Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/238

 

 

 

 

 

 

   2022         03           31                                       2022/ШЦТ/238

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Г.”А”  нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

“У”  овогт “Г” ийн “А” ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210004650292 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “О” ХК-ийн гүний уурхайд өрмийн машины оператор ажилтай, ам бүл-0, эхнэр, хоёр хүүхдийн хамт С дүүргийн 00 дугаар хороо, Алтан овооны 00 дугаар гудамжны 00 тоотод оршин бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 000 дугаар байрны 0000 тоотод суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, “У”  овогт “Г” ийн “А”  (РД:ЙЗ89103110).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.”А”  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэнгэлдэх хотхоны 231 байрны 2201 тоот гэртээ эхнэр Т.”Ш” тай маргалдаж улмаар түүний баруун гарын булчин хэсэгт 4-5 удаа цохиж зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.”А” ээс: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Эрүүгийн 2210004650292 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн офицер дэслэгч Т.”М” ы 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн: “Дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад Т.”Ш” , Г.”А”  нар нь хоорондоо зодолдож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байсныг Т.”Ш” гаас тайлбар мэдүүлэг авч Г.”А”  нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан учир зөрчлийн байцаагчид хүлээлгэн өгөв. ...” гэсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

3. Хохирогч Т.”Ш” гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдөр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө гэртээ 2 хүүхэдтэйгээ унтаж байтал нөхөр “А”  согтуу орж ирсэн. ...Би яагаад архи уугаад байгаа юм, муухай үнэртээд байна гэхэд уурлаад тэгвэл явлаа гарлаа гээд босоод ирэхээр нь би гаргахгүй яах гээд байгаа юм бэ өдрийн болсон маргаан бол танай ээжийн буруу шүү гэж хэлсэн. Тухай өдөр нь манай гэрт газартай холбоотой маргаан болсон. Тэр газар нь манай нөхрийн мөнгөөрөө авсан газар, газрыг хадам ээж Оюунмандах нэр дээрээ авчхаад бид нарын нэр дээр болгож өгдөггүйгээс болж бидний дунд асуудал байдаг юм. Тэр газрын тухай яриа өдөөд тэр асуудлаа шийдэх хэрэгтэй гэхэд нөхөр уурлаж бид 2 маргалдсан. Би хадам ээж рүү залгаад Аагий архи уусан байна гэж хэлсэн чинь хүүтэйгээ яриад миний хүү салчих гэж хэлсэн. Би сонсоод уурлаад ээжтэй ярьсан чинь намайг элдвээр доромжилсон. Тэрийг сонссон нөхөр надад хохь чинь гэсэн. Тэрнээс болж маргалдаад би орилж хашхирсан чинь нөхөр “А”  уурлаж миний гарын булчин руу 4-5 удаа цохиод зүүн гарын ядам хурууг маань арагш нь дарсан. Би зөрүүлээд би нүүрийг нь маажсан. Тэгээд бид хоёр цаг шахам барилцаж аваад тэгж тэгж нэг юм салсан. Тэгсний дараа нөхөр өөрөө миний утсаар цагдаад дуудлага өгөөд надаар яриулсан. Тэгэхдээ хоёулаа салъя гээд байсан. Нэлээн согтуу галзуу хүн шиг л байсан. Уг нь нэг их уугаад байдаггүй... ...Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хоорондоо учраа олсон. Бидний хооронд бол хэрүүл маргаан болоод байх зүйл байдаггүй юм. Харин хадам ээжийн намайг харааж доромжилдгоос болж бид маргалдах үе гардаг. Ээж нь намайг хүлээн зөвшөөрдөггүй. юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

“...И.”Ш” гийн биед зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсгэгдэх 24 цагийн дотор үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

- Уг гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

5. Яллагдагч Г.”А” ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, битүүнд найзтайгаа 2 лааз пиво уучхаад гэртээ 22 цагийн үед орсон. Эхнэр “Ш”  2 хүүхэдтэйгээ унтаж байсан. Намайг архи уулаа гэж загнаж есөн шидээр дуудаж хараасан. Би дургүй хүрээд тэгвэл гарлаа гэсэн чинь гаргахгүй гээд бид 2 маргалдсан. Намайг гаргахгүй гээд миний нүүр болон хүзүү хоолой маажихаар нь би өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Тэгтэл намайг зодлоо гэж орилоод цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг эрүүлжүүлнэ гэсэн боловч эрүүлжүүлэх хэмжээний согтуу биш байна гээд буцаан явуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

6. Хохирогч И.”Ш” гийн гомдол, саналгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), Яллагдагч Г.”А” ийн хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 50 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.”А” ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.”А”  нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэнгэлдэх хотхоны 000 байрны 2201 тоот гэртээ согтуурсан үедээ эхнэр Т.”Ш” тай маргалдаж улмаар түүний баруун гарын булчин хэсэгт 0-0 удаа цохиж зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн офицер дэслэгч Т.”М” ы 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

-Хохирогч Т.”Ш” гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

-Яллагдагч Г.”А” ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.”А” нь тухайн үед үүссэн үл ойлголцол, таарамжгүй харьцааны улмаас эхнэр Т.”Ш” тай маргалдан бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэв. 
 

Шүүгдэгч, хохирогч нар нэг нэгнээ үл хүндэлсэн, согтуурсан байдал зэрэг нь маргаан үүсэхэд нөлөөлж, Т.”Ш” гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон байна.

Шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс боловч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй гэж үзэв.

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.”А” ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.”Ш” гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг (хавтаст хэргийн 13-14 дэх тал) гаргасан байх тул шүүгдэгчийг  хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.”А” д оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч прокурортой тохиролцсон ялын саналыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

 

Хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Г.”А” нь урьд ял шийтгэлгүй байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч Г.”А” ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Г.”А” д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “У”  овогт “Г” ийн “А” ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “У”  овогт “Г” ийн “А” ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.”А” д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.”А”  нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.”А” д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г.”А” д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.”А” д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.”А” д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН