| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0891/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/913 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Чинбилэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/913
2018 10 24 913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Чинбилэг,
шүүгдэгч Г.Э............н, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0234) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн газрын хяналтын прокуророос Тайжууд овогт Г..............дын Э............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0252 60982 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тайжууд овогт Г..............дын Э............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн .................................. суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..................
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Г.Э............н нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Авъяас хүүхдийн ордны хойд талд автомашины зам дээр ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор иргэн Л.Т............гсийг 10 удаа хутгаар хатгаж, онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э............н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Л.Т............гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ найз М.........ий, манай ах Э...........н нарын хамт байж байгаад бид гурав гэрээс гарч 1 дүгээр хороолол орж машинаа авах гэж байсан. Тэгтэл ахын найз Э............н орой 22 цагийн үед залгаад “уулзах уу, машины чинь араас малгайгаа авах гэсэн юм” гэж утсаар ярьсан. Тэгэхэд нь ах түүнийг “гэрийн үүдэнд хүрээд ир” гэж хэлээд 30 орчим минутын дараа Э............н саарал өнгийн приус-20 маркийн машинтай ганцаараа хүрч ирсэн. Тэгээд би гурав машинд нь суухад машинаас нь битүү газ үнэртэж байсан ба Э...........н ах урд буюу жолоочийн хажуу талд сууж М.........ий бид хоёр хойно сууж 1 дүгээр хорооллын 34 байрны гүүр рүү явсан. Явж байх замдаа Э............н машинаа барингаа газ гаргаж ирээд амаараа сороод байсан. Тэгэхэд нь Э...........н ах “чи болиоч машин тэрэг барьж байж” гэж хэлээд үнэртэж байсан газыг нь булааж аваад хаалганы хажуу талын хармаанд нь хийчихсэн. Тэгээд 34-н гүүрэн дээр ирээд Э...........н ах машинаа аваад ирье гээд буугаад явсан ба бид гурав машинд сууж байтал Э............н урагшаа суучихаач гэж надад хэлэхээр нь би буугаад урд талын суудал дээр очиж суусан. Э...........н ах 2-3 минут болоод хүрч ирээд “машин байхгүй байна ш дээ” гээд буцаж хүрч ирээд машины хойд талын суудалд суусан. Тэгээд Э............н “хаачих юм” гэж асуухаар нь Э...........н ах “гэр рүү хүргээд өгчих” гэж хэлэхэд Э............н машинаа асаагаад хөдлөөд 1 дүгээр хорооллын арын замд явж байхдаа миний урдуур гараа оруулж хаалганы хармаанаас газаа авснаа дахиад машин барьж явангаа сороод байсан. Тэгэхээр нь би газыг нь булааж аваад буцаагаад хаалганы хармаанд хийчихсэн тэгтэл 1 дүгээр хорооллын арын зам дагуу байдаг нэг буудлын гадна зогсоод “хальт ийшээ орчихоод ирье” гэж хэлснээ ганцаараа буугаад явчихсан. Тэгээд ороод 1 минут ч бололгүй Ч.........н гэх залуутай цуг гарч ирээд Э............н өөрөө жолоон дээрээ суугаад Ч.........н гэх ах нь хойно орж суухад Э............н машиныхаа хаалгыг түгжсэнээ суудал дээрээ эргэж миний өөдөөс харж суухаар нь би яаж байгаа юм болоо гэж бодтол шууд л миний цээж рүү цохиод эхэлсэн. Би болиочээ гэж хойш нь түлхэхэд гартаа хутгатай байхаар нь өөрийнхөө цээжийг харахад энгэр цус болчихсон байхаар нь хутгыг нь булааж авах гэтэл өгөхгүй байсан. Тэгээд Ч.........н гэх ахад нь “дүү чинь хутгатай байна ш дээ“ гэж хэлэхэд манай ах ч гэсэн хутгыг нь хараад Ч.........н дүүгийнхээ гараас хутгыг нь булааж авсан. Би машинаас буугаад футболкоо тайлж үзэхэд энэ тэндгүй хутгаар зүсчихсэн байсан, нөгөө хэд ч гэсэн машинаас бууцгаачихсан. Э............н ганцаараа машинаас буулгүй доошоо хараад суугаад байсан. ...Э............н бид нар дээр ирэхэд машинаас нь газ үнэртэж байсан бид нар дээр ирэхээс өмнө газаа авсан байсан байх...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38),
“...Одоо миний биеийн байдал хэвийн зүгээр болсон, ямар нэгэн зовиур байхгүй...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133)
2. Гэрч Т.Ч.........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад өөрийнхөө ажил болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо “Авьяас” хүүхдийн ордны хажуу талын Motel-д байж байтал гаднаас манай хамаатны хүүхэд болох Э............н нь орж ирээд “Ч.........нээ намайг хүн алах гээд байна” гэж хэлээд буцаад гарахаар нь би араас нь “чи юу яриад байгаан бэ” гэж хэлээд дагаад гарсан. Тэгтэл Э............н өөрийн эзэмшлийн “Тоёото приус-20” маркын ............ улсын дугаартай автомашинхаа жолооны ард суухаар нь би уг автомашины жолоочийн ар талын суудалд суусан. Тэгтэл Э............н нь уг автомашины жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан үл таних 19-20 орчим насны эрэгтэй хүний нүүр, цээж орчимд нь 4-5 удаа гараа атгаж байгаад цохих шиг болтол миний хажууд буюу арын суудлын голын хэсэгт сууж байсан Түвшин гэх хочтой халзан залуу хөөе Ч.........нээ Э............нгийн гарт хутга байна ш дээ гэж хэлэхээр нь би Э............нгийн баруун гарыг татаж автал гарт нь улаан өнгийн иштэй 10-15 см урттай хутга барьсан байсан. Би хутгыг нь булааж авахад уг хутганы үзүүр хэсэг буюу 1 см орчим газарт цус болж бохирлогдсон байдалтай байсан. ...миний мэдэж байгаагаар буюу Э............н надад хэлж байснаар Э............нтай цуг явж байгаад хутгалуулсан залуу нь байнга дарамталж байдаг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40)
3. Гэрч Д.Э...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэртээ буюу Баянгол дүүргийн хорооллын эцсийн Либирти нэртэй зочид буудлын гурван давхрын 301 тоотод байж байтал Э............н нь 21 цагийн үед гэрт ирээд намайг болон Т............гс, М........нэ нарыг дуудахаар нь гараад очтол Э............н нь өөрийнхөө эзэмшлийн “Тоёото приус-20” маркын автомашинтай ганцаараа байж байхаар нь би болон Т............гс, М........нэ нартай найз болох Жигдэнтэй уулзах гэж байсан болохоор Э............нгээр хүргүүлье гэж бодоод Э............нгийн машинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 34-н гүүрний орчимд хүргүүлэн ирээд миний найз болох Жигдэнгийнд ирэхэд Жигдэн гэртээ байхгүй байхаар нь буцаад харьяа гээд явж байтал Э............н нь явж байгаад Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн орчим зогсоод “Motel” нэртэй зочид буудал руу ороод Ч.........нтэй гарч ирээд Э............н нь машиныхаа жолоочийн суудал дээр, Ч.........н жолоочийн арын суудал дээр суусан. Тэгтэл Э............н нь гэнэт Т............гсийн нүүр, цээж орчимд нэлээн хэдэн удаа цохиод байхаар нь би болиоч гэж хэлээд хартал Э............нгийн баруун гарт нь улаан өнгийн иштэй 15 см урттай хутга барьцан байхаар нь би Ч.........нд Э............н хутга барьцан байна гэж хэлтэл Ч.........н Э............нгийн гарыг нь бариад хутгыг булаагаад авахаар нь би Т............гсийг машинаас буулгатал Т............гсийн цээж, нуруу, чих орчимд цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42)
4. Гэрч О.М........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Т............гсийн гэрт буюу Баянгол дүүргийн Либирти гэх нэртэй зочид буудлын 301 тоотод байж байтал 21 цагийн үед Э............н гэх эрэгтэй хүн ирэхээр нь Т............гс болон Э...........н нарын хамт бид 3 гэрээс нь гараад Э............нгийн “Тоёото приус-20” маркын автомашинтай ганцаараа байж байхаар нь машинд бид 3 суугаад Э...........нгийн найзтай уулзах гээд 34-н гүүрний орчим очтол Э...........н машинаас буугаад найзынх руугаа ороод 2 минут орчим болоод эргэж ирээд машинд суутал Э............н нь машинтайгаа хөдөлж яваад Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн орчим зогсоод “Motel” нэртэй зочид буудал руу Э............н нь би юм аваад ирье гэж хэлж ороод 2 минутын дараа Ч.........н гэх залуутай гарч ирсэн. Э............н нь машиныхаа жолоочийн суудал, Ч.........н нь жолоочийн арын суудал дээр суугаад Э...........нтэй мэндэлж гар бариад байж байсан. Гэтэл Э............н нь гэнэт Т............гсийн дээр нь буюу өвөр дээр нь гараад суухаар нь Э...........н, Ч.........н бид 3 гайхаад байж байтал Э...........н ах Э............нгийн гарт хутга байна гэж хэлсэн. Ч.........н нь Э............нгийн баруун гарт нь байсан улаан өнгийн иштэй 20 см орчим урттай хутгыг Э............нгийн гарыг хөшиж аваад Т............гсөөс салгасан. ...миний харснаар машин дотор 3 удаа цээж, мөр, нуруу орчим хутгалж байгаа харагдсан...Э............н нь жолоо барингаа газ үнэрлэж байхад Э...........н ах болиулж авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)
5. Гэрч Д.Диймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.........нээ хаалга цохиод улаан иштэй хутга, ахуйн хэрэглээний 1 ширхэг газ оруулж ирээд өгсөн. Тэгээд би юун газ хутга бэ гээд аваад орны ард хутга, газ хоёрыг тавьсан. Удалгүй Ч.........н орж ирээд хутгыг нь аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45),
6. Гэрч Р.Э...........н (Шарх хадны эмч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Э............н гэж өвчтөн анх ирэхдээ айдас түгшүүртэй хүмүүс намайг алах гээд байна, дэмийрэлтэй гэсэн статустай гэж хэвтээд 1-р хяналт буюу манай тасаг руу шилжиж хэвтэхдээ айдас статустай ирж эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Эмнэлэгт хэвтж байх хугацаанд биеийн байдал сайжирсан, гарахдаа ухаа санаа саруул, цаг хугацаа баримжаатай, хий үзэгдэл дэмийрэл байхгүй, айдас түгшүүр байхгүй F-19-51 гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51),
7. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 606 дугаар дүгнэлт
“...Болсон хэргийн талаар/ өөрийн үгээр/ Хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Жолоо барьж яваад машинаас зогсоогоод газ үнэрлэсэн. Тухайн үед газны үйлчилгээ 10-20 секунд үргэлжилсэн байх би тэр үед “тэр хүүхдэд алуулж байна” гэж бодоод л хутгалсан, тэгэж харагдаад байсан юм, тэгээд газны үйлчилгээ дуусангуут “өө би юу хийвээ” гээд гэнэт ухаан орсон байх ер нь айлгачихая гээд л хутгалсан гэж ярина... ДҮГНЭЛТ
1. Г.Э............н нь /УШ 91121218/ нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Дэгдэмхий уусгагч бодисын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Энэ эмгэг нь олдмол эмгэг юм. Хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдэгдсэн хэргийн үйлдлийг үнэн зөв тайлбарлах мэдүүлэх чадвартай байсан байна.
2. Г.Э............нд гэмт хэрэг үйлдэгдсэний дараа сэтгэцийн байдалд нь өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг илрэхгүй байна.
3. Г.Э............н нь одоо Дэгдэмхий уусгагч бодисын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. Г.Э............н нь иргэний журмаар өөрийн хүсэлтээр сайн дурын эмчилгээнд хамрагдах боломжтой юм.
4. Г.Э............н нь нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-70),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6663 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: “...Цээж, зүүн бугалганд цэвэр боолт хийгдсэн байдалтай. Боолтыг авч шалгахад: зүүн чихний урд хэсэгт босоо байрлалтай 2см урт, цээжний зүүн урд дээд хэсэгт 1см, 1,2см, дунд хэсэгт 3,5см, 1см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 1см, 1,5см, дотор дунд хэсэгт 1см, нурууны баруун дунд хэсэгт Зсм урттай мэс заслын оёдол бүхий, зүүн сарвууны дээд хэсэгт 1x0,Зсм өнгөц зүсэгдсэн шархтай. Шархны эргэн тойрон хавдартай.
2018.05.22-ны Яралтай тусламжын хуудаснаас: ...зүүн чихний өмнөд талд /чамархайд/ өвчүүний дээд хэсэг, зүүн эгэм, мөр, бугалга, сарвуунд олон тооны нийт /10 ширхэг/ тэгш зах ирмэгтэй шархнуудтай. Өвчүүний болон чамархайн шархнаас цус ихээр гарна. Өвчүүний шархыг томруулан шалгаад бүх шархнуудад анхдагч цэгцлэлт хийв.
2018.05.23-ны Мед Траума КТГ-д: ...цээжний баруун талд урд хэсгээр зөөлөн эдэд хий тодорхойлогдоно...ДҮГНЭЛТ
1.Л.Т............гс-н биед зүүн чих, цээж, зүүн бугалга, нуруу, сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53),
9.Шинжээч эмч Д.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Түвшинтөсгийн биед зүүн чих, цээж, зүүн бугалга, нуруу, сарвуунд шарх, бүхий гэмтлүүд учирсан байх ба тус бүр 10 ширхэг байна. Дээрх гэмтлүүд нь цээжний хөндий нэвтрээгүй шарахнууд байсан...Л.Т............гсийн биед учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай шинжгүй цээжний хөндий нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх байсан тул эрүүл мэндийг сарьнуулж байгаа хугацаа буюу шархны эдэгрэлтээр хөнгөн зэрэг гэж үзсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74)
10. Шүүгдэгч Г.Э............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдрийн үдээс хойш 18 цагийн үед би гадуур халтуур хийж мөнгө олохоор ээжийнхээ нэр дээр байдаг саарал өнгийн “Тоёота приус-20” маркын ............ улсын дугаартай машиныг авч орой 21 цаг хүртэл гадуур халтуур хийж явсан. Би гадуур явж байхдаа өмнө нь бааранд хамт ажиллаж байсан Э...........нтэй утсаар ярьж хаана байгааг нь асуутал гэртээ байна хүрээд ир айл руу хамт яваадахъя гэхээр нь би Э...........нгийн гэр болох хорооллын эцсийн хойно байдаг гэрийнх нь гадна очиход Э...........н дүү Т............гс бас нэг залуугийн хамт гарч ирсэн. Би цуг гарч ирсэн залуугийн танихгүй, тэр гурав миний машинд суугаад Э...........н айл руу яваад машинаа аваадахъя гээд бид нар 1 дүгээр хорооллын арын замаар явж байгаад хойшоо гэр хороололд айлын хашааны үүдэнд зогсоод Э...........н уг айл руу ганцаараа ороод удалгүй алга байна буцаагаад гэр рүү хүргээд өгчих гэхээр нь буцаад 1 дүгээр хорооллын арын замаар явж Цамбагаравын ард байх зам дагуу зочид буудлын үүдэнд очиж зогсоод би машинаас бууж ганцаараа уг зочид буудал руу орсон. Уг зочид буудлыг манай хамаатны Ч.........н ажиллуулдаг юм, би Ч.........нд намайг хүмүүс дээрэлхээд байна, гараад намайг өмөөрөөд өг гэж хэлэхэд Ч.........н юу нь хүмүүс юм яасан юм гэхээр нь би зүгээр дээрэлхээд байна, намайг өмөөрөөд өг Ч.........н бид цугтаа гарж би машиныхаа жолоочийн суудал дээр суусан, Ч.........н арын сандал дээр суусан. Би машинд суугаад машиныхаа хаалганы хармаанд байсан хутгыг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад хажууд урд талын суудал дээр сууж байсан Т............гсийн цээж хэсэг рүү нь хутгалж эхэлсэн, тэгтэл ард сууж байсан хүмүүс миний 2 гарнаас бариад хутга хая гэхээр нь би гартаа барьж байсан хутгаа хамаатны хүүхэд Ч.........нд өгсөн.
Тухайн үед Э...........н цагдаа дуудаад яах гэсэн юм, гараад уулзъя гэхээр нь би машинаасаа буугаагүй, Э...........н надаас чамд ямар боломж байна гэж асууж байсан би юу ч хариулаагүй, би тэр үед шоконд орсон байсан, манай хамаатны Ч.........н манай төрсөн аав Г..............д болон цагдаад мэдэгдсэн байсан...би Э...........нгийн гэр рүү явж байхдаа замаараа дэлгүүр орж 1 ширхэг ахуйн хэрэглээний газ аваад Э...........нтэй уулзахаас өмнө машин дотроо үнэрлэсэн байсан, Э...........н машинд орж ирээд машинаас чинь газ үнэртэж байна гэж хэлсэн би хариу хэлээгүй...би айлгах гэж байсан, хааш нь хэдэн удаа хутгалсныг мэдэхгүй байна...би одоогоос 1 жил гаруй өмнөөс хэрэглэж байгаад больсон дараа нь Э...........н нартай уулзахад тэд нар газ үнэрлэж байсан тэгээд би дахиж үнэрлэж эхэлсэн, тухай үед Э...........н Т............гс, М........нэ нар ямар нэгэн зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-92)
11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-11), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-17, 26-28), хохирлын талаархи баримтууд (хавтаст хэргийн 23-24), Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 25), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 32),
12. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 94, 112), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 95, 96), хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 147, 148), хувийн байдлын талаархи баримтууд (хавтаст хэргийн 98-111, 120-122) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Э............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Г.Э............н нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын зам, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн урд, “Авъяас” хүүхдийн ордны хойд талд, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор, шалтаг шалтгаангүй, газ үнэрлэж мансуурсны улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн Л.Т............гсийг 10 удаа хутгаар хатгаж, онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Л.Т............гсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ...М.........ий, ...ах Э...........н нар...тай 1 дүгээр хороолол орж машинаа авах гээд гарах гэж байтал ахын найз Э............н орой 22 цагийн үед...Э............н саарал өнгийн приус-20 маркийн машинтай ганцаараа хүрч ирсэн. Тэгээд би гурав машинд нь суухад машинаас нь битүү газ үнэртэж байсан. ...Тэгээд 1 дүгээр хорооллын 34 байрны гүүр рүү явсан ба явж байх замдаа Э............н машинаа барингаа газ гаргаж ирээд амаараа сороод байсан. Тэгэхэд нь Э...........н ах чи болиоч машин тэрэг барьж байж гэж хэлээд үнэртэж байсан газыг нь булааж аваад хаалганы хажуу талын хармаанд нь хийчихсэн. Тэгээд 34-н гүүрэн дээр ирээд Э...........н ах машинаа аваад ирье гээд буугаад...2-3 минут болоод машин байхгүй байна...гээд буцаж хүрч ирээд машины хойд талын суудалд суусан. Ингээд Э............н...Э...........н ахыг гэр рүү хүргэж өгөхөөр...1 дүгээр хорооллын арын замд явж байхдаа миний урдуур гараа оруулж хаалганы хармаанаас газ авснаа дахиад машин барьж явангаа сороод байсан. Явах замд Э............н 1 дүгээр хорооллын арын зам дагуу байдаг 1 буудлын гадна зогсоод буудал руу орсноо...Ч.........н гэх залуутай цуг гарч ирсэн. Э............н өөрөө жолоон дээрээ суугаад Ч.........н гэх ах нь хойно орж суухад Э............н машиныхаа хаалгыг түгжсэнээ суудал дээрээ эргэж миний өөдөөс харж суухаар нь би яаж байгаа юм болоо гэж бодтол шууд л миний цээж рүү цохиод эхэлсэн би болиочээ гэж хойш нь түлхэхэд гартаа хутгатай байхаар нь өөрийнхөө цээжийг харахад энгэр цус болчихсон байхаар нь хутгыг нь булааж авах гэтэл өгөхгүй байсан. ...Би машинаас буугаад футболкоо тайлж үзэхэд энэ тэндгүй хутгаар зүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38),
-Гэрч Т.Ч.........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Авьяас хүүхдийн ордоны хажуу талын Motel-д байж байтал гаднаас манай хамаатны хүүхэд болох Э............н нь орж ирээд Ч.........нээ намайг хүн алах гээд байна гэж хэлээд буцаад гарахаар нь би араас нь чи юу яриад байгаан бэ гэж хэлээд гарсан. Тэгтэл Э............н өөрийнхөө “Тоёото приус-20” маркын ............ улсын дугаартай автомашиныхаа жолооны ард суухаар нь би уг автомашины жолоочийн ар талын суудалд суусан. Машин дотор Э............н жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан үл таних 19-20 орчим насны эрэгтэй хүний нүүр, цээж орчимд нь 4-5 удаа гараа атгаж байгаад цохих шиг болсон. ...Тэгтэл Түвшин гэх хочтой халзан залуу хөөе Ч.........нээ Э............нгийн гарт хутга байна ш дээ гэж хэлэхээр нь би Э............нгийн баруун гарыг татаж автал гарт нь улаан өнгийн иштэй 10-15 см урттай хутга барьсан байхаар нь би хутгыг нь булаагаад автал уг хутганы үзүүр хэсэг буюу 1 см орчим газарт цус болж бохирлогдсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40)
-Гэрч Д.Э...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э............н нь явж байгаад Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн орчим зогсоод “Motel” нэртэй зочид буудал руу ороод Ч.........нтэй гарч ирээд Э............н нь машиныхаа жолоочийн суудал дээр суутал Ч.........н нь жолоочийн арын суудал дээр суусан. Э............н нь гэнэт Т............гсийн нүүр, цээж орчимд нэлээн хэдэн удаа цохиод байхаар нь би болиоч гэж хэлээд хартал Э............нгийн баруун гарт нь улаан өнгийн иштэй 15 см урттай хутга барьцан байхаар нь би Ч.........нд Э............н хутга барьцан байна гэж хэлтэл Ч.........н Э............нгийн гарыг нь бариад хутгыг булаагаад авахаар нь би Т............гсийг машинаас буулгатал Т............гсийн цээж, нуруу, чих орчимд цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42)
-Гэрч О.М........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э............н нь машиныхаа жолоочийн суудал дээр суутал Ч.........н нь жолоочийн арын суудал дээр суугаад Э...........нтэй мэндэлж гар бариад байж байтал Э............н нь гэнэт Т............гсийн дээр нь буюу өвөр дээр нь гараад суухаар нь Э...........н, Ч.........н бид 3 гайхаад байж байтал Э...........н ах Э............нгийн гарт хутга байна гэж хэлсэн. Ч.........н нь Э............нгийн баруун гарт нь байсан улаан өнгийн иштэй 20 см орчим урттай хутгыг гарыг нь хөшиж аваад Т............гсөөс салгасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)
-Гэрч Р.Э...........н (Шарх хадны эмч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Э............н гэж өвчтөн анх ирэхдээ айдас түгшүүртэй хүмүүс намайг алах гээд байна, дэмийрэлтэй гэсэн статустай гэж хэвтсэн. ...Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд биеийн байдал сайжирсан, гарахдаа ухаа санаа саруул, цаг хугацаа баримжаатай, хий үзэгдэл дэмийрэл байхгүй, айдас түгшүүр байхгүй F-19-51 гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51),
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 606 дугаар дүгнэлт 1. Г.Э............н нь /УШ 91121218/ нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Дэгдэмхий уусгагч бодисын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Энэ эмгэг нь олдмол эмгэг юм. Хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдэгдсэн хэргийн үйлдлийг үнэн зөв тайлбарлах мэдүүлэх чадвартай байсан байна. ...4. Г.Э............н нь нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-70),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6663 дугаар дүгнэлт “...1.Л.Т............гс-н биед зүүн чих, цээж, зүүн бугалга, нуруу, сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. ...3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53),
- Шинжээч эмч Д.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Түвшинтөсгийн биед зүүн чих, цээж, зүүн бугалга, нуруу, сарвуунд шарх, бүхий гэмтлүүд учирсан байх ба тус бүр 10 ширхэг байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Э............н нь хууль зүйн хувьд ахуйн газ хэрэглэн мансуурсан үедээ “намайг дээрэлхсэн” гэх сэдэлтээр, хохирогч Л.Т............гсийг биед 10 удаагийн үйлдлээр хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э............н нь хохирогч ...Л.Т............гсийн зүүн чих, цээж, зүүн бугалга, нуруу, сарвуунд 10 удаагийн үйлдлээр хатгагдаж зүсэгдсэн шарх учруулсан болох нь гэрч, шинжээч эмч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба дээрх гэмтэл нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Г.Э............нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Т............гс нь эмчилгээний зардалд баримтаар 687,500 төгрөг нэхэмжилсэн (хавтаст хэргийн 23-24), үүнээс шүүгдэгч Г.Э............н нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 147-148) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э............н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Э............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн үйлдэлд нь 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Э............н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Э............н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Г.Э............нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан буюу прокурорын саналыг харгалзахаар хуульчилжээ. Монгол хэлний тайлбар толь бичигт “харгалзах” гэдгийг тайлбарлахдаа “анхаарах, анхаарч үзэх” гэсэн агуулгаар тайлбарлажээ. Үүнээс үзвэл прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид заавал оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх боломжтойг анхаарч үзэх гэсэн агуулгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг сонгож хэрэглэх боломжийг шүүхэд олгожээ.
Иймд шүүгдэгч Г.Э............нг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлэгт ахуйн газ үнэртэж мансуурсны улмаас хэвтэн эмчлүүлж гарч ирээд удаагүй байхдаа дахин ахуйн газ үнэрлэж гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх...ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд...оногдуулсан ял дээр мөн...албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.” гэж заасан байна.
Тиймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ мансуурсан буюу ахуйн газ хэрэглэсэн, урьд энэ төрлийн бодисын байнга хэрэглэж эмчлүүлж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “...мансууруулах бодис хэрэглэхийг” буюу ахуйн газ үнэртэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э............н нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлдаагж (хавтаст хэргийн 75) 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр прокурорын тогтоолоор (хавтаст хэргийн 78) суллагдсан байна. Иймд түүний баривчлагдсан 1 хоног буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, ялаас хасах зүйтэй.
Харин Г.Э............нд шүүхээс ял оногдуулж, албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
IV. Бусад асуудлаар
Эрүүгийн 1808 0252 60982 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хэргийн газрын үзлэгээр хураан авсан улаан өнгийн иштэй хутга, улаан цэнхэр өнгийн ахуйн газ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайжууд овогт Г..............дын Э............нг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э............нг 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Э............нд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Э............н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй аль эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн хорих ял оногдуулж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э............нгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1 (нэг) хоногийг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг эдэлсэнд тооцож эдлэх ялаас хассугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй хутга, улаан цэнхэр өнгийн ахуйн газ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ