Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00077

 

 

............ ХХК-ний

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01188 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1475 дугаар магадлалтай,

 

............ ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй иргэний хэргийг

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ............ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загдсүрэн, ............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, Б.Даваагэрэл, Б.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Хүсэлт гаргагч ............ ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ ХХК 2008 оны 10 сарын 21-ний өдөр байгуулагдсан, нэг хувьцаа эзэмшигчтэй, улсын бүртгэлийн дугаар 9011174033, регистрийн дугаар 5265746, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл болно. Тус компани 2009 онд Дорноговь аймаг, Өргөн сумын төвд уул уурхайн түүхий эдийн тээрмийн үйлдвэрийг байгуулж зургаан жилийн хугацаанд Монгол улсын стандартын шаардлагыг хангасан асфальтын үйлдвэрлэлийн эрдэс нэмэлт, бентонитын нунтаг болон бусад барилгын материалыг тээрэмдэн үйлдвэрлэж Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн замыг шинээр тавьж буй арав гаруй аж ахуйн нэгжид нийлүүлж ирсэн билээ. Манай үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох эрдэс нэмэлт нь хэдийгээр замын хатуу асфальтан хучилт хийхэд зайлшгүй шаардлагатай ч мөнгө шингээх чадвар муу, олон дамжлага бүхий үйлдвэрлэл эрхлэхийг шаарддаг онцлогтой. Тухайлбал, энгийн шохойн чулууг ордноос нь хөрс хуулан тэсэлгээ хийж олборлох, бутлан шигшиж ангилах, шороо, бусад хольцоос салган цэвэрлэх, үйлдвэр рүү том оврын автомашинаар 28 км тээвэрлэх, тэнд тээрэмдэн нунтаг хэлбэрт оруулж савлах, эцэстээ хэрэглэгчид хүргэж өгөх зэрэг олон ажилбар хийгдэж ихээхэн хэмжээний зардал гардаг боловч зах зээл дэх нэг тонны үнэ нь 60- 70 мянган төгрөг байдаг учир үйлдвэрлэлийн цэвэр ашиг 10-15 хувиас дээш гардаггүй юм. Түүнчлэн үнэ өртөг багатай барааг холын зайд тээвэрлэн хэрэглэгчдэд хүргэхэд тээврийн зардал өндөртэй учир ихэвчлэн бүс нутагтаа борлуулдаг, манай орны замын барилгын ажлын онцлогийг даган тус компани зөвхөн дулааны улирал буюу 5-9 сард үйл ажиллагаа явуулах боломжтой учир ашигтай ажиллахын тулд бид маш богино хугацаанд аль болох их хэмжээний үйлдвэрлэл явуулж байсан түүхтэй. Нөгөө талаас манай бүтээгдэхүүний гол хэрэглэгч болох зам барилгын компани, асфальтын үйлдвэрлэгч нар дан ганц улсын төсөв, эсвэл олон улсын зээл тусламжийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг учир төвлөрсөн санхүүжилтээс шууд хамааралтай болбоос төлбөр тооцоогоо удаашруулах, улмаар манай компанийг хохироох асуудал олон жилийн турш давтагдан ирсэн. Тухайлбал, олон зуун жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй адилаар 2012-2015 онд манай барааны худалдан авагчид санхүүгийн хямралд өртөгдсөн нь тус компанийн үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлж манай борлуулалт бүрмөсөн зогссоны улмаас бид үйлдвэрээ урт хугацаагаар хаахад хүрлээ. Яг энэ үеэс эхлэн манай компани санхүүгийн гүн хямралд орж ажиллагсдын цалин, цахилгаан тээврийн мөнгө, банкны төлбөр, мөн хуримтлагдсан татварын өглөгөө барагдуулж чадахгүйд хүрсэн. Тухайлбал, манай компани 2016 оны эцэс гэхэд 51.0 сая төгрөгийн НӨАТ болон бусад төрлийн татварын өр төлбөр хуримтлагдав. Ингээд сүүлийн таван жилийн турш манай компани нь санхүүгийн байгууллага, иргэдээс ихээхэн хэмжээний зээл авч үйлдвэрлэлийг хэвийн горимд эрхлэх боломжоо бүрдүүлсэн боловч улс орны эдийн засгийн ерөнхий байдал, замын компаниудын төлбөрийн чадамж, үйлдвэрийн байршлаасаа шалтгаалан цаашид үйлдвэрлэл эрхлэх, борлуулалт хийх боломж хаагдсанаас шалтгаалан санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж иргэд, санхүүгийн байгууллагад төлөх өр төлбөр, хуримтлагдсан татварын өглөгөө барагдуулах чадваргүй, үндсэндээ цаашид тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрлээ. Үйлдвэрлэл бүр мөсөн зогсож компани нь сүүлийн гурван жил ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа тул 2011-2014 онд хуримтлагдсан ААНОАТ, ХХОАТ ба НӨАТ-ын өглөг болох 51,035,855.00 төгрөг, Түмэн Менежмент ББСБ-аас зээлдсэн зээлийн үндсэн төлбөр, хүүний хамт 51,086,569.95 төгрөг, хувь нийлүүлэгчээс компанийн үйл ажиллагаа хэвийн явуулахад санхүүжүүлсэн 158,367,723.00 төгрөг, нийт 260,490,147.95 төгрөгийг эргэн төлж барагдуулах ямар ч боломжгүй байдалд хүрлээ. Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэхэд ............ ХХК нь сүүлийн таван жил алдагдалтай ажилласан; үйлдвэрлэлийн онцлог, зах зээлийн өнөөгийн байдал, бусад хүчин зүйлийг үндэслэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй, үүнээс шалтгаалан урьд өмнө нь хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй; энэхүү хуримтлагдсан өглөг нь компанийн нийт авлага, өөрийн хөрөнгөөс олон арав дахин давсан зэрэг нөхцөл байдалтай байна. Иймд Дампуурлын тухай хуулийн 5.1.2-р заалтыг үндэслэн ............ ХХК нь цаашид санхүүгийн үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж байгаа тул тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож дампуурсанд тооцон татан буулгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ............, түүний төлөөлөгч Э.Есүүдэй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ 2009 онд Ялгуун интернэшнл ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ............ ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр орсон. Гэрээний нөхцөлөөр ............ нь 2009 онд ............ ХХК-д хувийн хуримтлалаасаа нийтдээ 96,150,000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бэлнээр хийж компанийн тээрмийн үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангаж ирсэн. ............ий оруулсан энэхүү хөрөнгө нь ............ ХХК-ийн өр төлбөрийн данс бүртгэлтэй, баланс тайланд нь тусгагдан үлдсэн өр өнөөг хүртэл хэвээрээ байгаа юм. Гэтэл тус компани нь 2012-2014 оны санхүүгийн хямралд өртөж үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох шохойн чулууны эрдэс нунтаг болон бентонитын нунтгаа борлуулах зах зээлгүй болж үйл ажиллагаагаа бүрэн зогсоон төлбөрийн чадваргүй болсон. ............ий оруулсан мөнгөн хөрөнгөөс өнөөдрийн байдлаар ихээхэн хэмжээний мөнгө буюу 80 сая төгрөг эргэн төлөгдөөгүй байна. Иймд ............ ХХК-аас 79,957,963 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ............, түүний төлөөлөгч Э.Есүүдэй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буузай овогтой Эрдэнэцэцэг нь ............ ХХК-д 2013 оны 12 сарын 10-нд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тус компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 45 сая төгрөг бодогдсон хүүний хамт, мөн Монум ХЗХ-оос авсан зээл 30 сая төгрөг бодогдсон хүүний хамт, нийт 78,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж энэхүү гэрээний 2.1.2-р заалтаар тус компанийн цэвэр ашгийн 40 хувийг жил бүр авч байх, хөрөнгө оруулалтаа 3 жилийн дотор нөхөгдсөнөөр гэрээ дуусгавар болох зэрэг нөхцөлүүдийг тусгаж өгсөн. Түүнчлэн компанийн мөнгөн урсгал хянах, орлого, зардлыг гүйлгээг биечлэн гүйцэтгэх, компанийн хэвийн үйл ажиллагаа хангах үүднээс тус гэрээг үндэслэн ............ийг ............ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Уг мөнгийг ............ ХХК-ийн тээрмийн үйлдвэрийн хэвийн ажиллагаа болон эргэлтийн хөрөнгийг хангах зорилгоор өгсөн боловч амжилт олоогүй. Одоо ............ ХХК-ийн баланс тайланд дээрх 78,409,760 төгрөг нь компанийн бусдад өгөх өглөгөөр тусгагдаж явдаг. Иймд хариуцагч ............ ХХК-аас 78,409,760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2018/08784 дугаар шүүгчийн захирамжаар ............ ХХК-ийн дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргал намайг томилсон. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13. 1 дахь хэсэгт зааснаар хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт, хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлог, удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт, нэхэмжлэгчдийн хэсэг болон нэхэмжлэл тус бүрийн дүн, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаарх санал зэргийг тусгахыг заасан. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д сүүлийн 3 жилийн тайлан тэнцэл, Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19 -ны өдрийн 1 тоот. "...санхүүгийн тайлан тэнцэл" гэдэгт Төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно. Мөн "...сүүлийн 3 жил" гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулна гэж заасан хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийн 2012-2016 онуудын улирлын санхүүгийн баримтыг бүхэлд нь судалсан. Хэрэг гүйцэтгэгч би хариуцагчаас ирүүлсэн баримт, санхүүгийн тайлангаас хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, нэхэмжлэгч иргэн ............, ............ болон хариуцагч ............ ХХК-д үүгээр танилцуулж байна. Хэрэг гүйцэтгэгч би Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримтлан дараах арга, аргачлалуудыг баримтлан ажиллав. Хариуцагч ............ ХХК - ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчээс мэдээлэл авах, удирдлагын үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн талаар тодруулга авахад харилцан ярилцах, асуулгын аргыг ашигласан. Компанийн удирдлага болон хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн байгууллагаас баримтыг гаргуулан баталгаажуулав. Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал би Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу ............ ХХК-д холбогдох дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал санал болгосноос шүүхээс томилогдсон. Нэхэмжлэгч болон хариуцагчийн үйл ажиллагаанд хувийн болон санхүү эдийн засгийн сонирхолгүй, ............ ХХК-ийн дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлагад буюу төлөөлөн удирдах зөвлөлд байгаагүй, ............ ХХК-ийн дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн болон түүний гэр бүлийн гишүүн бус бөгөөд хамаатан садангийн холбоогүй, энэ хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн ............ ХХК-ийн дампуурлын хэрэгт доорх ажиллагааг хийсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 181/ШЗ2018/08784 дугаартай шүүгчийн захирамжаар ............ ХХК-ийн дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргал намайг томилсон. Хэрэг гүйцэтгэгч би урьд ажиллаж байсан хэрэг гүйцэтгэгчээс хариуцагчийн баримт бичиг, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, компанийн тамга тэмдэг зэргийг хүлээн авсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг хуралдуулан нэхэмжлэгчдийн саналын эрхийг тогтоосон. ............ ХХК нь Хаан банкны 5043017214 төгрөгийн данс, Хаан банкны 5043020544 валютын данс, Худалдаа хөгжлийн банкны 411003940 төгрөгийн данс, Худалдаа хөгжлийн банкны 411003941 валютын данс эзэмшиж байсан ба би хариуцагчийн эзэмшиж байгаа дансны гүйлгээг судалсан. Үйл ажиллагааны орлого болох эрдэс бетоны нунтгийн үнийг 2014 оны 09 дүгээр сар хүртэл харилцагчдаас авч байсан байна. Дээрх хоёр харилцах дансанд компанийн хувьцаа эзэмшигч ............ орлого болон зузаатгал гэж орлого оруулсан байна. Хувьцаа эзэмшигч ............ нь компанийн үйл ажиллагаанд зориулан хөрөнгө оруулж дээрх орлогууд нь компанийн үйл ажиллагааны зардал болон зээлийн төлбөрт зарцуулагдсан байна. ............ ХХК нь ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг Эрдэнэт үйлдвэр, Алтайн зам ХХК, Улаанбаатар АЗЗА ХХК, Ораметалл ХХК зэрэг харилцагч компаниудад борлуулж орлого олж байсан боловч эргэлтийн хөрөнгө нь урт болон богино хугацааны зээлээр бүрддэг нь компанийг ашиггүй ажиллахад хүргэж, үйл ажиллагаанаас олсон ашиг зээлийн хүү, зээл төлөхөд зарцуулагдаж байжээ. ............ ХХК-ийн санхүү, эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийхэд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өөрийн хөрөнгөөс /үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгө/ 249,928,600 төгрөг бусдад төлөх төлбөр 260,637,500 төгрөгийг хассанаар -10,708,900 төгрөгийн хасах баланстай буюу өөрийн хөрөнгө байхгүй байх тул төлбөрийн чадваргүй байна гэж дүгнэлээ. Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэрэг гүйцэтгэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгчийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг татан буулгах нъ зүйтэй гэж дүгнэлээ. ............ ХХК нь 2008 онд барилгын материалын худалдаа хийх үндсэн чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь асфальтын үйлдвэрлэлийн эрдэс нэмэлт, бетонитын нунтаг болон бусад барилгын материалыг нунтаглан бүтээгдэхүүн боловсруулан зам тавьж байгаа компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан байна. Хариуцагч шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгөх хүсэлтээ үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох эрдэс нэмэлт нь хэдийгээр замын хатуу асфальтан хучилт хийхэд зайлшгүй шаардлагатай ч мөнгө шингээх чадвар муу олон дамжлага бүхий үйлдвэрлэл юм. Энгийн шохойн чулууг ордноос нь хөрс хуулан тэсэлгээ хийж олборлох, бутлан шигшин ангилах, шороо бусад хольцоос салган цэвэрлэх, үйлдвэр рүү том оврын автомашинаар 28 км тээвэрлэх, тэнд тээвэрлэн нунтаг хэлбэрт оруулж савлах, эцэстээ хэрэглэгчид хүргэж өгөх зэрэг олон ажилбар хийгдэж ихээхэн хэмжээний зардал гаргадаг боловч зах зээл дахь нэг тонны үнэ нь 60-70 мянган төгрөг байдаг учир үйлдвэрлэлийн цэвэр ашиг 10-15 хувиас дээш гардаггүй. 2012-2015 онд худалдан авагчид санхүүгийн хямрал өртөгдсөн нь тус компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж манай борлуулалт бүрмөсөн зогссон улмаас бид үйлдвэрээ урт хугацаагаар хаахад хүрснээр төлбөрийн чадваргүй болсон гэж тайлбарладаг. ............ ХХК -ийн санхүүгийн баримт болон бусад бичиг баримт, анхан шатны баримт, дансны гүйлгээ зэргээс 2012 оноос эхлэн санхүүгийн хүндрэлд орж төлбөл зохих төлбөрөө хугацаанд нь төлөх чадваргүй болсон. Хэрэг гүйцэтгэгчийн шинжилгээ хийсэн 2012 оноос 2016 оны санхүүгийн баримтаар компанийн тайлан балансад хөрөнгө ба эх үүсвэрийн хэмжээ тэнцүү байх ёстой атал нийт хөрөнгийн хэмжээнээс давсан их өр төлбөртэй болж хувьцаат капитал балансад сөрөг утгатай болсон нь хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг харуулж байна. Хэрэг гүйцэтгэгч би хуулийн дагуу хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаанд дүгнэлт гаргах үүрэгтэй. Иймээс ............ ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон хүчин зүйлийг доорх байдлаар дүгнэлээ. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон дотоод хүчин зүйл нь үйл ажиллагааны зохион байгуулалт, бүтэц, удирдлагын арга барил нь төлбөрийн чадварт шууд нөлөөлсөн байна. Тус компани 2009 онд Дорноговь аймгийн Өргөн суманд уул уурхайн түүхий эд шаардлагыг хангасан асфальтын үйлдвэрлэлийн эрдэс нэмэлт, бетонитын нунтаг болон бусад барилгын материалыг тээрэмдэн үйлдвэрлэх үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үүнд хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байгаа байршил нь зах зээлээс нэлээд зайтай Улаанбаатар хот Эрдэнэт хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлж байжээ. Энэ нь бизнесийн хувьд алдагдалтай байсан. Үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох эрдэс нэмэлт нь зах зээлийн эрэлттэй замын хатуу асфальтан хучилт хийхэд зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн боловч түүхий эдийг олборлох, бутлан шигшин ангилах, шороо бусад хольцоос салган цэвэрлэх, жижиглэн тээрэмдэн савлах, хэрэглэгчид хүргэх зэрэг үйлдвэрлэлийн олон дамжлага шаардагддаг байна. Энэ нь компанийн борлуулалтын өртөгт шууд нөлөөлж эргэлтийн хөрөнгийн гачигдалд орж урт болон богино хугацаат зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлж байжээ. Хариуцагчийн төлбөрийн чадваргүйд нөлөөлөх хүчин зүйл нь удирдлагын үйл ажиллагаатай шууд холбоотой байна. Компанийн удирдлага орлого үр дүнгээ нарийн тооцоололгүйгээр хөрөнгө оруулалтыг оновчгүй хийж үйлдвэрлэлийн төлөвлөлт, санхүүгийн бүртгэл, менежментийн аргачлал байхгүйгээс компанийн өр төлбөр нь компанийн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнээс их болсноор төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэлээ. Төлбөрийн чадварт нөлөөлөх гадаад хүчин зүйл нь байгууллагын үйл ажиллагаанаас үл хамаарах хүчин зүйл юм. ............ ХХК-ийн төлбөрийн чадваргүйд нөлөөлсөн доорх гадаад хүчин зүйл байсан. Үүнд: Зах зээлийн байршил - хэт алслагдсан байдал нь зах зээлийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж компанийн ашиг багасаж зардал өндөр байсан. Тээвэрлэлтийн нөхцөл - хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тээвэрлэлтээс шууд хамааралтай байгаа нь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Учир нь шохойн чулууг ордноос нь хөрс хуулан тэсэлгээ хийж олборлон үйлдвэр рүү том оврын автомашинаар 28 км тээвэрлэдэг бөгөөд бэлэн бүтээгдэхүүнийг нийлүүлэгч рүү мөн өндөр үнээр тээвэрлэдэг байсан. Нийгэм эдийн засгийн байдал - Бүтээгдэхүүний гол хэрэглэгч болох зам барилгын компани асфальтын үйлдвэрлэгч нар дан ганц улсын төсөв , эсвэл олон улсын зээл тусламжийн хөрөнгөөр үйл ажиллагаа төвлөрсөн санхүүжилтээс шууд хамааралтай болохоор борлуулалтын төлбөр тооцоогоо хариуцагчаас хамааралгүйгээр удааширдаг нь эргэлтийн хөрөнгө болон үйл ажиллагаанд нөлөөлж байсан байна. Хэрэг гүйцэтгэгчийн хурааж авсан компанийн удирдлагын бичиг баримтад харилцагч нартайгаа удаа дараа төлбөр нэхэмжилсэн албан бичгээр харьцаж байсан нь харагдаж байна. Хариуцагчийн үйл ажиллагаа явуулж байсан цаг хугацааны хувьд нийгэм эдийн засгийн орчин нь эдийн засгийн хямралд орж байсан барилга байгууламж , зам тавих бүтээн байгуулалт зогсонги байдалд орсон зэрэг нь төлбөрийн чадваргүй болох гадаад нөхцөл бий болсон байна. Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн аж ахуйн нэгжийн удаан хугацааны турш дахь тогтвортой үйл ажиллагаа байдаг. Аливаа аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийн дийлэнх хэсгийг гол төлөв бараа материалын үнэ бүхий зүйл эзэлдэг бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн цар хүрээг илэрхийлэх нэг чухал үзүүлэлт болдог. Энэ утгаараа бараа материалын үнэ бүхий зүйлийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлсэн, тэр нь хэр хүрэлцээтэй байгаа зэргийг тодорхойлох нь санхүүгийн тогтворжилтыг харуулах нэг чухал шалгуур үзүүлэлт болдог. Хариуцагчийн хувьд санхүүгийн эх үүсвэрийн бүрдэлт нь зөвхөн зээлийн хөрөнгөөр бүрдүүлж хөрөнгө оруулагч нар нь үйл ажиллагаа үргэлжлүүлэхийн тулд бизнесийн төлөвлөлтгүй өндөр хүүтэй зээлийг бизнест оруулж байсан нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нь сүүлийн таван жил санхүүгийн байгууллага иргэдээс ихээхэн хэмжээний зээл авч үйлдвэрлэлийг хэвийн горимд эрхлэх боломжоо бүрдүүлсэн боловч улс орны эдийн засгийн ерөнхий байдал, замын компаниудын төлбөрийн чадамж, үйлдвэрлэлийн байршлаас шалтгаалан цаашид үйлдвэрлэл эрхлэх, борлуулалт хийх боломж хаагдсанаас шалтгаалан санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж иргэд санхүүгийн байгууллагад төлөх өр төлбөр хуримтлагдсан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоосон байна. ............ ХХК-ийн удирдлагын үйл ажиллагааны хувьд тус компанийн удирдлагын тогтолцоо хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал гэсэн бүтэцтэй байна. ............ ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигч Х.Баясгалан нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр компанийн 100 хувийн хувьцааг Ф.Баатарсүх, ............ нараас шилжүүлэн авсан байна. Хувьцаа эзэмшигч Х.Баясгалан нь компанийг шилжүүлж авахад санхүүгийн доройтолд орсон өр төлбөртэй байсан. Гэвч хувьцааг шилжүүлж авсан хөрөнгө оруулагч нь компанийн үйл ажиллагааг тогтмол явуулахад санаачилга гаргаж хөрөнгө оруулалт олох, компанийн эдийн засгийг чадвартай байлгахад огт санаачилга гаргаж байгаа байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан гэж хуульд тодорхойлсны дагуу хариуцагч компанийн захирал ............ компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэхээр байна. Гүйцэтгэх захирал ............ компанийн удирдлагын болон үйлдвэрлэлтийн үйл ажиллагаанд биечлэн гүйцэтгэдэг байна. Хэрэг гүйцэтгэгч би ............ ХХК-ийн удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт гаргахын тулд компанийн үүсгэн байгуулагч ............, Ялгуун интернэшнл ХХК-ийн талаар мэдээлэлд дүгнэлт хийсэн. Хэдийгээр хариуцагчийн үүсгэн байгуулагч ............ одоогоор Ялгуун интернэшл ХХК болон ............ ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй боловч 2008 онд үүсгэн байгуулахдаа харилцан хамаарал бүхий этгээдүүд байсан. ............ ХХК-ийн үйл ажиллагаанд 2014 он хүртэл тухайн үеийн хувьцаа эзэмшигч ............ зээлээр хөрөнгө оруулалт хийж удирдлагыг хэрэгжүүлж байсан байна. ............ ХХК-ийн удирдлага 2015 оноос хойш үйл ажиллагаагаа зогсоон санхүүгийн тайлан балансыг Х-ээр гарган удирдлагын үйл ажиллагаа явуулалгүй 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцон, татан буулгах хүсэлтийг гаргасан байна. Хариуцагчийн удирдлагын үйл ажиллагаа тухайн компанийн төлбөрийн чадварт нөлөөлсөн эсэх талаар доорх дүгнэлтийг хийлээ. ............ ХХК-ийн удирдлага буюу үүсгэн байгуулагчид, хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаа явуулж байхдаа эдийн засгийн тооцоо судалгааг тухайн нөхцөл байдалд тохирсон удирдлагын оновчтой шийдвэр гаргаж байгаагүй, компани удирдлага өөрийн үйл ажиллагааны чиглэлээр урьд нь ажиллаж байсан туршлага байгаагүй, хөрөнгө оруулалт хийхдээ судалгаа бүрэн хийгээ, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бүрэн судлаагүй, харилцан хамаарал бүхий этгээд хувьцаа эзэмшигч нь компанитайгаа гэрээ хийж компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхдээ зээлийн гэрээ байгуулан компанийн санхүүгийн чадавхид сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргасан. Тус компанийн удирдлага хууль тогтоомжийн талаарх мэдлэг бага мөн үйл ажиллагаандаа мэргэжлийн зөвлөх, мэргэжилтнүүдийн туслалцаа авч байгаагүй, өртөг зардлыг бууруулах арга хэмжээ авдаггүй байсан. Эдийн засгийн хөгжлийн хандлага, нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж чадалгүй эргэлтийн хөрөнгийг зээлээр бүрдүүлдэг байсан. Өөрийн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн өртгөөр бус үнэлгээний компанийн өндөр үнээр бүртгэж ашиглалтын явцад гарсан өөрчлөлтийн талаар үнэлэлт хийдэггүй байсан. Дээрх байдлаас дүгнэхэд ............ХХК-ийн менежмент зохион байгуулалт муу, компанийг ашигтай ажиллуулах талаар санал, санаачилга гаргаагүй, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч байгаагүй, салбарын эдийн засгийн хямралын үед компанийн үйл ажиллагаанд зээлээр эргэлтийн хөрөнгийг бүрдүүлж байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болоход нөлөөлсөн удирдлагын үйл ажиллагаатай шууд холбоотой гэж дүгнэлээ. ............ ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй бөгөөд бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон, хариуцагчийн удирдлага цаашид үйл ажиллагаагаа явуулсан ч эдийн засгийн чадавхтай болох боломжгүй тул төлбөрийн чадваргүйд тооцон татан буулгах нь зүйтэй гэж хэрэг гүйцэтгэгч би үзэж байна. ............ ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцуулж татан буулгуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 181/Ш32017/10828 дугаартай шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн. Шүүхээс Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож Дампуурлын хуулийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн анхны хурлын товыг зарласан. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан. Үүний дагуу иргэн ............ 2017 оны 10 дугаар сарын 29 -ны өдөр, иргэн Б. Эрдэнэцэцэг 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/Ш32017/15257 дугаартай шүүгчийн захирамжаар ............ийн нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангасны дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2017 оны 11 дүгээр сарын 30 -ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасан. Хэрэг гүйцэтгэгч би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчдийн хурлыг зохион байгуулснаар нэхэмжлэгч бүрийн нэхэмжлэлийн шаардлагыг эзлэх хувьтай тэнцүү саналын эрхийг нэхэмжлэгчдийн хурлаас тогтоосон. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэгчдийн хурлын товыг мэдэгдсэн боловч ирээгүйг дурдах нь зүйтэй. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 50,891,855 төгрөг буюу 24.32 хувь, иргэн ............ 79,957,963 төгрөг буюу 38.21 хувь, иргэн ............ 78,409,760 төгрөг буюу 37.47 хувийн саналын эрхтэй байна. Дампуурлын хэрэгт хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг тул маргаан байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргасан иргэн ............ ............ ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч байсан, иргэн ............ гүйцэтгэх захирлаар нь ажилладаг харилцан хамаарал бүхий этгээдүүд байдаг. Нэхэмжлэгч ............ ............ ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 10 -ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ............ ХХК-д 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч ............ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тус компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 45 сая төгрөг бодогдсон хүүний хамт, мөн Монум ХЗХ-оос авсан зээл 30 сая төгрөг бодогдсон хүүний хамт, нийт 78,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэжээ. Хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн үйл ажиллагааг хянах үүднээс нэхэмжлэгч тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Нэхэмжлэгч ............ нь ............ ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигч байх хугацаандаа компанидаа 96,150,000 төгрөгийн хувиасаа хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь эргэн төлөх хугацаа нөхцлийг тусгасан баримт байхгүй боловч санхүүгийн тайлан баланс болон анхан шатны баримт харилцах дансны баримтуудаар нэхэмжлэгчийг хөрөнгө оруулсан гэдэг нь тогтоогддог. Хэдийгээр нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигч байсан боловч хөрөнгө оруулалтаа компанийн эргэлтийн хөрөнгөнд зориулан үйл ажиллагааны зардалд тухай бүрд нь хувиасаа гаргаж байсан нь компанийн өр төлбөрт тусгасан тул хариуцагчаас өр төлбөрөө шаардах эрхтэй гэж дүгнэлээ. ............ийн 2010 оноос үүссэн татварын өр нэхэмжлэлийн шаардлага 50,891,855 төгрөг байна. Хариуцагч ............ ХХК нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцож татан буулгах тухай хүсэлтээ гаргахдаа Түмэн Менежемент ББСБ-д 51,891,855 төгрөгийн өртэй гэж дурдсан. Түмэн менежемент ББСБ тухайн дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Түмэн менежемент ББСБ ............ ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 01 -ний өдрийн ЗГ-2014/49 тоот зээлийн гэрээ, БГ-2014/49/1 тоот барьцааны гэрээг үндэслэн тоног төхөөрөмжийг зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн акт байдаг. Дээрх актаар зээлийн гэрээ дуусгавар болсон өр төлбөр барагдсан гэх дүгнэлтийг хэрэг гүйцэтгэгч би хийх боломжгүй байна. ............ ХХК-ийг татан буулгасан тохиолдолд хариуцагчийн хуваарилагдах хөрөнгийн хувьд: Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг ТЗ ын баруун талд байрлах 420 м2 талбайтай үйлдвэр, агуулах / ............/, 111.5 м.кв талбайтай оффис, ажилчдын байр /............/ хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 03 -ны өдөр битүүмжилсэн. Хариуцагчийн үйлдвэрийн байр болон агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг Итгэлт- Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 156,767,094 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн эрэлтэт хөрөнгө биш бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ зөрүүтэй байдаг гэдгийг дурдаж байна. Хэрвээ шүүхээс хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцон татан буулгасан тохиолдолд ............ ХХ -ийн үл хөдлөх эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг ТЗ -ын баруун талд байрлах 420 м2 талбайтай үйлдвэр, агуулах /............/, 111.5 м2 талбайтай оффис, ажилчдын байр / ............/ -ыг дахин үнэлгээ хийж хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна. Жич: Түмэн менежемент ББСБ, ............ ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ-2014/49 тоот зээлийн гэрээ, БГ-2014/49/1 тоот барьцааны гэрээг үндэслэн тээрмийг зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн актыг Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д зааснаар дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө 1 жилийн дотор хариу төлбөргүйгээр бусад этгээдийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтад хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй. Хэрэг гүйцэтгэгч би ............ ХХК-ийн дампуурлын хэрэгт ажиллахдаа компанийн тайлан, бусад мэдээлэл болон тус компанийн хөрөнгө оруулагч, нягтлан бодогч нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч нараас мэдээ, мэдээллийг цуглуулан түүн дээрээ түшиглэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан. Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс хариуцагчийн төлбөрийн чадварын болон санхүү эдийн засгийн тооцоо, төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлтийг үндэслэн ............ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэж үзлээ. ............ ХХК-ийн дампуурлын хэргийн хариуцагч болон нэхэмжлэгчээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй. Иймээс компанийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр шүүхээс гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01188 дугаар шийдвэр Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн ............ ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ ердийн журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдаж, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ............ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ............ээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 549,998.80 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ............т олгож, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон ............ нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1475 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ............ хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. “............” ХХКомпани нь сүүлийн 5 жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн цаасан дээр улсын бүртгэлд бүртгэлтэй компани гэх нэрийн төдий байгаа. Дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа явуулах ямарч боломжгүй, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлгүй болсон, санхүүгийн болон бусад үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн тул дампуурах хүсэлтээ өөрөө гаргаж шүүхэд хандсан. Гэвч анхан шатны шүүх манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх нь энэ хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 166.4-т заасан зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянана гэсний дагуу асуудлыг тал бүрээс авч үзсэнгүй. Зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлтийг дахин давтаж “татварын өр төлбөр үндэслэлтэй байна, нэхэмжлэгч ............ болон ............ нарын өр эргэлзээтэй байна” гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Энэ хоёр иргэний өр төлбөр нь анх үүссэн 2009, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн турш улирал бүр тус компанийн баланс тайланд тусгагдсаар ирсэн албан ёсны өр төлбөр атал “эргэлзээтэй” гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Хэзээ хойно зохиомол өр авлага үүсгэж санхүүгийн тайландаа тусгаагүй явж ирсэн бол өөр хэрэг юм. Эдгээр өр авлага үүссэн шалтгаан үйл явцын талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэнд тодорхой байгаа бөгөөд холбогдох бүх бичиг баримт нь хэргийн материалд хавсаргасан байгаа атал “эргэлзээтэй байна” гэдэг ерөнхий зүйлээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайлбал, ............гийн “............” ХХКомпанид оруулсан бэлэн мөнгө “Ялгуун Интернэшнл” ХХКомпанид тоног төхөөрөмжийн үнэд шилжсэнийг яагаад эргэлзээтэй гэж үзсэн нь ойлгомжгүй юм. Татварын өрийг тус компанийн тайланд тусгагдсан бодит өр гээд мөн адилхан тус компанийн тайланд 10 гаруй жил тусгагдсаар ирсэн ............, ............ нарын өрийг бодитой биш гэж үзэж байгааг үндэслэлтэй дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдод Дампуурлын тухай хууль тайлбарласан эсэхийг асууж байсан ч энэ талаар оролцогчид гомдол гаргаагүй тул хамаарахгүй гэж үзсэн болно. Мөн Дампуурлын тухай хуулийн 8.3.3-т зааснаар нэхэмжлэгчдийн хурлаар хэрэг гүйцэтгэгчийн цалин хөлс, үйл ажиллагааны зардлын хэмжээ төлөх хугацаа журмыг тогтоохоор хэлэлцсэн эсэхийг ч авч үзээгүй болно. Компанийн хувьд дампуурч байгаа эд хөрөнгөөрөө нэхэмжлэгч нарын, ялангуяа татварын өр төлбөрийг дуусгахаас өөр аргагүй үнэн байдал байгааг хоёр хэрэг гүйцэтгэгч хэрэг хянан шийдвэрлэх 2 жилийн хугацаанд нарийвчлан шалгаж тогтоосон. Дахин хөрөнгөжүүлэх хүсэлт төлөвлөгөө болон боломж байхгүй тул Дампуурлын тухай хуулийн 33.1-д зааснаар дампуурсанд тооцож татан буулгах нөхцөл бүрдсэн гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага, хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

............ ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу үүргээ биелүүлж

 

чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

 

Шүүх дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Дампуурлын тухай хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн дүгнэлт, хууль хэрэглээ оновчтой болсон тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

............ ХХК-ийг Ялгуун интернэшнл ХХК, ............ нар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилгын материалын худалдаа, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хувь нийлүүлэгчээс Ялгуун интенэшнл ХХК хасагдаж, ............, Ф.Баатарсүх нар тус бүр 50:50 хувийн хувьцаа эзэмшигч болсон, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчээс ............, Ф.Баатарсүх нар хасагдаж, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.Баясгалан бүртгэгдсэн талаарх улсын бүртгэлийн баримт хэрэгт авагджээ.

 

............ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Баясгалан нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гаргаж, /хх-12/ “үйлдвэрлэлээ бүрмөсөн зогсож сүүлийн гурван жил ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, 2011-2014 онд хуримтлагдсан татварын өглөг, бусдаас зээлийг эргэн төлөх боломжгүй болсон, сүүлийн таван жил алдагдалтай ажилласан, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй, үүнээс шалтгаалан урьд өмнө нь хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй байгаа гэх үндэслэлийг зааж, “Дампуурлын тухай” хуульд зааснаар шүүхэд хандан холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийг дампууруулах ажиллагааг” эхлүүлэх, уг шийдвэрийн дагуу шүүхэд тус компанийн гүйцэтгэх захирал ............ хүсэлт гаргажээ.

 

Шүүх 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэн, нийтэд мэдээлснээс хойш нэхэмжлэгч ............ 79 957 963 төгрөг, ............ 78 409 760 төгрөгийг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс татварын өр 50 891 855 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус тус гаргасан байна. Эдгээр нэхэмжлэгч нараас  ............ нь ............ ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан, ............ нь ............ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг болох нь тогтоогджээ.

 

Хэрэг гүйцэтгэгч нь ............ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэж үзэн дампуурсанд тооцож, татан буулгах дүгнэлтийг гаргасан боловч шүүх дампууруулах боломжгүй гэж үзсэн нь хэрэгт байгаа баримтад тулгуурласан, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл байхгүй байна.

 

............ ХХК 249 928 600 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, бусдад 260 637 500 төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогджээ.

 

............ нь ............ ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа 2009 онд хувиасаа 96 150 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 2013 оны 12 сарын 10-нд ............ нь Худалдаа хөгжлийн банк, Монум ХЗХ-оос авсан ............ ХХК-ийн зээл, хүү нийт 78 400 000 төгрөгийг хариуцан төлж, уг мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон ба улмаар ............ нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Хувьцаа эзэмшигч компанидаа хөрөнгө оруулах, эсвэл иргэн хөрөнгө оруулж компанитай хамтран ажилласан бол хамтран ажиллах гэрээний дагуу тухайн этгээдүүдийн хооронд эрх, үүрэг үүсэх болохоос компанийн бусдын өмнө хүлээх үүрэгт шууд хамаарахгүй юм. Энэ утгаар шүүх нэхэмжлэгч ............, ............ нарын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ............ ХХК-ийн бодит өр нь татварын 50 891 855 төгрөг байх ба тус компанийг төлбөрийн чадваргүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01188 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1475 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 09 сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УНДРАХ

                                        ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА