Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/945

 

                          

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Д.Д..............р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Шийрэв овогт Д..............уугийн Д..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0463 41296 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шийрэв овогт Д..............уугийн Д..............р, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг сумд 1987 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “.......................................гээр байрны ................................

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Д..............р нь согтуугаар 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б................гийг “хүний машин угаалаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөл нь тус газар өшиглөж, үсдэж чирч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д..............р мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Б................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр Д.Д..............р 2 хүүхдийн хамт 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн хилчин хотхоны эсрэг талд байдаг найз Сараагийн гэрт очиж найз нартайгаа нөхөр архи уусан. Тэгээд орой 21 цагийн үед гэртэй харих гээд явж байгаад 5 шарын төмөр зам гараад Д.Д..............р машины цонхоор бөөлжөөд байсан би замаа чөлөөлж зогсоод машинаас буулгаж бөөлжүүлээд машины хаалга руу бөөлжсөн байсан хэсгийг усаар угааж байхад “чи хүний машиныг угаалаа” гээд над руу хэл амаар доромжлоод агсам тавиад байсан. Би болиулах гээд дийлэхгүй байсан. Намайг гараараа нүүр болон гар, хөл рүү цохиод газар унагаад үсдээд чирсэн 2 хүүхэд машин дотор унтаж байгаад сэрчихсэн би хүүхэд уйлаад байна гээд машин руу ороод хаалгаа түгжээд Д.Д..............рыг орхиод явсан...миний биед учирсан гэмтлийг нөхөр Д.Д..............р учруулсан...би эмчилгээ хийлгээгүй болохоор зардлын баримт байхгүй...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32)

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11865 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Баруун чамархай, зулайн урд хэсэг хамарсан 5х4см талбайд хуйх овойж хавдсан, 4х3.5см талбайд үс халцарч унасан, хуйх улайсан, эмзэглэлтэй, 2 нүдний дээд зовхи тус тус бага зэрэг хавдсан, дээд болон доод зовхинд хөх хүрэн ягаан өнгийн цус хуралттай, дээд уруул дотор салст гол хэсэгт 1.5х1см цус хуралттай, доод уруул бага зэрэг хавдсан, дотор салстад 2х2см цус хуралттай, салст жижиг язарсан. Эрүүний доод хэсэгт 1.5х1см, зүүн хацарт 2х1.5см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун шуу ар дээд хэсэгт 4х1см, зүүн хацарт 2х1.5см, урд дунд 2х2см, гадна доод хэсэгт 3.5х2.5см, бугуйд 3х2см, зүүн шуу ард дээд хэсэгт 1.8х1.2см, гадна дунд 3х2см, гадна ар доод хэсэгт 4.5х3см, зүүн даланд 7х3см, баруун даланд 6х2см бүдэг хөх хүрэн өнгийн цус хуралттай. Баруун тохойд 0.5х0.4см, зүүн тохойд 0.4х0.3см хүрэн улаан өнгийн өнгөц зулгаралттай...ДҮГНЭЛТ

1.Г.Б................г-н биед баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруул дотор салстын язрал, дээд уруул дотор салстад цус хуралт, эрүү, зүүн хацар, хоёр шуу, нуруунд цус хуралт, хоёр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

3. Шүүгдэгч Д.Д..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр Б................г 2 хүүхдийн хамт...найз Сарангэрэлийн гэрт очсон...гэр бүлээрэй уулзаж бага зэргийн Монгол архи хувааж уугаад 18 цагийн орчим...гэртэй харих гээд гадаа гараад найз Д..............уугийн машинд 3 найзын хамт 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уусан...би нэг мэдэхэд машины цонхоор бөөлжиж байсан эхнэр замын хажууд зогсоод машинаас буулгаж бөөлжүүлсэн. Эхнэр машин арчаад байхаар нь чи хүний машин угаагаад байна гэх шалтгаанаар маргалдаад нүүр рүү нь гараараа цохиж газар унагаагаад үсдэж байсан. Тухайн үед би их согтуу байсан болохоор сайн санахгүй байна...би Б................гийг хүний машин угаалаа гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж газар унагаагаад үсдэж байсан хэдэн удаа цохиж байснаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64),

3. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 35), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 36-37), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 38) хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 39-47), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 52) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Д..............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Д..............р нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Б................гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Г.Б................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Д..............р машины цонхоор бөөлжөөд байсан би замаа чөлөөлж зогсоод машинаас буулгаж бөөлжүүлээд машины хаалга руу бөөлжсөн байсан хэсгийг усаар угааж байхад чи хүний машиныг угаалаа гээд над руу хэл эмаар доромжлоод агсам тавиад ...Намайг гараараа нүүр болон гар, хөл рүү цохиод газар унагаад үсдээд чирсэн 2 хүүхэд машин дотор унтаж байгаад сэрчихсэн би хүүхэд уйлаад байна гээд машин руу ороод хаалгаа түгжээд Д.Д..............рыг орхиод явсан...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32)

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11865 дугаар...ДҮГНЭЛТ...1.Г.Б................г-н биед баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхи, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруул дотор салстын язрал, дээд уруул дотор салстад цус хуралт, эрүү, зүүн хацар, хоёр шуу, нуруунд цус хуралт, хоёр тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...2.Дээрх гэмтэл нь, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

-Шүүгдэгч Д.Д..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нэг мэдэхэд машины цонхоор бөөлжиж байсан эхнэр замын хажууд зогсоод машинаас буулгаж бөөлжүүлсэн. Эхнэр машин арчаад байхаар нь чи хүний машин угаагаад байна гэх шалтгаанаар маргалдаад нүүр рүү нь гараараа цохиж газар унагаагаад үсдэж байсан...би Б................гийг хүний машин угаалаа гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж газар унагаагаад үсдэж байсан хэдэн удаа цохиж байснаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Д..............р нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “танхайн” сэдэлтээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Г.Б................гийг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д..............р нь хохирогч ...Г.Б................гийг зодсон болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Д.Д..............р гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б................г нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.Д..............р нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д..............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй тус тус мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Д..............р Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Д..............р нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Д.Д..............рт эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Иймд шүүгдэгч Д.Д..............р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Д..............рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0463 41296 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шийрэв овогт Д..............уугийн Д..............рыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д..............рыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д..............рт оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Д..............р нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7 Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ