Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 07

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ************** даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

М.П-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 11  сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******Ч

Нарийн бичгийн дарга Б.М  нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 онд төрсөн, 1977 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөөд 1977 оны 8 сарын 1-нээс 1979 оны 6 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байгаад цэргийн албанд явж, 1982 оны 8 сард цэргээс ирсэн. Тэгээд 1982 оны 9 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал тус нэгдэлдээ малчинаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт сумын төвд байдаг байшингийн хамт шатсан. Иймд 1977 оны 8 сарын 1-нээс 1979 оны 6 сарын 20-ныг хүртэл, 1982 оны 9 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******Ч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.П  манай гэр бүлийн хүн байгаа юм. 1977 оноос нэгдэлд ажиллаж байх үеийн  хөдөлмөрийн дэвтэр, бусад баримтууд нь сумын төвд байдаг байшингийн хамт шатсан. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн М.П-ийн 1977 оны 8 сарын 1-нээс 1979 оны 6 сарын 20-ныг хүртэл, 1982 оны 9 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.П  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.П-ийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12  сарын 13-ны өдрийн 331 дугаартай тодорхойлолтуудаар нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Ц.И-ын:“...Бид нэг бригадын гаралтай хүмүүс байгаа юм. 1977 оны 8 сараас 1979 оны 6 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд мал маллаж байсан. 1979 оны 6 сард цэрэгт яваад 1982 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд 1982 оны 9 сараас 1991 оныг дуустал тус нэгдэлдээ малчинаар ажилласан....” гэх мэдүүлэг,

 Гэрч *******Д-ийн:“...М.П  нь 1979 оноос 1991 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад малчин байсан хүн. Би тэр үед бригадынх нь даргаар ажиллаж байсан юм. 1979 оны 6 сард цэрэгт явж, 1982 онд ирсэн шиг санагдаж байна. Энэ хүн миний удирдлагад ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.П-ийн: “...М.П  нь 1977 онд Эрдэнэдалай сумын сургууль төгсөөд илгээлтээр гарч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин болсон. Нэгдэл тартал мал малласан хүн. Дунд нь 1979 оны 6 сараас 1982 оны 8 сар хүртэл цэрэгт явсан. Өөрөөр бол тасралтгүй ажилласан....” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 331 дугаартай “Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1976 оны 7 сарын 1-нээс 1991 оны 2 сарын 19-нийг хүртэл малчинаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир М.П-т холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна....” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 08/602 дугаартай “Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил ХК, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн болно..”гэх тодорхойлолт,

4.Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 7 сарын 22-ны өдрийн 14984 дугаартай “М.П нь БХЯ-ны сайдын 1979.06.11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1979.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.09-ний өдрийн н/191 дүгээр тушаалаар 1988.08.19-ний өдөр 390973 дугаарын цэргийн батлахтай халагдсан.” гэх лавлагаа,

5.Нэхэмжлэгч М.П-т Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 174 дугаартай албан бичгээр олгосон Хөгжил нэгдэлд ажиллаж байх үеийн 1983 оны 3,4,5,6 саруудын гүйцэтгэсэн ажлын бүртгэлийн хуулбар, мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газраас олгосон 1984 оны 7, 8, 10 сар, 1989 оны 12 сар, 1990 оны 10 саруудын Мал аж ахуйн бүтээгдэхүүний хөлсний тооцооны бүртгэлийн хуулбар  баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар М.П-ийн 1977 оны 8 сарын 1-нээс 1979 оны 6 сарын 20-ныг хүртэл, 1982 оны 9 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.П нь 1977 оны 8 сарын 1-нээс 1979 оны 6 сарын 20-ныг хүртэл, 1982 оны 9 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             **************