Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0000/З

 

2014 оны 02 сарын 06 өдөр                    Дугаар 68                        Улаанбаатар хот

 

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч И.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийж, Дархан- Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Б-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Боловсролын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг үндэслэн тушаал гаргасан ба дээрх тушаалаар төрийн жинхэнэ, мэргэшсэн албан тушаалтан намайг албан тушаалаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, төрийн албаны зэрэг дэв, ангилалгүй болгох, өөр ажилд шилжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн боловч энэ нь доорх байдлаар нотлогдохгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосноор Боловсрол, соёлын газрын нэрд өөрчлөлт орж, соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсанаас бус өөр бусад бүтэц, зохион байгуулалт, орон тоонд ямар ч өөрчлөлт ороогүй. Аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц орон тоо батлах тухай Боловсрол, соёлын газрын даргын 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 61 тоот тушаал, мөн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот "Цалин шинэчлэн тогтоох тухай" тушаал зэргээр байгууллагын бүтэц орон тоог баталж, 2009 оноос өнөөг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Боловсрол, соёлын газрын орон тоо, цалингийн санг баталж, санхүүжүүлж ирсэн. Яамнаас барьж буй бодлогын дагуу аймгийн Боловсролын газарт боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ажиллах ёстой. Миний эрхэлж байсан ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд энэ ажлын байрны орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн хэр нь хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Г-г миний оронд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг нотолж байна.

Хариуцагч тал ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэл болгосон мөртлөө ажилд томилсон гэдэг нэрээр зохих тэтгэмжийг одоо болтол олгохгүй байна. Мөн хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн үйлдэл байна. Энэ заалт намайг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй огт хамааралгүй байна. Харин энэ заалтыг хэрэглэснээрээ хариуцагч талын гаргасан тушаал нь хууль тогтоомж стандартыг зөрчсөн шударга бус шийдвэр гаргасан, мөн Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл байна.

Хариуцагчийн гаргасан тушаалын 2 дахь заалтад Х.Б-ийг Багш хөгжлийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилж ажиллуулахыг Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирал Д.А-д үүрэг болгосон байна. Энэ нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захиралд багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрх нь хадгалагдах атал 1 дүгээр сургуулийн захирал Д.А-ийн хуулиар олгогдсон эрх, үүрэгт халдсан, үүрэгдсэн тушаал гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна. Миний ээлжийн амралтын тушаал 2013 оны 7 дугаар сарын 01-нд гарсан хэдий ч ажлын шаардлагаар 7 дугаар сарын 08-ны өпотйш дуустал ажиллаж 7 дугаар сарын 09-ний өдрөөс амралтаа биеэр эдэлсэн. Ингээд цалингүй ажилласан энэ хоногуудаа хойш нь сунгаж амраад, ээлжийн амралт 2013 оны 8 дугаар сарын 14-нд дуусаж, үргэлжлүүлэн эмчийн магадалгаатай 10 хоног эмнэлэгт хэвтэж байсан үед ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг зөрчсөн байна.

Хариуцагч Ч.Э нь намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах үед Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба МУ-ын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 145 тоот тогтоолоор Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ын 4.3.21, 5.31 дэх заалтыг хүчингүй болгосон тул хариуцагч Ч.Э нь дээрх тушаалыг гаргах хууль зүйн үндэслэлгүй байх тул эрх зүйн чадамжгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд, Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Э-ийн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгож, боловсролын асуудал, сургалт арга зүйн нэгж хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг олгох, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга Ч.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 13 тоот тогтоолоор Боловсрол, соёлын газарт "дэд дарга" гэсэн орон тоог бий болгон ажиллуулж байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэж, уг албан тушаал, албан хаагчийг чөлөөлөхийг Боловсрол, соёлын газрын дарга Р.Б-д үүрэг болгосон байдаг. Р.Б нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 52 тоот тушаалаар Х.Б-ийг дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн боловсролын асуудал, сургалт арга зүйн нэгж хариуцсан ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсан байна.

Боловсрол, соёлын газраас 2010 оны 5 дугаар сард "хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн"-ний сул орон тоог зарлаж, энэ орон тоон дээр төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч Г.Г тэнцсэн байна. Г.Г-г тухайн албан тушаалд томилохгүй байсан учир шүүхийн шийдвэрээр 2011 онд дээрх зарласан орон тоон дээр авч ажиллуулсан байна. Гэвч Г.Г, Х.Б нарын албан тушаалын чиг үүрэг нь зарим талаараа давхардсан байсан. Манай байгууллага дээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтаар Х.Б-ийг үндэслэлгүйгээр боловсролын асуудал, сургалт арга зүйн нэгж хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн орон тоон дээр ажиллаж байсан зөрчлийг илрүүлж, орон тоо, цалингийн асуудлыг хуулийн байгууллагаар хянуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10/08/029/243 дугаартай акт тавигдсан байгаа.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2010 оны 13 дугаар тогтоол, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт зэргээс үзэхэд Х.Б-ийн албан тушаалын орон тоог үндэслэлгүйгээр бий болгон ажиллуулж байсан нь харагддаг. Аймгийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаар захирамжаар "аймгийн Боловсролын газрын ажиллах журам, Боловсролын газрын бүтэц, зохион байгуулалт, орон тоо"-г баталсан ба Х.Б-ийн ажиллаж байсан орон тоо хасагдаж, хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоог баталсан тул Х.Б-ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.

Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна.

Иймд нэхэмжлэгчтэй эвлэрэх хугацаа болон дахин Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн шийдвэр гаргах шаардлагатай байх тул бидний саналыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэжээ.

Дархан-уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал Дархан-Уул аймгийн Боловсролын газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Б давж заалдах гомдолдоо: Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 тоот шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдаж байна. Үүнд:

Нэг. Дархан-Уул аймгийн Боловсролын газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот тушаал нь Х.Б намайг ажлаас халах гэж зориулагдсан, зохиомол, илт хууль бус байхад анхан шатны шүүхээс "алдааг нь зөвтгүүлэх"-ээр түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан явдал нь хариуцагчийн санаатай буруу үйлдлийг зөвтгөсөн, бодит байдалд огт нийцээгүй шийдвэр гэж үзэж байна

Нотолгоо 1. Намайг шүүхэд хандсаны дараа нотлох баримт болгох зорилгоор хоёр эрхийн актыг нөхөн гаргаж ирсэн байдаг. Энэ нь шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө өгсөн Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 35 тоот тушаал, нөгөөх нь тайлбар өгөх хугацаа хэтэрсний дараа гаргасан аймгийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 297 тоот захирамж юм. Эдгээр акт нь цаг хугацаандаа үнэхээр гарсан бол намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа зааж, мөн надад танилцуулах ёстой байсан. Энэ үйлдэл нь хууль бусаар захиргаа нотлох баримт бүрдүүлж байгааг илтгэж байна. Тэгээд ч надад 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөхдөө бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдээгүй байхад "орон тоо хасагдсан" гэсэн үндэслэл тавьсан байсныг шүүх анхааралдаа авна уу.

1                  Нотолгоо 2. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр

зүйлийн 9.1-д захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана. Үүнд,

Хуулийн 9.1.1-д захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай /энэ тухай өөрсдөө хүлээн зөвшөөрсөн тухайгаа хүсэлт гаргаж бичгээр шүүхэд өгсөн/.

Хуулийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй /2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн Засаг даргын Боловсролын газрын бүтэц, орон тоог баталсан захирамж болон Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Э-ийн намайг ажлаас чөлөөлсөн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот тушаалын цаг хугацаа нь БШУ-ны сайдын аймаг, нийслэлийн Боловсролын газрын бүтэц, орон тоог батлах тухай журмыг шинэчлэн баталсан цаг хугацаатай давхацсан нь Засаг даргын захирамж болон Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн тушаал нь үндэслэлгүй гэдэг нь батлагдсан/.

Хуулийн 9.2-т захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно гэсний дагуу уг тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргах ёстой байтал, үүнийг зөрчин анхан шатны шүүхээс Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн Х.Б намайг ажлаас чөлөөлсөн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 44 тоот тушаалыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус төдийгүй, нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

Хариуцагч тал шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө шүүхэд өгсөн хүсэлтдээ өөрийн гаргасан тушаалыг "... Төрийн албаны тухай хуульд нийцээгүй тул дахин тушаал гаргах шаардлагатай боллоо" хэмээн дурдсан төдийгүй шүүх хурал дээр өөрийн гаргасан шийдвэрийг буруу гэдгийг хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх нь /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7 хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх/ гэсэн заалтыг үндэслэл болгосон нь нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр болсон. Ер нь Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн намайг ажлаас чөлөөлсөн тушаалын нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.7, 9.1.9 дүгээр заалтуудыг бүрэн зөрчсөн тушаал тул захиргааны хэргийн шүүхээс шууд хүчингүй болгох шийдвэр гарах ёстой байсан гэж үзэж байна.

Хоёр. Хариуцагч тал тайлбараа цаг хугацаанд нь шүүхэд өгөөгүй 7 хоног хожимдуулсан, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 35 тоот тушаалыг шүүх хурал болохоос хоёр гуравхан хоногийн өмнө /хавтаст хэрэгтэй өмнө нь танилцахад байхгүй байсан мөртлөө шүүх хурал болохоос 1 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 04-нд танилцахад л ирсэн байсан/ өгсөн нь хуурамч акт бүрдүүлэн нөхөн гаргахад хугацаа авч байсан гэж үзэж байна. Шүүхээс "тайлбар өгөх хугацаа чинь болж байна, дуусаж байна" гэж утсаар удаа дараа мэдэгдсээр байтал хариуцагч тал хугацаа хоцроож өгсөн байхад шүүхээс найр тавьж, эвсэг байдал гарган түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч талаас санаатайгаар хугацаа хэтрүүлбэл шүүх хуулийн дагуу хариуцлага тооцох заалт байсаар байтал хариуцлага тооцоогүй нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Гурав. Хүний эрхийг ноцтой зөрчиж хохироосон, нөгөөтэйгөөр агуулга, хэлбэр талаасаа ч ямар ч хуулийн үндэслэлгүй, зохиомол тушаалыг зөвтгөн залруул гэж буй нь өөрөө үндэслэлгүй, ойлгомжгүй шийдвэр байна. Шүүх хариуцагчийн хүсэлтийг харгалзан шийдвэр гаргахдаа тэдний цаг хугацаа хожих гэсэн, гаргасан хүсэлтдээ засаж залруулах талаар тодорхой хугацаа заагаагүй учир хэдэн сар, жил хүлээж давхар хохирч болохыг анхаарч үзээгүй илт нэг талыг барьсан тул анхан шатны захиргааны хэргийн шүүхийн 34 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Х.Б-ийг Сургалт, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Багш хөгжлийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилж, ажиллуулахыг Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирал Д.А-д үүрэг болгожээ.

Нэхэмжлэгчээс “... миний эрхэлж байсан ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд энэ ажлын байрны орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн хэр нь хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Г-г миний оронд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл, ... ээлжийн амралттай байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн заалтыг зөрчиж, өвчтэй байхад ажлаас халж хууль зөрчсөн” гэж,

хариуцагчаас "... Х.Б-ийн албан тушаалын орон тоог үндэслэлгүйгээр бий болгож ажиллуулж байсан” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд дараах нөхцөл байдлуудыг шалгаж тодруулан, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. Тухайлбал,

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын үлгэрчилсэн журам”-ын 4.1.2-т “Боловсрол, соёлын газар нь батлагдсан төсөвт багтааж бүтэц, орон тоогоо тогтоох”, 3.1-д “Боловсрол, соёлын газар нь төрийн захиргааны болон мэргэжил-арга зүйн уг журам Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/315 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон нэгжтэй байх бөгөөд төрийн захиргааны нэгжид дарга, боловсрол, соёл, төсөв, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, мэргэжил-арга зүйн нэгжид арга зүйчид хамаарагдана” гэж заажээ.

Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” 61 дүгээр тушаалаар сургалт, боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний 1, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоог баталжээ.

Тус газраас 2010 оны 3 дугаар сард хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах захиалга өгч, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар тогтоолоор тус албан тушаалд Г.Г-г томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Үүний дараа тус газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар тушаалаар сургалт, боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний орон тоонд тус газарт дэд даргаар ажиллаж байсан Х.Б-ийг томилон ажиллуулсан байх ба Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 17 дугаар шийдвэрийг үндэслэн, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 40 дүгээр тушаалаар хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Г.Г-г томилон ажиллуулсан байна.

Иймд, шүүх бүтэц, орон тоог баталсан 2009 оны 61 дүгээр тушаалаас хойших хугацааны буюу 2010, 2011 оны бүтэц, орон тоог баталсан шийдвэрүүдийг хэрэгт нотлох баримтаар авч, 2010, 2011 онуудад төрийн захиргааны нэгжид боловсролын асуудал хариуцсан ямар орон тоо баталсан, Х.Б, Г.Г нар батлагдсан орон тоонд ажиллаж байсан эсэх, Х.Б-ийн ажиллаж байсан албан тушаалын орон тоог үндэслэлгүйгээр бий болгосон эсэхийг шалгаж тодруулан, холбогдох нотлох баримтыг цуглуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой байна.

Түүнчлэн, тус Боловсрол, соёлын газрын даргын “Бүтэц, орон тоог батлах тухай” 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар тушаалаар төрийн захиргааны нэгжид хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоог баталж, уг албан тушаалд Г.Г-г томилж ажиллуулжээ.

Хэргийн 91 дүгээр талд авагдсан “мэдэгдэл” гэсэн баримтаар, сургалт боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Б-т “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн байх ба тэрээр “миний эрхэлж байсан ажлын байр, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа” гэж маргажээ.

Хариуцагч захиргааны байгууллага албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд албан хаагчийг шалгаруулан томилох үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна. Учир нь,

Нэхэмжлэгч Х.Б-ийн ажиллаж байсан сургалт, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний болон Г.Г-ийн ажиллаж байсан хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог нэгтгэж, хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоог баталснаар тэдний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэхээр байх ба хуульд зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан нь эдгээр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсээс тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хэн илүү хангаж байгааг хэрхэн дүгнэж, шалгаруулж авсныг тодруулах шаардлагатай, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ээлжийн амралттай байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах”, 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Х.Б нь ээлжийн амралтаа үргэлжлүүлэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, өвчтэй байхад ажлаас чөлөөлсөн гэж маргасан байхад шүүх түүний ээлжийн амралт ямар хугацаанд үргэлжилсэн, тэрээр өвчтэй байсан /эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн/ эсэх талаарх нотлох баримтыг цуглуулж нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй байна.

Иймд, шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай