Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/721

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Э.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808030470859 дүгээр хэргийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын ....-ний өдөр ..... аймагт төрсөн, эрэгтэй, .... настай, .......... боловсролтой, .............. инженер мэргэжилтэй, “Э” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл .., эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байр, ..... тоотод түр оршин суух, ....... аймгийн ..... сум, ... дугаар баг, ... ...... дугаар гудамж, .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Э-ын Б /РД:.............../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд байрших иргэн Б.Т-гийн зуслангийн байшинд О.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1808030470859 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Т-ын: “Би 2018 оны 6 дугаар сарын 09-ний орой Г гэх найзынхаа хамтаар Орос улсад хамт сурч байсан Т- гэх найзын Баруун салааны лагерийн байшинд очсон. Бид нар архи ууж хоноцгоосон. Үүрээр буюу 05 цагийн орчим юм яриад сууж байхад Т-, Г хоёр маргалдаад байхаар нь би “боль” гээд дундуур нь ороод маргааныг зогсоогоод байж байтал Тулга гэх залуу надад хандаж “наад хоёроо орхичихоо, өөрсдөө учраа олог” гэхээр нь би Тулгаатай маргалдсан. Би тухайн үед нэлээн муудчихсан байсан болохоор бас Тулгаатай яг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар сайн санахгүй байна. Тэгтэл Бээ гэх залуу над уруу уурлаад “чи Тулгаа ахтай маргалддаг хэн юм бэ” гээд бид хоёр хоорондоо барилцаж аваад Бээ миний хамар уруу гараараа цохиод, газар унагаагаад нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгаад, миний хамраас цус гараад салахгүй байхаар нь би “Гэмтэл оръё” гээд Гийн хамтаар Гэмтлийн эмнэлэг орсон. “Хамар хугарсан байна” гэсэн. Гэртээ очоод байж байтал миний эрүү гэнэт хавдаад аймар өвдөөд эхэлсэн, эмнэлэгт үзүүлтэл эрүү хугарчихсан байсан. ...Маргааш нь шууд эрүүний хагалгаанд орсон, 5 хоноод эмнэлгээс гарсан. Б эмчилгээний зардал болох нийтдээ 1.320.000 төгрөгийг төлчихсөн. 6 сарын дараа эрүүний төмрөө авахуулах хагалгаа, хамрын салст тэгшлүүлэх хагалгаа зэргийг би өөрийн хүсэлтээр Бтэй яриад тохирчихсон. Одоо дахиж Б-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, Бд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-6-7/,

Гэрч Х.Тулгын: “...2018 оны 6 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө буюу үүрээр 04 цагийн орчим байх Т- Г хоёр хальт хоорондоо маргалдтал Т- голоор нь ороод маргааныг дэвэргэх гээд маяглаад байхаар нь Б-ээ хажуунаас Т-ыг “боль” гэж хэлтэл Т- Б-ээ рүү “ална шүү” гээд хэл амаар доромжлоод хоорондоо маргалдсан. Б уурлаад байхаар нь би болиулсан. ...Т-ыг би “цаашаа бай” гээд түлхтэл Т- над уруу бас уурласан. Тэгтэл Б хажуунаас намайг өмөөрч Т-ыг заамдаж аваад байж байтал Т- шууд Бээг түлхээд гараараа хоёр удаа цохих шиг болсон. Тэгтэл Бээ уурлаж босож ирээд Т-ын нүүр рүү нь гараараа цохиод бас газар Т-ыг унахад нүүр рүү нь өшиглөсөн. Салгатал Т-ын нүүр хавдчихсан, цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Гэрч Б.Батцэцэгийн: “...Шөнө 00 цагийн орчим би унтаад ...нэг сэртэл маргаан болоод дуусчихсан байсан. Т-ын хамар амаас цус гарчихсан байсан. Би Бээс “юу болсон юм бэ” гэж асуутал “Т- маргалдаад дайраад байхаар нь тэсэлгүй нүүр рүү нь өшиглөсөн” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-19-20/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.20-ны өдрийн 7751 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.О.Т-н биед доод эрүүний зүүн булангийн зөрөөтэй хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-10/,  

Шүүгдэгч Э.Бий яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим эхнэр Батцэцэгийн хамт ах болох Т-гийн зуслангийн байшинд очиход Т- ах, Тулга ах, Цолмон гэх танилууд ...нэг үл таних эмэгтэй байсан. Бид нар архи дарс ууж идэж наргисан. 2018 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчим хохирогч Т- нь Тулгаа ахтай маргалдаад байсан. Би маргааныг нь болиулах гэхэд Т- миний нүүр рүү 1 удаа цохисон. Намайг бооход хүмүүс салгасан. Т- над уруу орилоод үгээр идээд дайраад байхаар нь би холдоод зугттал Г ах над уруу “чи манай найз уруу уурлаж, манай найзтай маргалдлаа” гээд байсан. Тэгтэл Т- над уруу гүйж ирээд намайг цохих гэхээр нь би бултаад Т-ыг нүүр рүү нь гараараа 1 удаа цохитол Т- уначихсан, нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. ...Би Т-ыг зодож хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Т-од эмчилгээний зардалд 2.320.000 төгрөгийг төлсөн. Би энэ хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, одоо ухаарч ойлгосон, дахиж ийм асуудал гаргахгүй. Надад нэг удаа боломж олгож хурдан хугацаанд шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-61-62/,

Хохирогчийн гомдол /хх-3/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, Хаан банкны депозет дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-33, 52/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-34-42/, шийтгэлийн хуудас /хх-55/, хохирогчийн хүсэлт /хх-56, 65/, хэргийн материал таницлуулсан тухай тэмдэглэл /хх-66, 67/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Э” ХХК-ийн тодорхойлолт, хохирогчийн “2.800.000 төгрөг авсан, ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд байрших иргэн Б.Т-гийн зуслангийн байшинд иргэн О.Т-ыг зодож, түүний биед доод эрүүний зүүн булангийн зөрөөтэй хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Т-ын “...Бээ гэх залуу “чи Тулгаа ахтай маргалддаг хэн юм бэ” гээд миний хамар уруу гараараа цохиод, газар унагаагаад нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн...” /хх-6-7/, гэрч Х.Тулгын “...Т- шууд Бээг түлхээд гараараа хоёр удаа цохих шиг болсон. Тэгтэл Бээ уурлаж босож ирээд Т-ын нүүр рүү нь гараараа цохиод газар унахад нүүр рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-13-14/, гэрч Б.Батцэцэгийн “...Би Б-ээс “юу болсон юм бэ” гэж асуутал “Т- маргалдаад дайраад байхаар нь тэсэлгүй нүүр рүү нь өшиглөсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-19-20/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7751 дүгээр “1.О.Т--н биед доод эрүүний зүүн булангийн зөрөөтэй хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгний дотор хэсэгт шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-10/, шүүгдэгч Э.Бий яллагдагчаар өгсөн “...Т- миний нүүр рүү 1 удаа цохисон. Т- над уруу гүйж ирээд намайг цохих гэхээр нь би бултаад Т-ыг нүүр рүү нь гараараа 1 удаа цохитол Т- уначихсан, нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-61-62/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний “цаашид 6 сарын дараа хийгдэх эмчилгээний зардлыг Б-тэй тохиролцсон. Ямар нэгэн гомдол санал байхгүй... Эмчилгээний зардал 2.800.000 төгрөг авсан. Хоорондоо эвлэрсэн, маргаангүй болсон...” гэх мэдүүлэг /хх-6-7/, хүсэлт /хх-56, 65/, шүүхэд гаргасан хүсэлт зэргийг тус тус үндэслэн шүүгдэгч Э.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтуурсан байсан, уг байдал гэмт хэрэг гарахад харилцан нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Э.Бийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Э-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР