Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 131

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

                              

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            улсын яллагч З.Энхжаргал,

            шинжээч эмч М.Отгонбаатар

шүүгдэгч Д.Энхбаяр, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ууганчимэг, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт Долгорын Энхбаярт холбогдох 201625030879 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 3-нд хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жинчин овгийн Долгорын Энхбаяр, 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Стандарт хийц ХХК-д гагнуурчин ажилтай, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-12-481 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП91050194:

Холбогдсон хэргийн талаар /Яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/;

Шүүгдэгч  Д.Энхбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Мөнхзолбоог зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй…” гэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ууганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний дүү Мөнхзолбоо нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны шөнө өөрийн найз Д.Энхбаяртай архи ууж, түүнд зодуулснаас болж нас барсан гэж үзэж байна. Гэхдээ Д.Энхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор оршуулгын зардал болох 3.068.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие шүүгдэгчтэй сайн дураар эвлэрч байна. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шинжээч эмч М.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…миний бие 2016 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 838 дугаар шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээ үндэслэлтэй гэж үзэж байгаа. Анхны үзлэг хийсэн эмч 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн өглөө 9 цагт үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон гэсэн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэж нас барсан цагийг тогтоосон. Талийгаач нь осголтын улмаас нас барсан байсан. Осголт явагдахад олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал хувь хүний биеийн онцлог болон тухайн орчин, өмссөн хувцас, идсэн хоол гэх мэт. Харин талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь амьд үед нь үүссэн байсан. Уг гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ууганчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 01-ний өглөө Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс залгаад танай дүү Э.Мөнхзолбоо нас барсан байна гэж хэлсэн. Ингээд дүү Мягмарсүрэнгийн хамт цагдаагийн хэлтэс дээр ирээд манай дүү Мягмарсүрэн хохирогчоор мэдүүлэг өгсөн. Одоо бол манай дүү Мягмарсүрэн нь 8 сартай жирэмсэн уг хэргийг хөөцөлдөж явж чадахгүй болсон тул намайг хохирогчоор сольж тогтоож өгөхийг хүсэж байна. Би оршуулах өдрөө дүүгийнхээ цогцсыг харахад хүзүүнд нь боосон багалзуурдсан мэт ул мөр байсан. Тэгээд ч задлан шинжилгээний дүгнэлттэй танилцахад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Гэхдээ талийгаачийн үхлийн шалтгааныг осголт гэж гарсан байна. Тийм болохоор ямар тохиолдолд хүн осгож нас бардаг болон энэ нь ямар ямар шинж тэмдэгүүдээр тогтоогдож байгааг тодорхойлж өгөхийг хүсч байна. Мөн Д.Энхбаяр нь манай дүүг авч гараад биед нь хөнгөн гэмтэл учруулсан, их хэмжээний согтолттой биеэ авч явах чадваргүй байхад нь цагдаад хэлэлгүй орхиж явснаас болж нас барсан гэж үзэж байгаа тул энэ талаар шалгаж өгөхийг хүсэж байна. Цаашид нэхэмжлэх зүйлээ шүүхийн шатанд гаргаж өгнө гэж бодож байна ...” гэжээ /хх-37-38/. 

            Шүүгдэгч Д.Энхбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 30-ны орой 18:00-19:00 цагийн үед байхаа би талийгаач найз Мөнхзолбоогийн утас руу нь залгаад хаана явж байгаа юм гэж асуухад талийгаач надад би ажлаа тараад явж байна гэхээр нь би талийгаачийг уулзаж жаахан хамт сууя гэж хэлтэл талийгаач зөвшөөрөөд бид хоёр орой 19:00 цаг өнгөрөөгөөд долоон буудал дээр уулзсан. Ингээд бид хоёр наашаа төв рүү алхаад зургаан буудалд байх нэг бааранд ороод 4 шил нийслэл пиво тус бүр зуу зуун грамм цагаан архи аваад уусан. Ингээд юм яриад сууж байтал талийгаачийн эхнэр залгаад талийгаач эхнэртэйгээ ярьснаа хүүхэд уйлагнаад байна гэнээ гээд Чингэлтэйд байдаг нэг айлд очоод эхнэр хүүхдийг нь аваад буцаад мөн замаас такси бариад талийгаачийн гэрт нь эхнэр хүүхдийг нь хүргэж ирсэн. Тэгээд талийгаач Мөнхзолбоо бид хоёр гэрээс нь гараад доошоо алхаж төв зам луу гараад замын эсрэг талд байдаг нэг хүнсний дэлгүүр рүү ороод талийгаач нэг жижиг 0.33 литрийн архи аваад уучихмаар байна гэж надад хэлэхээр нь би нэг шил 0.33 литр Хараа архи мөн нэг сав ундаа, нэг удаагийн аяга аваад би мөнгийг нь төлөөд бид хоёр дэлгүүрээс гарч замын эсрэг талын нэг гудамж руу ороод нөгөө авсан архиа хувааж уусан. Тэр гудамж талийгаачийн гудамжнаас холгүйхэн байсан гудамж байсан. Ингээд архиа хувааж ууж байхад талийгаач манай эхнэрийг гадуур тэнэдэг гэж хэлэхээр нь би эхнэрээ өмөөрөөд танай эхнэр ч гэсэн тэнэдэг тэнэмэл гээд хэлчихсэн юм. Ингээд үүнээс болж маргалдаад барилцаж аваад талийгаач бид хоёр бие биенээ хувцасны захаар заамдалцаж боосон. Ингээд бид хоёр барьцалдсан чигээрээ газар унасан ба талийгаач намайг цохих гээд байхаар нь би талийгаачийн гарыг нь өвдөг доороо хийж дээрээс нь сууж байгаад хацар руу нь 2-3 удаа алгадаад нэг удаа хацраас нь хазчихсан юм. Би хүн амьтантай зодолдож чаддаггүй болохоор хазчихдаг юм. Тэгээд талийгаач босоод намайг зодох гээд дайраад байхаар нь би шууд л долоон буудал чиглээд гүйгээд зугтаагаад явчихсан юм. Би зугтааж байхдаа арагшаа эргээд хартал талийгаач бага зэрэг гуйвчихсан гэр рүүгээ чиглээд алхаад явж байхаар нь би талийгаачийг гэртээ харьчих юм байна гэж бодоод шууд алхаад зургаан буудлын тэр хавьд байдаг замын хажуугийн нэг дэлгүүр ороод нагац эгч Шүрхүүтэй яриад танайд очиж хонолоо гэж хэлээд шууд л тэндээсээ такси бариад 32-ын тойрогт байдаг Шүрхүү эгчийнд очиж хоол идээд тэндээ хоносон. Талийгаач бид хоёр Дамбадаржаагийн эргэдэг уулзвараас урагшаа 20-30 орчим метр зайтай байхад л салсан. Талийгаач Мөнхзолбоо бид хоёрын салсан газраас гэр хүртэл нь 500 орчим метр зайтай байх гэж бодож байна. Гэхдээ нэлээд хэцүү чулуу хадтай өгсүүр замаар явж очсон. Талийгаач Мөнхзолбоо тухайн үед нэлээд их согтуу байсан. Угаасаа архи уухаараа бусад хүмүүсээс түрүүлээд амархан согтчихдог юм. Тэгээд согтохоороо их агсам зантай болчихдог учраас би дахиад л хэрүүл маргаан зодоон болчих байх гэж бодоод шууд яваад өгсөн юм. Тэгэхдээ тухайн шөнө бол цаг агаарын хувьд бороо ороод гайгүй дулаахан байсан болохоор талийгаачийг гудамжинд осгоод нас барчихна гэж бодоогүй. Би талийгаачийн хацар руу нь 2-3 удаа алгадаад мөн хацрыг нь нэг удаа хазсан. Өөрөөр бол зодож цохиогүй. Харин бид хоёр барилцаж аваад газар нэг удаа давхралдаад унасан. Талийгаач ч гэсэн миний нүүр шанаа руу гараараа цохиод мөн нүүр ам самардсан. Гэхдээ миний биед сүртэй гэмтэл учраагүй. Тэгээд ч найз маань нас барчихсан болохоор надад ямар ч гомдол санал байхгүй. Би талийгаач найзтайгаа хувийн асуудлаас болж маргалдан түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би талийгаач найзынхаа ажил явдлаар нь очиж эхнэр хүүхдэд нь 540.000 төгрөгийн тусламж үзүүлсэн байгаа. Би талийгаач найзыгаа зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна...” гэжээ /хх-74-76/.

Шүүгдэгч Д.Энхбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ажилладаг Стандарт хийц ХХК-д ажлаа хийж байгаад 18.00 цаг өнгөрч байхад тарсан. Тэгээд талийгаач найз болох Мөнхзолбоогийн утас руу залгаад хоёулаа уулзах уу яах уу гэсэн. Тэгсэн чинь талийгаач Мөнхзолбоо 7 буудал дээр хүрээд ир гэж хэлсэн. Би автобусанд суугаад 7 буудал дээр ирсэн. Бид хоёр архи ууя гэж ярилцаад 6 буудал руу алхсан. Тэгээд 6 буудалд замынхаа баруун талд байх ягаан өнгөтэй, Лаунж паб гэсэн хаягтай газар руу орсон. Хоёулаа 0.5 граммын Нийслэл пиво 4 шилийг, 200 грамм архи хувааж уусан. Бид хоёр сууж байхад Мөнхзолбоо руу эхнэр нь залгаад хүүхэд уйлаад байна, гэртээ оч гэж хэлсэн. Бид хоёр тэр газраасаа гараад замынхаа эсрэг талаас такси бариад Чингэлтэй рүү эхнэр, хүүхдийг нь найзынх нь гэрээс аваад буцаж таксигаараа яваад 7 буудлаас нэг буудлын цаана байдаг гэр рүү нь очсон. Мөнхзолбоогийн гэрт очоод эхнэр, хүүхдийг нь оруулчхаад Мөнхзолбоо намайг унаанд суулгаж өгье гээд автобусны буудал руу явсан. Тэгээд явж байхад Мөнхзолбоо хоёулаа дэлгүүр ороод 33 грамм архи аваад уучихъя гэж хэлсэн. Бид хоёр автобусны буудлын ойролцоох замынхаа зүүн талд байрлах дэлгүүр ороод 0,33 граммын Хараа архи, гоё ундааны алимны жүүсийг би мөнгөөрөө авсан, дэлгүүрээс гараад Мөнхзолбоогийн гэрийн ар талын гудамжинд зогсоод архи хувааж уусан юм. Нилээн согтоод ямар учраас маргалдсан талаараа санахгүй байна, архи ууж дуусчхаад талийгаач бид хоёр гудамжинд муудалцаж эхэлсэн. Тухайн үед цаг 23.00 цаг болж байсан байх, би талийгаачийг зүүн шанаа руу нь 2-3 удаа алгадсан. Мөн аль хацрыг нь гэдгээ санахгүй байна нэг хацрыг нь хазсан. Талийгаач болохоор хоёр гараараа олон удаа цохисон. Тэгээд түүнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна. Ямар ч байсан талийгаачтай хамт архи уусан гудамжны ойролцоо байх цагаан өнгийн худгийн ойролцоогоос салаад Дэнжийн 1000 руу явсан. Талийгаач гэр рүүгээ буцаад явж байгаа харагдсан. Би замаас такси бариад эгчийндээ 01 цагийн үед очсон. Талийгаач нилээн согтсон, бараг тасарсан байсан байх. Би бас нилээн согтсон, ухаан орж гараад байсан. Талийгаачтай уулзахад биед нь гэмтэл шарх байхгүй байсан. Би урьд нь талийгаачтай зөндөө олон удаа хэрүүл, маргаан хийж байсан. Тэгээд хоорондоо байнга зодолддог байсан. Зодолдох бүртээ би хазчихдаг юм. Талийгаач архи уухаараа их агсам, тэгээд хамт архи уухаараа янз бүрийн зүйл дээр үг зөрөөд байдаг юм. Миний өвдөг шалбарсан, баруун талын шилбэн дээр шалбарсан байсан. Мөн миний хүзүү, нүүрний зарим хэсэгт маажсан байсан. Өчигдөр би талийгаач Мөнхзолбоогийн гэр байдаг газар буюу 7 буудлаас хойш 1 буудал яваад замынхаа баруун талд байдаг гэрийнх нь арын гудамжинд муудалцсан. Талийгаачаас салж явахад ойролцоогоор 01 цаг болж байсан. Би салж явж байгаад эргээд харахад гэр рүүгээ явж байгаа харагдсан. Бид хоёр муудалцаж байгаад би болъё гэж хэлээд салаад зугтсан. Тэгээд миний араас хөөгөөд би зугтаж байгаад эргээд харахад гэр рүүгээ явж байгаа харагдсан. Талийгаач бид хоёрын салсан газарт замын гэрэлтүүлэгтэй хэсэг байсан юм. Би талийгаачтай анх 2000 онд танилцаж байсан. Талийгаач бид хоёр хамт 46-р сургуульд сурдаг байсан. Би Е бүлэгт, талийгаач Г бүлэгт сурдаг байсан. Тэгээд багаасаа найзалж нөхөрлөдөг болсон. Өчигдөр миний төрсөн өдрийг тэмдэглэх гээд уулзсан юм. Талийгаач ногоон саарал малгайтай, бор өнгийн куртиктэй, бор билүү цэнхэр өнгийн даавуун өмдтэй, пүүз өмссөн байсан. Намайг харахад талийгаачийн хамраас нь цус гарсан байсан. Мөн миний зүүн хацраас нь хазсан мөр харагдаж байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Гэрээсээ гарахдаа бид хоёр бага зэргийн согтолттой, талийгаач намайг автобусны зогсоол хүргэж өгнө гэж хамт явсан юм...” гэжээ /хх-39-40/.

Гэрч Г.Мөнх-Адъяа мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би сургууль руу явах болоод Чингэлтэйд байдаг Уянгаа гэдэг найзындаа охиноо орхиод сургууль дээрээ очоод байж байтал 17:00 цагийн үед манай нөхөр Мөнхзолбоо над руу яриад би сургууль дээр чинь очлоо тэгээд хамт харъя гэсэн. Ингээд би сургууль дээрээ нөхрийгөө хүлээгээд байж байтал 18:00 цагийн үед манай найз Уянгаа залгаад охин чинь уйлаад байна гэсэн. Тэгээд Мөнхзолбоо удалгүй сургууль дээр ирээд нөхөр бид хоёр шууд найз Уянгаагийн гэрт нь ирсэн. Ингээд харих гэсэн чинь манай нөхөр Мөнхзолбоо надаас маргааш Энхбаярын төрсөн өдөр маргааш тэмдэглэж чадахгүй болохоор өнөөдөр надтай уулзмаар байна гэнээ би хоёр цаг явчхаад ирье, чи найзындаа байж байх уу? гэхээр нь би зөвшөөрөөд тэгээд манай нөхөр Мөнхзолбоо гараад явсан. Ингээд манай охин маш их уйлаад байхаар нь би нөхөр рүүгээ залгаад буцаад хүрээд ир гэж дуудтал 10-20 минут болоод гаднаас Энхбаяртай хамт орж ирсэн. Орж ирэхдээ жаахан халамцуу байсан. Тийм ч их согтуу байгаагүй. Тэгээд би охиноо хувцаслаад таксигаар шууд гэртээ харьсан. 21:00 цаг арай болоогүй байхад гэртээ ирсэн. Гэрт орж ирчхээд хэсэг байж байгаад манай нөхөр Мөнхзолбоо би түргэн дуудчихлаа, Энхбаярыг суулгаж өгчхөөд ирье гэж хэлээд Энхбаярын хамт 21:00 цагийн үед гараад явсан. Ингээд Мөнхзолбоог ирэхгүй болохоор нь би 22:00 цаг өнгөрөөгөөд нөхөр рүүгээ залгатал нэмээд архи уучихсан, нэлээд согтчихсон шинжтэй байхаар нь би гэртээ ир гэхэд одоо удахгүй очлоо, Энхбаярыг суулгах гэсэн чинь автобус ирэхгүй байна, долоон буудал дээр автобус хүлээгээд байна гэж хэлсэн. Ингээд 23:00 цаг өнгөрөөгөөд залгасан чинь манай нөхөр Мөнхзолбоо утсаа авчхаад надтай ярихгүй цаанаа Энхбаяраа чи над руу битгий нулимаад бай гэж манай нөхөр чанга чанга хэлээд харин Энхбаяр нь манай нөхрийг пизда минь ална шүү гэх зэргээр хэлж байгаа нь сонсогдож байгаад утас нь тасарсан. Тэгээд дахиад залгасан боловч утсаа аваагүй. 23:00 өнгөрч байх үед манай гэрт түргэний эмч ирж манай охиныг үзээд явсан. Түүнээс хойш нөхөр рүүгээ удаа дараа залгасан боловч ерөөсөө утсаа авахгүй байсан. 11:00 цагийн үед хадам эгч нар манай гэрт ирээд манай нөхөр Мөнхзолбоог нас барсан гэдгийг хэлсэн. Урьд нь талийгаач Энхбаяр хоёр миний мэдэхээр 2-3 удаа архи уучхаад зодолдож байсан. Яг юунаас болж зодолдож маргалдаад байдгийг нь мэдэхгүй. Талийгаач архи уухаараа бүүр их уусан үедээ бол жаахан тасардаг юм. Гэхдээ маргааш нь бол юу болсноо санадаг. Тэгж биеэ авч явах чадваргүй болтлоо согтдоггүй Би өөрийн нөхрийнхөө нас барсан шалтгааныг л мэдэж авч энэ хэргийг хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна…” гэжээ /хх-41-43/.

Гэрч А.Сүхбаатар мэдүүлэхдээ: “…Би Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажилладаг бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би жижүүртэй хоносон юм. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 1-ний өглөө 06:00 цагийн үед байхаа Замын цагдаагийн төв жижүүрээс 7-н буудлын хойд замд машин онхолдсон байна гэсэн дуудлага аваад Дамбадаржаа руу эргэдэг уулзвар дээр байдаг цагдаагийн пост дээр очиж тухайн үед жижүүрт гарч байсан Бат-Ирээдүй гэдэг цагдааг авах гээд очоод постын гадна зогсож байтал 50-60 орчим насны нэг хөгшин ах ирээд надад манай хашаанд нэг согтуу хүн хэвтэж байна гэхээр нь би тэр хүнээс хашаа чинь хаана байдаг юм гэхэд манай постоос урд өнцөгт байгаа гэхээр нь би тэр хүнд наад хүнээ хөдөлгөж болохгүй шүү, цагдаа эмнэлэг дуудаарай би өөр дуудлагад явж байна гэж хэлсэн. Тэгээд л тэр хүн буцаад гэр рүүгээ явсан. Ийм л асуудал болсон юм. Тэр хүн надад манай хашаанд хүн нас барсан байна гэж хэлээгүй. Харин манай хашаанд танихгүй согтуу хүн хэвтэж байна гэж хэлсэн…” гэжээ /хх-44-45/.

Шинжээч эмч Б.Ундармаа мэдүүлэхдээ: “...Талийгаач Мөнхзолбоогийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Отгонбаатар нь ээлжийн амралтаа аваад гадаад явсан бөгөөд би ахлах зэрэгтэй тэргүүлэх эмч тул уг хэрэгт шинжээчээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Яг ийм цас бороо холилдон орсон нойтон чийгтэй үед +8 градус дулаан байхад нас барах боломжтой. Ийм учраас уг тохиолдолд буюу 0-2 градус хүйтэнд бол хүн осгох бүрэн боломжтой. Тухайн хүн хөдөлгөөнгүй тэгээд нойтон хүйтэн орчинд тодорхой хугацаанд байгаа тохиолдолд хүн осгох бөгөөд хувцаслалт чухал ач холбогдолгүй. Тиймээс талийгаач зузаан куртиктэй байсан ч осгож нас барах боломжтой. Осгож нас барна гэдэг нь талийгаачийн биед бүхэлд нь нам хэмийн ерөнхий үйлчлэл явагдсанаас тухайн хүний биеийн температур буураад бодисын солилцоо удааширч зогсоно. Үүнтэй холбоотой амьсгал зогсож нас бардаг. Хөлдөлт гэдэг нь хэсэгт газар буюу гар хөлдөх, хөл хөлдөх, чих хөлдөх зэргээр тодорхойлогдоно. Хүн хөлдөж нас барна гэсэн ойлголт бол байхгүй. Эхлээд осголт явагдаад нас барсны дараа бүх бие хөлдөж болно. Хүн эхлээд даарах ба үүний дараа судаснууд өргөсөж хуурамч дулаан үүсгэдэг ба энэ үед өмсөж байсан хувцсаа тайлж хаях тохиолдол байдаг. Ингээд судаснууд нарийсаж бодисын солилцоо удааширч чухал эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдаж нас барна. Энэ тохиолдолд талийгаач хүнд зэргийн согтолттой байсан нь нөлөөлсөн байна. Уг тархины хаван нь гэмтэлтэй холбоогүй. Ямар ч шалтгаанаар хамаагүй хүн нас барсан л бол тархины хаван үүсдэг юм. Тухайн хүний бие физиологийн онцлогоос хамаарч дээрх үйлдлүүдийг хийж болно…” гэжээ /хх-59-61/. 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 838 дугаар акт:

 “1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дух, хамрын нуруу, дээд уруул, эрүү, баруун, зүүн хацар, ооч, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн гарын тохой, зүүн гарын бугуйн үе, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд зулгаралт, дээд уруул зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, үхэлд нөлөөлөхгүй гэмтэл болно.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэл осголтын улмаас нас баржээ.

            4. Талийгаач нь А(II) бүлгийн цустай байна.

5. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна.

6. Талийгаачийн цогцост 2016.05.01-ний өдөр 09:00 цагт үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байжээ.

7. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй...” гэжээ /хх-53-55/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 3871 дүгээр акт:

“1. Шинжилгээнд ирүүлсэн Мөнхзолбоогийн гэх цусанд 3.6 промилли, ходоодны шингэнд 3.8 промилли, цөсөнд 3.5 промилли, шээсэнд 3.4 промилли спиртийн агууламж илэрсэн.

2. Мөнхзолбоогийн гэх элгэнд гликоген илрээгүй” гэжээ /хх-58/.

Шүүгдэгч Д.Энхбаярын хувийн байдлыг тодорхойлсон ял шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78-79/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-13/, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ууганчимэг, шүүгдэгч Д.Энхбаяр нар нь хоорондоо харилцан сайн дураараа эвлэрсэн тухайгаа илэрхийлэн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Энхбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Мөнхзолбоотой хувийн харилцаанаас буюу өөрийн эхнэрийг гадуур тэнэдэг гэж хэлснээс маргалдаж, хоорондоо зодолдон, улмаар Э.Мөнхзолбоогийн биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 838 дугаар акт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харьцаанаас үүдэлтэй байгаа тул прокуророос шүүгдэгчийн үйлдлийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Д.Энхбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ууганчимэг нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жинчин овогт Долгорын Энхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

            3. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

           4. Шүүгдэгч Д.Энхбаяр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ууганчимэгт 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор 3.068.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болохыг дурьдсугай.

            5. Шүүгдэгч Д.Энхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          

 

           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХАЛИУН