэд тэр залуу Д.Д...............ааг үснээс нь зулгаагаад газар унагааж дээрээс нь өшиглөөд байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9)
-Гэрч Ш.Баяржагалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...такси бариад шөнө 03 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулга 2-13а тоотын гадаа очиход...Г.Н.............д өөдөөс гараад ирсэн. Тэгээд...хаагуур явж байгаад ирж байгаа юм гээд нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгтэл Д.Д...............аа машинаас бууж ирээд та яагаад байгаа юм бэ...манайд надтай хамт байсан юм гэсэн чинь уурлаад Д.Д...............аатай барьцалдаж аваад хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),
- Иргэний нэхэмжлэгч Н.У..................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 12-ны шөнө 03 цаг 30 минутын үед Хархорин захын хойд талын ВЕСТ баарны үүдэнд гар өргөсөн 3 эмэгтэй байхаар нь авсан. ...Тэгээд Сонгинохайрхан дүүргийн арын шинэ замын цаана гудамжинд зогссон. Энэ үед нэг жирэмсэн эмэгтэй нь та хүлээж байгаараа буцаж хүргүүлнэ гэж хэлсэн нэг эмэгтэй нь түрүүлээд буусан тэгтэл нэг залуу урдаас нь гарч ирээд тэр эмэгтэйг цохисон. ...Энэ үед машин дотор байсан хоёр эмэгтэй хоёулаа буугаад очтол тэр залуу миний машинд байсан жирэмсэн эмэгтэйг цохиод үсдээд чирээд дээрээс нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9881 дугаар дүгнэлт “...2018.08.12-ны “Эмэгтэйчүүдийн эхо” шинжилгээнд: “...Ургийн зүрхний цохилт 1 мин 150 удаа, ихэс ар хананд, ураг орчмын шингэн хангалттай, умаа тонустайу/х 4.34, онош: 19 долоон хоног, 4 өдөр...ДҮГНЭЛТ 1.Д.Д...............аагийн биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),
- Шүүгдэгч Г.Н.............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 03 цаг өнгөрч байхад Ш.Б..................л үеэл Д.Д...............аатай цуг такси бариад хүрч ирээд...эхнэр бид хоёр хэрэлдэж байхад Д.Д...............аа машинаас бууж ирэхэд нь баруун талын шанаа руу нэг удаа цохисон, ...би урд нь эхнэр Ш.Б..................лын ярианаас Д.Д...............ааг жирэмсэн гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Шүүгдэгч Г.Н.............д нь үеэл дүү хохирогч Д.Д...............ааг жирэмсэн болохыг мэдсээр байж зодсон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.Н.............дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д...............аа нь эмчилгээний зардалд баримтаар 75.000 төгрөг нэхэмжилсэн байх (хавтаст хэргийн 7) боловч шүүгдэгч Г.Н.............д нь хохирогчид 75.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 82) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Н.............д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Н.............дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 900 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжээр торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Н.............д нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Н.............д нь “ЭРДЭМ ТРАНС” ХХК-нд жолоочоор ажилладаг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нөгөө талаар шүүгдэгч нь гэм буруу эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой байна. Түүнчлэн шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0381 61128 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Даагачид овогт Г................гын Н.............дыг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н.............дыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н.............дод оногдуулсан 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Н.............д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ