Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/710

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,  

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин, А.Очбадрал,

шүүгдэгч Х.У, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Нг, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.У, Б.Н нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808017820545 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын туслах хийдэг гэх, ам бүл 5, эцэг, дүү нарын хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, Үйлдвэрийн тойруу ** гудамж, **дүгээр байр, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Х-ийн У /РД:****/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, ** дүгээр баг, Харзатын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Н /РД***/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Х.У нь Б.Нтэй бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ** дугаар байрны баруун талын гүүрний хажууд иргэн Б.Эын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Самсунг А-3” маркийн гар утсыг дээрэмдсэн,

Б.Н нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ** дугаар байрны хажууд явж байсан иргэн Ш.Дгийн эд хөрөнгө болох гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Хийсэн хэрэг маань үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 3 дугаар сарын 18-ны өдрийн хэргийг би хийгээгүй. Цагдаа нар намайг зодож дарамталж байгаад энэ хэргийг хүлээлгэсэн” гэв.

Шүүгдэгч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй. Хүч хэрэглэхгүй гэж бодож байна. Дээрэмдэх санааг хоёулаа гаргасан” гэв.

 

Эрүүгийн 1808017820545 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч Х.У, Б.Н нарын бүлэглэн үйлдсэн дээрэмдэх хэргийн талаар:

- Хохирогч Б.Эын: “Би 2018 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө Хархорингийн 19 дүгээр байрны урд явж байхад хажуугаас хар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, цамцныхаа гадуур бараан өнгийн хувцас өмссөн Nike брэндийн пүүзтэй 170-175 орчим өндөртөй, 23-25 орчим насны туранхайдуу залуу ирээд “Ахаа та хаашаа явах гэж байгаа юм гэж асуугаад би 5 шар орно”, хамт явах уу гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд хамт алхсан. Москва хороолол уруу явдаг гүүр рүү замын гарцаар гарахад араас нэг хүн дагаад явж байсан. Машин замаар гарахад араас явж байсан нөгөө эрэгтэй нь гүйцээд ирсэн. Тэгтэл хажууд явж байсан нөгөө эрэгтэй нь намайг зүүн гараараа хүзүүдэж боох гэхээр нь би баруун гар тийш эргээд боолтоос мултраад арагш хартал ард явж байсан эрэгтэй хажууд ирчихсэн намайг хашиж зогссон. Хажууд явсан эрэгтэй нь миний өмдний баруун халаасанд байсан 2017 оны 6 сард 840.000 төгрөгөөр худалдан авсан Самсунг галакси А-3 загварын хар өнгийн гадаргуутай, өнгөгүй тунгалаг гэртэй гар утсыг маань авсан. “Чи намайг дээрэмдэж байгаа юм уу гэж асуухад нөгөө хажууд явж байсан залуу “тийм гэж хэлсэн. Тэгээд би зугтааж гүүр давж гүйгээд Москва хорооллын урдаас такси барьж гэртээ харьсан. Араас явж байсан эрэгтэй нь саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн хүрэмтэй байсан. Тухайн үед надад гэмтэл учраагүй. Би гомдолтой байна. Би хохирлоо барагдуулна” гэх мэдүүлэг /хх-18/,

“Дамно” ХХК-ийн “Самсунг галакси А3” маркийн гар утасны хөрөнгийн үнэлгээний тайланд: “Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018.04.16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 554.400 төгрөг” гэжээ /хх-30-31/,

Шүүгдэгч Х.Уын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 07-нд “Вест” бааранд найз Н-тэй уулзсан. Шөнө 03 цагийн үед баарнаас гараад зогсож байхад 04 цагийн үед баар хаасан. Тэгээд хүмүүс тараад нүдний шилтэй, хар өмдтэй, дээгүүрээ хар хувцастай эрэгтэй ганцаараа 5 шар чиглээд алхаад явсан. Тэгтэл Н “хоёулаа энэ залууд юм байна уу үзье “гээд өөдөөс нь алхаад зөрсөн. Тэгээд хүрч ирээд “энэний халаасанд утас байна” гэхээр нь би ганцаараа тэр эрэгтэйг дагаад явсан. Миний араас Н дагаад явсан. Би нөгөө ах дээр очоод “та хаачих гэж байгаа юм бэ” гээд “5 шар орно” гэхээр нь “хамт явъя” гээд цуг явж байгаад 32 баруун талын гүүрний хажууд очоод би нөгөө ахыг хувцаснаас нь бариад доош дарж байгаад өмдний нь баруун талын халааснаас хар өнгийн “Самсунг А3” маркийн гар утсыг аваад 32 дугаар байрны баруун талаар хойш гүйсэн. Миний араас Н ирээд уг утсыг аваад “маргааш Хархорин дээр уулзъя, би буудалд хонолоо” гээд явсан. Маргааш нь над уруу залгаагүй учир би уулзаагүй. Тэр үед Н миний хажууд хараад зогсож байсан, би тэр эрэгтэйг доош нь дарж байгаад утсыг авсан цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-47, 52/,

Шүүгдэгч Б.Н-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 07-ны ...шөнө 02 цаг өнгөрч байхад 19-ийн буудал дээр явж байхад нэг согтуу хүн баруун тийш Драгоны зүгт явж байсан. Тэгтэл У “хоёулаа энийг дагая” гэхээр нь би “яах юм бэ, наадах чинь эрүүл байна” гэхэд “дагаад явъя” гээд байсан. Тэгээд дагаад явж байгаад 32-ийн автобусны буудал өнгөрөөд явж байхад урд талд У Москва хороолол явах гүүрний хажууд амбаарнуудын урдхан талд нөгөө нүдний шилтэй эрэгтэйг заамдаад зогсож байхаар нь би гүйгээд очтол тэр ах “миний утсыг ав ав” гэсэн. Тэгээд У ирээд “утсыг нь авчихлаа” гээд унтраагаад асаасан чинь “Самсунг А-3” маркийн хар өнгийн гар утас байсан. ...Би тэр эрэгтэйд гар хүрээгүй. Хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-48, 57/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогчийн өргөдөл /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-7/, эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-13-14/, гэрч Н.Пүрэвбаярын мэдүүлэг /хх-21/, гэрч У.Алтантөгсийн мэдүүлэг /хх-22/,

2. Шүүгдэгч Б.Нн ганцаараа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаар:  

- Хохирогч Ш.Д-гийн: “2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 30 дугаар байрны хажууд ганцаараа явж байгаад цүнхнээсээ гар утсаа гаргаж ярих гэтэл үл таних нэг залуу миний гар утсыг шүүрээд зугтсан. Миний утас “LG маркийн, хөх өнгийн, дэлгэц нь жаахан хагарсан байсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-103-104/,

“Дамно” ХХК-ийн “LG” маркийн дэлгэц бага зэрэг харлалтай гар утасны хөрөнгийн үнэлгээний тайланд: “Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018.03.17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 68.000 төгрөг” гэжээ /хх-110-111/,

Шүүгдэгч Б.Н-н яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Хархорингийн арын ** дугаар байрны гадна нэг эмэгтэйн Л-Ж гар утсыг булаасан. Уг утсыг нь гудамжид явж байгаад танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Өөр надад үйлдсэн хэрэг байхгүй. Би уг хэргүүдээ нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирлоо барагдуулна. ...Мөнгө хэрэгтэй байсан учраас утсыг нь авсан. Би хэрэг хийхдээ ганцаараа байсан. Би цагдаад баригдаад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /хх-90, 125-126/,

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-99/, шүүгдэгч Х.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, шүүгдэгч Б.Нн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66, 67/, Х.Уын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-73-75/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-82, 83, 129, 130/ болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн бэлэн мөнгөний орлогын баримт, мөрдөгчийн тогтоол, шүүх сэтгэц эмгэг судлалын 2018.07.31-ний өдрийн 659 дүгээр дүгнэлт, Х.Уын суурь боловсролын гэрчилгээний хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаа, Х.Уын хохирол төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.У, Б.Н нар бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны баруун талын гүүрний хажууд иргэн Б.Эын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “Самсунг А-3” маркийн гар утсыг хууль бусаар авсан,

шүүгдэгч Б.Н нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 30 дугаар байрны хажууд иргэн Ш.Дгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.     

Энэ нь хохирогч Б.Эын “...Машин замаар гарахад араас явж байсан нөгөө эрэгтэй нь гүйцээд ирсэн. Тэгтэл хажууд явж байсан нөгөө эрэгтэй нь намайг зүүн гараараа хүзүүдэж боох гэхээр нь би баруун гар тийш эргээд боолтоос мултраад арагш хартал ард явж байсан эрэгтэй хажууд ирчихсэн намайг хашиж зогссон. Хажууд явсан эрэгтэй нь миний өмдний баруун халаасанд байсан 2017 оны 6 сард 840.000 төгрөгөөр худалдан авсан “Самсунг галакси А-3” загварын хар өнгийн гадаргуутай, өнгөгүй тунгалаг гэртэй гар утсыг маань авсан...” гэх мэдүүлэг /хх-18/, эд зүйлийн үнэлгээ /хх-30-31/, хохирогч Ш.Д-гийн “...Цүнхнээсээ гар утсаа гаргаж ярих гэтэл үл таних нэг залуу миний гар утсыг шүүрээд зугтсан...” гэх мэдүүлэг /хх-103-104/, эд зүйлийн үнэлгээ /хх-110-111/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-47, 48, 52, 57, 90, 125/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Х.У, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт заасан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н “Хохирогч Ш.Д-д хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар эд хөрөнгийг нь авсан гэх хэргийг цагдаагийн албан хаагч нар зодож дарамтлан хүлээлгэсэн, би хийгээгүй” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч, шүүгдэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг нь өөр хоорондоо болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Нд хүч хэрэглэн, хүнлэг бус, хэрцгий хандсан, эрх, эрх чөлөөг нь хязгаарласан гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх дүгнэв.

Дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Д-д 68000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Б.Э-олд 554.400 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Х.У өөрт ногдох хувь болох 270.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.Нгээс 345.200 төгрөг гаргуулж, 1 жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Б.Э /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, РД-УП88061255/-д 277.200 төгрөгийг, хохирогч Ш.Д /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** тоотод оршин суух, РД-*******/-д 68.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.   

Хохирогч Б.Эын “Х.Ут гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг үндэслэн шүүгдэгч Х.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:           

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Н нь зодож хэрэг хүлээлгэсэн гэж худлаа хэлж байна. Хэрэгт авагдсан баримтаар тийм зүйл нотлогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд 4 жил хорих ял, шүүгдэгч Х.Ут 2 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд  2 жил хорих ял, Б.Нд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил хорих ял, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “Шүүгдэгч Б.Н дээрмийн хэрэг дээр маргаагүй. Хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдлийг сүүлийн мэдүүлэгтээ яриад эхэлсэн. Гэм буруу дээр маргаагүй гэж үзэж байна. ХҮч хэрэглэсэн үйлдэлд 2 жил, хүч хэрэглээгүй үйлдэлд 1 жил, нийт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Шүүгдэгч Х.У анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулан хохирлоо төлснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэж  тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Х.У анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.  

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч нарт ялгамжтай хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Мөн шүүгдэгч Х.Уын өмгөөлөгчийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Х.У дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Нн урьдчилан хоригдсон 2018.04.12-ны өдрөөс 2018.04.14-ний өдөр хүртэл 2 хоног, 2018.07.05-ны өдрөөс 2018.08.17-ны өдрийг хүртэл 43 хоног, нийт 45 хоногийг, шүүгдэгч Х.Уын урьдчилан хоригдсон 2018.04.09-ний өдрөөс 2018.04.11-ний өдрийг хүртэл 2 хоногийг тэдний ял эдэлсэнд хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй. .   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М овогт Х-ийн У, Б овогт Б-ийн Н нарыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Б овогт Б-ийн Нг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.У, Б.Н тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уын урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоног, шүүгдэгч Б.Нн урьдчилан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Нгээс 345.200 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Б.Э /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, РД-****/-д 277.200 төгрөгийг, хохирогч Ш.Д /Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** тоотод оршин суух, РД-****/-д 68.000 төгрөгийг тус тус олгосугай. 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н, Х.У нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.У бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Б.Н, Х.У нарын эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н, Х.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР