Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0443

 

“СУАТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ2016/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “СУАТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөред холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09ий өдрийн 110/ШШ2016/0013 дугаар шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 53 дугаар зүйлийн 53.3, 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “СУАТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0027878 дугаар шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч  Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөре давж заалдах гомдолдоо: ““СУАТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөред холбогдох “Аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0027878 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2016 оны оны 05 дугаар сарын 09-ний өдөр авч хэлэлцээд 110/ШШ2016/0013 дугаартай шийдвэр гаргаж Аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0027878 дугаар шийдвэрийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Уг шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгдүгээр заалтад 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04-04-027/302 тоот улсын байцаагчийн 4 заалт бүхий албан шаардлагыг шүүхээс нэг бүрчлэн задлаж биелүүлэх боломжтой, боломжгүй заалтууд, биелүүлэх боломжгүйг мэдсээр байж  шаардлага тавьж байгаа гэж дүгнэлт хийх нь шүүхийн оролцох ажил биш “СУАТ” ХХК-ийн хийх ажил байх юм. Шүүхээс хэт их нэг талыг барьж төрийн нэрийн өмнөөс хууль сахиулж байгаа Аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт, дүгнэлтийг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэсэн заалтаар албан шаардлагын биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй /буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор/ гэдгээр торгож байгаа болохоос биш албан шаардлагын заалтууд биелэгдэх боломжтой боломжгүй байна гэдгээр торгоогүй юм. Шүүхээс хуулийг буруу тайлбарлаж буруу дүгнэлт хийжээ.

Мөн тогтоосон хугацаанд шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй гэх үндэслэлээр торгоход гүйцэтгэлийн шалгалт хамаагүй болохыг шүүх авч үзэхгүй байна.

Уг шийдвэрийн үндэслэх хэсгийн хоёрдугаар заалтад: Гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд мэдэгдээгүй гэжээ. Улсын байцаагч Х.Жантөре мэдүүлэхдээ “СУАТ” ХХК-ийн ахлах лаборантад утсаар мэдэгдсэн гэсэн тайлбар өгсөөр байхад “Мобиком” ХХК-иас шүүлт хийлгээгүй гэрч Х.Ардахын мэдүүлгээр үгүйсгэсэн нь нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 53.1-д “Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна”, 53.2-т “Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ гэж заасны дагуу хуулийн үндэслэлтэй хийсэн байхад Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 9.6, 9.8-д “гүйцэтгэлийн хяналт шалгалтыг албан шаардлагын хүрээнд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу хийх” гэдгийг нэгжийн удирдлагаас чиглэл аваагүй байна гэж үгүйсгэх нь буруу юм.

Улсын байцаагч Х.Жантөре нь аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргад танилцуулж чиглэл авч байснаа тайлбарлаж хэлсэн ба чиглэл өгөх гэдэг дээр ямар нэг бичиг, баримт үйлдэхийг шаардахгүй юм. Тэгээд ч хяналт шалгалтыг нэгжийн даргын биш Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын шийдвэр, удирдамжаар хийх ёстойг шүүх буруу тайлбарласан байна.

Энэ бүхнээс үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ2016/0013 дугаартай шийдвэрт хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, “СУАТ” ХХК-ийн талд орж хууль бус шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

            Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Орчны эрүүл ахуйн чиглэлээр хяналт шинжилгээ хийх тухай” 01/52 тоот нэгдсэн удирдамжийн хүрээнд Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт хүргэгдсэн “Бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цэвэршүүлсэн бохир усанд шинжилгээний хяналт хийж, үнэлгээ, дүгнэлт өгөх хяналт шинжилгээ”-г хийж гүйцэтгэн дүн, танилцуулгыг 10 дугаар сарын 01-ний дотор ирүүлэх тухай 2/801 дугаар албан бичгийн дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Х.Жантөре, Н.Уатхан, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Күлзира нар хамтран “СУАТ” ХХК-ийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04-04-027/302 дугаар Улсын байцаагчийн албан шаардлагаар 5 зөрчлийг арилгахыг шаарджээ. Тус албан шаардлагын хэрэгжилтийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны дотор мэдэгдэж, шалгуулах, дурдсан хугацаанд  шаардлагын хариуг ирүүлээгүй тохиолдолд арга хэмжээ тооцохоор заасан байх ба шаардлагыг нэхэмжлэгчид 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид 2015 оны 10 дугаар сарын   21-ний өдөр “СУАТ” ХХК-д гүйцэтгэлийн шалгалтыг хийсэн байх ба, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөре дээрх албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийн хариуг гаргаж ирүүлээгүй гэх үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0027878 тоот шийтгэврээр нэхэмжлэгч “СУАТ” ХХК-д 384000 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал,

Маргаан бүхий актын “Улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүхийн

-нэхэмжлэгчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хийлгэхэд шаардлагатай төсөв хөрөнгийн талаар эрх бүхий нутгийн удирдлагын болон төрийн захиргааны байгууллагад удаа дараа хандаж байсан,  шаардлагатай төсөв хөрөнгө дутагдалтай талаарх тайлбарыг нотлох хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж дүгнэснийг, улмаар “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн хийлгэх шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй” зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэсгүй гэх,

-нэхэмжлэгч компанийн хариуцдаг цэвэрлэх байгууламжид нөөц карт /талбай/ байхгүй буюу бүх талбай нь усаар дүүрсэн, сул байгаа талбайд усыг шилжүүлэх замаар лагийг цэвэрлэх, ариутгал, халдваргүйтгэл хийх боломжтойг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрснийг болон ямар хугацаанд хийсэн тохиолдолд тогтмол хийсэн гэж үзэх, лагийн талбайг цэвэрлэх хугацаа  шалгалт хийсэн хугацаатай давхцаж байгаа эсэх, энэ хугацаанд цэвэрлээгүйн улмаас ямар дүрэм, журам стандарт зөрчигдсөн талаар хариуцагчаас тодорхой тайлбарлаж, нотлоогүйг зааж, хариуцагчийн “стандарт зөрчиж лагийн талбайг тогтмол ариутгал, халдваргүйтгэлд хамруулаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй гэх

- цэвэрлэх байгууламжийг засварлах хэвийн ажиллагаанд оруулахын тулд шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, 1,5 тэрбум төгрөгийн төсөв хөрөнгө, тодорхой цаг хугацаа шаардлагатай болох, түүнчлэн нэхэмжлэгч компанийн хариуцах цэвэрлэх байгууламжид 2013 оноос хойш цэвэрлэгээ хийгдээгүйн улмаас төрөлжүүлж, ангилж хаях хог хаягдал байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдсоныг зааж, “шалтгаан үндэслэлийг заалгүйгээр биелүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, бодит бус, учир дутагдалтай” тул “цэвэрлэгээнээс гарсан лаг, хог хаягдлыг төрөлжүүлж, хог хаягдал хадгалах түр цэгт ангилан хаяж, хог хаягдлын талаар мэдээлэх” шаардлага биелэгдэх боломжгүй гэх дүгнэлтүүдийг тус тус үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч “СУАТ” ХХК-ийн цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчилснээр биелэгдэх боломжтой болохыг, өөрөөр хэлбэл 2001 оноос био цөөрмийн карт буюу байгалийн биологийн цэвэрлэгээний аргаар бохир ус цэвэрлэх үйл ажиллагаа явагдаж буй энэ тохиолдолд “хэт ягаан туяаны байгууламж барих шаардлага” биелэгдэх боломжгүйг, түүнчлэн “СУАТ” ХХК-ийн цэвэрлэх байгууламжийн технологи нь био цөөрөм /карт/ буюу биологийн цэвэрлэгээний аргаар явагддаг өнөөгийн нөхцөлд цэвэрлэх байгууламжид шахагдсан бохир ус биологийн цөөрөмд орж цэвэрлэгддэгээс “хаягдал ус тогтоолгох” шаардлагагүй, “хаягдал ус дахин боловсруулах технологи нэвтрүүлэх” боломжгүй болохыг хариуцагчаас тус тус  хүлээн зөвшөөрсөн байна.

Маргаан бүхий актын “Улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагч Х.Жантөрегийн “...улсын байцаагчийн 4 заалт бүхий албан шаардлагыг шүүхээс нэг бүрчлэн задлаж биелүүлэх боломжтой, боломжгүй заалтууд, биелүүлэх боломжгүйг мэдсээр байж шаардлага тавьж байгаа гэж дүгнэлт хийх нь шүүхийн ажил биш, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “...шаардлагыг биелэлтийг гаргаж ирүүлээгүй ... иргэнийг ... торгох” гэсэн заалтаар албан шаардлагын биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй /буюу 2015.10.20-ны дотор/ гэдгээр торгож байгаа болохоос биш албан шаардлагын заалтууд биелэгдэх боломжтой байна гэдгээр торгоогүй юм. Шүүхээс хуулийг буруу тайлбарлаж буруу дүгнэлт хийжээ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т  “...хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх”, 5 дугаар зүйлийн 5.1-д  “...хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтыг хийх...” 53 дугаар зүйлийн 53.3-т ...гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 6-ийн 1.7-д “...хяналт шалгалтыг явуулахдаа нээттэй байж..., 10-ийн 10.1.2-т шалгалтын ажлын хэсгийн ахлагч нь шалгуулагч ...аж ахуйн нэгж, ...-д шалгалт хийх тухай урьдчилан мэдэгдэх, шалгалтын удирдамжийг батлуулах, нэгдсэн дугаар авах, удирдамж хяналтын хуудсыг хүргүүлэх арга хэмжээг зохион байгуулна” гэж тус тус заажээ.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэлийн шалгалт хийх талаар “СУАТ” ХХК-д мэдэгдээгүй, хариуцагчаас “...мэдэгдсэн” гэж тайлбарласан байх боловч энэ нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдоогүй, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас дээр дурдсан стандартын 11-ийн 11.1.2-т заасны дагуу мэдэгдэх хуудас бичиж баримтжуулаагүй, стандартад заасны дагуу гүйцэтгэлийн шалгалт хийгдсэн тохиолдолд нэхэмжлэгч албан шаардлагын биелэлтийг тогтоосон хугацаанд өгөх боломжтой байсан болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04-04-027/302 дугаар албан шаардлагын биелэлтийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг үүрэг болгосон байхад нэхэмжлэгч нь тогтоосон хугацаанд биелэлтийг гаргаж хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх боловч хариуцагч талаас дээрх хууль, журамд заасны дагуу мэдэгдэх, сонсгох үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжгүй болсон гэх агуулга бүхий шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 9-ийн 1.8-д “...гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 9.6-д заасан үндэслэл, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу хийх ...”, 10-ын 1.4.9-д “...хяналт, шалгалтын ...албан шаардлагаар өгөгдсөн хугацаатай үүрэг даалгаврын хугацаа дуусмагч шалгалт хийсэн улсын байцаагчид хэрэгжилтийг бичгээр авч харьяалах нэгжийн удирдлагад танилцуулах ба нэгжийн удирдлага гүйцэтгэлийн шалгалт хийх эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Хариуцагч Улсын байцаагч Х.Жантөрегийн /шалгалтыг ахлагч/ харьяалах нэгжийн удирдлага болох тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хөдөлмөр нийгмийн хамгаалал, байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаас гүйцэтгэлийн шалгалт хийх талаар шийдвэр гаргаагүй байхад Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Жантөре, Т.Күлзира нараас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэлийн шалгалт хийсэн нь дээрх журмын зохицуулалтад нийцээгүй байх тул хариуцагчийн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн“гүйцэтгэлийн шалгалтын зорилго, хүрээг тодорхойлж заасан”  53.1, 53.2 дахь хэсгийг зааж, “...хуулийн үндэслэлтэй хийсэн байхад ...нэгжийн удирдлагаас чиглэл аваагүй гэж үгүйсгэх нь буруу ... аймгийн МХГ-ын даргад танилцуулж чиглэл авч байснаа тайлбарлаж хэлсэн, чиглэл өгөх гэдэг нь ямар нэг баримт үйлдэхийг шаардахгүй ...шалгалтыг ...нэгжийн даргын биш Мэргэжлийн хяналтын  газрын даргын шийдвэр удирдамжаар хийх ёстой...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дүгнэвэл, маргаан бүхий актаар нэхэмжлэгчид торгууль ногдуулах үндэслэл болсон албан шаардлагын зарим хэсэг нь хөрөнгө санхүү, цаг хугацаанаас хамааралтай, бодит нөхцөл байдалд тохироогүй, үндэслэл бүхий бус, биелүүлэх боломжгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэлийн шалгалтыг хийхдээ шалгалт хийх талаар шалгуулагчид мэдэгдэх, эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулах журмыг зөрчсөний улмаас шалгуулагчийн тайлбар гаргах боломж нөхцөл хязгаарлагдсан, хяналт шалгалт шударга, хяналт шалгалтын байгууллага нээлттэй, ил тод байх зарчим алдагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ2016/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

       ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ