Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 123/ШШ2020/0030

 

020 оны 07 сарын 30 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2020/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.О, Н.Л, Л.Э, Б.Б,

Хариуцагч: Төв аймгийн Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4-р хуралдааны шийдвэрээс

нэхэмжлэгч Г.О ээс 2018-1238 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Ч.Гийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар,

нэхэмжлэгч Н.Л-гээс 2018-1243 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Ц.Ц-г шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар,

нэхэмжлэгч Б.Б-аас 2018-1248 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Б.М-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар,

Төв аймгийн Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн хуралдааны шийдвэрээс нэхэмжлэгч Л.Э 2018-1257 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Б.Г-г шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар, дээрх нэгж талбаруудын дуудлага худалдаанд иргэн Г.О ,Н.Л, Б.Б, Л.Энар ялагчаар шалгарсныг баталгаажуулахыг ажлын хэсэгт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, Б.Б, нэхэмжлэгч Г.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгч Н.Л гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хариуцагч Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.О, гуравдагч этгээд Ц.Ц, Б.М, Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Гэлэгжамцын Отгонцэцэг нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 1-р багт байрлах 2018-1238 тоот газрын дуудлага худалдаанд оролцсон. Энэхүү дуудлага худалдаа тухайн өдрийн 09:00 цагаас 15:00 цагийн хугацаанд явагдаж, оролцогч нар тус хугацаанд үнийн саналаа өгсөөр байгаад 60 секундийн горимд шилжихэд хэрэглэгч 2862-15:00:11 цагт; хэрэглэгч 2927-15:00:38 цагт, хэрэглэгч 2862-15:01:13 цагт, хэрэглэгч 2578-15:01:32 цагт, хэрэглэгч 2903-15:02:12 цагт, хэрэглэгч 2927-15:02:37 цагт тус тус саналаа өгч хэрэглэгч 2862 миний бие 15 цаг 03 минут 22 секундэд үнийн саналыг илгээж дуудлага худалдаанд ялсан. Цахим мэдээллийн санд хэрэглэгч 2862 буюу миний өгсөн 18,465,125 төгрөгийн санал буюу "Сүүлийн үнийн санал" өгснөөр бүртгэгдэж ялсан. Гэтэл дуудлага худалдаа 2018 оны 12-р сарын 03-ны өдөр дахин үргэлжлэн явагдаж хууль зөрчлөөМонгол Улсын Засгийн Газрын 2016 оны 1-р сарын 4-ний өдрийн 10 тоот тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын 10.1 -д дуудлага худалдаа дахин явуулах нөхцлүүдийг дараах байдлаар хуульчилсан байдаг. Гэтэл дээрх нөхцөлүүдийн аль нь ч бүрдээгүй. Харин ч дуудлага худалдаа товлосон өдөр, зарласан хугацаандаа явагдаж дууссан бөгөөд зөвхөн зарим оролцогч нар сүлжээ сервер гацсан талаар гомдол гаргаснаас шалтгаалж дуудлага худалдааг дахин явуулсан нь үндэслэлгүй. Учир нь энэхүү дуудлага худалдааны үндсэн цаг дуусаж нэмэлт 60 секунд эхэлсний дараа ч 3 оролцогч 15 цаг 06 минут 55 секундэд хүртэл дуудлага худалдаанд үнийн саналуудаа өгсөн байдаг. Хэрэв үнэхээр сервер цаанаасаа гацсан бол дуудлага худалдааны үндсэн цаг дуусах хүртэл мөн дууссаны дараах нэмэлт 60 секундийн горимд шилжсэний дараа 60 секунд тутамд дээрх болон бусад оролцогчид үнийн саналаа илгээсээр байсан. Иймд сервер гацсан гэдэг нь үндэслэлгүй юм. Тухайн оролцогчийн техникийн бүрэн бүтэн байдал, интернэтийн хурд, гар утас, таблет, компъютерын гацалт зэргээс шалтгаалж гацалт үүсэх бүрд дуудлага худалдааг дахин явуулах нь утгагүй билээ. Харин ч дээрх асуудлаа оролцогчид өөрсдөө бүрэн хариуцаж оролцох үүрэгтэй. Засгийн газрын 2016 оны 1-р сарын 4-ны өдрийн 10 тоот тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын 9.9.6-д цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 9 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно гэж заажээ. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаа хэдний өдөр товлогдсон байна тухайн өдрийн ажлын цагт багтаан дуудлага худалдаа дуусах ёстой. Гэтэл 2018 оны 11 сарын 22-ны өдрийн дуудлага худалдаа нь 2018 оны 12 сарын 03-ны өдөр үргэлжлээд байгаа мэтээр явагдаж 2 дахь дуудлага худалдаа 14 цаг 30 минутаас 15 цаг 00 минутын хооронд 30 минутын хугацаанд өмнөх дуудлага худалдааны үнийг үргэлжлүүлэн дуудаж эхэлсэн нь дээрх журмыг зөрчсөн байна. Хэрэв үнэхээр техникийн саатал гаран дуудлага худалдааг дахин явуулах бол дуудлага худалдааг анх зарласан үндсэн үнэнээс дуудаж, хугацаа нь мөн л анх зарласан хугацаанд үргэлжлэх ёстой байсан. Гэтэл 2 дахь дуудлага худалдаа дахин явагдаж байгаа ч биш, анхны дуудлага худалдааны үргэлжлэл мэтээр 30 минут хийгдэж, өмнөх дуудлага худалдаанд санал өгсөн хүний санал болгосон үнээс үргэлжлүүлэн явуулсан нь хууль зөрчиж байна. Учир нь журамд заасан дуудлага худалдааг дахин явуулах үндэслэл бүрдээгүйгээс гадна, энэ журам болон Газрын тухай хууль"-д дуудлага худалдааг зохион байгуулах харилцааг зохицуулсан байхад хууль тогтоогчийн гаргасан хууль, түүнд нийцүүлэн баталсан журмыг зөрчиж түүгээр ч үл барам хууль, журамд заагаагүй үндэслэл болох дуудлага худалдаа үргэлжлэн явах /хуулинд дуудлага худалдаа үргэлжлэн явуулах гэсэн үг байхгүй/ гэсэн ойлголтыг бий болгон үргэлжлүүлсэн байна. Хуулийг хэрэгжүүлж, иргэдэд үйлчлэх байгууллага нь хууль, журмыг зөрчиж болохгүй. Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны 12 сарын 01-ний өдөр ажлын бус цагаар утсаар дуудлага худалдаа дахин 2018 оны 12 сарын 3-ны өдрийн 14 цаг 30 минутаас 15 цагийн хооронд явагдах тухай мэдээлсэн. Дуудлага худалдаа дахин явуулах болсон шалтгааныг тодруулан асуухад 70% нь гомдол гаргасан гэж ажлын хэсгээс тайлбар өгсөн боловч баримтаар баталгаажуулж харуулаагүй. 11-р сарын 22-нд дуудлага худалдаа дууссанаас буюу 15 цагаас хойш ажлын цаг дуусах хүртэлх хугацаанд нийт оролцогчдын 70% нь гомдол гаргаад гомдлын дагуу Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газарт хүсэлт хүргүүлсэн гэдэг нь үнэмшил муутай байна. Мөн дуудлага худалдаа дахин явуулахаар болсон талаарх мэдээллийг ажлын бус цагаар 99057761 гэсэн дугаараас 11 сарын 19 ны 20:00 цагт, 12 сарын 01-ний Бямба гаригт тус тус хүргэсэн нь албан бус байсан. Нэхэмжлэгчид бид 2018 оны 11 сарын 22-ны газрын дуудлага худалдааг үнэн зөв, шударга явагдаж дууссан болон дахин дуудлага худалдаа явуулахгүй байх тухай хувийн өргөдлийг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргаж 2018 оны 12 сарын 3-ны өдөр дуудлага худалдаа эхлэхээс өмнө өгсөн. Газрын дуудлага худалдаа явуулах нөхцөлийг дээрх газрууд анхнаасаа бүрдүүлэх үүрэгтэй, бүрдүүлсэн учраас ч дуудлага худалдаа 2018 оны 11 дүгээр сарын 22-нд явагдсан байгаа. Гэтэл дуудлага худалдаа зарласан товлосон өдрөө явуулсны дараа цахим системийн үндсэн серверт ачаалал үүссэний улмаас хэвийн ажиллагаа доголдсон мэтээр шийдвэр гаргаж ахин дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль зүйд нийцэхгүй байгаагаас иргэн бид хохирч байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдааны өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулж өгнө үү гэжээ. гэжээ.

Нэхэмжлэгч Г.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Дуудлага худалдааны сервер гацсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхний дуудлага худалдаанд оролцогчдын 70% нь гомдол гаргасан. 2 дахь дуудлага худалдаанд ороорой гэхээр нь эхний дуудлага худалдаанд ялсан юм чинь дахиж оролцохгүй гэхэд таны үнэ дээр нэмж хэлэх хүн байхгүй та орчих гэж хэлээд дуудлага худалдаанд оруулсан. 18.000.000 төгрөгөөр ялсан газар хоёр дахь дуудлага худалдаагаар 35.000.000 төгрөгийн үнэ хүрсэнд гомдолтой байна. Гацсан гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.Э,шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Л. Э нь 2018 оны 11-р сарын 22-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 1-р багт байрлах 2018-1257 тоот газрын дуудлага худалдаанд оролцсон. Энэхүү дуудлага худалдаа тухайн өдрийн 09:00 цагаас 15:00 цагийн хугацаанд явагдаж, оролцогч нар тус хугацаанд үнийн саналаа дараах байдлаар өгч оролцсон. Хэрэглэгч 2739- 14:27:26 цаг, хэрэглэгч 2850-14:49:01 цагт, хэрэглэгч 2739-14:56:12 цагт, хэрэглэгч 2850-14:59:18 цагт, хэрэглэгч 2739-14:59:30 цагт, хэрэглэгч 2850-14.59.42 цаг тус тус саналаа өгч 2739 миний бие 14 цаг 59 минут 51 секундэд үнийн саналыг илгээж дуудлага худалдаанд ялсан. Цахим мэдээллийн санд хэрэглэгч 2739 буюу миний өгсөн 13.450.000 төгрөгийн үнийн санал буюу "Сүүлийн үнийн санал" өгснөөр бүртгэгдэж ялсан. Гэтэл дуудлага худалдаа 2018 оны 12-р сарын 03-ны өдөр дахин үргэлжлэн явагдаж хууль зөрчлөөХариуцагчаас сүлжээ нь гацсан гэх тайлбар өгсөн. Бид нарын оролцсон дуудлага худалдаанд дуудлага худалдаа хамгийн багадаа 10 хүн үнэ хаялцаж оролцсон. Дуудлага худалдааны цаг дууссанаас хойш 11, 12 минут дуудлага худалдаа үргэлжилсэн байгаа. Үүнээс үзэхэд сүлжээ гацсан гэж харагдахгүй байна. Бидэнд сүлжээ гацсан гэж мэдэгдээгүй. Гэтэл сүлжээ гацсан гэх үндэслэлээр дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулсан. Газар эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдааны журамд 9.9.6 дахь хэсэгт Цахим дуудлага худалдаа товлосон өдрийн 09 цагаас эхлүүлж 17 цаг 30 минутад дуусгана гэж заасан. Гэтэл ажлын хэсгээс цахим дуудлага худалдааг өмнөх үнээс үргэжлүүлэн явуулсан нь хууль зөрчиж байна. Хэрэв дуудлага худалдааг дахин явуулах байсан бол эхнээс нь явуулах ёстой байсан. Иймд анхны дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 1-р багт байрлах 2018-1248 тоот газрын дуудлага худалдаанд оролцсон. Энэхүү дуудлага худалдаа тухайн өдрийн 09:00 цагаас 15:00 цагийн хугацаанд явагдаж, оролцогч нар тус хугацаанд үнийн саналаа өгсөөр байгаад 60 секундийн горимд шилжихэд хэрэглэгч 2779 -15:00:21 цагт, хэрэглэгч 2845-15:00:47 цагт, хэрэглэгч 2779-15:01:06 цагт, хэрэглэгч 2759 15:01:33 цаг, хэрэглэгч 2779-15:02:14 цагт тус тус саналаа өгч 2759 миний бие 15 : 02 : 14 цагт үнийг саналыг илгээж дуудлага худалдаанд ялсан. Цахим мэдээллийн санд хэрэглэгч 2759 буюу миний өгсөн 20.950.000 төгрөгийн санал "Сүүлийн үнийн санал" өгснөөр бүртгэгдэж ялсан. Гэтэл дуудлага худалдаа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин үргэлжлэн явагдаж хууль зөрчлөө. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.1-д дуудлага худалдааг дахин явуулах нөхцөлүүдийг заасан бөгөөд үүнд оролцогчийн техникийн бүрэн бүтэн байдал, интернэтийн хурд зэргээс хамаарч дуудлага худалдааг дахин явуулах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Мөн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн дуудлага худалдаа 14 цаг 30 минутаас 15 цагийн хооронд 30 минутын хугацаанд өмнөх дуудлага худалдааны үнийг үргэлжлүүлэн дуудаж явуулсан нь хууль бус байнаДуудлага худалдааны үйл явцаас харахад сүлжээ гацсан гэх үндэслэл харагдаагүй. Дуудлага худалдаа эхлэхэд өрсөлдөөд үнэ хаялцаад явсан. Хаана, яаж, сүлжээ гацсан бэ гэдэг нь харагдаагүй. Сүлжээ гацсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

НэхэмжлэгчН.Л шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний биеН.Л нь 2018 оны 11-р сарын 22-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 1-р багт байрлах 2018-1243 тоот газрын дуудлага худалдаанд оролцсон. Энэхүү дуудлага худалдаа тухайн өдрийн 09:00 цагаас 15:00 цагийн хугацаанд явагдаж, оролцогч нар тус хугацаанд үнийн саналаа өгсөөр байгаад 60 секундийн горимд шилжихэд хэрэглэгч 2742-15:00:29 цагт, хэрэглэгч 2860-15:01:10 цагт, хэрэглэгч 2742-15:01:46 цагт, хэрэглэгч 2611 15:03:09 цагт, хэрэглэгч 2742-15:02:29 цагт, хэрэглэгч 2860-15:02:45 цагт, хэрэглэгч 2680-15:02:45 цагт, хэрэглэгч 2611-15:03:41 цагт, хэрэглэгч 2860-15:15:03:57 цагт, хэрэглэгч 2611-15:04:48 цагт, хэрэглэгч 2860-15:05:04 цагт, хэрэглэгч 2742-15:05:48 цагт, хэрэглэгч 2860-15:05:04 цагт, хэрэглэгч 2742-15:05:44 цагт, хэрэглэгч 2860 15:05:58 цагт тус тус саналаа өгч миний бие 15 цаг 06 минут 49 секундэд үнийн саналыг илгээж дуудлага худалдаанд ялсан. Бусад талбарын дуудлага худалдаануудаас хамгийн удаан үргэлжилсэн. Цахим мэдээллийн санд хэрэглэгч 2742 буюу миний өгсөн 20.950.000 төгрөгний санал "Сүүлийн үнийн санал" өгснөөр бүртгэгдэж ялсан. Гэтэл дуудлага худалдаа 2018 оны 12-р сарын 3-ны өдөр дахин үргэлжлэн явагдаж хууль зөрчлөө гэжээ.

Нэхэмжлэгч Н.Л гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралд гаргасан тайлбартаа: Сүүлийн саналыг 15 цаг 05 минут 49 секундэд өгсөн. Сүүлийн үнэ хаялтад буюу 15 цаг 06 минут 49 секундэд санал өгсөн. Ямар ч гацалт гараагүй. Надад гацсан тохиолдолд мэдэгдээгүй. Миний хувьд сервер гацсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дуудлага худалдааны процессыг харахад хамгийн сүүлд үнийн санал өгсөн гэв.

Хариуцагч Газрын цахим худалдаа зохион байгуулсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/627 дугаар амины орон сууцны газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамжаар газрын байршил зураг, анхны үнэ, хугацааг баталсан. Тус газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/644 дүгээр захирамжаар байгуулсан. Цахим дуудлага худалдаанд байршилд 44 нэгж талбарт хийсэн дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10-15 цагийн хооронд зохион байгуулсан ба 356 иргэнд бүртгүүлж оролцсон. Газрын биржийн цахим системийн сервер гацсантай холбоотойгоор 31 байршилд өрсөлдсөн иргэдээс 58 өргөдөл, гомдол ирснийг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 9.3-т заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн хурлаар авч хэлэлцэн Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газар сүлжээний доголдлын талаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07/917 тоот албан бичгээр хүсэлт хүргүүлсэн.

Хүсэлтийн хариу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2/2329 тоот албан бичгээр ирсэн ба тус албан бичигт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан цахим дуудлага худалдааны явцад 14 цаг 55 минутаас 15 цаг 09 минутын хооронд тус газарт байрлах Газрын биржийн цахим системийн үндсэн серверийн төв процессорын ачаалал хэт ихсэн системийн хэвийн ажиллагааг доголдуулж улмаар дуудлага худалдааны зарим оролцогчдын үнийн саналаа өгөх боломжид нөлөөлсөн тухай дурдсан нь сүлжээ доголдсоныг нотолж байна.

Тус албан бичигт цахим системийн үндсэн серверийн ачаалал даах чадамжийг 4 дахин нэмэгдүүлж хэвийн ажиллах боломжтой болсон талаар албан ёсоор мэдэгдэж, цахим дуудлага худалдааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах чиглэл ирүүлсэн.

Цахим дуудлага худалдааны ажлын хэсгээс Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.3-т дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг тухай дуудлага худалдаа явуулах Ажлын хэсгийн 2 дугаар хурлаар хэлэлцэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2/2329 тоот албан бичгийг үндэслэн цахим дуудлага худалдааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хууль, журам зөрчөөгүй ба Ажлын хэсэг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмаар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр болно. Цахим дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулсан асуудал нь дуудлага худалдаанд бүртгүүлсэн нийт 356 иргэдийн эрх ашигийг хүндэлж, бүртгүүлсэн иргэдээс гадна нэмж хүн бүртгэхгүй, дахин бүртгэл хийж иргэдийг чирэгдүүлэх нөхцөл үүсгэхгүйн үүднээс гаргасан. Мөн үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлж 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад өгсөн үнийн саналаас хойш үргэлжлүүлж үнийн санал өгөхөөр зохицуулалт хийж ажилласан нь дуудлага худалдаанд оролцогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан шийдвэр болно. Дуудлага худалдаатай холбоотойгоор дээрх иргэдийн гаргасан гомдлыг шалгах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/723 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараас ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг нь иргэдийн гомдлыг шалгаж үзээд ажлын хэсгээс Цахим дуудлага худалдаа нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу явагдсан тул хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуудлага худалдааг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай ажлын хэсгийн шийдвэр болон бусад холбогдох баримт бичгийн дагуу өргөдөл гомдлын хариуг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэдэд хүргүүлсэн. Г.О , Л.Э, Н.Л, Б.Б нарын нэхэмжлэлд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ыг зөрчин дуудлага худалдааг дахин явуулсан тул 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дуудлага худалдааны үр дүнг баталгаажуулж өгнө үү гэжээ.

Гэвч дуудлага худалдаа нь иргэдийн гомдол маргаан гарсныг үндэслэн ажлын хэсгийн шийдвэрээр нэг дуудлага худалдааг 2 таслан үргэлжлүүлэн явуулсан бөгөөд үргэлжлүүлэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд нэмж оролцогч бүртгэлгүй, өмнө нь нийт бүртгүүлсэн 356 оролцогч өөрсдийн өрсөлдсөн дуудлага худалдаанд үргэлжлүүлэн оролцсон бөгөөд нэхэмжлэгч Г.О , Л.Э, Н.Л, Б.Б нар нь дуудлага худалдааг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралд гаргасан тайлбартаа: Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсгийн 2, 3 дугаар хуралдааны шийдвэрээр дуудлага худалдааг үргэлжлүүлэн зохион байгуулах шийдвэр гарсан. Эхний дуудлага худалдаа явагдах нөхцөл нь бүрдээгүй доголдол үүссэн. Дуудлага худалдааны бүртгэл дууссанаас хойш маш олон хүн утсаар холбогдож бүртгүүлж болох уу гэж асууж байсан. Үүнээс хамаараад дахин дуудлага худалдаа явуулбал одоо оролцоод үнийн саналаа өгсөн хүмүүс дээр нэмэгдээд үнийн санал хэт хөөрөгдөх асуудал гарах байсан. Ийм учраас оролцсон хүмүүсийн эрх ашгийг хангах үүднээс дээд шатны байгууллагын зөвлөмжийг үндэслэн дуудлага худалдааг үргэлжлүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Дуудлага худалдааг үргэлжлүүлэн зохион байгуулахдаа 14 цаг 30 минутад өгсөн үнийн саналаас үргэлжлүүлэн явуулсан. Оролцогчдын эрх ашгийг хязгаарлаад, хэн нэгэнд давуу эрх олгосон зүйл байхгүй. Дахин дуудлага худалдаа зохион байгуулсан бол 356 хүний төлсөн тэмдэгтийн хураамж улсын орлого болох байсан. Оролцогчдынхоо тэгш эрхийг хангах, хохироохгүй байх үүднээс ажлын хэсэг хуульд журамд нийцүүлэн шийдвэр гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралд гаргасан тайлбартаа: Газрын цахим дуудлага худалдааг үргэлжлүүлэхдээ 14 цаг 30 минут буюу гацаагүй байсан үеэс нь үргэлжлүүлэн явуулсан. Ажлын хэсэг ярилцаад хамгийн тохиромжтой цаг нь 14 цаг 30 минут байна гэж үзсэн. Хуульд зааснаар ажлын хэсэг дуудлага худалдааг явуулахад гарсан гомдол санал зэргийг хурдан шуурхай шийдвэрлэх арга зам нь үргэлжлүүлэн явуулах байсан. Уг асуудлыг зохицуулах нарийвчилсан зохицуулалттай хууль, журам байхгүй учраас ажлын хэсэг эрхийнхээ хүрээнд үргэлжлүүлэн явуулах шийдвэр гаргасан. Монгол улсын хэмжээнд ийм өргөн хэмжээний олон нэгж талбар дээр нэгэн зэрэг явуулсан олон оролцогчтой дуудлага худалдаа явагдаж байгаагүй учраас техникийн хүчин чадал муу байсан. Ажлын хэсэг нь журамд заасан эрхийнхээ хүрээнд дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах шийдвэрийг гаргасан гэв.

Гуравдагч этгээд Б.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дуудлага худалдааны явцад техникийн саатал гарч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах нөхцөл алдагдаж дуудлага худалдаанд оролцогчид үнийн саналаа 60 секундын горимд шилжин үнэ хаялцах боломжгүй нөхцөл үүссэн. Иймд дуудлага худалдаанд оролцсон иргэдээс Дуудлага худалдаа зохион байгуулж буй ажлын хэсэгт хүсэлт гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг хэлэлцээд Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газарт албан бичгийг уламжлан хүргүүлсэн байдаг. Үүний дагуу тус газраас 2018 оны 11 сарын 29-ний өдрийн а/2329 тоот албан бичгээр дуудлага худалдааг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах талаар дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсэгт чиглэл өгсний дагуу дуудлага худалдааг үргэлжлүүлэн зохион байгуулах шийдвэр гарч миний бие 1-р баг 3-301 тоот дугаартай газарт үнэ хаялцан 25.950.000 төгрөгөөр авч ялагч болсон. Дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулсан үндэслэл нь Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах журмын 10.1.2-т зааснаар /дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй/ гэсэн заалтыг удирдлага болгон үргэлжлүүлэн зохион байгуулсан юм.

Иймд миний бие нь Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын албан бичиг, дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсгийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд үргэлжлүүлэн оролцсон нь Газрын өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй юм. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/29 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан захирамж аж ахуйн нэгж, иргэний хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулсан нь хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд оролцож цахим систем гацсан гэх шалтгаанаар дуудлага худалдааг хүчингүйд тооцож 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин дуудлага худалдааг зохион байгуулж 1238 тоот газар дээр оролцож 19.962.200 төгрөгөөр ялагч бол худалдан авсан. Миний бие тус газрыг хуулийн дагуу дуудлага худалдаанд орж ялж авсан тул Г.О ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хуулийн дагуу авсан эзэмшлийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралд гаргасан тайлбартаа: Дуудлага худалдаанд ороод сүүлийн 59 минутад үнийн саналаа өгөх гэтэл гацаад систем орохгүй байсан. Интернетийн хувьд хурд сайтай гээд холбооны интернетээр дуудлага худалдаанд оролцоход гацаад дуудлага худалдаанд үнийн саналаа хийж чадалгүй системээс гарсан. Яагаад цагаасаа өмнө системээс гарсан бэ? гээд Төв аймгийн газрын албанд гомдол бичиж өгсөн. Цахимаар дуудлага худалдаа явагдах үед серверт гацалт үүссэн нь үнэн. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зарласан амины орон сууцны газрыг хууль журмын дагуу 2019 оны 3 дугаар сарын 20-нд танхимын нээлттэй дуудлага худалдаагаар 31.500.000 төгрөгөөр ялалт байгуулж газар худалдан авсан. Газрыг худалдан авч кадастр, захирамж, гэрчилгээ зэргийг гаргуулан авсан. Иймд цахим дуудлага худалдааны үеэр сүлжээ гацсан байтал бусдын ажилд саад учруулан нэхэмжлэл гаргаж байгаа үйлдлийг эсэргүүцэж байна. Хуулийн дагуу дээрх 402 тоот газрын эзэмшигчээр үлдээж цаашид үйл ажиллагаа явуулахад саад болохгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Ц шүүхэд ирүүлсэн тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрын дуудлага худалдаа анх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж 09:00 цагаас 15:00 цаг хүртэл үнийн санал өгч цаг дуусмагц 1 минут хүлээх бөгөөд аль нэг тал үнийн санал өгөхөд дахин 1 минут сунгагдах гэсэн зарчмаар явагдсан. Тус өдрийн дуудлага худалдаанд оролцож байхад та системд нэвтэрсэн байх шаардлагатай энд дарж нэвтэрнэ үү гэх мэтээр сервер гэнэт салж, мөн нэгэн зэрэг эхэлсэн дуудлага худалдааны цагийн механизм өөр ажиллаж дуудлага худалдаа явж дууссан. Иймд тус хэргийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл гаргасан. Нийт оролцогчдын 70 хувь гомдол гаргаж байхад ихэнх оролцогчид техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй байна гэж байхгүй юм. Ингээд 2018 оны 12 сарын 03-ны өдөр дуудлага худалдаанд дахин оролцож нийт 10 үнийн санал илгээж, хамгийн сүүлийн 23 950 000 төгрөгийн үнийн саналыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15:09:45 цагт илгээн ялсан. Дуудлага худалдаа 15:00 цагт дуусч 1 минут хүлээх горимоор явагдаж эхэлснээс хойш би 6 үнийн санал илгээсэн бөгөөд 2742 дугаартай оролцогч хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 03-ны 15:08:47 цагт 23 450 000 төгрөгийн үнийн санал илгээн зогссон. Ингээд дуудлага худалдааны зарчмын дагуу би хамгийн өндөр үнийн санал илгээж ялалт байгуулсан. Би тус газрыг зохих журмын дагуу дуудлага худалдаанд оролцож эзэмшсэн тул иргэнН.Лгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байна. Мөн хуулийн дагуу авсан газар эзэмшлийг хэвээр үлдээн, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Төв аймгийн Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4-р хуралдааны шийдвэрээс

нэхэмжлэгч Г.О ээс 2018-1238 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Ч.Гийг шалгаруулсан шийдвэрийг[1] хүчингүй болгуулахаар,

нэхэмжлэгчН.Лгээс 2018-1243 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Ц.Цг шалгаруулсан шийдвэрийг[2] хүчингүй болгуулахаар

нэхэмжлэгч Б.Баас 2018-1248 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Б.Мийг шалгаруулсан шийдвэрийг[3] хүчингүй болгуулахаар

Төв аймгийн Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн хуралдааны шийдвэрээс нэхэмжлэгч Л.Эрдэнэбаатарын 2018-1257 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Б.Гийг шалгаруулсан шийдвэрийг[4] хүчингүй болгуулахаар, дээрх нэгж талбаруудын дуудлага худалдаанд иргэн Г.О ,Н.Л, Б.Б, Л.Энар ялагчаар шалгарсныг баталгаажуулахыг ажлын хэсэгт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Сумын Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө баталж, тус тогтоолын хавсралтад Хуульчдын хотхоны урд талд амины орон сууцны зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршил хэмжээний төлөвлөлтийг баталжээ.[5]

Төв аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/627 дугаар Амины орон сууны газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамжийг[6] үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/644 дүгээр захирамжаар дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг томилогдон хийх ажлын төлөвлөгөөг баталсан байна.[7] Ажлын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн №1 дүгээр тэмдэглэлээс үзвэл[8] 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуудлага худалдааг 09:00 цагаас 15:00 цаг хүртэл зохион байгуулсан бөгөөд 44 нэгж талбарт 356 иргэн бүртгүүлж оролцсон байна.

Нэхэмжлэгч Г.О нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд 2018-1238 дугаар нэгж талбарт өрсөлдөн 15:03:22 секундэд 18.465.125 төгрөгийг үнийн саналыг,

- нэхэмжлэгчН.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд 2018-1242 дугаар нэгж талбарт өрсөлдөн 15:06:49 секундэд 20.950.000 төгрөгийг үнийн саналыг,

-нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд 2018-1248 дугаар нэгж талбарт өрсөлдөн 15:02:23 секундэд 20.950.000 төгрөгийн үнийн саналыг,

-нэхэмжлэгч Л.Энь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд 2018-1257 дугаар нэгж талбарт өрсөлдөн 14:59:51 секундэд 13.450.000 төгрөгийн үнийн саналыг[9] тус тус өгчээ.

Гэтэл иргэдээс тухайн газрын цахим дуудлага худалдаанд интернетээр оролцож болохгүй, үнийн санал орохгүй, техникийн гацалт үүсч байгаа талаар гомдлыг ажлын хэсэгт гаргажээ.

Улмаар ажлын хэсгээс иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авч, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар луу албан бичиг хүргүүлж иргэдийн гомдлын дагуу цахим дуудлага худалдаанд үүссэн асуудлыг шалгуулж, албан ёсны хариу ирсэн тохиолдолд ялагчдыг баталгаажуулахаар мөн өдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.[10]

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2/2329 дугаар албан бичгээр Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан 44 нэгж талбарын газар эзэмших эрхийн дуудлага худалдааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 55 минутаас тус өдрийн 15 цаг 09 минутын хооронд тус газарт байрлах Газрын биржийн цахим системийн үндсэн серверийн төв процессорын ачаалал хэт ихсэн системийн хэвийн ажиллагаа доголдуулж улмаар дуудлага худалдааны зарим оролцогчдын үнийн саналаа өгөх боломжид нөлөөлсөн байна. Иймд газрын биржийн цахим системийн үндсэн серверийн ачаалал даах чадамжийг 4 дахин нэмэгдүүлж хэвийн ажиллах боломжтой болгосон тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагаас 17 цагийн хооронд зохион байгуулагдах байсан дуудлага худалдааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллана уу гэсэн хариуг[11] Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн байна.

Ийнхүү газрын биржийн цахим системийн үндсэн серверийн ачаалал даахгүй, гацсан болох нь шүүхээс томилогдсон Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4909 дугаар шинжээчийн дүгнэлтээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын www.mle.mn буюу газрын биржийн цахим системийн серверт гацалт үүссэн гэсэн дүгнэлтээр[12] давхар тогтоогдож байна.

Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн №2 дугаар хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын албан бичиг, иргэдийн өргөдөл гомдлыг үндэслэн дуудлага худалдааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Даваа гаригийн 14:30-17:00 цагийн хооронд үргэлжлүүлэн зохион байгуулах урьдчилсан бэлтгэл хангах, 14:30 цагаас энгийн горимоор дуудлага худалдааны 14:30 цаг хүртэлх өгсөн саналаас үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.[13]

Ийнхүү үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн ажлын хэсгийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооноЗасгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг тухайн дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг хянан шийдвэрлэнэ гэж заасантай нийцсэн байна.

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч, дуудлага худалдаанд үргэлжлүүлэн оролцож,

нэхэмжлэгч Г.О нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд 2018-1238 дугаар нэгж талбарт 19.462.200 төгрөгийн үнийн саналыг гарган оролцож, гуравдагч этгээд Ч.Г 19.962.200 төгрөгийн үнийн саналаар,[14]

-нэхэмжлэгчН.Л нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд 2018-1242 дугаар нэгж талбарт 23.450.000 төгрөгийн үнийн саналыг гарган оролцож гуравдагч этгээд Ц.Ц 23.950.000 төгрөгийн үнийн саналаар,

-нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд 2018-1248 дугаар нэгж талбарт 25.450.000 төгрөгийн үнийн саналыг гарган оролцож, гуравдагч этгээд Б.М нь 25.950.000 төгрөгийн үнийн саналаар,

-нэхэмжлэгч Л.Энь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн газрын цахим дуудлага худалдаанд 2018-1257 дугаар нэгж талбарт 24.970.000 төгрөгийн үнийн саналыг гарган оролцож, гуравдагч этгээд Б.Г нь тухайн нэгж талбарт 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн газрын дуудлага худалдаанд оролцож 31.000.000 төгрөгийн үнийн саналаар тус тус ялалт байгуулжээ.

Газрын дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №4 дүгээр хурлаар 44 нэгж талбарын бүх ялагчийг баталгаажуулахаар шийдвэрлэж, ялагчтай 3 хоногийн дотор гэрээ байгуулж, 14 хоногийн дотор дуудлага худалдааны үнийг Зуунмод сумын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.[15]

Улмаар Төв аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/29 дүгээр Цахим дуудлага худалдаанд шалгарсан иргэдэд газар эзэмшүүлэх тухай захирамжаар[16] гуравдагч этгээдүүдэд газрыг эзэмшүүлсэн байна.

Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 10 дугаар зүйлийн 10.1 дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар худалдан авсан газрын болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнийг энэ журмын 11.3-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй, эсхүл төлөхийг зөвшөөрөөгүй тохиолдолд, дуудлага худалдаа явагдаагүй болон явуулах нөхцөл бүрдээгүй, хууль зөрчин явуулсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон, дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.2-т заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд дуудлага худалдааг дахин явуулахаар заасан байх бөгөөд техникийн саатал гарсан тухайн тохиолдолд ажлын хэсгээс газрын цахим дуудлага худалдааг дахин явуулахгүйгээр үргэлжлүүлэн явуулсан нь иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн байна.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Газрын цахим дуудлага худалдааг зохион явуулах явцад Газрын биржийн цахим системийн үндсэн серверийн төв процессорын ачаалал хэт ихсэн системийн хэвийн ажиллагаа доголдож улмаар дуудлага худалдааны зарим оролцогчдын үнийн саналаа өгөх боломжид нөлөөлсөн учир тус өдрийн дуудлага худалдааны ялагч нарыг баталгаажуулахгүй байхаар шийдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үргэлжлүүлэн дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.24.2 дахь хэсэг Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. 24.3 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ. 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасны дагуу дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулахдаа хариуцагч ажлын хэсэг нь хууль журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж дуудлага худалдаанд оролцогчдын эрхийг ханган нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр үндэслэлтэй шийдвэр гаргасан байна.

Иймд Газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг нь газар эзэмшүүлэх дуудлага худалдааг хууль журамд нийцүүлэн явуулсан байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4-р хуралдааны 2018-1238 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Ч.Гийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Г.О ийн, 2018-1243 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Ц.Цг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаарН.Лгийн, 2018-1248 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Б.Мийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Б.Бийн, Төв аймгийн Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн хуралдааны 2018-1257 дугаар бүхий газрын нэгж талбарын дуудлага худалдааны ялагчаар Б.Гийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Л.Э-н гаргасан нэхэмжлэл, дээрх нэгж талбаруудын дуудлага худалдаанд иргэн Г.О ,Н.Л, Б.Б, Л.Э нар ялагчаар шалгарсныг баталгаажуулахыг ажлын хэсэгт даалгах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 84 хуудас

[2] Хавтаст хэргийн 82 хуудас

[3] Хавтаст хэргийн 85 хуудас

[4] Хавтаст хэргийн 125 хуудас

[5] Хавтаст хэргийн 44-45 хуудас

[6] Хавтаст хэргийн 46-47 хуудас

[7] Хавтаст хэргийн 50-53 хуудас

[8] Хавтаст хэргийн 54-60 хуудас

[9] Хавтаст хэргийн 59 хуудас

[10] Хавтаст хэргийн 60 хуудас

[11] Хавтаст хэргийн 62 хуудас

[12] Хавтаст хэргийн 228-236 хуудас

[13] Хавтаст хэргийн 62-66 хуудас

[14] Хавтаст хэргийн 84 хуудас

[15] Хавтаст хэргийн 79-81 хуудас

[16] Хавтаст хэргийн 105-106 хуудас