| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0700/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/716 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/716
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808016640910 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, ............. боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Х” ХХК-д туслах барилгачин ажилтай, ам бүл .., ..... аймгийн .......... сумын .... дүгээр баг, ..... .... дугаар хэсэг, .... дугаар гудамж, .... тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт А-ы Б /РД:.........../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч А.Б нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34-ийн задгай тоотод иргэн Б.Оийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр их согтуу байсан. Зарим зүйлийг сайн санахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1808016640910 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Оийн: “2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчим хүргэн ах Зоригоотой уулзахаар явж байгаад Зоригоо ахын үүдэнд Б-той тааралдсан. Тэгтэл Б танай нөхөр 20.000 төгрөг зээлсэн гэхээр нь би надад юу байхав дээ, чи зээлүүлсэн хүнээсээ ав гэж хэлээд маргалдсан. Зоригоогийн гэрт хамт ороод сандал аваад толгой уруу цохихоор нь “чи яаж байгаа юм бэ” гээд маргалдаж байтал ...Б дахиад нөгөө сандлаа аваад миний нүүр рүү цохисон. ...Би эмчилгээний бүх зардлаа авмаар байна. Надад ямар нэгэн баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-30-31/,
Гэрч Ц.Саранзаяагийн: “...Манай гэрт өвөө болох Зоригоо, О, Б нар байсан. Нөхөр бид хоёрыг гэртээ ороод ирэхэд О, Б хоёр хоорондоо маргалдсан байж байсан. “Та хоёр яагаад маргалдаад байгаа юм бэ” гэж асуутал “Б намайг сандлаар цохичихлоо” гэж байсан. Б “би чамайг цохиогүй” гэтэл “чи цохио биз дээ” гээд байсан. Б манай нөхрийн сууж байсан сандлыг булааж аваад “одоо энэ сандлаар уу” гэж хэлээд Оийн нүүр рүү сандлаараа цохисон. Тэр үед “яаж байгаа юм бэ” гэж хэлээд хартал Оийн нүд нь хавдаж хөхөрсөн байхаар нь цагдаа дуудсан. О эгч халамцуу, Б нэлээд согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.03.09-ний өдрийн 3473 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.О-н биед тархи доргилт, баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/,
Шүүгдэгч А.Б-ийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ...19 цагийн үед зүс таних найзтайгаа 0.75 литрийн хэмжээтэй архи уугаад Зоригоо ахын гэр рүү орох гэж байхад үүдэнд О-тэй таарсан. О намайг хэл амаар доромжлоод байсан. Бид хоёр гэрт маргалдаж орж ирээд намайг хэл амаар доромжлоод дайраад байхаар нь би уурлаад хэрэлдэж байсан санагдаж байна. Тухайн үед би согтуу байсан болохоор юу болсныг сайн сэдэхгүй байна. Нэг мэдэхэд би эрүүлжүүлэх байранд сэрсэн. Надаас зээлсэн мөнгөө өгсөнгүй гэсэн шалтгаанаар маргалдаж байсан санагдаж байна. Дээрх гэмтлийг би учруулсан. Хийсэн үлдэлдээ харамсаж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-51/,
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-41/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-52, 53/, хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-56, 57/, “Хас-Ананд” ХХК-ийн тодорхойлолт /хх-66/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Б согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжны задгай хаягт иргэн Б.О-ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн гаргасан “...эмчилгээний зардалд 20.000 төгрөг бэлнээр авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-57/-ийг үндэслэн шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэж,
шүүгдэгч “Зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтуурсан байсан, уг байдал гэмт хэрэг гарахад харилцан нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч А.Бид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт А-ы Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР