Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/924

 

 

 

 

 

 

      2018          10             29                                        924

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Д.Цолмон,

шүүгдэгч Н.Г.............г, түүний өмгөөлөгч Ц.Амар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2563) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Цагаан гэрүүд овогт Н.............аагийн Г.............гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0189 11124 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цагаан гэрүүд овогт Н.............аагийн Г.............г, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “ЭМЦҮ” ХХК-д том машины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн ................................... оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар РУ86051613.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Н.Г.............г нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ........... тоотод хохирогч Б.Б...............нийг эхнэр уруу татаж архи уулаа гэх шалтгааны улмаас хардаж, хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г.............г мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б...............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ................. гэртээ ганцаараа байж байтал гэрийн хаалга нүдсэн. Хаалгаа тайлахад 19 дүгээр сургуульд хамт ажилладаг англи хэлний багш, .А................гийн найз залуу болох Г.............г гэгч өөр нэг үл таних залуутай хамт гэрт орж ирсэн. Г.............гтай хамт явсан настай эрэгтэй нь юу ч хэлэлгүй үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газарт 1 удаа цохисон...11 цагийн орчим архи гараад сэргэхэд...Г...............ж ирчихсэн манай эхнэр А..............л руу залгаад намайг зодуулсан байгааг хэлсэн...миний хоёр нүд хөхөрсөн, уруулын баруун дээрх хэсэгт сэтэрч оёдол тавигдсан, хамар хугарсан, зүүн талын 3 хавирга хугарсан байсан...гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ. Одоогоор эцсийн байдлаар хэдэн төгрөг нэхэмжлэх тооцоо гараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

“...Г.............г миний нүүрэн тус газар гараараа цохисон тэгэхэд уруул язарч, нүд хөхөрч хамар хугарсан гэмтэл учирсан, зүүн хацар, шанаа, хүзүү, цээжний ар хэсэгт учирсан зулгаралтууд нь Г.............гтай зодолдох явцдаа орон дээр унахад учирсан гэж бодож байна. Мөн хүзүүний зулгаралт заамдалцахад учирсан. Хавирга юунаас болж яагаад хугарсныг нь би өөрөө согтуу байсан учраас үнэхээр мэдэхгүй байна...баримтаар эмчилгээний зардалд 110.000 төгрөг гарсан үүнийг нэхэмжилж байна, урьд нь 200.000 төгрөг авсан. Нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),

2. Гэрч Л.Л..............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байхад...Г.............г над руу залгаад хамт айлд очоод ирье гэсэн...тэгээд .А................гийн ажилладаг сургууль дээр очоод жижүүрээс нь хамт ажилладаг багшийнх нь..гэрийн хаягийг авсан...Таван шарын голд байдаг байрны 5 давхарт гараад .А................гтэй нийлдэг гэх багш залуугийн хаалгыг би нүдсэн чинь нэг залуу хаалга онгойлгосон. Тэр залуу нилээн согтуу байсан ба чамтай ах нь уулзах гэсэн юм гэхэд зүгээр оруулсан. Тэгэхээр нь би чи яагаад хүүхэд уруу татаад байгаа юм гэхэд “би хэнийг ураа татсан юм...чадаж байгаа юманд арга байхгүй гээд хэл амаар доромжлоод байхаар нь хацар дээр нь нэг удаа гараараа алгадсан. Энэ үед Г.............г тэр залуугийн хамар руу 2-3 удаа гараараа цохисон. Хоорондоо барилцаж аваад орон дээр унасан. Би салгаад Г.............гыг аваад гарах гэтэл нөгөө залуу араас хэл амаар доромжлоод байсан чинь Г.............г эргээд хөлнөөс нь татаж газар унагаад бөгс рүү нь 1 удаа өшиглөсөн...” (хавтаст хэргийн 34-35),

“...Г.............г хохирогчтой нилээн удаан ярилцаж байхад хохирогч нь гэнэт чадаж байгаа юманд арга алга гээд нулимаад салаавч өгсөн. Тэгэхээр нь Г.............г алгадаад унагаасан. Гэтэл хохирогч босч ирээд ууж байсан архины шилээр цохих гэж дайрахаар нь гарыг нь барьж аваад хохирогчийн нүүрэнд 2-3 удаад цохисон. Тэгээд хохирогч орон дээр Г.............гтай зодолдож байгаад хохирогч хий өшиглөөд орны ирмэг дээр нуруугаараа унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40)

3. Гэрч П..А................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр...А..............л над руу...танай нөхөр манай нөхрийг зодсон байна гэсэн...намайг очиход Б.Б...............ний нүүр нь хавдчихсан уруул нь сэтэрчихсэн цээжээ дараад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38)

4. Гэрч Ө.Г...............жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр сургалтын менежер залгаад Б...............нэ гэртээ зодуулсан байна гэр чинь ойрхон юм чинь оч гэсэн. Тэгээд би 22 цагийн үед гэрт нь ороход Б...............нэ жоохон халамцуу эд хогшил нь эмх замбараагүй байдалтай, нүүр нь хавдсан, уруул нь сэтэрсэн амьсгалж болохгүй байна цээж рүү хатгаад байна гэсэн байдалтай байсан. Тэгээд юу болсныг асуухад .А................гийн найз нь хардаж зодсон гэсэн...бид нар нэг газар ажилладаг найзын харилцаатай зарим үед нэгнийхээ төрсөн өдрөөр уулзаж хамт суух үе байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4695 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, нилэнхүйдээ хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун нүдний дээд зовхинд 0.4х0.2см, зүүн нүдний доод зовхины дотор хэсэгт 1.0х0.2см, зүүн хацарт 3.5х3.0см, зүүн шанаа хүзүүний зүүн хажуу хэсгийг хамарсан 13х3.5см, цээжний ар хэсэгт 13х3.0см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Цээжний зүүн хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй. Дээд уруулын баруун хэсэгт 2.0см урттай мэс заслын оёдол бүхий шархтай.

2018.04.09-ний ГССҮТ-ийн үзлэгт: Тархи доргилт, хамрын ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ.

2018.04.09-ний Натур эмнэлгийн Толгойн КТГ-д: ...тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...2 талын нүдний ухархайнд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан хамрын таславч баруун тийш мурийсан.

2018.04.09-ний Натур эмнэлгийн цээжний КТГ-д: ...зүүн талд хөхний шугамаар 3-р хавирга зөрүүгүй хөндлөн, 4-р хавирга зөрүүтэй хөндлөн, 5-р хавирга зөрүүтэй ташуу тус тус хугаралтай... ДҮГНЭЛТ:

1. Б.Б...............ний биед цээжний зүүн талд 3,4,5-р хавирганы далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, шанаа, хүзүү цээжний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

 

6. Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цээжний зүүн талын 3, 4, 5-р хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамар ясны хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, уруулын шарх зэрэг нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд буюу баруун зүүн нүдний дээд, доод, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, шанаа , хүзүү, цээжний ар хэсэгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гар болон хөлөөр цохиж өшиглөхөд, дэвсэхэд үүсэх боломжтой. 1 болон түүнээс дээж удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...дээрх гэмтэл хязгаарлагдсан гадаргуутай буюу орны толгой, орны хажуу хэсэгт хавирга хэсгээр унасан тохиолдолд үүсэх боломжтой дээрх гэмтлийн талаар үзлэг хийх үед хавирганы орчимд эмзэглэлтэй байсан нь гадна харагдах гэмтэлгүй учрах боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31)

7. Шүүгдэгч Н.Г.............гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ажилдаа явах гэж байхад .А................гийн ээж нь манай охин гадуур тэнээд байна хүн уруу татаад байна ламд үзүүлье гээд хамт лам дээр очиж үзүүлсэн. Хадам ээж хохирогч Б...............нэ гэх хүнтэй нийлээд архидаад байна гэж асуухад лам хэлэхдээ толгойлдог хүн нь мөн байна гэсэн. Тэгээд энэ өдрөө хохирогч Б...............ний гэрийн хаягийг сургууль дээрээс нь аваад Л..............аа ахын хамт уулзахаар ороход хохирогч нь согтуу талаас дээгүүр 1 шил архи тавьсан байсан. Ингээд Л..............аа ах хүний эхнэрийг уруу татлаа гэж учир байдлыг хэлэхэд хөгшин талхи минь чимээгүй бай, би юмаа мэдэж байна гэсэн. Тэгтэл Л..............аа ах уурлаад нэг удаа алгадсан гэхдээ гэмтэл учраагүй. Тэгэхээр нь би хоёулаа эр хүн ярилцъя .А................г бид хоёр амьдрах гэж байгаа хүмүүс гэсэн чинь хохь чинь, чадаж байгаа юманд арга байхгүй, чи нөгөө яриад байдаг найз залуу нь юм уу гэж өөдөөс инээж даапалж урдаас нулимахаар нь нүүрэн тус газар гараараа цохиж унагаасан. Тэгтэл хамраас нь цус гарсан чинь босч ирээд нүүр рүү нулимж, хувцсанд цусаа арчаад, дөнгөж задалсан архитай шил шидэхэд намайг оноогүй, тэгэхээр нь нүүрэнд тус газар нь цохисон чинь унаад хэвтэж байгаад босч ирээд ална гэхээр нь дахиж алгадаж унагаахад Л..............аа ах салгаад гараад явсан. Хохирогчийн хавирга руу цохиогүй, надад цохиулж унахдаа юманд цохисон байх, яагаад тэгсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Харин нүүрний гэмтлийг би цохиж учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-81),

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52, 53), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 59), хувийн байдлыг тодруулсан нотлох баримтууд (хавтаст хэргийн 56-67), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 54, 68), хохирол төлбөр төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 89),

- хохирлын баримтууд (хавтаст хэргийн 44-50) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Г.............гыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Г.............гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Н.Г.............г нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны 14 тоотод, 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим, хохирогч Б.Б...............нийн гэрт ах  Л.Л..............аагийн хамт очижээ. Улмаар өөрийн хамтран амьдрагч П..А................гийг уруу татлаа гэж Б.Б...............нэтэй маргаж түүнийг цохисон шалтгаан нөхцөлийн улмаас хохирогчийн бие махбодид шууд санаатай үйлдлээр халдаж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Б...............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн орчим....А................гийн найз залуу болох Г.............г гэгч өөр нэг үл таних залуутай хамт гэрт орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

“...Г.............г миний нүүрэн тус газар гараараа цохисон тэгэхэд уруул язарч, нүд хөхөрч хамар хугарсан гэмтэл учирсан, зүүн хацар, шанаа, хүзүү, цээжний ар хэсэгт учирсан зулгаралтууд нь Г.............гтай зодолдох явцдаа орон дээр унахад учирсан гэж бодож байна. Мөн хүзүүний зулгаралт заамдалцахад учирсан. Хавирга юунаас болж яагаад хугарсныг нь би өөрөө согтуу байсан учраас үнэхээр мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),

- Гэрч Л.Л..............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.............г тэр залуугийн хамар руу 2-3 удаа гараараа цохисон. Хоорондоо барилцаж аваад орон дээр унасан. Би салгаад Г.............гыг аваад гарах гэтэл нөгөө залуу араас нь хэл амаар доромжлоод байсан чинь Г.............г эргээд хөлнөөс нь татаж газар унагаад бөгс рүү нь 1 удаа өшиглөсөн...” (хавтаст хэргийн 34-35),

“...хохирогч орон дээр Г.............гтай зодолдож байгаад хохирогч хий өшиглөөд орны ирмэг дээр нуруугаараа унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40)

- Гэрч П..А................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр...А..............л над руу...танай нөхөр манай нөхрийг зодсон байна гэсэн...намайг очиход Б.Б...............ний нүүр нь хавдчихсан уруул нь сэтэрчихсэн цээжээ дараад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38)

- Гэрч Ө.Г...............жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 07-ны орой...22 цагийн үед гэрт нь ороход Б...............нэ жоохон халамцуу эд хогшил нь эмх замбараагүй байдалтай, нүүр нь хавдсан, уруул нь сэтэрсэн амьсгалж болохгүй байна цээж рүү хатгаад байна гэсэн байдалтай байсан. Тэгээд юу болсныг асуухад .А................гийн найз нь хардаж зодсон гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4695 дугаар... ДҮГНЭЛТ:...1. Б.Б...............ний бизд цээжний зүүн талд 3,4,5-р хавирганы далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, шанаа, хүзүү цээжний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27),

- Шүүгдэгч Н.Г.............гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ...Б...............ний гэрийн хаягийг сургууль дээрээс нь аваад Л..............аа ахын хамт уулзахаар ороход хохирогч нь согтуу талаас дээгүүр 1 шил архи тавьсан байсан. Ингээд Л..............аа ах хүний эхнэрийг уруу татлаа гэж учир байдлыг хэлэхэд хөгшин талхи минь чимээгүй бай, би юмаа мэдэж байна гээд...өөдөөс инээж даапалж урдаас нулимахаар нь нүүрэн тус газар гараараа цохиж унагаасан. ...босч ирээд нүүр рүү нулимж, хувцсанд цусаа арчаад, дөнгөж задалсан архитай шил шидэхээр...нь нүүрэнд тус газар нь цохисон чинь унаад хэвтэж байгаад босч ирээд ална гэхээр нь дахиж алгадаж унагаахад Л..............аа ах салгаад гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-81) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Г.............г нь хохирогч Б...............нийг эхнэр уруу татаж архидлаа гэх шалтгаанаар санаатай зодсоны улмаас хохирогчийн 3,4,5-р хавирга хугарсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба унаснаас болж хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Н.Г.............гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Н.Г.............гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргав.

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.6 дахь заалтад заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал түүнд байна. Түүнчлэн хохирогч нь гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага нэгжээр торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                                    

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Н.Г.............гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж мэтгэлцэх боловч тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Н.Г.............г үүсгэсэн буюу айл гэрт очиж өөрийн хамтран амьдрагчийг хохирогчтой хардан маргалдаж улмаар шүүгдэгч, гэрч нарын өмнөөс эсэргүүцэл үзүүлсэн нөхцөл байдлыг хохирогчийн зүй бус үйлдэл гэж үзэхгүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.6 дахь заалтад заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” дүгнэлтийг гаргах боловч дээрх нөхцөл байдал нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Г.............г нь хохирогч Б.Б...............нийд очиж түүнтэй маргаан үүсгэсэн нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхгүй нь зэрэгцээ, ямар нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсан улмаас шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Харин ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгт дүгнэлт хийвэл хохирогчийнд очих санаа зорилготой улмаар тэднийд очихдоо ах Л..............ааг дагуулж очиж байгаа үйлдлээс үзвэл түүний санаа зорилго тодорхой гэж үзнэ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзнэ.

Тиймээс шүүгдэгч Н.Г.............гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Г.............гд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал тогтоогдохын зэрэгцээ тэрээр “ЭМЦҮ” ХХК-нд том машины жолоочоор ажилладаг болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож, байх тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний  хувийн байдалд тохирно гэж үзэв. Харин улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй. Өөрөө хэлбэл шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай байх тул уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Н.Г.............гыг торгох ялыг 3 (гурван) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0189 11124 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Н.............аагийн Г.............гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г.............гыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г.............г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  Н.Г.............г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ