Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00078

 

 

............ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01132 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1386 дугаар магадлалтай,

 

............ ХХК-ний нэхэмжлэлтэй

............ ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 634 925 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол, П.Урангоо нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “............” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 233 000 000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 5- ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүүгүй зээлүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч зээлийн төлбөр төлж барагдуулаагүй бол 2012 оны 6 дугаар сарын 1- ний өдрөөс зээл эргэн төлөх хүртэл хугацаанд сар бүр 3.5 хувийн хүү төлөх, үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон. “............” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “Ган-Очир трейд” ХХК- д 200 000 000 төгрөг, “............” ХХК-д 33 000 000 төгрөг шилжүүлэх хүсэлт гаргасан. Манай компани Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас авах буудайн төлбөрөөс суутгуулахаар Тариалан Эрхлэлтийг дэмжих санд 2012 оны 6 дугаар сарын 5, 10-ны өдрүүдэд албан бичигт дурдагдсан мөнгийг шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн. “............” ХХК өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт нэг ч төлбөр төлөөгүй. Иймд үндсэн зээл 233 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 35 сарын зээлийн хүүгийн төлбөр 285 425 000 төгрөг, алдангид 116 500 000 төгрөг, нийт 634 925 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд хандсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т хугацаа, 1.3-т зээлийн гэрээний хугацаанд төлбөр төлж барагдуулбал хүү тооцохгүй байхаар, гэрээний 1,4-д 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн төлбөр бүрэн төлж барагдуулаагүй бол хүү тооцохоор тус тус заасан. Талуудын байгуулсан зээлийн гэрээ хугацаатай болохыг гэрээний 4.1, 4.1.1, хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан 17 дугаартай албан бичиг зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгч талд 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс зээлийн төлбөр шаардах эрх үүссэн, нэхэмжлэгч тал 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болно. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн тогтоолд “талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна. “............” ХХК зээл авч, захиран зарцуулсан эсэх, зээлийг өглөгтэй этгээд рүү шилжүүлэхийг хүссэн ............нь “............” ХХК-ийн захирал мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хийж чадаагүй. Уг ажиллагааг хяналтын шатны шүүх хэрэгжүүлэх боломжгүй” тул хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. “............” ХХК 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “............” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр 233 000 000 төгрөгийг зээлдүүлэх үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө, эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан. Хэргийн 21 дүгээр талд авагдсан 17 дугаартай албан бичигт “Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирал ............нь “............” ХХК-ийн бланк дээр зээлийн гэрээ байгуулагдахаас нэг өдрийн өмнө “............" ХХК-ийн захирал Л.Чинбатад Тариалан Эрхлэлтийн дэмжих сан, “............” ХХК-ийн хоорондын тооцооноос зээлийн 200 000 000 төгрөгийг “Ган-Очир трейд” ХХК-д 33 000 000 төгрөгийг “............” ХХК-д шилжүүлж өгнө үү. Энэхүү зээлийн мөнгийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлнө, төлөөгүй бол өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ” гэж бичсэн нь Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирал асан ............сангаас мөнгө гаргаж, бусдад өр төлсөн нь нотлогдож байна. Уг мөнгийг “............” ХХК авч, захиран зарцуулсан нь тогтоогддоггүй. Нэхэмжлэгч тал “............” ХХК-ийн дансанд 33 000 000 төгрөг орсон гэж маргадаг ч уг мөнгө компанийн дансанд ороод маргааш нь гарсан болох нь хэрэгт авагдсан банкны гүйлгээгээр нотлогдоно. Мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн “............” ХХК-иас мөнгө гараагүй. Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн К2 данснаас “Ган-Очир трейд” ХХК-д 200 000 000 төгрөг, “............” ХХК-д нэг удаа 30 000 000 төгрөг, нэг удаа 3 000 000 төгрөгийг төлбөрийн даалгаврын үндсэн дээр шилжүүлсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 91, 92, 93 дугаар хуудсанд тус тус авагдсан. “............” ХХК зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас “............” ХХК-д төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. 17 тоот албан бичигт гарын үсэг зурсан ............нь “............” ХХК-ийг төлөөлөх эрхтэй, компанийн нэрийн өмнөөс эрх зүйн үр дагавар үүсгэж, үйл ажиллагаанд оролцох этгээд биш юм. “............” ХХК 3 хувь нийлүүлэгчтэй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Энхбат болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдсан. ............ыг “............” ХХК-ийн захирлаар томилсон хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол байхгүй. Улсын бүртгэлд түүнийг захирлаар бүртгэсэн бүртгэл байхгүй учраас ............иргэний эрх зүйн харилцаанд “............” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Талуудыг гэрээ байгуулах үед ............ХХААЯ-ны Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан. 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ............Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар томилогдож, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр чөлөөлөгдсөн болохыг Төрийн нарийн бичгийн дарга н.Баяртулга тодорхойлсныг нотариатаар гэрчлүүлж, хэрэгт авагдсан. “Ган- Очир трейд” ХХК-ийн захирал П.Ганпүрэв шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “уг мөнгийг “............” ХХК-иас аваагүй, ............аас авлагатай байсан. ............ыг дансаа өг гэхээр өгч, 200 000 000 төгрөг авсан. “............” ХХК-д хамааралгүй, тус компанийг мэдэхгүй” гэжээ. “............” ХХК, “............” ХХК-иудын хооронд байгуулсан зээлийн гэрээг “............” ХХК-ийг төлөөлж хэн, “............” ХХК-ийг төлөөлж хэн гэрээ байгуулсан нь тогтоогддоггүй. Зээлийн гэрээний эхний хуудсанд “............” ХХК-ийг төлөөлж Н.Наранчимэг, нөгөө талаас “............” ХХК-ийг төлөөлж захирал Г.Бат-Эрдэнэ гэх хүмүүс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг үндэслэж зээлийн гэрээ байгуулав. Гэрээний 3 дугаар хуудсанд зээлдүүлэгчийг төлөөлж Л.Чинбат, зээлдэгчийг төлөөлж Г.Бат-Эрдэнэ гэжээ. 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.Бат-Эрдэнэ “............” ХХК-ийн захирлаар бүртгэгдсэн. Компанийн дүрэмд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Улсын дээд шүүхийн тоггоолд зааснаар шүүх улсын бүртгэлийн газраас Г.Бат- Эрдэнийг 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эсэхийг тодруулахад түүнийг өмнө компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг нотолсон баримт ирээгүй. Иймд Г.Бат-Эрдэнэ компанийг төлөөлөх эрхгүй этгээд байна. Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй тул итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Хуульд зааснаар итгэмжлэлд нягтлан бодогч гарын үсэг зурах ёстой. 2012 оны гэрээний нэг тал компанийг төлөөлөх эрхгүй этгээд байх тул гэрээ хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч “............” ХХК 233 000 000 төгрөгийг “............” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх ёстой гэж үзвэл уг мөнгийг шилжүүлээгүй. “............” ХХК-ийн данснаас хэзээ, хэдэн төгрөг “............” ХХК-ийн дансанд орсон талаар ямар ч баримт байхгүй. Зээлийн гэрээ бодит байдлаар биелэгдээгүй. “............” ХХК-иас зээл хүссэн 17 дугаартай албан бичигт “............” ХХК-ийг төлөөлөх эрхгүй ............гарын зурж, тамга дарсан нь гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох шалтгаан болно. Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас орж ирсэн 233 000 000 төгрөг “............” ХХК-ийн мөнгө гэдгийг нотолсон баримт байхгүй нь зээлийн гэрээ биелэгдээгүйг нотолно. “............” ХХК зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй болох нь хуулийн этгээдийн гэрчилгээгээр нотлогдоно. “Ган-Очир трейд” ХХК-ийн захирал П.Ганпүрэв “............” ХХК-тай төлбөрийн тооцоогүй, тус компанийг мэдэхгүй, анх удаа сонсож байна гэх шүүхэд өгсөн мэдүүлэг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болно. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан нь бодит үйлдлээр хийгдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дах хэсэгт зааснаар 233 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд бодит үйлдлээ илэрхийлсэн ямар ч үйлдэл байхгүй, үйлдлээ нотолсон санхүүгийн баримтгүй. Талуудыг төлөөлөх эрхгүй этгээдүүд гэрээ байгуулахад оролцсон. Иймд талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 89, 90, 91 дүгээр талд ХХААЯ-аас “............” ХХК руу 33 000 000 төгрөг “Г ан-Очир трейд” ХХК руу 200 000 000 төгрөг шилжүүлсэн баримт, 94, 95 дугаар хуудсанд “............” ХХК-ийн Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө шилжүүлэхийг хүссэн хүсэлт, 103 дугаар талд “............” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 452561482 дугаартай дансанд Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас 2012 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, 178 дугаар талд “Ган-Очир трейд” ХХК-ийн дансанд 200 000 000 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр “............” ХХК-иас “............” ХХК руу мөнгө шилжүүлснийг нотолно. Хариуцагч тал ............ыг “............” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байж албан бичигт гарын үсэг зурсан гэжээ. ............ын гарын үсэг зурсан албан бичгээр “............” ХХК мөнгө шилжүүлээгүй. “............” ХХК-ийн бланк бүхий цаасан дээр “............” ХХК-ийн тамга дарагдсан албан бичиг ирсэн. Уг албан бичгийг үндэслэж “............” ХХК зээлийн гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн. Компанийн албан бланк, тамга тэмдэг нууцын зэрэгт байдаг. Иймд “............” ХХК-ийн “............” ХХК-д явуулсан албан бичгийг хүчин төгөлдөр гэж үзээд зээлийн гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн. Хэргийн 107 дугаар хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон ч ............“............” ХХК-ийг удирдан зохион байгуулж байсан гэх тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хариуцагч тал “............” ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй учраас байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлалаа. “............” ХХК-ийг зээлийн гэрээ байгуулж, хүү, алданги авч болохгүй гэх хуульд заасан хориг байхгүй. “............” ХХК хуулиар олгосон эрхийнхээ дагуу зээлийн гэрээ байгуулж, гэрээний төлбөр шаардсан. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар “............” ХХК-ийн албан ёсны хүсэлтийн дагуу бусдаар үүрэг гүйцэтгүүлсэн учраас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг шаардах эрхтэй, талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01132 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “............” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 49 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “............” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 585 425 000 төгрөг гаргуулахыг хэсгийг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “............” ХХК-д холбогдох 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч “............” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 490 525 төгрөгийн 3 332 575 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 332 464 төгрөгийн 1 322 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 009 514 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид тус тус олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1386 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 085 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол, П.Урангоо нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс шаардсан Зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 233 000 000 төгрөгөөс 33 000 000 төгрөгийг хангаж, 2012 оны 06 сарын 05-ны өдрөөс 2015 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл нийт 35 сарын хүү 285 425 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжилсэн алданги 116 500 000 төгрөгөөс 16 500 000 төгрөгийг хангаж, нийт нэхэмжлэлийн шаардлагаас 585 425 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 49 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэг. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3-т тус тус заасны дагуу зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч хариуцагч “............” ХХК-д зээлийн гэрээний дагуу 33 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул энэ хэмжээнд зээлийн гэрээний үүргийг тодорхойлогдоно” гэжээ. Нэхэмжлэгч “............” ХХК нь 2012 оны 06 сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот Зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг “............” ХХК-ийн заасан этгээд болох “Ган-Очир трейд” ХХК-руу шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Энэ нь 2012 оны 06 сарын 04 өдрийн “............” ХХК-ийн тамгатай №17 тоот албан бичиг, “............” ХХК-иас Г.Бат-Эрдэнэд 2012 оны 06 сарын 04-ний өдөр олгосон А-12 тоот итгэмжлэл, компанийн буудайн төлбөрөөс “............” ХХК-ийн нэрийн өмнөөс “Ган-Очир трейд” ХХК руу 200 000 000 төгрөг шилжүүлүүлэх тухай Тариалан эрхлэлтийг дэмжих санд “............” ХХК-иас өгсөн №15 тоот албан бичиг, Хүнс хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансны гүйлгээний хуулгууд зэрэг баримтаар тогтоогдож байгаа. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч “............” ХХК нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэг болон талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3-т тус тус заасны дагуу зээлийн гэрээний гүйцэтгээгүй гэж үзээд байгаа 200 000 000 төгрөгийг “............ ” ХХК-аас шаардах эрхтэй байсан. Гэтэл “............” ХХК нь уг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Үүнээс үзвэл “Ган Очир трейд” ХХК-д 200 000 000 төгрөгийг шилжүүлэх ашиг сонирхол “............” ХХК-д байсан гэж үзэхээр байна. Тодруулбал, “............” ХХК нь 2012 оны 06 сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг хүлээж аваагүй бол, шилжүүлэхийг шаардах эрх байсан. Хэрэв “............” ХХК нь 200 000 000 төгрөгийг шаардсан бол “Ган Очир трейд” ХХК-д 200 000 000 төгрөгийг шилжүүлэхгүй байх, шилжүүлсэн мөнгийг буцаагаад “............” ХХК руу шилжүүлэх арга хэмжээ авах боломжтой байсан. Гэтэл “............” ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа зөвшөөрсөн эс үйлдэхүйгээрээ “Ган Очир трейд” ХХК-д 200 000 000 төгрөгийг шилжүүлэх нөхцөл байдлыг бий болгосон. Үүнд “............” ХХК ямар ч буруугүй бөгөөд 2012 оны 06 сарын 04 өдөр “............” ХХК-аас ирүүлсэн тамгатай №17 тоот албан бичгийн дагуу 200 000 000 төгрөгийг “Ган Очир Трейд” ХХК-д шилжүүлсэн. 2012 оны 06 сарын 04 өдрийн “............” ХХК-ийн тамгатай №17 тоот албан бичиг нь “............” ХХК-ийн албан бланк дээр, компаний албан ёсны тамга дарагдаж, захирал ............гэсэн гарын үсэг зурагдсан байдаг учир “............” ХХК-ийн зүгээс уг албан бичиг хууль ёсны, хүчин төгөлдөр байдалд нь эргэлзэлгүйгээр хүсэлтийн дагуу мөнгөн шилжүүлгийг хийсэн. Шүүхээс ............ ХХК-д зээлийн гэрээний дагуу 33 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул энэ хэмжээнд зээлийн гэрээний үүргийг тодорхойлно гэжээ. Гэтэл талуудын хооронд байгуулсан 2012 оны 6 сарын 5-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээний 1.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчид 233 000 000 төгрөгийн зээлийг доорхи нөхцөлөөр олгоно, 6.1-д гэрээг зөрчсөн тал нөгөө талдаа олох байсан орлогыг оролцуулан бүх холбогдох хохирлыг хуулийн дагуу төлнө гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 233 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. Хэрэв 200 000 000 төгрөгийг шилжүүлээгүй гэж үзэж байгаа бол гэрээ зөрчсөнтэй холбоотой шаардах эрхийг гэрээний 6.1, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 225, 222 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх нээлттэй байсан гэтэл уг шаардах эрхээ “............” ХХК хэрэгжүүлээгүй. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Хоёр. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг “Ган-Очир трейд” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч зөвшөөрч, ашиг олсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй...” гэжээ. Нэгт. “............” ХХК нь 2012 оны 06 сарын 04 өдөр “............” ХХК-аас ирүүлсэн тамгатай №17 тоот албан бичгийн дагуу 200 000 000 төгрөгийг “Ган Очир Трейд” ХХК-д шилжүүлсэн. 2012 оны 06 сарын 04 өдрийн “............” ХХК-ийн тамгатай №17 тоот албан бичиг нь “............” ХХК-ийн албан бланк дээр, компаний албан ёсны тамга дарагдаж, захирал ............гэсэн гарын үсэг зурагдсан байдаг учир “............” ХХК-ийн зүгээс уг албан бичиг хууль ёсны, хүчин төгөлдөр байдалд нь эргэлзэлгүйгээр хүсэлтийн дагуу мөнгөн шилжүүлгийг хийсэн. “............” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн, “Ган очир трейд” ХХК-ийн захирал Л.Ганпүрэв 2016 оны 8 сарын 30-ны өдөр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...............надаас авсан төлбөрөө төлж байна дансаа өг гэхэд нь би дансаа өгсөн, “............” ХХК-тай би ямар ч хамааралгүй” гэсэн байдаг зэргээс үзвэл “Ган очир трейд” ХХК нь ............аас авлагатай байсан байна. ............нь “Ган очир трейд” ХХК-т төлөх ёстой төлбөрөө “............” ХХК-д 2012 оны 06 сарын 04-ний өдрийн албан бичгээр хүсэлт гаргаж, зээлийн гэрээгээр тохирсон 233 000 000 төгрөгөөс 200 000 000 төгрөгийг “Ган очир трейд” ХХК-д шилжүүлүүлж төлбөрийн асуудлаа шийдсэн байдаг. Үүнээс үзвэл “............” ХХК, ............болон “Ган очир трейд” ХХК-ийн хооронд үр дагавар бүхий харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Энэ талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Хоёрт. ИХШХШтХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “...Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан байдаг. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор “Ган очир трейд” ХХК болон ............нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байдаг. Тодруулбал, шүүхээс Зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг “Ган очир трейд” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч зөвшөөрч, ашиг олсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзсэнээс нэхэмжлэгч “............” ХХК нь “Ган очир трейд” ХХК, ............нараас Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу 200 000 000 төгрөгийг нэхэмжлэх нөхцөл байдал үүсгэж байна. “Ган очир трейд” ХХК болон ............нарыг гуравдагч этгээдээр оролцуулж, шүүхэд тайлбар мэдүүлэг гаргах эрхээр хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна. Гуравт. 2012 оны 06 сарын 04-ний өдрийн “............” ХХК-ийн тамгатай №17 тоот албан бичигт дурьдсан мөнгөний тоо хэмжээ зээлийн гэрээний тоо хэмжээтэй адил буюу 233 000 000 төгрөг, зээлийг төлж барагдуулах хугацаа адил буюу 2012 оны 12 сарын 31-ний өдөр байдаг бөгөөд уг албан бичигт “...бид энэхүү зээлийг 2012 оны 12 сарын 31-ний дотор багтаан төлөх ажлыг миний бие бүрэн хариуцаж хийх ба хэрэв “............” ХХК төлбөрөө төлөхгүй байх тохиолдолд компанид эзэмших өөрийн хувиас төлбөрийг төлж барагдуулах мөн тус төлбөрийг төлөх болохоо энэхүү бичгээр батлан даалт гаргаж байна...” гэж бичсэнээс үзвэл уг албан бичиг нь хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд “............” ХХК нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу уг хүсэлт буюу хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан, хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “...гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан байдаг бөгөөд 2012 оны 06 сарын 04-ний өдрийн “............” ХХК-ийн тамгатай №17 тоот албан бичиг нь 2012 оны 06 сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот Зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг буюу хүсэл зоригийн хүчин төгөлдөр илэрхийлэл юм. Энэ талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй орхигдуулснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шийдвэр, магадлал нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, 172.2.2-д “...шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж заасан учир хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............ ХХК нь хариуцагч ............ ХХК-д холбогдуулан зээлийн  үүрэгт 233 000 000 төгрөг, хүү 285 425 000 төгрөг, алданги 116 500 000 төгрөг нийт 634 925 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч маргаж, 2010 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 49 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хяналтын шатны шүүх залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тогтоосон боловч хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, зохигч мэтгэлцээгүй тул эцэслэн дүгнэлт өгөх үндэслэлгүй юм.

 

............ ХХК 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг үндэслэж, ............ ХХК-иас гэрээний үүргийг шаардсан бол хариуцагч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзснээс гадна, гэрээний дагуу мөнгийг аваагүй гэж маргажээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлыг шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д заасан зохицуулалтын дагуу дүгнэсэн нь зөв боловч төлөөлөх эрхтэй этгээд гэрээг байгуулсан эсэхийг маргасан байхад Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 65 дугаар зүйлийн 65.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь оновчтой болж чадаагүй байна.

Түүнчлэн талууд зээл хүлээн авсан эсэхийг маргаж, шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийг сонгосон нь зөв боловч хэрэгт байгаа баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэх үүргээ биелүүлээгүйгээс гадна уг хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл тогтоогдсон эсэхийг анхаараагүй нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Гэрээний дагуу 233 000 000 төгрөгийг шилжүүлэхээс 33 000 000 төгрөгийг ............ ХХК-ийн дансанд, 200 000 000 төгрөгийг Ган-Очир трейд ХХК-ийн дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэгч үзэж байгаа бол хариуцагч 200 000 000 төгрөгийг аваагүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж, 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл уг зохицуулалтын дагуу ............ ХХК зээлийг ............ ХХК-ийн заасан этгээдэд шилжүүлсэн эсэх, эсвэл эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн ч ............ ХХК үүнээс ашиг олсон эсэхийг шүүх дүгнэх учиртай байна.

 

............ ХХК уг мөнгийг ............өөрийн өр төлбөртөө авсан гэж, ............гэрчээр мэдүүлэг өгөхдөө  “............... ХХК үл хөдлөх хөрөнгө худалдан авахын тулд 200 000 000 төгрөгийг авсан, үл хөдлөх хөрөнгө нь тус компанийн хувьцаа эзэмшигч Отгонгэрэлийн нэр дээр гарсан...” гэснээс үзвэл энэ нөхцөл байдлыг тодруулах, дүгнэлт хийх шаардлагатай юм.

 

Анхан шатны шүүх дээрх ажиллагааг явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан аль нэг шийдвэрийг гаргах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01132 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1386 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 3 085 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

                                ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА