Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0069

 

2014 оны 02 сарын 06 өдөр                    Дугаар 69                                      Улаанбаатар хот

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Н.Т нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.Т-ын нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.Т нь 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус газарт томилогдон ажиллаж байна. Н.Т нь 2013 оны ээлжийн амралтаа 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 18 хоног эдлэхээр амралтын мэдэгдэл хүлээн авсан бөгөөд 1 өдрийн ажил таслан 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирсэн нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл бүрдсэн болно. Ажилтан Н.Т нь 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа ирэх байсан боловч ирээгүй, үдээс хойш нь татварын улсын ахлах байцаагч Ц.Т түүний утас руу залгахад холбогдохгүй байсан. Тухайн ажил тасалсан өдөр ажилтан нь өөрийн шууд харьяалах хэлтсийн дарга болон газрын дарга, түүнчлэн хүний нөөцийн ажилтнуудад ямар шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй тухайгаа мэдэгдээгүй болно.

Татварын улсын ахлах байцаагч Н.Б-т мэдэгдсэн гэх боловч тухайн ажилтан нь тайлбар хийхдээ “тэр үед би ээлжийн амралттай байсан, тэгээд ч би чөлөө олгох эрх бүхий хүн биш” гэсэн тайлбарыг өгсөн. Улсын төсвийн орлого, хяналтын газарт ажиллагсдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажил олгогч болон ажилтны эрх үүрэг хариуцлага, идэвх санаачилгыг дэмжих, ажлын цагийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, сахилга дэг журмыг бэхжүүлэх зорилгоор “хөдөлмөрийн дотоод журам”-ыг Төрийн албаны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот газрын даргын тушаалаар батлан мөрдүүлж байгаа бөгөөд тус журамд хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд хүлээлгэх хариуцлага, ажилтанд чөлөө олгох, чөлөө олгох эрх бүхий албан тушаалтны эрх үүргийн талаар дараах байдлаар зохицуулж өгсөн байдаг.

Татварын улсын байцаагч Н.Т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 өдрийн ажил тасалсан учир Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг тус тус зөрчсөн гэж үзээд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаартай Газрын даргын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрөө тухайн байцаагчид тушаалын 1 хувийг өгсөн байна. Ажилтан Н.Т-д сахилгын арга хэмжээ авсан Газрын даргын 78 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй болно. Үүнд:

  1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн албан хаагчийн хүлээх үүргийн талаар хуульчилсан ба 13.1.5-д "төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" гэж заасныг зөрчсөн,
  2. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна" гэж заасныг үндэслэн 26.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн.
  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д "Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ" гэж заасныг үндэслэн Улсын төсвийн орлого, хяналтын газрын хөдөлмөрийн дотоод журмыг 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр газрын даргын 01 тоот тушаалаар батлан мөрдүүлж байна. Энэ дотоод журмыг тус газрын ажилтан албан хаагчид дагаж мөрдөх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т "Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана" гэсэн хуулийн заалтыг үндэслэн хоригловол зохих хэм хэмжээний асуудал болон хариуцлагын хэлбэрүүдийг зөрчлийн шинж чанарыг харгалзан тогтоон мөрдүүлсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д "Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна" гэсэн заалтыг үндэслэн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн учир хариуцлага ногдуулсан болно.

Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын тушаалаар ажилтан Н.Т-д сахилгын сануулах шийтгэлийг л ногдуулсан, бусдаар байцаагчийн хэлсэн шиг давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан зүйлгүй болох нь 78 дугаартай тушаалаас харагдаж байгаа болно. Зөрчил гаргасан ажилтан Н.Т-д хууль тогтоомжид заасны дагуу л хариуцлага ногдуулсан бусдаар байцаагчийн хэлээд байгаа шиг урьдчилан мэдэгдэх шаардлага байхгүй болно. Мөн зөрчлийн шинж чанар нь тодорхой асуудлаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь илэрхий бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Газрын даргын тушаалаар зөрчил гаргасан ажилтанд сахилгын арга хэмжээ ногдуулсан байхад арга хэмжээ авсан удирдлагад болон доод шатны албан хаагчдаас тушаалыг хүчингүй болго, энэ талаар албан ёсны хариулт өг гэж шаардаж байгаа нь өөрөө хууль бус ёс зүйгүй асуудал гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага эсхүл шүүхэд гаргаж болно" гэсэн хуулийн зохицуулалттай болно. Өөрөөр хэлбэл, 78 дугаар тушаалыг хянаж шийдвэр гаргах эрх бүхий субъект нь Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга болон хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнууд биш болно. Төрийн албан хаагч нь хууль тогтоомжийг дээдэлж, хууль тогтоомжид нийцүүлэн мөрдүүлж буй байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажиллах үүрэгтэй учир энэ үүргээ биелүүлээгүй нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.

Мөн 2012 онд Татварын ерөнхий газарт татварын улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд тухайн оны ээлжийн амралтыг гүйцэд биеэр эдлээгүй нь улсын төсвийн орлого, хяналтын газарт дээрх эрхийг эдлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно” гэж заасан нь дараагийн жилүүдэд үлдсэн хоногийг эдлүүлэх боломжгүй заалт юм. Татварын улсын байцаагчдад ажлын үр дүнгээр сар бүр үндсэн цалингийн 30 хүртэл хувиар үр дүнгийн урамшуулал олгож байгаа. Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар үр дүнгийн шагнал олгох журмыг Засгийн газар батална гэж заасан. Энэхүү хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Засгийн газраас 2011 оны 344 тоот тогтоолоор татварын улсын байцаагчдад үр дүнгийн шагнал олгох журмыг баталсан. Энэхүү журмын 3.1 дэх хэсэгт “сахилгын шийтгэл хүлээсэн татварын улсын байцаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуустал ажлын үр дүнгийн шагнал олгохгүй” гэж заасан.

Энэхүү Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон заалтыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээсэн байцаагчид үр дүнгийн шагнал олгох эрх зүйн үндэслэлгүй юм. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Засгийн газар нь Улсын Их Хурлаас хуулиар тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн акт гаргаж болно. Энэ эрхийн акт нь тогтоол хэлбэрээр байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн актыг үндэслэн үр дүнгийн шагналыг олгохгүй байгаа нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна.

Иймд ажилтан Н.Т-д сахилгын шийтгэл ногдуулсан Улсын төсвийн орлого хяналтын газрын даргын 78 дугаар тушаал нь дээрх үндэслэлүүдээр хууль тогтоомжид нийцсэн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 501 дүгээр шийдвэрээр, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 26.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өдрийн 501 дүгээр шүүхийн шийдвэр хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 1-д, ... “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-аар зохицуулагддаг байна. Уг журмын 2 дугаар зүйлийн 3-т "Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын саналыг үндэслэн түүнийг ажилд томилсон албан тушаалтны шийдвэрээр ногдуулна" гэсэн журмаас үзэхэд нэгжийн удирдлага болох Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь сахилгын шийтгэл ногдуулах саналыг татварын байцаагч Н.Т-ыг ажилд томилсон Үндэсний татварын ерөнхий газрын даргад уламжлах ёстой байсан байна.

Хариуцагч Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тушаалаар "сахилгын шийтгэл хүлээлгэх" бүрэн эрхийг шилжүүлсэн гэх боловч энэ тушаал нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ын 2 дугаар зүйлийн 3 дахь заалттай зөрчилдөж байна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь, Татварын ерөнхий газрын 2009 оны 62 дугаар тушаал нь дээрх журмын дагуу гарсан бөгөөд гагцхүү сахилгын шийтгэл хүлээлгэх зарим эрхээ шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, зөрчилдөөгүй билээ. Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд харьяа доод газар болох Улсын төсвийн орлого хяналтын газар нь уг тушаалын дагуу эрх үүргээ хэрэгжүүлэн ажилласан. Харин Татварын ерөнхий газрын дарга дээрх эрхээ шилжүүлээгүй тохиолдолд татварын улсын байцаагчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн бол хууль зөрчсөн асуудал болох юм.

  1. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2-т, "Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй" гэж заасан журмыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Мөн дээрх журамд заасан ажиллагааг явуулаагүйгээс Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан "...тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна" гэсэн нөхцөлийг тодруулаагүй гэсэн нь харин ч сахилгын хамгийн хөнгөн хэлбэрийг сонгосныг үгүйсгэсэн үндэслэл болжээ. Нэхэмжлэгч Н.Т-ын гаргасан зөрчил нь тодорхой бөгөөд энэ талаар дахин шалгалт явуулах шаардлагагүй, хэн аль нь маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч Н.Т нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг хэрэгжүүлэлгүй, Улсын төсвийн орлого хяналтын газрын даргыг шууд харьяалах дээд шатны байгууллага болох Татварын ерөнхий газрын даргад гомдлоо гаргалгүй шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна.

  1. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 3-т, ... утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргасан байна ... гэдэг нь үндэслэлгүй юм. Тушаал гаргахдаа утга агуулгын алдаа гаргаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-ийг андуурч 26.1.2 гэж техник алдаа гаргасан. Үүнийг утга агуулгын илэрхий алдаа гэж үзсэн нь үндэслэлгүй болно. Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 501 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд:

Нэхэмжлэгч Н.Т-д “ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, нэг өдрийн ажил таслан хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн” гэсэн үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан Үндэсний татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасантай нийцэхгүй байна.

Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.3-д “ажлын нэг өдрийн чөлөөг нэгжийн дарга, ...олгоно”, 9.3-д “дор дурдсан үндэслэлээр сахилгын сануулах шийтгэлийг ногдуулна, 9.3.3-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 удаа ажил тасалсан бол ...” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Н.Т ажилд орох өдрөө хөдөөгөөс ирж амжихгүй, унаа саатсан талаар өөрийн шууд харьяалах ажилтан, татварын улсын ахлах байцаагч Н.Б мэдэгдсэн байхад түүнийг ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "... тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ... сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Түүнчлэн, хариуцагч захиргааны байгууллага нь Н.Т-д захиргааны шийтгэл ногдуулахдаа Монгол улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2-ийн 4, 5 а-д заасныг зөрчсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагчийн “Н.Т Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг хэрэгжүүлэлгүй, ...Татварын ерөнхий газрын даргад гомдлоо гаргалгүй шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн” гэсэн гомдол үндэслэлгүй. Учир нь,

Нэхэмжлэгч Н.Т сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Харин, шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсгүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 26.9-д заасныг” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь

хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.