Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ҮГТМ-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 379 120 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.О, өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дарханчимэг, гэрч Э.Энхжаргал, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.О-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие ҮГТМ-д бүртгэл, мэдээлэл, сан хөмрөг, арга зүйн албаны даргаар ажиллаж байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ба шүүхийн шийдвэр 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарч би уг ажилд эгүүлэн тогтоогдсон юм. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Намайг шүүхийн шийдвэрт тогтоосноос өөр ажилд томилох санал өгч байсан боловч дээрх ажлууд нь өмнөх ажлаас огт өөр, мөн цалингийн хэмжээ багассан тул би ажиллаагүй. Эхлээд 07 дугаар сарын 20-ны үеэр тайлбарлагч, дараа нь боловсролын ажилтан, улмаар палентологич гэсэн 3 ажлын байрны санал тавьж байсан. Эдгээр нь бүгд миний мэргэжлээс өөр ажил байсан бөгөөд цалингийн шатлалаар доор байсан. Палентологич нь миний ажил мэргэжлээс өөр байсан тул тухайн саналуудыг хүлээж аваагүй. Миний бие шийдвэр гүйцэтгэлийн албанд шийдвэрийг албадан биелүүлүүлэхээр хүсэлт гаргасан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

Иймд  шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, намайг урьд эрхэлж байсан ажилд маань оруулахгүй байгаа тул шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 9 486 333 төгрөгийн цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хуулийн дагуу нөхөн бичилт хийж баталгаажуулж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ҮГТМ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дарханчимэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: Р.О-ийг ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийн тулд 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 179 тоот, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 210 тоот албан бичгүүдээр тус тус Р.От ажилд эгүүлэн томилох мэдэгдлүүдийг хүргүүлж байсан. Р.О нь уг мэдэгдлүүдийг хүлээн авч, удирдлагуудтай уулзсан боловч санал болгосон албан тушаалд орох боломжгүй гэж мэдэгдэж байсан.

Гол үндэслэл нь Р.О-т 2017 онд батлагдсан бүтцийн хүрээнд сул орон тоо гарах бүрт манай байгууллагаас удаа дараа мэргэжил, ажлын туршлага харгалзахгүйгээр ажилд томилохоор санал тавьж байсан. Түүнийг хүлээн аваагүй нь ажил хийх чин эрмэлзэлгүй, улсын төсвөөс сул цалин авах зорилготой гэж үзэж байна. Р.О нь тухайн ажлын байруудад тавигдаж байгаа мэргэжлийн шаардлагын алийг нь ч хангаагүй. Өмнөх 2 ажлын байранд  албан тушаалын ангилал буурсан гээд томилогдоогүй, түүнтэй дүйцэхүйц цалинтай палентологичийн ажлыг санал болгоход энэ ажил нь өмнөх ажилтай дүйцэх ажил биш гээд ажиллаагүй. Байгууллагаас тавьсан ажлын саналуудыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй байсаар байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар 3 сарын дотор эрх бүхий байгууллагад хандаагүй нь манай байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Мөн Р.О-ийн өмнө нь ажилгүй байсан 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны цалинг 2018 оны төсөвт тусгасны дараа олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгөх талаар удаа дараа байгууллагын зүгээс мэдэгдэж байсан.

Иймд Р.О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ хэргийн буюу 12 сард гаргасан нэхэмжлэлд уялдуулан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс шийдвэрлэх боломжит хугацаа хүртэлх буюу 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 10 сарын цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хугацааны хувьд зөрүүтэй үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч ҮГТМ-д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 10 379 120 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал нь  Р.О-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж манай байгууллагаас 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 179 тоот, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 185 тоот, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 219 тоот албан бчигүүдээр тайлбарлагч, боловсролын ажилтан, палеонтологичийн албан тушаалд томилох тухай мэдэгдэж, уулзаж байсан боловч өөрөө ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн, байгууллагыг төлөөлөх эрхгүй өмгөөлөгч Д.Оюуннямд цалин олгохыг хүссэн хүсэлтээ гаргасан нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацаанд манай байгууллагад хандаагүй гэж талбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргасан.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Р.О нь 2013 оноос хойш ҮГТМд боловсролын ажилтан, эрдэм шинжилгээ, арга зүйн албаны даргаар ажилласан ба хамгийн сүүлд музейн захирлын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/25 тоот тушаалаар тус музейн бүртгэл мэдээлэл, сан хөмрөг, арга зүйн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад музейн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч гомдол гаргаснаар  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1179 дүгээр шийдвэрээр Р.О-ийг урьд ажиллаж байсан бүртгэл мэдээлэл, сан хөмрөг, арга зүйн албаны даргын ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2. Ажил олгогч байгууллага нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 179 тоот албан бичгээр  музейн тайлбарлагчийн, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 185 тоот албан бичгээр боловсролын ажилтны, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 219 тоот албан бичгээр  палеонтологичийн албан тушаалд  томилох тухай тус тус нэхэмжлэгчид мэдэгдэж байсан  байна.

Хэдийгээр ажил олгогчоос нэхэмжлэгчийг музейн тайлбарлагч, боловсролын ажилтан, палеонтологичийн албан тушаалд томилох тухай мэдэгдэлийг хүргүүлж байсан боловч үүнийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1179 дүгээр шийдвэрт заасан Р.О-ийн урьд эрхэлж байсан бүртгэл мэдээлэл, сан хөмрөг, арга зүйн албаны даргын албан тушаалд томилохоор  мэдэгдсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн  гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгч Р.О нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасны дагуу  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тус шүүхийн шүүгчийн 8065 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, 827 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба үүний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18300054 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар талууд маргаагүй байна.

4. Ажилтан Р.О-ийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1179 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болноос хойш одоог хүртэл хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгч Р.О нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Э.Энхжаргалын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн баримтуудаар нотлогдсон.

Үүнээс үзэхэд  хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчжээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно” гэж заасан.

Хэрэгт нэхэмжлэгч Р.О-ийн цалингийн тодорхойлолт авагдаагүй боловч түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрт  нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээг 48 275  төгрөгөөр тодорхойлсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

Иймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох шүүхийн шийдвэр гарснаас хойш  буюу 2017 оны 05 дугаар сарын 23-наас хойш  2018 оны  02 дугаар сарын 26-ныг хүртэл ажлын 186 хоногийн цалинтай тэнцэх олговрыг нэг өдөрт 48 275 төгрөгөөр тооцож, нийт 8 979 150 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч олговрыг шаардах эрхтэй.

6. Нэхэмжлэгч Р.О нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 21-нд  ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллага буюу шүүхэд  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар гомдол гаргахаар зохицуулсан.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлж томилоогүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байгаа тул Р.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон...ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны шимтгэл хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж  баталгаажуулахыг хариуцагчид даалгав.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 979 150 төгрөгийг гаргуулж олгон, үндэслэлгүй нэхэмжилсэн 1 399 970 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.3., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 016 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 160 216 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч ҮГТМ-гээс 8 979 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.О-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 399 970 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Р.О-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 016 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 160 216 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                            Ж.БАЙГАЛМАА