Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Ц.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Б.Алтанчимэг, А.Ганбат

            Шүүгдэгч                                                       Ц.Д

            Хохирогчийн өмгөөлөгч                               Ц.Бат-Эрдэнэ, Д.Ганбат

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч           С.Доржзовд  

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, А.Ганбат, прокурор Б.Мээпам нарын гаргасан давж заалдах гомдол, эсэргүүцэл зэргийг үндэслэн, Ц.Дт холбогдох 1812004430276 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт Цийн Д

 

Ц.Д нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэр “Улаанчулуу” гэх газар 69-33 УНТ улсын дугаартай, Хюндай Грейс маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас З.Бгийн жолоодож явсан 92-24 УНД улсын дугаар бүхий, Гранд марк 2 автомашиныг мөргөж, зорчигч О.Дцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.А, Ц.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ш.Ггийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ц.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Ц овогт Цийн Дийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний  эрүүл мэндэд хүнд, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хуагцаагаар хассан нэмэгдэл ялыг 1/нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж; Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Төмөр замын задгайн 55 тоотод оршин суух иргэний хариуцагч Д.Зоригоо/РД:ЙР88082916/-гоос 22.892.700/хорин хоёр сая найман зуун ерэн хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4-р баг, Шивээтийн 1-1 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Доржзовд/РД:УС69122932/-д, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Төмөр замын задгайн 55 тоотод оршин суух иргэний хариуцагч Д.Зоригоо/РД:ЙР88082916/-гоос   7.270.788/долоон сая хоёр зуун далан мянга долоон зуун наян найм/ төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5-р баг, 1-2 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч З.Б/РД:ЙС41120206/-д тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Доржзовд нь 1.000.000/нэг сая/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, түүний нэхэмжлэлээс 28.348.182/хорин найман сая гурван зуун дөчин найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч З.Бгийн нэхэмжлэлээс 1344861/нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга найман зуун жаран нэг/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож; Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчийн хэрэгт хураагдан ирсэн 805432 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.”

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ц.Дт холбогдох хэргийн зүйлчлэл, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйлдэл гэм буруугийн үйлдэлд тусгайлан гаргах гомдолгүй байна. Гомдол гаргаж буй гол үндэслэл нь Ц.Д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэтэл шүүх уг гэмт хэрэг нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн, түүнээс хойш шүүгдэгч Ц.Д нь хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт огт хохирол төлбөр төлөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгаагүй байх тул  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж дүгнэсэн нь  учир дутагдалтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирлын нотлох баримтуудаа шүүх хурал дээр гаргаж өгсөн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх , хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1-18 хуудас хохирлын баримтууд гаргаж өгсөн бөгөөд шүүх оршуулгын зардлын талаар ирүүлсэн нотлох баримтыг үнэлэн 22 892 700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнг зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх он сар байхгүй, гарын үсэггүй, ямар нотлох баримт болох нь мэдэгдэхгүй, нэр ус зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үндэслэн хохирлыг тогтоосон гэж үзэж байна. Үүнд 2 хуудасны 60 000, 300 000, 250 000, 4 хуудасны 129 300, 1 030 950, 640 570, 5 хуудасны 60 000, 20 500, 185 000, 10 500, 6 хуудасны 863 626, 7 хуудасны 73 165, 20 000, 43 600, 8 хуудасны 113 803, 10 хуудасны 87 500, 11 хуудасны 17 893, 102 505, 20 000, 20 000, 30 200, 12 хуудасны 40 000, 20 000, 40 000, 20 000, 80 000, 15 хуудасны 80 000, 20 500, 81 500, 80 027, 41 000, 23 100, 16 хуудасны 50 000, 100 000, 14 000, 20 000, 93 000, 17 хуудасны 11 000, 40 000, 25 167, 18 хуудасны 700 000, 344 400, 345 000, 812 500, 407 000, 1 146 000, 491 000, 100 000 төгрөг эдгээр үнийн дүнтэй баримтууд, иргэний нэхэмжлэгчийн 177 хуудас 78 000, 750 000, 1 200 000 цалин төгрөгийн баримтууд нь нэр усгүй, гарын үсэггүй, он сар өдөр байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Уг ослын үеэр Ц.Д нь хөлөө хугалж ослоос хойш хэвтрийн дэглэмтэй байсан. Хөл нь тулгуур эрхтэн учраас явах болон суухад бэрхшээлтэй байдаг. Ц.Д нь хохирол төлбөрөө төлөх талаар санаачлага гарган аав, ээж, ах дүүсийнхээ өгсөн малыг хүмүүст худалдаж үнэ өртгөө цагаан сарын дараа өгч авалцахаар тохиролцсон байсан. Ц.Д хохирлоо нөхөн төлнө. Нөхөн төлөхөө ч илэрхийлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлын нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ц.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү. Хохирол төлсөн баримт тодорхойлолтуудыг хавсаргав.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд:

“Миний үйлчлүүлэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаад 28 тоот шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу доорхи үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд: Миний үйлчлүүлэгч Ц.Д нь санамсар болгоомжгүй байдлаасаа болж авто аваарын хэрэг анх удаа үйлдсэн, хохирлоо сайн дураараа өөрийн чадах чинээгээрээ тодорхой хэмжээнд төлөн барагдуулж байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1.1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасанг, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухай зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл тэнсэж болно” гэж заасан байдаг тул Ц.Дт оногдуулсан 1 жилийн ялыг тэнсэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.” гэжээ.

 

Прокурор Б.Мээпамын бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мээпам би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэр “Улаанчулуу” гэх газар 69-33 УНТ улсын дугаартай, Хюндай Грейс маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас З.Бгийн жолоодож явсан 92-24 УНД улсын дугаар бүхий, Гранд марк 2 автомашиныг мөргөж, зорчигч О.Дцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.А, Ц.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ш.Ггийн амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Цын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дийг автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын доод хэмжээнээс бага буюу 2 /хоёр/ жилийн хугацаагаар ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу эдэлбэл зохих ялын хэмжээг зөв тодорхойлоогүй байна.

Иймд Ц.Дт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2, 4 дэх заалтад тус тус өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид эрх хасах нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд тохирсон ял оногдуулах ёстой. Энэ зарчмаас хальсан асуудал байгаа. Тийм учраас эрх хасах нэмэгдэл ял оногдуулахтай холбоотой шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Сая прокурор хэллээ, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх боломжтой гэж байна. Хэрэв анхан шатны шүүх техникийн алдаа гаргаад 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 2 жил гээд буруу биччихсэн бол тухайн техникийн алдааг засварлаад шийдвэрлэх боломжтой. Харин 3 жилээр эрх хасах ял оногдуулах байсныг 2 жилийн хугацаагаар гэж техникийн алдаа гаргаагүй, хуульд зааснаар доогуур ял оногдуулсан бол давж заалдах шатны шүүх хүндрүүлж ял оногдуулж болохгүй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хохирол төлбөрөө төлчихөөд, гэм буруугаа хүлээгээд явж байгаа бол өөр асуудал. Үнэхээр хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол цалингийн зээлийг төлөх ёстой гэж үзэж байна. Хэрэв давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээж аваад өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзвэл мөн хохирол төлбөрт өөрчлөлт оруулж цалингийн зээлийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Эрх хасах нэмэгдэл ялыг 2 жилээр оногдуулсан байхад 3 жил болгож өөрчилвөл ялыг хүндрүүлж байгаа асуудал. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь талийгаачийн оршуулгын зардалд хэрэглэсэн баримт. Хуурамч болон хууль бусаар цуглуулсан нотлох баримт нэг ч байхгүй. Харин баримтын хор нь цайсан асуудал бол байгаа байх. Өмнөх саналаа дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Эрх хасах нэмэлт ялыг өөрчлөх боломжгүй. Хохирол төлбөрийг хурал болох гэхээр л өгдөг гэж байна. Ажил хөдөлмөр эрхэлж л байгаад хохирол төлбөрөө төлнө шүү дээ. Ц.Д нь өөрийнхөө боломж бололцоогоор хохирол төлбөрөө төлж байгаа. Энэ хүн заавал ял эдлэх шаардлагагүй байна. Энэ хэрэг санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг. Хэрвээ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хэргийг анхан шатны шүүхэд буцаах юм бол Ц.Дт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Нэмэгдэл ялыг ял биш, хуулийг зөвтгөөд явж болно гэж хэлж байгаа  улсын яллагч харамсалтай байна. Нэмэгдэл оногдуулна гэдэг нь залхаан цээрлүүлэх ял шүү дээ. Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Ялыг хүндрүүлж оногдуулах асуудал нь дээд шүүх дээр түдгэлзчихсэн байгаа. Хэрвээ давж заалдах шатны шүүх 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 болгоё гэвэл үндэслэлгүй. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ Б.Алтанчимэг өмгөөлөгч бид хоёрын гаргасан гомдлын хүрээнд тайлбараа гаргах хэрэгтэй. Яагаад давж заалдах гомдлоос халиад цалин мөнгөтэй холбоотой тайлбар гаргаад байгаа юм бэ. Давж заалдах гомдлыг няцаах тайлбар гаргах гээд байгаа юм бол давж заалдах гомдлын хүрээнд тайлбараа гаргах хэрэгтэй. Хохирол гэдэг нь юу юм бэ гэдгээ онолын үндсээр нь ойлгох хэрэгтэй. Хүн нас барсан, маш том хохирол гарсан, үнэн. Гэхдээ энэ хүн чинь хутга барьж очоод хүн алчихсан юм биш шүү дээ, санамсар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Миний үйлчлүүлэгч маш их гэмшиж байгаа. Гэмшиж байгаагийнхаа хирээр хохирол төлбөрөө төлж байгаа. Буяны ажилд гарсан зардлыг төлөх нь шүүхийн практикт байгаа. Заавал энэ хүнийг шоронд суулгаснаар энэ хүний хохирол төлөгдөх юм уу, үгүй шүү дээ.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэр “Улаанчулуу” гэх газар 69-33 УНТ улсын дугаартай, Хюндай Грейс маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас З.Бгийн жолоодож явсан 92-24 УНД улсын дугаар бүхий, Гранд марк 2 автомашиныг мөргөж, зорчигч О.Дцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.А, Ц.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ш.Ггийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасахаар заасан байхад шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Харин прокурорын эсэргүүцэлд бичсэнчлэн дээрх алдааг шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээо зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                 Д.БЯМБАСҮРЭН

                                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ