Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/265

 

 

 

 

 

 

   2022          04           11                                       2022/ШЦТ/265

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанцэрэн,   

улсын яллагч О.Д,

шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

О овогт О-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 221000000 0317 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Т ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-0, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “М “хотхоны 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй

О овогт о-н З (РД:).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч О.З нь 2022 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, “М” хотхоны 00 дугаар байрны 00 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ю.Ариунааг зодож, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 3, 4 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, 00 дугаар хавирганы цуурал, нуруу, зүүн шууны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.З: “Мөрдөн шалгах ажиллагааны шатад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Эрүүгийн 221000000 0317 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 11 цаг 30 минутад О.З-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

3. Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн 2022 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 11 цаг 30 минутад Ю.А-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

4. Хохирогч Ю.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

-2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 17-ны өглөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “М”-ы 98-00 тоот гэртээ байж байсан. Нөхөр З босоод 09 цаг 30 минутын үед “Чи муу гичий минь зайлаарай” гэхээр нь чиний гэр оронд байгаа юу, миний гэр танайхаас авсан зүйл байхгүй гэсэн чинь уурлаад үсдэж  ороогоод гал тогооны буланд толгой түрүүгүй нүдээд байсан. Нүүрээ дараад нүүрэнд цохих вий гээд гараараа хамгаалахад унагаагаад өшиглөөд бараг дэвссэн. Зүүн суганы хэсэг рүү хатгаад байхаар нь гал тогооны сандал дээр байсан өмдийг нь аваад З-г шавхуурдсан чинь тэлээний төмөр толгой нь хагарч толгойноос нь цус гараад манай хүүхэд С гараад ирсэн. З хүүхэд рүү орилоод чи эхийгээ хар тархи хагалчихлаа гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хүүхэдтэйгээ хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын 2 хавирга хугарч, 1 хавирга цуурсан гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-15 дахь тал),

 

-2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Надад санал хүсэлт байхгүй. Нөхөр З гомдол саналгүй, одоо хамт амьдарч байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

5. Гэрч С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “М”-ы 00-00 тоот гэртээ байхад өглөө аав, ээж хоёр маргалдаад хэрэлдээд байсан. Өрөөнөөс гараад очиход ээж аавыг халбагаар цохихоор нь болиоч гэхэд аав ээжийг битгий даваад байгаарай гээд түлхсэн. Тэгээд ээж гал тогооны тавилга мөргөөд унахаар нь өшиглөсөн. Тэгэхээр нь би болиулаад салгасан чинь ээж араас нь цохих гээд дайрахаар нь дундуур нь ороод зогссон. Миний бодлоор бие биеэ хардсанаас болж маргалдаж муудалцсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

“- Ю.А-н биед цээжний зүүн талын 3,4 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, 5 дугаар хавирганы цуурал, нуруу, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

7. О.З-ийн 2022 оны 00 дугаар сарын 00-ны өдөр бичгээр гаргасан”...Орос улсад ажилтай байсан тул шүүх эмнэлэгт үзүүлж амжаагүй...” гэсэн тайлбар (хавтаст хэргийн 36 дахь тал),

 

8. Ю.А, О.З нарын биед хийсэн үзлэгийг гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 53-56 дахь тал),

 

9. Яллагдагч О.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Эхнэр Ю.А сүүлийн үед хүмүүстэй уулзсан гээд шөнө ирээд байсан. Гэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ирсэн. 2022 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “М” хотхоны 98 дугаар байрны00 тоот гэртээ унтаж амарч байхад эхнэр Ю.А-ийн утас дуугараад сэрээд утсыг нь харахад нэг эрэгтэй хүний нэрээр хадгалагдсан дуудлага ирэхээр нь харчхаад буцаад унтаад өгсөн. Өглөө босоод А-д чам руу шөнө хэн залгаад байгаа юм, чи шөнө гэртээ орж ирж байгаа, наад залгаад байгаа хүнтэйгээ зайлаарай гэж хэлчхээд ажилдаа явах гээд өмдөө өмсөөд зогсож байсан чинь А чи муу намайг зайлуулдаг хэн бэ гээд сэрээ болон халуун сав авч шидэхээр нь чи муу битгий давраад байгаарай гээд өмдөөрөө ороолгосон чинь өмднөөс зулгааж шүүрч аваад шидсэн. Ширээн дээр байсан халбага аваад ишээр нь миний баруун шанаа руу цохиод шалбараад цус гарахаар нь чи ер нь яасан даварсан амьтан бэ гээд түлхэлцээд өөрийгөө бариад тайван байсан. Тэгсэн миний өмдний тэлээг аваад намайг зөндөө ороолгосон. Тэгэхээр нь чи тархи хагалчих гээд байна шүү дээ гээд гарах гэж байсан. Энэ үед хүү С хажууд байсан. Би ер нь энэ байдлаас болоод 4-5 жил байнгын доромжлуулаад байдаг байсан. Тухайн үед миний толгой руу тэлээгээр цохиод цус гарахаар нь тэлээгээ авахаар А руу дайрахдаа гал тогоонд нэлээн хүчтэй тавилгын ирмэгт цээж хэсэг цохигдоод унахаар нь үсдээд татаж тонгойлгоод бөгс хэсэг рүү нь нэг өшиглөөд, дээрээс нь нэг удаа ар нуруу руу нь дэвссэн. Тэгээд хүү түргэн тусламж дуудаад эхнэр цагдаад дуудлага өгсөн. ... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

10. Хохирогч Ю.А хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх (хавтаст хэргийн 60-83 дахь тал),

11. Нийгмийн ажилтан Г.Э-ын 2022 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн: “...Гэр бүлийн гадуурх харилцаа хардалтаас үүссэн маргаантай учир хамтарсан багийн хяналтад авав...” гэсэн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 85-89 дэх тал),

12. Шүүгдэгч О.З-ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2022 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 цаг 00 минут үзлэг хийлгэсэн бүртгэл лавлагааны хуудас (хавтаст хэргийн 91 дэх тал),

13. Хохирогч Ю.А-ийн гомдол, саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 119 дэх тал), Яллагдагч О.З-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлт, прокуророос яллагдагчид 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулсан ялын санал,

 

14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 118 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 112 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 117 дахь тал), Эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа (хавтаст хэргийн 113-115 дах тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 102 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Прокуророос О.З-үүд холбогдох эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба оролцогч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасныг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцүүлэг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг хэлэлцүүлж прокурор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулахад яллагдагч нь зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч О.З-гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.З нь 2022 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “М” хотхоны 00 дугаар байрны 00 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ю.А- эр эмийн хардалтын улмаас үснээс нь зулгаах, өшиглөх, дэвсэх зэргээр хүч хэрэглэн зодож, бие, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 3,4 дүгээр хавирганы зөрүүгүй хугарал, 5 дугаар хавирганы цуурал, нуруу, зүүн шууны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

-Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад О.З ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

-Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад Ю.А-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

-Хохирогч Ю.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр (хавтаст хэргийн 10-15 дахь тал) болон 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

-Гэрч З.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

-Ю.А,О.З нарын биед хийсэн үзлэг хийснийг гэрэл зургаар бэхүүлсэн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 53-56 дахь тал),

 

-Яллагдагч О.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

-Хохирогч Ю.А-ийн хэвтэн эмчлэгдсэн талаарх өвчний түүх (хавтаст хэргийн 60-83 дахь тал),

-Нийгмийн ажилтан Г.Э-ын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 85-89 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэж тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч О.З нь тухайн үед үүссэн үл ойлголцол, таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ю.А маргалдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул дээрх дурдсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2.Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд, гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон  үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан ойлгохоор хуульчилсан.

Тус хэргийн шүүгдэгч, хохирогч нар нь 0000 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа, гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар нь хэдийгээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс боловч гэр бүлийн таарамжгүй харилцаа, эр эмийн хардалтаас үүдэлтэй ахуйн суурьтай  маргаанаас шалтгаалан хохирогчийг зодсон нэг удаагийн үйлдэл байна.

Иймд шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэх шаардлагагүй гэж үзэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.  

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч Ю.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээтэй холбоотой баримт, нэхэмжлэл гаргаагүй ба хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаарх хүсэлтийг бичгээр (хавтаст хэргийн 119 дэх тал) ирүүлжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч О.З-д холбогдох хэрэгт  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, ялын санал танилцуулсан ба эрүүгийн хариуцлагын талаар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ялын саналыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч О.З нь урьд ял шийтгэлгүй байх тул  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч О.З-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч О.З-үүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт О-н З-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Он З-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.З нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.З оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч О.З холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДОРЖСҮРЭН