Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1751

 

 

В.Гэрэлчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01605 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Гэрэлчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Батбүрдэл” ХХК-д холбогдох

 

Доголдлын улмаас илүү төлсөн мөнгө болон гэрээнээс учирсан хохиролд 7 638 724 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч В.Гэрэлчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Батбүрдэл" ХХК-тай "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай" 082/13 тоот гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулан, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТелевизийн хашаанд баригдах ажилчдын орон сууцнаас 11 давхрын 59 тоот 58,74 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 193 000 төгрөгөөр тооцож нийт 70 076 820 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Улмаар Улсын бүртгэлийн газраас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон Ү-22005022074 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 58,74 м.кв талбайтай гэсэн бичиглэлтэй гарсан. Гэтэл манай байрны 2 давхарт амьдардаг инженер хүн "манай байрны м.кв дутсан байна. Арай жижигхэн санагдаад байна, бид нар ийм хэмжилтийн компани олсон гэж ярьж байсан. Эхний байр дээр маргаан үүссэн болохоор хоёр талаасаа хэмжилт хийлгэхэд м.кв таараад, сүүлийн байр ашиглалтад орсон. Манай байрны хувьд би энэ байрыг авахаар захиалгаа өгч урьдчилгаа мөнгөө төлөөд, үлдсэн мөнгөө банкнаас авсан болохоор гэрчилгээ надад ирээгүй, шууд банк руу явсан байсан. Тэгээд "Тоонто гранд" ХХК-иар 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэмжилт хийлгэхэд манай байр 53,17 м.кв талбайтай буюу гэрээнд зааснаас 5,57 м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон. Би "Батбүрдэл" ХХК-д талбайн зөрүү мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан боловч надад 2 сая төгрөг зөрүүд өгнө гэснийг би эс зөвшөөрч, шүүхэд 5,57 м.кв талбайд илүү төлсөн үнийн зөрүү болох 6 645 010 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, шүүхээр шинжээч томилуулсан ба шинжээч "Эм Эм Инженеринг" ХХК-ийн дүгнэлтээр талбай хэмжээ 52,72 м.кв байсан. Иймээс уг дүгнэлтийг үндэслэн зөрүү талбайн мөнгийг нэмж тооцоод нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж талбайн зөрүүд илүү төлсөн 7 181 860 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Би орон сууцыг худалдан авахдаа би "Батбүрдэл" ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн Төрийн банктай 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 235 дугаартай "Орон сууцны зээлийн гэрээ" болон "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулан 28 сая төгрөгийн зээл авсан бөгөөд одоо хүртэл зээл, зээлийн хүүг төлж байгаа. Миний байрны талбайг буруу өгснөөс би банкинд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл илүү хүү төлсөн тул хариуцагчаас илүү төлсөн 687,714 төгрөгийг гаргуулна. Мөн би анх байр авахдаа халуун, хүйтэн устай байр худалдаж авна гэж гэрээ хийсний дараа нэмэлт бойлерыг 200 000 төгрөгөөр авсан тул бойлерын үнийг, "Тоонто гранд" ХХК-ийн ажлын хөлсөнд төлсөн 106 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байр ашиглалтад орсны дараа "Батбүрдэл" ХХК болон нэхэмжлэгч хоёр өөрсдөө сайн дурын үндсэн дээр тохиролцон байгуулагдсан тусдаа гэрээний харилцаа. Нотлох баримтууд нь хэрэгт авагдаагүй. Талуудын байгуулсан гэрээний 3.12, 4.12-т байр ашиглалтад орсноос хойш аливаа зардлыг гүйцэтгэгч буюу хариуцагч хүлээхгүй байхаар заасан тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Энэ харилцаа нь тусдаа шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлдээ хариуцагчийг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн "орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай" гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй гэж буруутган гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутуу хэмжээтэй орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж байна. Гэрээний 5.2 дахь заалтаар гэрээний хүчин төгөлдөр байх хугацааг хуульчилж өгсөн. Гэрээнд барилга ашиглалтад орж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан тооцно гэсэн агуулгыг зааж өгсөн. Энэ гэрээ дууссан учир гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Мөн дутуу талбайтай байр худалдан авснаас болж банкны хүүд илүү төлбөр төлсөн гэх үндэслэлээр 687 714 төгрөг нэхэмжилж байгаа нь манайд хамааралгүй юм. Учир нь зээлийн харилцаа нь гэрээний эрх зүйн харилцааны нэг хэсэг бөгөөд түүний үр дагавар нь зөвхөн тухайн гэрээг байгуулсан талуудын хооронд үүсдэг. Иймээс үнэхээр үндэслэлгүйгээр илүү төлсөн асуудал байгаа бол банкинд тавьж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох үүрэг хүлээж байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй. Орон сууцны талбайн хөлсөнд илүү төлбөр төлсөн гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Мөн нэхэмжлэгч нь гэрээний дагуу 70 076 820 төгрөгийг бүгдийг төлсөн гэдгээ нотлохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч "Батбүрдэл" ХХК-иас 6 645 010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Гэрэлчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 993 714 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Батбүрдэл" ХХК-иас 121 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн шинжээчийн зардал болох 135 168 төгрөгийг гаргуулан "Эм Эм Инженерииг" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь хариуцагч "Батбүрдэл" ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай" 082/13 тоот гэрээг байгуулан, орон сууц худалдан авсан бөгөөд гэрээний дагуу 70 076 820 төгрөгийг "Батбүрдэл" ХХК-д төлсөн гэж тайлбарладаг. Орон сууцны нийт төлөх ёстой үнийн дүнгээс 6 645 010 төгрөг илүү төлсөн гэж маргадаг боловч энэхүү үйл баримтыг нотлох ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцлийг үл харгалзан, тодорхой баримтад тулгуурлалгүй, нэхэмжлэгчийн илүү төлсөн гэх үйл баримтыг бий болсон гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасанд үл нийцэх бөгөөд тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг дээрх шийдвэр нь хангаж чадаагүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч В.Гэрэлчимэг нь хариуцагч “Батбүрдэл” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас ажлын хөлсөнд илүү төлсөн 6 645 010 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 993 714 төгрөг буюу банкны хүүд төлсөн 687 714 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 106 000 төгрөг, ус халаах бойлурын үнэ 200 000 төгрөг, нийт 7 638 724 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч В.Гэрэлчимэг нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Зам-3 МҮОНРТ-ийн хашаанд дахь ажилчдын орон сууцны 11 дүгээр давхарт 59 тоот, 2 өрөө 58,74 м.кв орон сууцыг 70 076 820 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, орон сууцны үнийн 60 хувь буюу 42 046 096 төгрөгийг хариуцагч “Батбүрдэл” ХХК-д төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Хэргийн 21-23 дугаар талд авагдсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь орон сууцны үнийг гэрээ байгуулсан өдөр урьдчилгаанд 60 хувь буюу 42 046 096 төгрөгийг төлж, үлдэгдэл 40 хувь буюу 28 030 724 төгрөгийг арилжааны банкнаас зээл авч төлөх, хариуцагч нь уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд 2013 оны 3 дугаар улиралд хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг 2013 оны 12 дугаар сард хүлээлгэж өгсөн, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч өөрийн нэр дээр 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр авсан боловч орон сууцны доголдлын талаар хариуцагчид гомдлын шаардлагыг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд гаргасан ба хариуцагч 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуг бичгээр өгөхдөө 2 386 000 төгрөгийн хэмжээнд буцаан төлөх агуулагыг илэрхийлжээ.

 

Иймд гомдлын шаардлагад хариу авсан өдрөөс хойш 3 жилийн дотор хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Гэрээний зүйл болох орон сууцны талбай нь гэрээнд зааснаас 5,57 м.кв-аар дутуу байгаа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг доголдолтой гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхийн хүрээнд илүү төлсөн хөлсийг буцаан шаардах эрхтэй юм.

 

Энэ үндэслэлээр хариуцагч “Батбүрдэл” ХХК-иас 6 645 010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Гэрэлчимэгт олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуульд тусгайлан зохицуулсан тул мөн хуулийн ерөнхий заалтыг баримтлах шаардлагагүй байтал анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасныг баримталж алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь гэж үзэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ нэхэмжилсэн ажлын хөлсийг бүрэн өгөөгүй гэж тайлбарлах боловч гэрээнд заасан нөхцөл болох урьдчилгаа 60 хувийг төлөх, үлдэх төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч гэрээнд заасан хэмжээгээр банкны зээл авч ажил гүйцэтгэгчид төлсөн, нэхэмжлэлээс дутуу төлсөн төлбөрийн дүнг хариуцагч хэлээгүй тохиолдолд нэхэмжлэлийг 6 645 010 төгрөгөөр хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч дүгнэлтийн зарим алдаа гаргасныг залруулах боломжтой.

 

Талууд гэрээгээр тохиролцоогүй ажил болох шинээр бойлур тавихтай холбоотой гарсан зардал 200 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заалтыг баримталсан нь буруу болжээ.

 

Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ шийдлийг хэвээр үлдээв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/01605 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “9 дүгээр зүйлийн 9.4.4, 243 дугаар зүйлийн 243.1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ