Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/242

 

 

 

 

 

 

   2022           04           01                                      2022/ШЦТ/242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Д.”С”  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:

“Х”  овогт “Д” ы “С” ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210200503 0022 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “М” чулуун эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг, Ам бүл-0, нөхөр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00-р байр 00 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, “Х”  овогт “Д” ы “С”  (РД:).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

   Яллагдагч Д.”С”  нь 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 103 байрны 11 давхар 86 тоот орон сууцанд, эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл авалгүйгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 6 нэр төрлийн эмийг интернэтээр дамжуулан худалдан авч, бусдад худалдсан буюу хууль бусаар эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон  хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.”С” оос: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2102005030022 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулах тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Хойшлуулшгүйгээр нэгжлэг хийсэн тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-12 дахь тал),

 

3. Дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

5.  Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

6. Эд зүйл хураан авсан тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэлд:

-Lianhua Qingwen Jiaoning" болон Хятад үсгэн бичиглэлтэй цагаан цэнхэр
цаасан хайрцагтай эм 40 ширхэг, /дотроо саарал өнгийн уутан савлагаатай/

-“Pule an Pian” болон Хятад үсгэн бичиглэлтэй цагаан шаргал өнгийн цаасан хайрцагтай эм 15 ширхэг, /цаасан хайрцгийг онгойлгоход дотор нь цагаан
өнгийн хуванцар савлагаатай/

-“Tongtianhe” лого болон Хятад үсгэн бичиглэлтэй цагаан өнгийн хайрцагтай эм 6 ширхэг/онгойлгоход саарал өнгийн уутан савлагаатай/

- “Musk Hemorrhoids ointment” болон Хятад үсгэн бичиглэлтэй цагаан улаан
улбар шар өнгийн цаасан хайрцагтай тосон түрхлэг 4 ширхэг,

-“She xiang zhi chuang shuan” болон Хятад үсгэн бичиглэлтэй цагаан улаан улбар шар өнгийн цаасан хайрцагтай лаа 4 ширхэг

-Suxiaojiuxinwan болон Хятад үсгэн бичиглэлтэй цагаан хайрцагтай эм 11 ширхэг/дотроо ваарны хэлбэртэй хуванцар савлагаатай/

-“00000000 Говь-алтай” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн уутанд хийж гадуур нь скочоор ороосон дөрвөлжин эд зүйл /гаднах уутыг онгойлгоход “Pule an Pianгэсэн бичиглэлтэй хайрцагтай эм 3 ширхэг, “Suxiaojiuxinwan” гэсэн бичиглэлтэй хайрцагтай эм 1 ширхэг байв/

-“Чойр 0000000” гэсэн бичиглэлтэй хар өнгийн уутанд хийж гадуур нь скочоор
ороосон дөрвөлжин эд зүйл /гаднах уутыг онгойлгоход She xiang zhi chuang shuan
болон Хятад үсгэн бичиглэлтэй цагаан улаан улбар шар өнгийн цаасан
хайрцагтай лаа 1 ширхэг,

-“Musk Hemorrhoids ointment болон Хятад үсгэн бичиглэлтэй цагаан улаан улбар шар өнгийн цаасан хайрцагтай тосон түрхлэг
1 ширхэг/

-“Эрдэнэт 000000” гэсэн бичиглэлтэй хар өнгийн уутанд хийж гадуур нь
скочоор ороосон дөрвөлжин эд зүйл /гаднах уутыг онгойлгоход “Pule an Pian”
болон Хятад үсгэн бичиглэлтэй цагаан шарга
л өнгийн цаасан хайрцагтай эм 1 ширхэг, /цаасан хайрцгийг онгойлгоход дотор нь цагаан өнгийн хуванцар савлагаатай/...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал),  

 

7. Гэрч Б.М-ийн гар утсанд үзлэг хийсэн тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн

“...Үзлэг хийж байгаа гар утас нь Ай фоне 11 про макс маркийн ногоон саарал өнгийн гар утас байв. Тус гар утасны мессеж хэсэг рүү ороход “Миний хань” гэж хадгалсан 88113298 дугаараас “зүрхний эм 1, зүрхний ваартай, түрүү булчирхай курсээр, хайлааст бөөр 1” зэрэг утасны дугаарууд бүхий мессежнүүд 2022.01.03-ны 13 цаг 15 минут, 15 цаг 37 минутад тус тус ирсэн байв. 2022.01.02-ны өдөр 23 цаг 04 минутад 000000000 дугаартай “Эмийн хүргэлт байна.Одоо очвол болох уу”, “Odoo bolno”, “За” гэх харилцан бичилцсэн мессеж байв. 2022.01,02-ны өдөр 0000000 дугаар луу “000000” жолооч, 98- 91ОРХ, 0000000000 Д.”С”  40,000” гэсэн мессеж илгээсэн байв...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

8. “Хятад сайн эм нэртэй” Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тухай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн

“...Самсунг галакси А12 маркийн гар утсаар фейсбүүк нийтийн сүлжээнд орж “Хятад сайн эм” гэх групп руу нэвтрэхэд “Монголчуудын түгээмэл хэрэглэдэг үр дүнтэй хятад сайн эмүүдийг бэлэн худалдаалж байна” гэсэн зураг, утасны дугаар бүхий зар мэдээлэл пост тавигдсан байв. Тус мэдээллийг скрийншот хийж зургаар бэхжүүлэв....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-34 дэх тал)

9. Интернэт цахим орчинд үзлэг хийсэн тухай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “...Үзлэгийг албаны Dell optiblex 3070 загварын суурин компьютерыг ашиглаж интернэт орчинд нэвтрэн орж, Фейсбүүк цахим орчинд бүртгэлтэй “Хятад сайн эм” гэх Д.”С” ын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг баримтжуулан, зурган хэлбэрт оруулан үзлэгт хавсаргахаар тогтов.

Фейсбүүк сайтад нэвтрэхийн тулд хэрэглэгч болсон байх шаардлагатай байх бөгөөд албан хэрэгцээнд ашиглах зорилгоор шинээр “00000000000000” дугаарт бүртгүүлж, фейсбүүк цахим хаягт дээрх утасны дугаар бүхий нэвтрэх нэрээр сайтад оров. Нэвтрэн орж “search facebook-хайх фейсбүүк” гэсэн хэсэгт “Хятад сайн эм” гэсэн үгийг оруулан хайлтыг хийхэд кирилл үсгээр бичсэн “Хятад сайн эм” гэсэн пейж хуудас гарч ирсэн. Уг хуудас руу орж, хадгалагдсан зүйлсийг нээн үзэхэд 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зурагтай пост байх бөгөөд 17 сэтгэгдэл, 2 удаа бусдад хуваалцсан хандалттай байна. Уг хэсгийг зурган хэлбэрт оруулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 35-41 дэх тал),

 

10. Дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Н-гийн У-гийн 000000000000 тоот дансны 2019.01.01-2021.10.26-ны өдрийн хоорондох хугацааны хуулга байв. Тус дансны хуулга нь Excel хэрэглээний программ дээр файл хэлбэрээр байх ба эмийн худалдаатай холбоотой гүйлгээ байгаа эсэхийг үзэж хайлт хийж түүвэрчлэхэд 2019.01.01-2021.10.26-ны өдрийн хоорондох хугацаанд “эмийн мөнгө, эм, эм аллерги, зүрх эм, сахрын эм, ногоон эм” зэрэг гүйлгээний утгатай нийт 196 удаагийн гүйлгээгээр 20,585,000 төгрөгийн орлого орсон байв....” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

11. Н.Уранчимэгийн Хаан банкны 00000000 тоот ам долларын харилцах, 0000000 тоот төгрөгийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 54-123 тал),

 

12. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 000000 дугаартай:

“...БНХАУ-ын 6 нэрийн эмүүд нь  Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй болно. Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3-т “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах чиглэлээр олгоно” гэсэн заалтын 19.3.2-т “Эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх” заалтын дагуу тухайн эмүүдийг худалдан борлуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 136 дахь тал),

 

13. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн  02/01/113 дугаартай:

“...Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтын дагуу Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогддог. Иймд иргэн “Д”  овогтой “С”  (РД:) нь тусгай зөвшөөрөл эзэмших эрх олгогдохгүй болно. ...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 138 дахь тал),

 

14. Гэрч Н.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...”С”  нь Писсмолл дэлгүүрт ээмэг, бөгж, бугуйвч зэрэг эдлэл зардаг лангуутай байсан тухайн лангуунд зардаг эд зүйлсийг хүргэлтээр зарж борлуулахад хүргэлтийн ажилтан хэрэгтэй болсон гэхээр нь би 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын хугацаанд хүргэлтэд ажилласан. Би тухайн хугацаанд ээмэг, бөгжний хүргэлтийн хажуугаар “С” ын зарж борлуулж байсан эмийг “С” ын хэлсэн газруудад хүргэж өгдөг байсан. Тухайн эмийг хүргэж өгөөд төлбөрийг нь өөрийн эзэмшлийн 000000 тоот дансаар аваад “С” ын Хаан банкны данс руу хийдэг байсан. Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хүргэлтэд ажиллахаа больсон. Зүрхний ваартай эм, түрүү булчирхайн шар хайрцагтай эм, сахрын өвчний эм, даралтын эм, шамбармын тос, лаа зэрэг эмүүд байсан. Эдгээр эмүүд нь ургамлын гаралтай Хятад эм, зөвшөөрөгдсөн эм гэж “С”  хэлж байсан. Хятад сайн эм гэдэг фейсбүүк хуудсанд зар тавьж зардаг байсан. Тухайн фейсбүүк хуудсыг Д.”С”  ажиллуулдаг. Эм авч байсан хүмүүс эмийн талаар мэдээлэл авъя гэхээр “С”  руу яриулдаг байсан. 2021 оны 08 дугаар сараас өмнө орж ирсэн орлогууд бол “Амин эх булаг” ХХК-д ажиллаж сүлжээний бизнес хийж байх үеийн миний борлуулалтын орлогын мөнгө байгаа юм. Трансверфактор гэдэг нэртэй дархлааны амин дэмийн бүтээгдэхүүнийг хүмүүс эм гэж бичээд төлбөрийн мөнгөө шилжүүлчихдэг байсан. 2021 оны 08 сараас хойш ч бас цөөн тооны хуучин хэрэглэгч нар надаас амин дэм авч мөнгө шилжүүлж байсан. Хятад эмүүдийн төлбөрийн мөнгө хэдэн төгрөг орсон болохыг би нарийн ялгаж хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дэх тал),

 

15. Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн өдөр өгсөн: “...Хууль бус эм худалдан борлуулж байгаа талаар би Цагдаагийн байгууллагаас манай гэрт нэгжлэг хийх үед мэдсэн. Яагаад гэхээр нэгжлэг хийж байсан цагдаа надад хууль бус эм худалдсан талаар хэлсэн. Тэрнээс биш би өмнө хууль бусаар эм худалдан борлуулдаг талаар мэдээгүй. БНХАУ-аас надад бараа ирсэн, тэрийг аваад өгөөч гэж хэлэхээр нь цаанаас нь өгсөн хүний утсаар нь яриад очоод авдаг байсан. Би эхнэрийнхээ ажилд тэр бүр ороод байдаггүй, ялангуяа 6-11 сарын хугацаанд би ан агнуур гээд гэртээ ирэхгүй хөдөө явдаг. 12 сарын хувьд гэвэл надад каргоноос юм аваад өг, мөн “Х”  хүргээд өг гэхээр нь өгсөн зүйлийг нь хүргээд өгдөг байсан болохоос биш хайрцаг савыг нь уудлаад байдаггүй байсан. Яагаад гэхээр эхнэр чулуугаар гоёл чимэглэл хийчхээд хайрцаг боодолтой нь өгөөд явуулдаг байсан учир тэр энэ гэдгийг нь би ялгалгүй шууд өгдөг байсан. Төлбөр мөнгөний асуудалд нь ч гэсэн ороод байдаггүй байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дахь тал),

 

16. Яллагдагч Д.”С” ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...Ажил эрхлэлтийн хувьд 2014-2016 онд “Х” ХХК-д нягтлан бодогч, 2018 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Амин эх булаг, Момала жевелери компаниудад ажиллаж байна. Эрээнээс гэсэн цахим хуудаснаас эм захисан. Монгол Улсын хилээр импортлон оруулж ирээгүй. Эмийг захиалахдаа Хастуяа гэсэн нэртэй БНХАУ-ын иргэний Хаан банкны данс руу шилжүүлж байсан. Миний мөнгө шилжүүлээд 3 сарын дараа захисан эм маань ирсэн бөгөөд Хархорин захын орчмоос манай нөхөр очиж авч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 165-166 дахь тал),

 

-Яллагдагчаар  2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн: “...2021 оны 05 дугаар сард надад анх БНХАУ-д худалдан борлуулагдаж байгаа хэд хэдэн эмийг худалдах санаа гарч ирсэн. Үүний дагуу би өөрийн өмнө нь ашигладаг байсан фейсбүүк цахим хуудсыг Хятад сайн эм нэртэй болгон өөрчилж анхны постыг 05 дугаар сарын 14-ний өдөр зурагтай нь оруулж байсан. Тухайн анхны постод “Зүрхний ваартай эм, Бөөр түрүү булчирхайн эм, Үе мөчний эм” гэсэн 3 төрлийн эмийг оруулж хандалтыг харж байсан. Тухайн эм нь намайг Монгол Улсад оруулж ирэхээс өмнө аль хэдийнээ Монголчууд БНХАУ-руу явж ирэхдээ өөрийн хэрэглээндээ худалдан авч хэрэглэдэг байсан эмүүд байгаа юм. Хил гааль хаалттай байгаа учир тухайн эмүүдийг худалдаж авна гэсэн зарууд фейсбүүк цахим орчинд явах болсон. Иймд БНХАУ-аас захиалж авч ирэн худалдахаар болсон. Анхны худалдаагаа бол 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш эхэлсэн. БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулах Ю Улсын аптекаас худалдан авсан. Нийтдээ 6 төрлийн эм, тосон түрхлэгийг 10 сар хүртэл худалдан борлуулж байгаад тухайн үеэс БНХАУ, Монгол Улсын хил хаагдсантай холбоотой худалдахаа больсон. Удалгүй 12 сараас эхэлж 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан борлуулсан. Нийт өртгөөр нь тооцоод үзвэл 13 орчим сая төгрөгийн барааг худалдан авч Монгол Улсад худалдахдаа 40-50 хувийг нэмж худалддаг. Цагдаагийн байгууллагад 188 ширхэг буюу 3 орчим сая төгрөгийн эм, тосон түрхлэгийг нэгжлэгээр хураалгасан. Харин үлдэгдэл 10 сая орчим төгрөгийн барааг цахим сайтад мэдээллийг байршуулан худалдаж борлуулсан. Эм худалдаалахад төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг болох талаар би мэдэж байсан. Эмийг шинжлүүлдэг талаар анх мэддэггүй байсан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж ирснээр мэдсэн. Би хууль бус буруу зүйл хийснээ мэдэж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байгаа. Хаанаас ямар эм оруулж ирж зарж байгаа талаараа хэлж байгаагүй. Намайг сүлжээний дэлгүүрт ажиллаж байна гэж л ойлгож байсан байх. Би хайрцагтаа баглаа боодол нь харагдахгүй зүйлийг хүргэж өгөх, очоод авчих гэж хэлдэг байсан. БНХАУ-аас эм оруулж ирж байгаа талаараа бол хэлж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 169-171 дэх тал),

 

17. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 172 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 141 дэх тал), эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 128 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

 

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Д.”С”  2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 103 байрны 11 давхар 86 тоот орон сууцанд эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл авалгүйгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 6 нэр төрлийн эмийг интернэтээр дамжуулан худалдан авч, бусдад худалдсан буюу хууль бусаар эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг устгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.”С” ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.”С”  нь 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 103 байрны 11 давхар 86 тоот орон сууцанд эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл авалгүйгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 6 нэр төрлийн эмийг интернэтээр дамжуулан худалдан авч, бусдад худалдсан буюу хууль бусаар эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл баримт нь:

 

-Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулах тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

-Хойшлуулшгүйгээр нэгжлэг хийсэн тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-12 дахь тал),

 

-Дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

-Эд зүйл хураан авсан тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал), 

-Гар утсанд үзлэг хийсэн тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

-“Хятад сайн эм” гэсэн Фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тухай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-34 дэх тал)

 

-Интернэт цахим орчинд үзлэг хийсэн тухай 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 35-41 дэх тал),

-Нгийн Уийн эзэмшлийн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 42 дахь тал),

-Н.Уйн Хаан банкны 000000000 тоот ам долларын харилцах, 00000000 тоот төгрөгийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 54-123 тал),

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/01/78 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 136 дахь тал),

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02/01/113 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 138 дахь тал),

-Гэрч Н.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дэх тал),

-Гэрч Б.Мйн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дахь тал),

-Яллагдагч Д.”С” ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 165-166 дахь тал),

-Яллагдагчаар  2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 169-171 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

            “Эм” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношлох, эмчлэх, дархлаажуулах зориулалттай үйлчлэл нь эм судлал, эмнэл зүйн сорилт туршилтаар нотлогдсон нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг тодорхой хэлбэрт оруулсан, зохих тун хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг ойлгоно.

            Мөн “импортолсон” гэж эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг гадаад улсаас дотоодын зах зээлд борлуулах зорилгоор оруулж ирж байгааг, “худалдсан” гэж эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг жижиглэн болон бөөний хэлбэрээр борлуулах аливаа үйлдлийг тус тус ойлгоно.

 

            Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.13 дахь заалтад "эмийн бүртгэл" гэж хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд хэрэглэж болох нь нотлогдсон эмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглээнд гаргахыг зөвшөөрөх үйл ажиллагааг;

            10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эм хангамжийн байгууллага нь үйл ажиллагаандаа эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг жигд хангах зарчмыг баримтална.”

            22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах, эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг энэ хуулийн 22.7-д зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.” гэж тус тус хуульчилсан.

            Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.”С”  нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 6 нэр төрлийн эмийг интернэтээр дамжуулан худалдан авч, бусдад худалдсан буюу хууль бусаар эм импортолсон, улмаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу зохих журмын дагуу Монгол Улсын эмийн бүртгэлд буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зохих зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

            Түүнчлэн шүүгдэгч Д.”С”  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилгоор шунахай сэдэлттэй гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.”С” ыг “Эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулах гэмт хэрэг нь хохирол, уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн “Х”  өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн “Х”  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.”С” ын гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, ялын саналыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Д.”С”  нь урьд ял шийтгэлгүй талаар лавлагаа авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч Д.”С” ыг “Эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай “Х”  эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэхээр, мөн шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

   3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Lianhua Qingwen Jiaonang” гэсэн бичиглэлтэй эм 90 ширхэг, “Pule an Pian” гэсэн бичиглэлтэй эм 30 ширхэг, “Tongtianhe” лого болон Хятад үсгэн бичиглэлтэй эм 6 ширхэг, “Musк Hemorrhoids ointment” гэсэн бичиглэлтэй эм 5 ширхэг, “She xiang zhi chuang shuan” гэсэн бичиглэлтэй эм 5 ширхэг, “Suxiaojiuxinwan” гэсэн бичиглэлтэй эм 52 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “Х”  овогт “Д” ы “С” ыг “Эм импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Х”  овогт “Д” ы “С” ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.”С” од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (жилийн) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.”С”  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.”С” од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

                

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Lianhua Qingwen Jiaonang” гэсэн бичиглэлтэй эм 90 ширхэг, “Pule an Pian” гэсэн бичиглэлтэй эм 30 ширхэг, “Tongtianhe” лого болон Хятад үсгэн бичиглэлтэй эм 6 ширхэг, “Musк Hemorrhoids ointment” гэсэн бичиглэлтэй эм 5 ширхэг, “She xiang zhi chuang shuan” гэсэн бичиглэлтэй эм 5 ширхэг, “S” гэсэн бичиглэлтэй эм 52 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.”С”  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, өмгөөлөгч  гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.”С” од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН