Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/531

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

иргэдийн төлөөлөгч Ж.Дашжаргал

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Ж.Н-,

гэрч Г.У, П.Обаатар нар,

шүүгдэгч Г., түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Х овогт Г-ийн Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808011080447 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... цагаан байрны ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Х овогт Г-ийн Г /РД:.../

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г. нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Н-тэй маргалдан зодож, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн улмаар хүзүү болон нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би С-гийн гэрт ороход С-, У, Г, бас нэг танихгүй С-гийн найз гэх нэг залуу байж байсан ба ...С-гийн гэрт нь ороод пиво ууж байтал С нөгөө залуугаа хүргэж өгнө гээд гараад явсан, гэрт нь Г, У бид 3 үлдээд байж байтал ...Г намайг “одоо чи яв” гээд уурлаад үгийн зөрүүгүй намайг сууж байхад өшиглөөд авахаар нь би “яаж байгаа юм бэ” гээд уурласан, тэгтэл Г намайг аягаар цохисон юм. Тэгэхээр нь би Г-ыг хүзүүнээс нь боогоод ор луу түлхэж унагаахад У хажуунаас ирж намайг бооход О нь Г-ыг салгасан юм. Тэгээд би У-ийг тавиулах гээд хурууг нь хойш нь таттал У хуруу эвгүй болгочихлоо гээд над руу уурлаад намайг 1 удаа өшиглөсөн юм. Тэгээд О боль гээд бид 2 С-гийн гэрээс гараад явсан бөгөөд хашааны гадаа зогсож байтал У ганцаараа гэрээс гарч ирээд над руу “чи хуруу эвгүй болгочихсон” гээд над руу уурлахад нь О У-ийг боль гээд цааш нь авч явсан. Тэгтэл Г нь над дээр тулж ирээд хүзүү хэсэг рүү болон нурууны бөөрний хавьцаа нэг удаа цохиод өнгөрсөн юм. Тэгтэл миний баруун мөр хавьцаа халуу дүүгээд байхаар нь би гараараа тавиад хартал цус гоожиж байсан. Би одоо гомдол санал, биеийн эрүүл мэндийн байдал гайгүй байгаа. Надад Г-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би Г-ы нөхрийн найз , дээр Г нь бага насны 3 хүүхэдтэй тул энэ байдлыг харгалзан  оногдуулах ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Г.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн өдөр Н, Г бид 3 пивоо уугаад сууж байтал гаднаас Н орж ирээд бид нартай тухайн пивийг уусан. Г Нийг харчхаад үг хаяад тэгээд хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Н тухайн үед яагаа ч үгүй. Тэгж байгаад тэр 2 дахиад маргалдаж, барьцалдаад авсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэр үед гаднаас О ах гаднаас орж ирсэн байсан ба Нийг аваад гарсан. Г нь Нийг аягаар цохьсоныг хараагүй, би тухайн үед нилээн согтолттой байсан. Н бараг уугаагүй байсан. Г тэгэхэд орилж чарлаад байсан, улмаар гэрээс гараад Н рүү очсон. Тэгээд удалгүй Нийг цус нөж болсоны дараа харахад Г-ы гарт хутга харагдсан юм. Тэгээд О ах  Нийг эмнэлэг авч явсан.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч П.О-баатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг гэрт ороход ямар нэгэн хэрүүл шуугиан байгаагүй. Надад Н пиво хийж өгөөд бид 2 юм яриад сууж байхад Г нь орж ирээд Нийн хөл рүү өшиглөөд яв гэхэд Н яагаад гээд асуусан юм. Тэгсэн Г нь чамайг харахаар  нөхөр бодогдоод, харагдаад байна” гэж хэлээд Нийг хөлдөөгч дээр дарсан. Тэгтэл Н нь буцаагаад Г-ыг дараад авсан чинь У нь Г-ыг өмөөрөөд Н-ийг хойноос нь очоод татахад  Н нь түүний гарын хурууг эвгүй болгочихсон гээд байсан. Тэгээд байтал Нийг Г нь аягаар цохьчихлоо гэж хэлэхээр нь би Нийг дагуулаад гэрээс гараад “миний одоо ингээд явчих, цаадуул чинь юм уучихсан согтуу байна” гээд хэлээд зогсож байтал У гарч ирээд гар эвгүй болчихлоо гээд ирээд Нийг 2 удаа цохиод авахаар нь би У-ийг цааш аваад явсан. Тэгтэл Г нь Н дээр ирээд “чи намайг цохьдог хэн бэ” гээд  цохих шиг л болсон. ...тэгтэл Н-ээс цус гарсан, тэгээд би түүнийг эмнэлэг авч явсан.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Г.ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Н-ын гэрт, Н, У бид 3 пиво уусан, тэгтэл гаднаас манай салсан нөхрийн найз нь болох Н 23 цаг өнгөрч байхад орж ирэхээр түүнийг гэрээс гаргасан, тэгээд нэг их удалгүй У бид 2 Н-ын гэрээс гараад явж байтал Н өөдөөс 1 том пиво барьчихсан ирж таарсан бөгөөд Н Нын гэр лүү нь орж, харин У бид 2 дэлгүүр лүү явж дахиад 1 том пиво аваад буцаад Н-ын гэрлүү нь ороход Н Н 2 сууж байсан. Тэгээд Н-ын гэрт нь орсоны дараах асуудлыг би сайн санахгүй байна. Гэрт байсан хүмүүс нь намайг тухайн үед Нд хандаж  яв, чамайг харахаар уур хүрээд байна гэж хэлэхэд Н нь намайг цохьсон гэсэн. Тэгээд л намайг уурандаа очоод Нийг хутгалчихсан гэж сүүлд надад хэлсэн юм. Би их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:  

1. Хохирогч Ж.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой би ...С-гийн гэр лүү ороход ...С-, У, Г, бас нэг танихгүй С-гийн найз гэх нэг залуу байж байсан ба ...С-гийн гэрт нь ороод пиво ууж байтал С- нөгөө залуугаа хүргэж өгнө гээд гараад явсан бөгөөд гэрт нь Г, У бид 3 үлдээд байж байтал ...Г намайг “одоо чи яв” гээд уурлаад үгийн зөрүүгүй намайг сууж байхад өшиглөөд авахаар нь би “яаж байгаа юм бэ” гээд уурласан, тэгтэл Г намайг аягаар цохьсон юм. Тэгэхээр нь би Гыг хүзүүнээс нь боогоод ор луу түлхэж унагаахад У хажуунаас ирж намайг боогоод О харин Гыг салгасан юм. Тэгээд би Уийг тавиулах гээд хурууг нь хойш нь таттал У хуруу эвгүй болгочихлоо гээд над руу уурлаад намайг 1 удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би зөрүүлж уурлаад Уийг өшиглөсөн юм. Тэгээд О боль гээд бид 2 С-гийн гэрээс гараад явсан бөгөөд хашааны гадаа зогсож байтал У ганцаараа гэрээс гарч ирээд над руу “чи хуруу эвгүй болгочихсон” гээд над руу уурлахад нь О Уийг боль гээд авч явж С-гийн гэр лүү нь оруулчихаад буцаад О над дээр ирсэн юм. Тэгээд О “эд нар согтуу байна, чи одоо яв” гэж хэлээд байж байтал Г С-гийн гэрээс нь гарч иртэл У бас хойноос нь гарч ирсэн бөгөөд О Уийг аваад холдуулахад Г над дээр ирэх үед тэр гартаа харанхуйд сайн харагдахгүй ямартай ч гялтганасан үзүүртэй юм барьчихсан байсан бөгөөд намайг “чамайг ална” гээд байхаар нь ухраад алхаж байгаад арай ч гартаа барьсан юмаараа цохихгүй байх гэж бодоод ухрахаа болиод зогстол Г нь над дээр тулж ирээд хүзүү хэсэг рүү болон нурууны бөөрний хавьцаа нэг удаа цохиод өнгөрсөн, тэгтэл миний баруун мөр хавьцаа халуу дүүгээд байхаар нь би гараараа тавиад хартал цус гоожиж байсан бөгөөд миний хүзүүнээс их хэмжээгээр гараад байсан. Тэгээд би цус гоожуулахгүй гээд хуруугаараа дараад зогсож байтал У, О 2 над дээр ирэхээр нь би “намайг сая Г хутгалчихлаа” гэтэл У, О 2 “юу вэ, ямар балай юм бэ, алив эмнэлэг явъя” гэхээр нь би Уийг “чи согтуу байна, наанаа үлд” гээд О бид 2 хамтдаа гэмтлийн эмнэлэг явж оёо тавиулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3248 дүгнэлтэд: “...Ж.Н-ийн биед хүзүүний зүүн тал гүрээний артерийн салаалах хэсэг болон зүүн талын буулган венийг гэмтээсэн шарх, хэвлийн зүүн ар доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн гүн шархнууд, хуйханд олон тооны няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна....” гэжээ. /хх-ийн 47х/

3. Ж.Н-ийн өвчний түүх /хх-ийн 113-130х/

4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: “хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай” /хх-ийн 73х/

5. Гэрч Г.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нын гэрт нь Н, Г бид 3 пивоо уугаад сууж Н нь ганцаараа орж ирээд бид нартай тухайн пивийг уусан бөгөөд Н Нийг “чи одоо гэрлүүгээ яв” гэж хэлсэн. Тэгтэл Н гэрээс нь гарч явсан бөгөөд ...пивоо ууж дуусгаад дахиж пиво авах гэж Г бид 2 гэрээс нь гараад явж байтал Н өөдөөс нэг пиво барьчихсан ирж байсан. Тэгээд бид 3 хамтдаа буцаад дэлгүүр орж дахиж нэмж 1 том пиво аваад буцаад Нын гэрлүү нь явсан бөгөөд бид нар гэрт нь очоод пивоо ууж байтал гаднаас О ах орж ирсэн. Тэгээд байж байтал Г нь Нийг “чи одоо яв” гэж хэлээд нуруу руу нь 2-3 удаа гараараа алгадсан. Тухайн үед Г нилээн согтчихсон байсан бөгөөд тэр 2 хоорондоо маргалдаад эхэлсэн, нэг хартал Н Гыг үснээс зулгаагаад авсан бөгөөд боль гээд салгах гээд куртикнээс нь таттал Н миний хурууг тавиулах барьж аваад мушгичихсан бөгөөд миний хурууг эвгүй болгоод өвдөөд эхэлсэн юм. Тэгээд Нийг О татаж салгаад гэрээс аваад гарсан бөгөөд Г бид 2 гэрт нь үлдчихсэн байсан юм. Тэгээд миний хуруу өвдөөд би хуруугаа хараад байж байтал Г шууд гэрээс гүйгээд гараад явсан бөгөөд би хойноос нь гартал Н Г 2 хашаанаас гарчихсан хоорондоо барилцаад авчихсан Гы гарт нь хутга байсан ба О зайтай зогсож байсан бөгөөд тэр хоёрыг боль гэж хэлээд зогсож байсан. Тэгээд тэр хоёрыг барилцаж байхад гэнэт Нийн баруун хүзүү хавиас нь цус гараад эхэлсэн, хувцас нь цус болохоор нь би Гыг хойноос нь татаж аваад хашаа руу орох гээд чирээд явж байтал Н ирж таарсан юм. Тэгээд хартал Гы гарт нь хутга байхгүй шидчихсэн байсан ба хаашаа шидсэнийг нь бол хараагүй юм. Тэгээд Н дээр очтол гараараа хүзүүгээ дарчихсан, “намайг Г хутгалчихлаа ш дээ” гээд байсан. Тэгээд гэмтэл явъя гээд О ах Нийг аваад гэмтлийн эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/

6. Гэрч П.Обаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ...01 цагийн үед захирлын гэрээс гараад ирэхэд С-гийн гэрийн гэрэл асаалттай байсан. Тэгэхээр нь би гэр лүү яваад ортол гэрт Н, У, Г, Н, бас танихгүй залуу байсан. ...Тэгсэн Н надад нэг станканд пиво хийж өгөхөөр нь нөгөө пивийг нь уучихаад сууж байсан чинь Н танихгүй залууг гаргаж өгөх гээд гараад явсан. Тэгэхэд нь Г хамт гараад явсан. ...Г гаднаас нилээд согтсон байдалтай орж ирээд “чи одоо яв аа” гэж хэлсэн чинь Н “би яагаад явж байгаа юм бэ” гэсэн чинь Г “чамайг харахаар манай нөхөр бодогдоод уур хүрээд байна, яв” гэж хэлсэн. Түүнээс болж тэр хоёр хоорондоо муудалцаж байгаад Г нь Нийг 2 удаа цохиод авсан. Цээж рүү нь нэг удаа, хацар луу нь нэг удаа цохиод авсан. Тэгсэн Н, Г хоёр барьцалдаад авахаар нь У бид хоёр салгаад бариад байж байсан чинь Н Уийн гарны хурууг нь эвгүй болгочихсон юм. Тэгээд би тэр хоёрыг салгаад Нийг авч гаргаад “ахын дүү одоо ингээд явчих, тэгэхгүй бол наадуул чинь чамайг нэг нэгээрээ хэрүүл хийгээд байна” гэж хэлээд хашааны гадаа гаргаад байж байсан чинь араас У гарч ирэхээр нь би Уийг буцаагаад гэр лүү нь оруулах гээд байж байсан чинь Г гэнэт гарч ирээд  Нийг цохиод байх шиг харагдсан. Тэгээд би эргээд Н, Г хоёр дээр очиход Н надад “сая Г намайг хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х/

7. Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баяраа явлаа гэж хэлэхээр нь би гаргаад өгье гэж хэлээд хамт гараад явсан. Тэгээд бид хоёр гудамжинд юм ярьж байгаад хэсэг хугацааны дараа буцаад гэртээ ирсэн чинь бүгд хашааны гадаа гарчихсан О-баатар Нийг барьчихсан, У, Г-ыг “одоо боль” гээд салгаад байж байсан. Тэгсэн “юу болоод байгаа юм яагаад байгаа юм” гэсэн чинь Г “намайг тавь” гэх мэтээр орилоод байсан. Тэгээд би “юу болсон бэ” гэж О-баатар ах, Н хоёр дээр очиход Н “Г намайг ийм болгочихлоо” гээд хүзүүн дээрээ гараа дарчихсан “гараа авахаар цус олгойдох гээд байна” гээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33х/

8. Гэрч Б.Туулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө буюу шөнийн 01 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119-1-28 тоот гэртээ унтаж байтал манай нөхөр болох Жамбалын утас нь дуугараад Жамбал утсаар ярьчихаад надад “Н хутгалуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байна” гэж хэлээд бид 2 хамтдаа гэмтлийн эмнэлэг дээр очоод Н-тэй уулзтал хүзүү болон нуруундаа хутгалуулсан бас тархи хагарсан гэж хэлсэн бөгөөд дусал залгуулаад хэвтэж байсан. Тэгээд юу болсон юм бэ гэтэл тухайн үедээ Н нэг их юм яриагүй юм. Тэгээд тухайн шөнөдөө сахиж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 30 сарын 03-ны өдөр Нээс юу болсон талаар тодотгож асуутал Н надад хандаж “та намайг эмэгтэй хүнд хутгалуулсан гэж хэлвэл гайхах юм уу” гэж хэлсэн бөгөөд би “хэн юм бэ” гэтэл надад “Г хутгалсан” гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдөр бас Г над руу залгаад “уучлаарай Туул эгчээ, аймар юм болчихсон байна” гэж хэлэхээр нь би “чи чинь эмэгтэй хүн байж нэгнийгээ хутгалаад байхдаа яадаг юм бэ” гэж хэлтэл Г “харин тиймээ, уучлаарай” гэж хэлээд “бие нь гайгүй юу” гэж асуугаад өөр зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37х/

9. Шүүгдэгч Г.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой Н бид 2 нийлж 2,5 литрийн савалгаатай 1 том пиво хувааж уусан. Тэгээд дараа нь Н найз болох У 21 цаг өнгөрч байхад гаднаас ганцаараа орж ирээд бид 3 дахиад 1 том савалгаатай пиво хувааж уусан. Тэгээд тухайн пиво ууж дууссаны дараа бид 3 дахиж 2 том пиво нэмж аваад пивоо уугаад байж байтал гаднаас манай салсан нөхрийн найз нь болох Н 23 цаг өнгөрч байхад орж ирээд “Өөжгий байна уу” гээд асуухаар нь бид 3 “байхгүй” гэж хэлээд гаргасан бөгөөд нэг их удалгүй У бид 2 Нын гэрээс гараад явж байтал Н өөдөөс 1 том пиво барьчихсан ирж таарсан бөгөөд Н Нын гэр лүү нь орж, харин У бид 2 дэлгүүр лүү явж дахиад 1 том пиво аваад буцаад Н-ын гэрлүү нь ороход Н Н 2 сууж байсан. Тэгээд Нын гэрт нь ороод би болсон явдлаа сайн санахгүй байна. Би тэгээд нэг ухаан ортол Нтай хоорондоо маргалдаж байсан ба Н надад хандаж “чи Нтэй муудалцаад зодолдоод байсан, битгий дахиж Нтэй хамт пиво ууж, манай гэрт битгий зодолдоорой” гэж хэлсэн. ...Н надад “О ах манайд ирсэн, тэгээд О ах Нийг эмнэлэг рүү аваад явсан” гэж хэлсэн юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142х/ 

10. Г.ы хувийн байдлын талаар:

Гэрч Х.Оюунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гадуур тэнээд байдаггүй, хүмүүстэй харилцах харьцаа сайтай хүүхэд. Архи дарс байнга хэрэглэдэггүй. Г нь одоо надтай хамт манай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 6 цагаан байрны  дүгээр байрны 1-9 тоотод 3 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Г нь яах ч аргагүй ял аваад явбал  би өөр дээрээ  3 хүүхдийг нь авна гэж бодож байна. Хүүхдүүдийн эцэг нь бол хүүхдүүдээ харахаар хүн биш юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 38-39х/

Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г эгч хүнтэй маргалдаад байдаггүй, нийтэч зантай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64х/

Гэрч А.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дуу цөөтэй, хүнтай маргалдаад байдаггүй, архи дарс хэрэглээд байдаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35х/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94х/

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86х/

-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87х/

-Түүний 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар: “...2009 оны 10 дугаар сарын 09-ны өдөр төрсөн А.Мөнхбадрах, 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн А.М, 2016 оны 08 дугаар сарын 8-ны өдөр төрсөн А.Мөнххүслэн”  /хх-ийн 89-91х/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

I.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г. нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Н-тэй маргалдан зодож, улмаар тус хашааны гадна байхдаа иргэн Ж.Н-ийн хүзүү болон нуруун тус газар нь хутгаар хутгалж, хүзүүний зүүн тал гүрээний артерийн салаалах хэсэг болон зүүн талын буулган венийг гэмтээсэн шарх, хэвлийн зүүн ар доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн гүн шархнууд, хуйханд олон тооны няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт нь:

Хохирогч Ж.Н-ийн “...Г намайг “одоо чи яв” гээд уурлаад үгийн зөрүүгүй намайг сууж байхад өшиглөөд авахаар нь би “яаж байгаа юм бэ” гээд уурласан, тэгтэл Г намайг аягаар цохьсон. Тэгэхээр нь би Гыг хүзүүнээс нь боогоод ор луу түлхэж унагаахад У хажуунаас ирж намайг боох үед О нь Гыг салгасан юм. ...Тэгээд О бид 2 С-гийн гэрээс гарч хашааны гадаа зогсож байтал У гэрээс гарч ирэхэд О түүнийг цааш нь аваад явсан ба Г мөн гэрээс гарч над дээр ирээд “чамайг ална” гээд миний хүзүү хэсэг рүү болон бөөрний хавьцаа нэг удаа цохиод өнгөрсөн, тэгтэл миний баруун мөр хавьцаа халуу дүүгээд байхаар нь би гараараа тавиад хартал цус гоожиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: “хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай” /хх-ийн 73х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3248 дүгнэлтэд: “...Ж.Н-ийн биед хүзүүний зүүн тал гүрээний артерийн салаалах хэсэг болон зүүн талын буулган венийг гэмтээсэн шарх, хэвлийн зүүн ар доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн гүн шархнууд, хуйханд олон тооны няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна....” гэжээ. /хх-ийн 47х/

Ж.Н-ийн өвчний түүх /хх-ийн 113-130х/          

Гэрч Г.Уийн: “...Тэгээд байж байтал Г нь Нийг “чи одоо яв” гэж хэлээд нуруу руу нь 2-3 удаа гараараа алгадсан. Тухайн үед Г нилээн согтчихсон байсан бөгөөд тэр 2 хоорондоо маргалдаад эхэлсэн, нэг хартал Н Гыг үснээс зулгаагаад авсан бөгөөд боль гээд салгах гээд куртикнээс нь таттал Н миний хурууг тавиулах гээд барьж аваад мушгичихсан. ...Нийг О татаж салгаад гэрээс аваад гарсан бөгөөд ...би хуруугаа хараад байж байтал Г шууд гэрээс гүйгээд гараад явсан, би хойноос нь гартал Н Г 2 хашаанаас гарчихсан хоорондоо барилцаад авчихсан, Гы гарт нь хутга байсан. Тэгээд тэр хоёрыг барилцаж байхад гэнэт Нийн баруун хүзүү хавиас нь цус гараад эхэлсэн, хувцас нь цус болохоор нь би Гыг хойноос нь татаж авсан. ...О ах Нийг аваад гэмтлийн эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч П.Обаатарын “...Г гаднаас нилээд согтсон байдалтай орж ирээд “чи одоо яв аа” гэж хэлсэн чинь Н “би яагаад явж байгаа юм бэ” гэсэн чинь Г “чамайг харахаар манай нөхөр бодогдоод уур хүрээд байна, яв” гэж хэлсэн. Түүнээс болж тэр хоёр хоорондоо муудалцаж байгаад Г нь Нийг 2 удаа цохиод авсан. Цээж рүү нь нэг удаа, хацар луу нь нэг удаа цохиод авсан. Тэгсэн Н, Г хоёр барьцалдаад авахаар нь У бид хоёр салгаад бариад байж байсан чинь Н Уийн гарны хурууг нь эвгүй болгочихсон юм. Тэгээд би тэр хоёрыг салгаад Нийг авч гаргаад “ахын дүү одоо ингээд явчих, тэгэхгүй бол наадуул чинь чамайг нэг нэгээрээ хэрүүл хийгээд байна” гэж хэлээд хашааны гадаа гаргаад байж байсан чинь ...Г гэнэт гарч ирээд  Нийг цохиод байх шиг харагдсан. Тэгээд би эргээд Н, Г хоёр дээр очиход Н надад “сая Г намайг хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 Гэрч Б.Нын “...Баяраа явлаа гэж хэлэхээр нь би гаргаж өгөөд бид хоёр гудамжинд юм ярьж байгаад хэсэг хугацааны дараа буцаад гэртээ ирсэн чинь Обаатар Нийг барьчихсан, У, Гыг “одоо боль” гээд салгаад байж байсан. Тэгсэн “юу болоод байгаа юм яагаад байгаа юм” гэсэн чинь Г “намайг тавь” гэх мэтээр орилоод байсан. Тэгээд би “юу болсон бэ” гэж Обаатар ах, Н хоёр дээр очиход Н “Г намайг ийм болгочихлоо” гээд хүзүүн дээрээ гараа дарчихсан “гараа авахаар цус олгойдох гээд байна” гээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33х/

Гэрч Б.Туулын “...2018 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө ...унтаж байтал ...утас нь дуугараад Жамбал утсаар ярьчихаад надад “Н хутгалуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байна” гэж хэлээд бид 2 хамтдаа гэмтлийн эмнэлэг дээр очиход Н нь хүзүү болон нуруундаа хутгалуулсан бас тархи хагарсан гэж хэлсэн бөгөөд дусал залгуулаад хэвтэж байсан. Тэгээд юу болсон юм бэ гэхэд ...Н надад хандаж “та намайг эмэгтэй хүнд хутгалуулсан гэж хэлвэл гайхах юм уу” гэж хэлсэн бөгөөд би “хэн юм бэ” гэтэл надад “Г хутгалсан” гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдөр бас Г над руу залгаад “уучлаарай Туул эгчээ, аймар юм болчихсон байна” гэж хэлэхээр нь би “чи чинь эмэгтэй хүн байж нэгнийгээ хутгалаад байхдаа яадаг юм бэ” гэж хэлтэл Г “харин тиймээ, уучлаарай” гэж хэлээд “бие нь гайгүй юу” гэж асуугаад өөр зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37х/

Шүүгдэгч Г.ы: “...би болсон явдлаа сайн санахгүй байна. Гэрт байсан хүмүүс нь намайг тухайн үед Нд хандаж  “яв, чамайг харахаар уур хүрээд байна” гэж хэлсэн гэсэн, тэгэхэд Н нь намайг цохьсон гэсэн. Тэгээд л намайг уурандаа очоод Нийг хутгалчихсан гэж сүүлд надад хэлсэн юм. Би их харамсаж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142х, шүүх хуралдааны тэмдэглэл/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч Г. нь хохирогч Ж.Н-ийг “өөрийн салсан нөхрийнхөн найз гэдэг утгаар” гэрээс хөөх, нүүр, цээж рүү цохих, хөл рүү өшиглөх, аягаар толгой руу нь цохих зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, хохирогч Ж.Н- энэ байдалд нь дургүйцэн хариу үйлдэл хийсэн шинжтэй, хамт байсан гэрч Г.У, П.Обаатар нар нь удаа дараа шүүгдэгч, хохирогч нарыг салгах оролдлого хийсэн байх боловч эцсийн дүндээ шүүгдэгч Г. нь хохирогчийг өөрөө эхэлж цохиж, маргаан үүсгэсэн атлаа түүнийг “өөрийг нь цохиж, зодлоо” гэдэг шалтгаанаар хутга хэрэглэн хохирогчид гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч нарын зөрүүгүй мэдүүлгүүдээр, учруулсан гэмтэл нь хүнд зэрэгт хамаарсан нь шинжээчийн дүгнэлт, өвчний түүх зэрэг нотлох баримтуудтай тул Г.ы энэхүү санаатай үйлдлийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хутга хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж, улмаар шүүгдэгч Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хуульзүйн үндэслэлтэй байна.

II.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г. нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Шүүхээс, шүүгдэгч Г. нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Г.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж тухайн зүйлд оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ялыг оногдуулахаар тогтож, улмаар түүний хувийн болон ар гэрийн байдал /бага насны 3 хүүхэдтэй/, тухайн хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйл “Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах”-ийн 1 дэх хэсэгт ...шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг  хоёр жил хүртэл хугацаагаар  хойшлуулж болно ...гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзвэл, зөвхөн анх удаа хөнгөн гэмт хэргийг дээр дурдсан субъектүүд үйлдсэн тохиолдолд хамаарахаар зохицуулагдсан бөгөөд шүүгдэгч Г.ы хувьд хэдийгээр бага насны хүүхдүүдтэй боловч  түүний үйлдсэн хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул тус зүйлийг хэрэглэх хуульзүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...шүүгдэгчид оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ж.Н нь шүүгдэгч Г.аас гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учруулсан хохиролтой холбогдуулан нийт 2.114.450 төгрөгийг Г.аас нэхэмжилж холбогдох баримтуудыг тус хэрэгт гаргаж өгч хавсаргуулсан байна. /хх-ийн 68-72х/

Шүүгдэгч Г. нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Н-ийн эмчилгээнд зориулж 300.000 төлсөн, үлдэгдэл мөнгийг хохирогч нэхэмжлэхээс татгалзсан тул нэмж төлөөгүй гэх ба хохирогч Ж.Н- нь үүнийг хүлээн зөвшөөрч маргаагүй, улмаар хохирол нэхэмжлэхгүй тул шүүгдэгчид оногдуулах ялыг багасгаж өгнө үү гэсэн санал, хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч Г.ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Тус хэрэгт авагдсан баримтуудаар, тухайлбал, гэрч Х.Оюунаа нь /шүүгдэгчийн төрсөн эх/ шүүгдэгч Г.ы бага насны хүүхэд болох 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Б овогт А-ын М /РД:.../, 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Б овогт А-ын М-О /РД:.../, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Б овогт А-ын М /РД:... нарыг өөрийн асрамж хяналтад байлгаж байгаа, цаашид ч өөр дээрээ байлгах талаар мэдүүлсэн /хх-ийн 38-39х/ мэдүүлэг, баримттай бөгөөд хэрэв шүүгдэгчийн хүүхдүүдийг цаашид асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд асран хамгаалагч томилуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад  хариуцуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г. нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг баривчлагдсан баримттай /хх-ийн 16-17х/ байх тул уг хугацааг цагдан хоригдсон 2 хоногоор тооцож, түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ы цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 6. Шүүгдэгч Г.ы иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т зааснаар шүүгдэгч Г.ы бага насны хүүхэд болох 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Б овогт А-ын М /РД:.../, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Б овогт А-ын М /РД:.../, 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Б овогт А-н С-О /РД:..../ нарыг асран хамгаалахтай холбоотой асуудал үүссэн тохиолдолд шүүгдэгчийн хүүхдүүдэд асран хамгаалагч томилуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад  хариуцуулсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж Г.-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Г.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                          Г.ГАНБААТАР

                                                                                        Б.ДАШДОНДОВ