Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг, 

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Б.Умдэлэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Болдын Умдэлэгт холбогдох эрүүгийн 201625030731 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тул овгийн Болдын Умдэлэг, 1982 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн  хамт, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-р гудамжны 884 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЗ82012817.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

     Шүүгдэгч Б.Умдэлэг нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний орой 17.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны зүүн талд иргэн Л.Цогтбаатартай зөрж өнгөрөхдөө үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж улмаар авто замаар зорчин явсан Тоёота Ландкруйзер маркийн 09-90 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү түлхэн унагааж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулан, олон нийтийн газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Умдэлэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 3 дугаар сарын 21-ний орой 17 цагийн үед явж байхад хохирогч болох Л.Цогтбаатар надтай зууралдаад салахгүй байсан. Би түүнийг салгах л гэж түлхсэн. Санаатай түлхсэн зүйл байхгүй. Гэхдээ хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Л.Цогтбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр найз Алтансувдын гэрт Даваабаярын хамт очсон юм. Тэгтэл Даваабаяр 5 дугаар сургууль орж хүнээс мөнгө авахаар боллоо гээд бид гурав хамт яваад 5 дугаар сургууль ороход Даваабаяр нь хүнээс мөнгө авч чадаагүй юм. Тэгээд Даваабаяр бид хоёр ганц шил архи хувааж уухаар болоод надад байсан 20,000 төгрөгөөр нэг шил архи болон ундаа авч уусан юм. Тэгээд харих санаатай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны ойролцоо явж байхдаа одоо нэрийг нь мэдэх болсон Умдэлэг гэх залуутай шүргэлцээд маргалдаж эхэлсэн юм. Умдэлэгтэй маргалдахад миний фудболкийг урчихсан. Тэгэхээр нь зууралдаж байгаад газар уначихсан юм тэр үед намайг хар өнгийн Ланд Круйзер маркийн автомашин шүргэх шиг болсон. Тэгээд нэг хэсэг ухаан балартаад эргээд ухаан ороход миний баруун талын хөл хугарчихсан байсан. Ингээд яаралтай гэмтлийн эмнэлэг орсон юм. Би Умдэлэгийг өмнө нь таньж мэддэг байгаагүй бид хоёрын дунд урьд шийдэгдээгүй ямар нэгэн маргаантай асуудал байгаагүй. Тухайн үед Умдэлэг согтуу би ч гэсэн согтуу байсан тэгээд зөрөөд өнгөрөхдөө шүргэлцээд тэрнээс болоод хоорондоо муудалцах болсон юм. Тухайн үед Умдэлэг ганцаараа явж байсан би Алтансувд, Даваабаяр нарын хамт явсан юм. Тухайн үед Даваабаяр, Алтансувд нар миний урд явж байсан уг маргааныг хараагүй. Эхлээд Умдэлэгтэй шүргэлцээд тэгээд хэрэлдээд хоорондоо зууралдсан юм. Тэгснээ болиод би явах гэж байхад миний футболкийг Умдэлэг нь татаад урчихсан. Тэгээд би дээгүүрээ цээж нүцгэн болоод дахиад Умдэлэгтэй зууралдахад намайг зам руу хүчтэй түлхчихсэн юм. Тэгээд л нэг мэдэхэд хөл хугарчихсан газар хэвтэж байсан. Би сайн санахгүй байна миний бодож байгаагаар Умдэлэг нь намайг түлхээд газар унагаасан тэр үед Ланд круйзер маркийн автомашин мөргөөд хөл хугалчихсан юм шиг байна лээ. Намайг Умдэлэг түлхсэнээс болж уг гэмтэл учирсан юм. Би тухайн үед явган хүний зам дээр зогсож байсан. Тэр үед намайг түлхээд би боржур чулуун дээгүүр даваад автомашины зам руу уначихсан юм. Даваабаяр, Алтансувд нар урд алхаад явж байсан болохоор юу ч хараагүй. Би Умдэлэгээс эмчилгээний зардалд 260.000 төгрөгийг гаргуулан авсан. Тухайн үед надтай хамт явсан хоёр найз урд талд алхаад явж байсан би хойноос нь ганцаараа алхаж байгаад Б.Умдэлэгтэй мөрөөрөө шүргэлцсэн юм тэгээд хоёр бие рүүгээ хараад би түүнийг замаа харж явахад яадаг юм бэ гэхэд өөрөө харж явахгүй яасан юм бэ чацга минь гэж хараасан. Инээд л би түүнтэй харилцан маргалдсан юм. Миний хувьд буруутай үйлдэл байхгүй зүгээр л алхаад явж байсан. Тухайн үед маргалдаад Б.Умдэлэг нь миний футболкоос барьж аваад татаад урчихсан. Тэгэхээр нь би хойшоо ухарсан юм. Ер нь л Б.Умдэлэг л маргааныг эхлүүлсэн. Тухайн үед явган хүний зам дээр маргаан болж байсан гэхдээ бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор уг маргаан болж буй газар машин зам гэдгийг мэдээгүй байсан. Би ганцаараа л тээврийн хэрэгсэлд шүргүүлж мөргүүлсэн харин Б.Умдэлэг бол огт тээврийн хэрэгсэлд хүрээгүй юм. Б.Умдэлэг худлаа ярьж байна намайг машин зам руу түлхчихээд өөрөө зогсож байсан шүү дээ. Би анх өгсөн тайлбартаа миний хөл хавдаад том болчихсон хүндрэлтэй байсан ингээд бодохоор зүгээр мөргүүлээд ингэж гэмтэнэ гэж байхгүй баталгаатай миний дээгүүр машин гарсан байна гэж бодоод тийм тайлбар өгсөн харин сүүлдээ хөлийн эдгэрэлт бусад байдлыг харгалзан үзэж уг маргааныг дахин дахин бодоод байхаар миний хөл дээгүүр машин гараагүй юм байна лээ зүгээр намайг мөргөхийн хувьд мөргөсөн юм байна лээ. Тэгэхээр хохирогчоор өгсөн мэдүүлэг нь үнэн зөв юм аа. Одоо хөл бүрэн эдгэрсэн боловч хазгай гишгэж явдаг болчхоод байна. Тэгэхээр дахин эмчилгээ хийлгэх зардал болох 800,000 төгрөг нэхэмжилж байна …” гэжээ /хх-30-31, 99/.

Гэрч О.Алтанбагана мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Батсүмбэрээс Улаанбаатар хотод орж ирээд дүү Мөнхбатын гэрт очсон юм. Мөнхбатад ах нь гадуур явах ажилтай байна гэхэд өнөөдөр хамт явъя гээд дүүгийнхээ машинтай гадуур ажил хөөцөлдөж явсан юм. Тэгээд худалдаа хөгжлийн банк орж мөнгө авах санаатай дүү Мөнхбат нь өөрийнхөө 09-90 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод би жолоочийн хажуу талд нь сууж явсан. Тэгээд Худалдаа хөгжлийн банкны үүдэнд машинууд түгжрээд байсан ба тэр үед хүрэн куртиктэй залуу, цээж нүцгэн хар футболк барьчихсан залуу хоёр зодолдсон бололтой машины урдуур зам гараад явсан тэгээд урагш хөдлөхөд хойд талын хаалганд дуу гарсан юм, ингээд юу болов гээд машинаас буухад савхин куртиктэй залуу нь зогсож байсан харин нөгөө дээгүүрээ нүцгэн залуу нь газар уначихсан ёолоод хэвтэж байсан. Тэгээд шууд цагдаа дуудсан юм. Миний анзаарч харснаар машины хойд хэсэгт цээж нүцгэн залуу болон хүрэн өнгийн савхин куртиктэй хоёр залуу хоорондоо зууралдаад зогсож байгаа харагдаж байсан. Мөн нэг эмэгтэй болон өөр нэг залуу хамт явж байгаа харагдаж байсан. Тэд нар бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан...” гэжээ /хх-35/.

Гэрч Б.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 21-ний оройн 16-17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны урд талд ганцаараа алхаж явахад миний урд явж байсан хоёр залуу хоорондоо зодолдоод муудалцаад байсан бөгөөд тэр хоёр нилээн согтуу байсан. Тэр хоёрыг зодолдоод ч байгаа юм шиг муудалцаад явж байхад нэг эмэгтэй болон нэг эрэгтэй араас нь дагаад яваад байсан. Тэгэхдээ тэр хоёр яг автомашины зам дээр зууралдаад зодолдоод байсан нэг нь бор элгэн өнгийн куртиктэй бор залуу, нөгөөх нь туранхай урт үстэй ч юм уу гэмээр боочихсон үстэй, цээж нүцгэн залуу байсан. Тэр хоёр зодолдож байгаад бор өнгийн куртиктэй залуу нь нөгөө туранхай цээж нүцгэн залуугаа цохиж унагаагаад цааш зам хөндлөн гараад явчих шиг болсон нөгөө залуу нь босож ирээд цамцаа тайлж хамт явсан эрэгтэй эмэгтэй хоёр руугаа шидээд араас нь гүйж очоод ахиад замын голд зууралдаад байсан. Яг тэр хоёрыг зодолдож байх үед барилгачдын талбайгаас эргэх үйлдэл хийж байсан Ланд круйзер маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд аажуухан явсан. Тэр машиныг аажуухан урагшлаад явж байх үед нөгөө зодолдож байсан хоёр залуу замын баруун талд буюу Худалдаа хөгжлийн банкны үүдэнд зодолдож байгаад Ланд круйзер машиныг аажуухан урагшилж байгаад яг тэр хоёртой зөрөх үед гэнэт бор өнгийн куртиктэй залуу нь цээж нүцгэн залууг Ландкруйзер маркийн тээврийн хэрэгсэл рүү түлхээд их хүчтэй цохисон. Тэгтэл цээж нүцгэн залуу нь цохиулаад Ландкруйзер маркийн машин руу унаад машины баруун хойд хэсгийг биеэрээ шүргээд газар унахдаа хөлөөрөө эвгүй нугараад бахираад уначихсан юм. Би тэр үед цээж нүцгэн залууг бараг ухаан алдчихлаа ухаан алдатлаа цохиуллаа гэж бодсон. Цээж нүцгэн залууг цохиулаад газар унах үед ландкруйзер машин их аажуухан явж байсан болохоор шууд зогссон. Эмэгтэйтэй хамт явсан намхан залуу нөгөө бор өнгийн куртиктэй залууг чи манай найзыг түлхээд машинд мөргүүлчихлээ гээд байсан. Тэгтэл бор өнгийн куртиктэй залуу юу ч хэлээгүй дув дуугай л байгаад байсан. Жолооч залуу машинаасаа бууж ирээд нөгөө цээж нүцгэн залууг цохисон бор өнгийн куртиктэй залуу, намхан залуу хоёрыг барьж аваад та хоёр явахгүй шүү гэхэд намхан залуу би хамаагүй энэ таны машин руу цохиод түлхээд унагаачихсан гэж бор өнгийн куртиктэй залууг зааж байсан. Жолооч залуу сандраад гүйх үед нөгөө цохисон залуу болон хамт явсан намхан залуу хоёр үгээ нийлээд байгаа бололтой энэ машин дайрчихлаа ухраад дайрчихлаа гээд л ярилцаад байсан юм. Би энэ гурван залуу жолооч залууг нийлж худлаа хэлж байгаад хэрэгт хийлээ дээ гэж бодоод хараад зогсож байлаа. ...Ухрах үйлдэл хийгээгүй урагш явах үйлдэл хийсэн миний харснаас тэр машины жолооч цээж нүцгэн байсан залууг дайраагүй тэр залуу өөрөө унахдаа эвгүй гишгээд уначихсан юм. Тэр залуу унахдаа замын хашлаганд хөлөө эвгүй дараад уначихсан уу нэг л сонин эвгүй гишгээд унаж харагдсан. Бор өнгийн куртиктэй залуу нь дээгүүрээ цээж нүцгэн байсан залууг замын хажууд муудалцаад зогсож байхдаа их хүчтэй цохиж түлхсэн тэр үед цээж нүцгэн залуу нь газар унасан тэгэхээр цээж нүцгэн байсан залуугийн биед миний харснаар бор өнгийн куртиктэй залуу нь санаатай гэмтэл учруулсан гэж бодож байна. Хар өнгийн Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Мөнхбат гэх тэр залууг танихгүй тэр өдөр анх удаа харсан юм. Тухайн үед намайг хараад зогсож байхад гүйж ирээд миний утасны дугаарыг авсан. Тэгээд л би ирж мэдүүлэг өгсөн юм. Тухайн үед одоо нэрийг нь мэдэх болсон Э.Мөнхбат гэх залуу машин барьж явахдаа ямар нэгэн буруу үйлдэл хийгээгүй түүнд ямар нэгэн буруу байхгүй шүү гэдгээ мэдүүлгээр баталж байна. Тэр хоёр хоорондоо зодолдож байгаад л бор өнгийн куртиктэй залуу нь цээж нүцгэн залуудаа гэмтэл учруулсан шүү. Яагаад би байцаалт өгөх болсон бэ гэхээр нь хоорондоо маргалдаж байсан залуус хоорондоо ярилцаад машины жолооч одоо нэрийг нь мэдэх болсон Мөнхбат гэх залууг буруутгаад энэ хүн дайрсан шүү гэх мэтээр ярьсан болохоор жолооч залууд туслах санаатай л мэдүүлэг өгч байгаа юм...” гэжээ /хх-37-38/.

Гэрч А.Алтансувд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 60-11 тоотод байхад манай нөхрийн найз Цогтбаатар, Даваабаяр хоёр орж ирээд манай ах дээр очиж мөнгө авчхаад ирье хамт явчхаад ирье гэсэн юм. Тэгэхээр нь хамт яваад ахтай нь уулзчихаад явж байхдаа Цогтбаатар, Даваабаяр хоёр нийлээд 1 шил 0,5 литрийн архи хувааж уучхаад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Ардын ойролцоо явж байхдаа 200 граммын жижиг архи нэмж уусан. Ингээд би тэр хоёрыг урдхан талд явж байхад миний хойно Цогтбаатар нь нэг танихгүй залуутай юм яриад яваад байсан, тэгснээ хоорондоо муудалцсан юм. Тэр үед Даваабаяр очоод салгаад байх шиг байсан. Ингэж алхаж явсаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Худалдаа хөгжлийн банкны ойролцоо явж байхад тэр хоёр хоорондоо юм яриад яваад байсан. Харин Даваабаяр бид хоёр урдхан талд нь алхаж явсан юм. Тэгтэл муудалцаад л байх шиг байсан тэр үед нь Даваабаяр очиж боль гээд хэлж байсан. Тухайн үед Цогтбаатар нь ямар хүнтэй ямар шалтгааны улмаас маргалдаад байсан талаар би мэдэхгүй явж байгаад нэг танихгүй бор өнгийн куртиктэй залуутай маргалдаад л алхаад байсан. Би бодохдоо бие биенийгээ таньдаг юм байлгүй дээ гэж бодож байсан юм. Ер нь л хоорондоо муудалцаад зууралдаад яваад байсан юм. Намайг Сувдаа гээд дуудахаар нь эргээд хартал Цогтбаатар нь газар уначихсан байсан юм. Цогтбаатар нь нилээн согтолттой байсан ба Даваабаяр тэр хоёр хоёулаа 1 шил архи болон 200 грамм архи хуваагаад уусан болохоор согтсон байсан байх гэж бодож байна...” гэжээ /хх-39-40/.

Гэрч Д.Даваабаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр найз Цогтбаатар уулзаад Алтансувдын гэрт очоод байж байгаад 5 дугаар сургууль очиж ахаас мөнгө авахаар болж гурвуулаа гараад явсан юм. Тэгтэл ахтай уулзаад мөнгө авч чадаагүй буцаад явж байхад Цогтбаатар надад нүүрс, мод авах 20,000 төгрөг байна гэхээр нь 1 шил 0,5 литрийн архи аваад хоёулаа хувааж уусан. Тэгээд дахин нэмж нэг жижиг 200 граммтай архи хувааж уусан. Тэгтэл Цогтбаатар за одоо би харий даа гээд харих санаатай замаар алхаад автобусны буудал явж байсан юм. Тэгтэл яг Худалдаа хөгжлийн банкны зүг алхаад явж байхад нэг залуутай Цогтбаатар таньдаг юм шиг юм яриад үлдэхээр нь Алтансувд бид хоёр урд нь гараад алхаад явж байхад Цогтбаатар араас Сувдаа гээд орилсон юм. Эргээд харахад Цогтбаатар газар хэвтчихсэн хөл нь хугарсан байдалтай байсан. Тэгээд Ландкруйзер маркийн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд эмнэлэг болон цагдаа дуудсан юм. Тухайн үед Цогтбаатар нь бор өнгийн куртиктэй, танихгүй залуутай таньдаг юм шиг юм яриад үлдсэн. Тэгээд тэр залуутай л муудалцсан юм шиг байна лээ...” гэжээ /хх-41-42/.

Техникийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 32 дугаар дүгнэлт /хх-44/. 

Өвчний түүхээр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ¹4178 дугаар акт:

“1. Л.Цогтбаатарын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-47/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-68/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10/, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн “2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 150.000 төгрөг хүлээлцсэн баримт, хохирогч Л.Цогтбаатарын хүсэлт, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 400.000 төгрөг хүлээлцсэн баримт” зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Умдэлэг нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний орой 17.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны зүүн талд иргэн Л.Цогтбаатартай зөрж өнгөрөхдөө үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж улмаар авто замаар зорчин явсан Тоёота Ландкруйзер маркийн 09-90 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү түлхэн унагааж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулан, олон нийтийн газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 4178 тоот дүгнэлт болон шүүгдэгч Б.Умдэлэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлөөгүй байхад шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Б.Умдэлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Умдэлэг нь хохирогч Л.Цогтбаатарын нэхэмжилсэн эмчилгээний зардалд 810.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Л.Цогтбаатар, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхбат нь нар нь гомдол, саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

            Шүүх, шүүгдэгч Б.Умдэлэгт ял шийтгэхдээ түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн зэргийг харгалзан, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тул овгийн Болдын Умдэлэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Умдэлэгт 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Умдэлэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Умдэлэгт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Умдэлэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН