| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0704/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/723 |
| Огноо | 2018-08-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/723
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч М.Амарзаяа,
гэрч Б.С,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,
шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808021840695 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .... настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр гудамж, .... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо, ..... .... дүгээр гудамж, ........ тоотод оршин түр суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Э-ийн Г /РД:.........../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Э.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст **-** *** улсын дугаартай “Тоёото приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дотор Ө.О, Ц.Э нарын хамт архидан согтуурах үедээ Ц.Э-ийн өмдний халаасанд байсан “Хаан банк”-ны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Э, О бид гурав архи уусан. Шатахуун түгээх газраас 20.000 төгрөгт шатахуун хийлгэхээр банкны картаа надад өгснийг нь буцааж өгсөн. Эгийн карт машины арын сандлын завсраар унасан байсан. Пиво аваад уучих санаатай тэр картыг үзэхэд 700000 гаруй төгрөг байсан. Найзынхаа картнаас мөнгийг нь аваад хадгалсан. Машинаа угаалгаад, ундаа авч уугаад гэртээ харьсан. Маргааш нь 600000 төгрөгийг нь өгсөн. Хоёр хүүхдийг минь бодоод хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.
Гэрч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би цуг байгаагүй болохоор юу болсныг сайн мэдэхгүй. Г орой гэртээ ирсэн. Өлзийтөгс утсаар яриад “Э картаа хаячихаж, мөнгө нь гарсан байна” гэхээр нь би Г-оос асуухад “надад байгаа, 100000 төгрөгийг нь үрсэн” гэж хэлсэн. Тэгээд орой ирээд картаа үлдсэн мөнгөө аваад явсан” гэв.
Эрүүгийн 1808021840695 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.Эгийн: “2018 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагийн орчимд Ханын материалын эцсийн буудал дээр О, Г хоёр найзтайгаа уулзсан. Г машинтай явж байсан учраас бид нар машин дотор 0.75 литрийн архи ууцгаасан. Манай эхнэр Өлзийтөгс бид хоёрыг гэрт хүргэж өгөх гээд машинд суулгаад явж байтал миний хамраас цус гарсан. Эхнэр салфетик авах гээд дэлгүүр ороод ...гараад ирсэн чинь Г автомашинтайгаа хөдлөөд эхнэрийг орхиод явсан. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан учраас болсон үйл явдлыг хагас санаж байна. Миний хөх өнгийн биеийн тамирын өмдний халаасанд байсан “Хаан банк”-ны 5925192366 тоот данстай карт алга болсон байсан. Миний картыг Г яаж авсныг санахгүй байна. Анх Гэрч: -той уулзаад Ханын материалын дэлгүүр орж архи авахад би картаа уншуулсан. Тэгэхэд Г хажууд байхдаа миний пин кодыг харчихсан, тэгээд мэдэж байгаа. ...2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр сэрээд картаа алга болсныг мэдсэн. Хаан банкны лавлахаас асуусан чинь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 14:30 минутанд Баянхошууны Голомт банкны АТМ-ээс 700.000 төгрөгийг уншуулж зарлагаар гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан. Миний картыг найз Г намайг архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байх үед аваад картнаас 700.000 төгрөг авсан байсан. Г миний байгаа газар ирээд “би архи их уугаад тасарчихсан байна лээ, тэгээд картыг чинь аваад 700.000 төгрөг авчихсан байна” гэж хэлээд надад 600.000 төгрөг бэлнээр өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-6-7/,
Гэрч Ө.О-ын: “...Гийн **-** *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёотай приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дотор Э, Г бид гурав архи уусан. Нэг харсан чинь Эгийн эхнэр нь бид нарын байгаа газар ирчихсэн Этай картыг нь авах гээд маргалдаад байсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. ...Машинд архи уухаас өмнө хүнсний дэлгүүр орж Э картаар тооцоо хийгээд байсан” гэх мэдүүлэг /хх-8-9/,
Гэрч О.Х-ийн: “...Толгойтын ойролцоо явж байгаад Э, Г, О нар дэлгүүр ороод 0.5 литрийн нэг шил архи, пиво, ундаа аваад Ханын материал уруу явсан. Эцэс дээр ирээд Э картаа өгөөд машинд 20.000 төгрөгийн бензин хийсэн. Түгээгч эмэгтэй Гт картыг нь өгсөн. Г картыг аваад машины урд талын хайрцагт хийсэн. ...Улиастайн Амгалан захын хажууд явж байхад Г “АТМ орно шүү, энд зогсчих” гээд Г буугаад удалгүй буцаад ирсэн. Г Эгийн халааснаас нь Хаан банкны виза картыг авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Гэрч Б.С-ын: “...Г найзуудтайгаа уулзаж байна гэхээр нь Ханын материал дээр очиход Э.Г надтай зөрөөд гэр рүүгээ явсан байсан. ...Ө-тэй уулзахад “Э иргэний үнэмлэх, банкны картаа хаясан байна” гэж хэлж байсан. Тэгээд би буцаад ...гэртээ ирэхэд манай нөхөр Г ирсэн байсан. Маргааш нь Өлзийтөгс Оаас миний дугаарыг аваад над уруу залгаад “Эгийн карт байхгүй данснаас нь мөнгө гарсан байна Гийн утас холбогдохгүй байна, цагдаад өргөдөл өгсөн байгаа, картыг нь харсан болов уу” гэхээр нь би Гэрч: -оос энэ талаар асуухад “тиймээ, карт нь надад байгаа. Би өчигдөр картнаас мөнгийг нь аваад хадгалсан байгаа. Одоо надад байна” гэж хэлсэн. Тэгээд орой нь Өлзийтөгс, Э хоёр манай гэрт ирээд 600.000 төгрөгөө бэлнээр мөн картаа аваад явсан. Г тухайн үед 100.000 төгрөгийг нь хэрэглэсэн байсан. 2, 3 хоногийн дараа дансаар шилжүүлж өгсөн. Гийн утас цэнэг нь дуусаад унтарсан байсан. Мөн би мөнгө төгрөг авсан гэж мэдээгүй байсан болохоор тоогоогүй юм” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Гэрч Ц.Ө-ийн: “...Гийн машин дотор нөхөр Э, Г, О хамт байсан. ...Би нөхөртэйгөө уулзаад картаа яасан өгчих гэхэд Э хэрэглэчихээд ирье гэхээр нь за за гээд үлдээгээд явсан. Тэгээд гэртээ ирээд “карт чинь хаана байна” гээд биед нь үзэхэд байхгүй байсан. Э согтуу юм хэлж чадахгүй байхаар нь унтуулсан. Тэгээд маргааш нь сэрэхээр нь картаа яасан талаар асуухад яаснаа санахгүй байсан. Хаан банк уруу залгаад дансаа хаалгах гэхэд дансанд нь байсан 700.000 гаруй төгрөг байхгүй 12.000 төгрөг байна гэж хэлсэн. ...Тэгээд банкнаас хаанахын АТМ-аас мөнгө авсан, хэн авсныг нь камерын бичлэгийг нь харах гэхэд цагдаагийн бичиггүй бол шүүж өгөхгүй гэхээр нь цагдаад хандсан. Тухайн үед Гийг авсан гэж мэдээгүй байсан. Тэгээд дараа нь Гтой холбогдоод гэрт нь очиж мөнгөө авсан” гэх мэдүүлэг /хх-20-21/,
Шүүгдэгч Э.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Би энэ зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хулгай хийгээгүй, найзынхаа картыг хэн нэгэн хүн хулгайлахаас сэргийлж дансан дахь мөнгийг нь авч хадгалсан. Би өөрөө согтуу явсан болохоор найзынхаа картыг хаяад хэн нэгэн аваад ашиглахаас болгоомжилсон. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө эрт О, Э бид нэг шил архи, нэг том пиво уусан. Тэгээд Эг хүргэж өгөх гээд Их наранд ирэхэд Эгийн хамраас цус гараад сальфетка авах гээд дэлгүүр орсон хойгуур нь бид нар зугатаагаад явсан. Тэгээд бензин колонк дээр очиход Э надад өөрийнхөө картыг өгөөд 20.000 төгрөгөөр бензин хийхдээ кодыг нь 0901 гэж хэлсэн. Тэгээд бензинээ хийчихээд картыг нь Эд буцаагаад өгсөн. Машин дотор дахиад нэг шил архи уугаад О, Э хоёр тэндээ бууж үлдээд Хулан бид хоёр гэр рүү явж байхдаа Баянхошууны Жанцангийн орчим ...пиво авч уух гээд өөрийнхөө картыг хайгаад олохгүй байсан. Машины голын хайрцагны арын тавиур дээр ногоон карт байхаар нь аваад харахад Э гээд бичсэн карт байсан. Э миний машинд картаа үлдээгээд явсан юм шиг байна лээ. Бензин авсан учраас кодыг нь мэдэж байсан учир пиво авч уух гээд Жанцангийн буудлын хойд талын АТМ-аас картанд нь мөнгө байна уу үзье гэж бодоод шалгахад 700.000 гаруй төгрөг байсан. 700.000 төгрөгийг авч хадгалсан. Энэ мөнгөнөөс нь би тухайн үед 100.000 төгрөгийг хэрэглээд гэртээ харьсан байсан. Миний карт тухайн үед халааснаас унаад сандлын завсар орсон байсныг би олохгүй байсан байна лээ. Надад ойролцоогоор 150.000 орчим төгрөг байсан. Надад найзныхаа картнаас хулгай хийх завших, ашиглах ямар ч бодол байгаагүй, би согтуу байсан болохоор картыг нь хаях асуудал гарвал хүн олж аваад дэлгүүрээс бараа материал уншуулаад авчих байх гэж бодоод мөнгийг нь авч харьсан. Би тэр мөнгөөр архи, пиво, ундаа тамхи зэргийг аваад машинаа угаалгаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-32-33/,
мөрдөгчийн тогтоол /хх-1/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, өргөдөл /хх-3/, гэрч Х.А-ийн мэдүүлэг /хх-18/, тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-31/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-54-55, 83-87/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96/, утасны гадагш гарсан дугаарын жагсаалт /хх-97-98/, хохирогчийн хүсэлт /хх-99, 104/, шүүгдэгчийн хүсэлт /хх-107/, прокурорын тогтоол /хх-108/, Хаан банкны албан бичиг /хх-110/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Г хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хохирогчийн өмдний халааснаас карт авсан болох нь тогтоогдсон” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хулгайлах гэмт хэрэг биш. Хохирогчийн машинд орхиод буусан картыг авсан гэж үзвэл гээгдэл эд хөрөнгө гэж үзэж болно. Хохирогчгүй хэрэг гэж ойлгож байна. Иймд хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Хохирогчийн өмдний халааснаас банкны картыг авсан, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж шүүх дүгнэв. Тухайлбал хохирогч Ц.Эгийн “...Өмдний халаасанд байсан банкны карт алга болсон байсан. Г яаж хэрхэн авсан талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-7/, гэрч О.Хулангийн “...Г нь Эгийн халааснаас банкны карт авсан зүйл байхгүй. Түгээгч картыг Гт өгөхөд машины урд хайрцагти хийсэн...” гэх мэдүүлэг /хх11/, шүүгдэгч Э.Гийн “...Өөрийнхөө картыг хайгаад олохгүй байсн чинь машины голын хайрцагны арын тавиур дээр ногоон карт байхаар нь аваад... Э картаа үлдээгээд явчихсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-29/ зэргээс дүгнэхэд хохирогч Ц.Э нь өөрийн банкны картаа шүүгдэгч Э.Гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор орхиж буусан болох нь тогтоогдож байхын зэрэгцээ хохирогчийн өмдний халааснаас уг картыг авсан болох нь няцаагдаж байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн өөрчлөх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Г согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст **-** *** улсын дугаартай “Тоёото приус-20” маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Ц.Эгийн гээгдүүлсэн “Хаан банк”-ны картыг авч, 700.000 төгрөгийг завшсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Г-ийг гээгдэл эд хөрөнгө болох банкны карт бусдын эмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эд 700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд түүний “...хохиролгүй болсон учраас өргөдлөө буцааж санал гомдолгүй гэж өргөдөл гаргаж байна” гэх /хх-99/ хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Г согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирлын шинж чанар, төлсөн байдал, гэмшихгүй байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хөдөлмөр эрхэлдэг, бага насны хоёр хүүхэдтэйг нь харгалзан 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Г урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч М овогт Э-ийн Г-ийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Г урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР