Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00093

 

 

............ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01121 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1376 дугаар магадлалтай,

 

............ийн нэхэмжлэлтэй

............, ............ нарт холбогдох

 

............, ............ нарын хооронд 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг, мөн ............, ............ нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, ............ ХХК-ийн эрх болон хувьцаа, эд хөрөнгийг ............ийн нэр дээр шилжүүлэх, ............ ХХК болон ............ нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан хувьцаа эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ............, ............ нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ............гийн 2000 онд ............ ХХК-ийн 60 хувийн хувьцааны эрхийг нэг талын хүсэл зоригоор ............ид шилжүүлсэн үйлдлийг болон ............ид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа, Т.Дэлгэрбаяр, хариуцагч ............гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, хариуцагч ............гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орос Улсад 15 жилийн турш ажиллаж, мөнгө хуримтлуулан, аж ахуй нэгж байгуулан бизнес эрхлэхээр төлөвлөсөн байсан тул өөрийн төрсөн ах ............д итгэн түүнд мөнгөө шилжүүлэн 2000 онд одоогийн ............ ХХК-ийн газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авч дээрхи компанийг байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг 100 хувь өөрийн хөрөнгөөр худалдан авсан боловч нэхэмжлэгчийн эзгүйд ах ............ өөртөө хувьцааны 40 хувийг, нэхэмжлэгчид 60 хувийг эзэмшүүлэхээр бүртгүүлсэн байсан. ............ ............ ХХК-ийн үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр буцаагаад 100 хувь шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш компанийн 40 хувийн хувьцааг шилжүүлж өгөлгүй явсаар 2006 онд 100 хувь шилжүүлж өгсөн. Гэтэл 2011 онд компанийн эрхийг буцаагаад орон сууц худалдаж авахад барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй байна гэж шилжүүлж авсан. Энэ үед нэхэмжлэгчийн гарын үсгийг дуурайн зурсан байсан. Үүнээс хойш хувьцааг буцааж шилжүүлэхгүй явсаар бидний дунд үл ойлголцол үүсэн 2017 оны 10 дугаар сард ............ намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 тоот шийтгэх тогтоолоор түүнд торгох ял ногдуулсан. Мөн миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж залилан мэхлэх аргаар компанийн эрхийг шилжүүлж авсан хууль бус үйдлийг нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан хариуг өгсөн. ............ намайг зодож гэмтэл учруулсан тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасны дагуу 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ............ ХХК-ийн эд хөрөнгө, хувьцааг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ болон мөн өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцон ............ ХХК-ийн хувьцаа болон эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгнө үү. ............ ХХК нь 2000 оноос хойш Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байрлах, 5.000 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ үл хөдлөх хөрөнгө нь анхнаасаа хувь хүний өмч бөгөөд 2007 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгч дангаар өмчилдөг байсан. 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ............ ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээ байгуулахдаа гарын үсгийг хуурамчаар зурж компанийн 40 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд дээрхи 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн ............ ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож, хувьцааг миний нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү. ............ ХХК-ийн хувьцаатай холбоотой маргаан шүүхэд хянагдаж байхад 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ............тай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан компанийн 40 хувийн хувьцааг худалдан, мөн өдөр нь компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан 40 хувийн хувьцааны эрхийг түүнд шилжүүлсэн байсан. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцон хувьцааг буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............ шүүхэд гаргасан тайлбартаа: ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ зөрүүтэй тайлбарлаж байгаа нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм уу, эсхүл бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юу гэдэгт эргэлзээтэй байгаа нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох зарчимтай зөрчилдөж байна. Хариуцагч ............ 2000 онд Ц.Гантөмөрөөс Хайрхан трейд ХХК-ийн эзэмшиж буй газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 18 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд уг газар, үл хөдлөх хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулах зорилгоор ............ ХХК-ийг үүсгэн байгуулж одоог хүртэл үйл ажиллагааг нь удирдан ажиллаж байна. Уг компанийг анх байгуулах үед компанийн нийт хувьцааны 60 хувийн дүү ............, 40 хувийг ............ эзэмшихээр болсон. Тухайн үед хариуцагч өөр төрлийн бизнес хийхийн тулд нэхэмжлэгчийг 60 хувийн хувьцаа эзэмшигч болгосон. 2005 онд ............ нь уул уурхайн бизнест ормоор байна, алт ухвал ашигтай, ковш, экскаватор худалдаж авах хэрэгтэй байна, та хувьцаагаа над руу шилжүүлээд өгчих, би банкнаас зээл авья гэж гуйсан тул хариуцагч 2005.3.22-ны өдөр өөрийн эзэмшиж буй 40 хувийг хувьцааг ............ид шилжүүлсэн. Ингээд 2007.10.8-ны өдөр 40 хувийн хувьцааг ............оос ............ руу буцаан шилжүүлсэн. Харин 2011.1.22-ны өдөр ............ нь өөрийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу надад шилжүүлэн өгсөн. Энэ хувьцаа шилжүүлсэн бэлэглэлийн гэрээний зорилго нь Экологийн дулаан хаус ХХК-ийг үүсгэн байгуулж, хариуцагч өөрийн эзэмшдэг машинаа заран үйлдвэрийн байшинг нь барьж өгсөн ба тус компанийг ............ удирдаж ажиллахаар болсон. Ийнхүү дүү ............доо шинээр компани байгуулж өгөн үйлдвэрийн байр барьж өгсөн тул түүний хариу болгон дүү ............ нь ............ ХХК-ний хувьцаагаа шилжүүлсэн. Харин хувьцааг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ хийсэн шалтгаан нь дүү ............ ах дүү нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулах муухай, бэлэглэлээр шилжүүлчихье, дараа нь хувьцаа худалдсан болохгүй, амар гэж хэлсэн тул бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бидний хооронд байгуулсан дээрхи бүх хувьцаа шилжүүлэх гэрээ нь мөн чанартаа бэлэглэлийн харилцаа биш бөгөөд анх энэ үл хөдлөх хөрөнгийг ............ худалдан авч компани байгуулж үйл ажиллагааг нь хариуцаж байсан учир өмчийг ах дүү хоёр нэг нэгэндээ тус дэм болох зорилгоор харилцан шилжүүлсэн. 2005.3.22-ны өдөр би өөрийн эзэмшиж буй 40 хувийн хувьцааг ............ид банкнаас зээл авахад нь зориулж шилжүүлсэн байсан бөгөөд тэрээр зээлээ авсан тул ............гийн өмнө эзэмшиж байсан 40 хувийг 2007.10.8-ны өдөр буцаан шилжүүлсэн. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хуурамч байсныг одоо олж мэдлээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Цагдаад өгсөн мэдүүлэгтээ 2007 онд ............ ахад компаниа даатгаж үлдээсэн гэж хэлсэнтэй зөрчилдөж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2018.3.30-ны өдөр ............ ХХК-ийн 40 хувийн хувьцааг ............д худалдсан. ............оос шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлага нь 2011 оны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 60 хувийн хувьцаагаа буцаан өгөхийг шаардсан байсан бөгөөд үлдсэн 40 хувьд хамааралгүй байсан тул уг 40 хувийн хувьцаагаа ............д худалдсан. ............ Багануурын уурхайд 100 000 000 гаран сая төгрөгийн өртэй байсан ба ............гаас 150 000 000 төгрөг авч өрөө дарсан. Компанийнхаа хувьцааг 150.000.000 төгрөгт тооцож түүнд зарсан. Гэтэл сүүлд хувьцаа шилжсэний дараа ............ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул ............тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох хэлцэл биш юм гэжээ.

 

Хариуцагч ............ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ миний бие өөрийн төрсөн дүү ............ийг мэдлэг боловсрол эзэмшээд энэ компанийг цаашид үр ашигтай ажиллуулж чадна гэж итгэж түүний амьдралыг бодож өрөвдөн өөрийн үүсгэн байгуулсан ............ ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2000 онд түүний эзгүйд Оросын Холбооны Улсад байх үед нь түүний гарын үсгийг өмнөөс нь зурж хувьцаагаа бэлэглэсэн. Мөн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн худалдан авсан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө зээл авна гээд байхаар нь түүний нэр дээр бэлэглэлийн журмаар түр шилжүүлсэн. Энэ үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад дүү маань мөн л Оросын Холбооны Улсад байсан. Гэтэл миний дүү маань 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр намайг өдөн зодож улмаар таньдаг эмчээрээ гэмтлийн зэрэг тогтоохгүй гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоолгон дүгнэлт гаргуулж эрүүгийн хэрэг үүсгүүлэн намайг буруутгасан ба энэ үйлдлээрээ далимдуулан намайг шүүхэд өгсөн үйлдэлд нь би үнэхээр их гомдож байна. ............ нь намайг эрүүгийн хэрэгт хилсээр шийтгүүлсэн ба дээрхи үйлдэл нь намайг ноцтой гомдоосон үйлдэл бөгөөд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь заалтад бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн дотор бэлэглэлийг буцааж болохоор заасан ба харин бэлэглэл үйлдсэнээс хойш хэзээ буцаах эрхээ алдах талаар тусгайлан заагаагүй байна. Иймд намайг ноцтой гомдоож цагдаад өгөн эрүүгийн хэрэгт хилсээр шийтгүүлсэн, ноцтой гомдоож шүүхэд өгсөн, ноцтой гомдоож ах, дүү нарт намайг муулж миний нэр хүндийг гутаасан үйлдлээс хойш 1 жил өнгөрөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар 2000 онд ............ ХХК-ийн 60 хувийн хувьцааг ............ид шилжүүлсэн үйлдлийг болон ............ид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү. 2018 оны 12 дугаар сард ............ нь цагдаагийн тусгайд ажилладаг 2 залуутай ирээд намайг боосон. Тэгээд өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан ба ............ид гэмтлийн зэрэг гарсан байх. Надад гэмтлийн зэрэг гараагүй. 2017 оны 12 дугаар сард ............ийг зодсон гээд торгуулсан бөгөөд тухайн үед торгууль гэж хүлээн авч байсан. Одоо энэ нь миний эсрэг ашиглах зүйл боллоо гэж харж байна гэжээ.

 

Хариуцагч ............гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ............ 2018.3.30-ны өдөр ............ ХХК-ийн 40 хувийн хувьцааг тус компанийн 100 хувийг эзэмшиж буй ............гаас худалдан авч үнийг бүрэн төлөн хувьцаа шилжүүлэх, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Хувьцаа худалдан авах үед ............ нь тус компанийн хувьцааг дангаар эзэмшиж байсан. Түүнчлэн өмнө компанийн хувьцааг эзэмшиж байсан гэх ............оос шүүхэд компанийн хувьцаатай холбоотой иргэний шүүхэд маргаан явагдаж байгаа гэдгийг ............ хэлсэн ба тэрхүү маргаан нь хувьцааны 60 хувьд хамаарах, харин 40 хувьд буюу худалдан авч буй хэсэгт хамаарахгүй байсан тул хувьцааг нь худалдан авсан гэжээ. Хариуцагч ............ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2000 онд нэхэмжлэгчийн эзгүйд Оросын Холбооны Улсад байх үед нь түүний гарын үсгийг өмнөөс нь зурж хувьцаагаа бэлэглэсэн. Мөн 2006.11.20-ны өдөр өөрийн худалдан авсан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө түүний нэр дээр бэлэглэлийн журмаар түр шилжүүлсэн. Гэтэл 2017.10.2-ны өдөр хариуцагчийг өдөн зодож улмаар таньдаг эмчээрээ гэмтлийн зэрэг тогтоохгүй гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоолгон дүгнэлт гаргуулж эрүүгийн хэрэг үүсгүүлэн ............г буруутгасан ба энэ үйлдлээрээ далимдуулан шүүхэд өгсөнд гомдож байна. Хариуцагчийг эрүүгийн хэрэгт хилсээр шийтгүүлсэн ба дээрхи үйлдэл нь ноцтой гомдоосон үйлдэл бөгөөд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь заалтад бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн дотор бэлэглэлийг буцааж болохоор заасан ба харин бэлэглэл үйлдсэнээс хойш хэзээ буцаах эрхээ алдах талаар тусгайлан заагаагүй байна. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар 2000 онд ............ ХХК-ийн 60 хувийн хувьцааг ............ид шилжүүлсэн үйлдлийг болон ............ид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү. 2018 оны 12 дугаар сард ............ нь цагдаагийн тусгайд ажилладаг 2 залуутай ирээд намайг боосон. Тэгээд өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан ба ............ид гэмтлийн зэрэг гарсан, надад гэмтлийн зэрэг гараагүй. 2017 оны 12 дугаар сард ............ийг зодсон гээд торгуулсан бөгөөд тухайн үед торгууль гэж хүлээн авч байсан. Одоо энэ нь миний эсрэг ашиглах зүйл боллоо гэж харж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ............ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 онд ............ ХХК-ийг бусдаас газрын хамт худалдаж авах хөрөнгийг зөвхөн нэхэмжлэгч гаргасан. Нэхэмжлэгч Оросын Холбооны Улсад гэр бүлийн хамт ажиллаж , олсон мөнгөө ах ............д хүргүүлж байсан. Нэхэмжлэгч түүнд нийт 106.300 ам доллар, 400.500 рубль, эмэгтэй хүний өвлийн гоёлын гутал 80 ширхэгийг /нэг гутал нь 200 ам доллар байсан/ хүргүүлж ах маань ............ ХХК-ийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэртэй болсон. Ийм учраас компанийг худалдан авах мөнгө, эд хөрөнгийн хувьд ............гийн оролцоо огт байхгүй, 100 хувь нэхэмжлэгчийн мөнгөөр худалдан авч барилгын засвар хийж боссон компани юм. ............ нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд шунаж, буцааж өгөхгүй байснаас болж 2015 оноос хэрүүл маргаан гарах болсон ба энэ нөхцөл байдал даамжирсаар 2017.10 сард миний нүдэн тус газар түлхүүрээр цохиж хүнд гэмтээснээр болж арга буюу хуулийн байгууллагад хандсан. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас хэн нь гэм буруутай болохыг тогтоосон. 2018 оны 12 сард ............, ............ийг дахин зодсон бөгөөд энэ асуудал одоо прокурорт хянагдаж байгаа ба удахгүй шүүхэд шилжинэ. ............гийн хувьд хүн гомдоосон этгээд болохоос гомдсон этгээд биш тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч ............гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинбаатар сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч ............гийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь 40 хувийн хувьцаатай хамааралгүй учир сөрөг нэхэмжлэлтэй холбоотой санал хүсэлтгүй болохыг мэдэгдье гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01121 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, 280 дугаар зүйлийн 280.1.2, 280.2-т заасныг баримтлан ............, ............ нарын хооронд 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан ............ ХХК-ийн дүрмийн сангийн 60 хувийн хувьцааг ............д бэлэглэсэн гэрээ болон ............ ХХК-ийн дүрмийн сангийн 60 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэх гэрээ-г, мөн ............, ............ нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчингүйд тооцон уг гэрээний дагуу шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ............ид буцаан өгөх буюу ............ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ............д даалгаж, ............ ХХК болон ............ нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан 02 тоот ............ ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээг болон хариуцагч ............, ............ нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ............ ХХК-ийн дүрмийн сангийн 40 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг мөн ............ ХХК-ийн дүрмийн сангийн 40 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцон, ............ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгч ............ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч ............, ............ нарт даалгаж, ргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ............гийн 2000 онд ............ ХХК-ийн 60 хувийн хувьцааг ............ид шилжүүлсэн үйлдлийг болон ............ид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ............ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391 750 төгрөгийг болон хариуцагч ............гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 248 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............гаас 321 550 төгрөгийг, хариуцагч ............гаас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ............ид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5976 дугаартай захирамжаар хариуцагч............д ............ ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг, 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 14194 дугаартай захирамжаар хариуцагч ............д ............ ХХК-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, цэцэрлэг, орон сууцны зориулалттай, нэгж талбарын ............дугаар бүхий, 5.412 м.кв талбайтай газрыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 14996 дугаартай захирамжаар хариуцагч ............д Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчиний гудамж, 7 дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай, 5 000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг тус тус даалгасан ба уг захирамжууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5976 дугаартай захирамжаар хариуцагч ............д  ............ ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг, 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 14194 дугаартай захирамжаар хариуцагч ............д ............ ХХК-ийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, цэцэрлэг, орон сууцны зориулалттай, нэгж талбарын ............дугаар бүхий, 5.412 м.кв талбайтай газрыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 14996 дугаартай захирамжаар хариуцагч ............д Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчиний гудамж, 7 дугаар бүхий, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг тус тус даалгасан ба уг захирамжууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1376 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01121 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн, хариуцагч ............гийн 321 550 төгрөг, хариуцагч ............гийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа юм. Учир нь давж заалдах шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байгаа билээ. Үүнд: 1. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх дугнэлтийн тухай: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо дээрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3-т заасны дагуу хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд шүүхээс дээрхи хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхэд хүрч байгаа юм. Шүүхээс ийнхүү хуулийг буруу тайлбарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 25 дугаар зүйлийн 25.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгүүдийг үндэслэл болгосон. Гэтэл хариуцагч ............гийн хувьд өмгөөлөгч авах, төлөөлөгчөөр төлөөлүүлэх эрхээ хуульд заасны дагуу хангалттай эдэлж, хэрэгжүүлж байсан. Тэрээр өөрөө болон өмгөөлөгч төлөөлөгч нараараа дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцож байсныг дурьдав. /жагсаалтаар харуулав/ Энэ бүхнээс харахад хариуцагч ............ болон түүний төлөөлөгч өмгөөлөгч нарт эрхээ хэрэгжүүлэх боломж бололцоог шүүхээс удаа дараа олгож байсан боловч хариуцагч нар эсрэгээрээ уг боломжийг хурал хойшлуулах, удаашруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах байдлаар ашиглаж байсан нь тодорхой харагдаж байна. Ийм учраас шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл огт хийгээгүй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан өмгөөлөгч авах эрх болон 25 дугаар зүйлийн 25.1-т заасан эрхийг хэргийн оролцогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатад гаргаж өгөх эрхтэй боловч хариуцагч ............гийн зүгээс яг шүүх хуралдаан дээр эдгээр хүсэлтүүдийг гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан. Өөрөөр хэлбэл 2018.02.24-ний өдрөөс хойш 2019.04.17-ны өдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нотлох баримтыг өөрийн зүгээс огт гаргаж өгч байгаагүй, хэргийн материалтай танилцаж өмгөөлөгч, төлөөлөгч авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын уг мэтгэлцэх эрхээ дээрхи бүх хугацаанд хэрэгжүүлээгүй. Хэрэв хариуцагч шүүх хуралдаанаас өмнө биш яг шүүх хуралдаан дээр аливаа хүсэлт гаргаж байгаа бол шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу тухайн санал, хүсэлт гаргаж байгаа этгээдийн хүндэтгэн үзэх шалтгааныг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаангүй байгаа нь тухайн хүсэлт саналыг хүлээн авахгүй байх үндэслэл болно. Гэтэл хариуцагч ............ шүүх хуралдаан дээр өмгөөлөгчтэйгөө үл ойлголцсон тул өөр өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан нь түүний хувийн зохион байгуулалтын асуудал бөгөөд энэ нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч талд 2019.04.08-ны өдөр шүүх хурлын товыг мэдэгдсэн байгаа нь түүнд олгосон олон боломжуудын нэг юм. Иймд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. 2. Эвлэрэн хэлэлцэх боломж байсан эсэхийг сануулаагүи гэх тухай: Давж заалдах шатны шүүх дээрхи дүгнэлтийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэсэн бөгөөд шүүхээс ийнхүү эвлэрэх боломжийг хангаагүй, энэ тухай баримт хэрэгт байхгүй гэсэн байна. Гэтэл дээрхи хуулийн зүйл заалтаас харахад шүүх эвлэрэн хэлэлцэх талаар сануулсан тухайгаа заавал баримт үйлдэх ёстой гэсэн агуулга байхгүй байгаа нь давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж, анхан шатны шүүхийг буруутгах гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн гэж үзэхэд хүргэж байна. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх талуудыг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авсан бөгөөд хурал болгон дээр энэхүү эрхийг сануулж, талуудаас нэг бүрчлэн асуудаг байсан төдийгүй 2019.04.17-ны өдрийн шүүх хуралдаан дээр энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ............ хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул доорх гомдлыг гаргаж байна. Магадлалд “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн эрх зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласнаар талууд маргаантай үндэслэлийн талаар бүрэн мэтгэлцээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэжээ. Хариуцагч ............ шүүх хуралдаанд өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосноор хэргийн оролцогчийн эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг хязгаарласан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3.1-т заасан хэргийн оролцогчийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчигджээ” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн нэхэмжлэгч ............ миний нэхэмжлэлийг хүлээн авч 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32018/03084 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч ............гийн эрх зүйн туслалцаа авах эрхийг хангахгүй байх, хязгаарласан ямар нэг шийдвэр гаргаагүй. Хариуцагч ............ 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр болсон хэрэг хянан хэлэлцэх анхны шүүх хуралдаанд оролцохдоо “ Өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна” /1хх-ийн 158/ гэсэн хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32018/09122 дугаар захирамжаар “Хангах нь зүйтэй” гэж шийдвэрлэн шүүх хуралдааныг хойшлуулж, Хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг нь хангасан. Хариуцагч ............ өмгөөлөгчөөр О.Батсүхийг сонгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байсан бөгөөд /2хх-ийн 9/, 2018 оны 8 дүгээр сараас эрх зүйч мэргэжилтэй А.Эрдэнэбилэгт /2хх-ийн 67/ итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж эрх зүйн туслалцаа авч, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах нотлох баримтуудыг өөрөө гаргаж, мөн шүүхээр гаргуулах хүсэлт тавьж шийдвэрлүүлж байсан тул хэргийн оролцогчийн эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг анхан шатны шүүх хязгаарласан гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг үүсгэснээс хойш анхан шатны шүүх хуралдаан болсон өдрийг хүртэл 1 жил 2 сарын хугацаа өнгөрсөн. Хариуцагч ............ хэрэг шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор янз бүрийн башир аргыг олон удаа хэрэглэж байсан бөгөөд шүүх хуралдааныг үл ялих шалтгаанаар хойшлуулах, ............ болон түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байх /2хх-ийн 45, 118, 142, 159, 173, 189 дэх талд байгаа шүүх хуралдааны тэмдэглэлд нийт 6 удаагийн шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгчийн аль нэг ирэх эсхүл бүгд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэхгүй байсан нь тусгагдсан/ асуудлыг олон удаа гаргаж байсан. Хариуцагч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч шүүх хуралдаанд олон удаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тухай асуудлыг шүүгчийн Хариуцагч ............гийн хүсэлтийг шийдвэрлэх тухай захирамжид тодорхой бичсэн /3хх-ийн 34-35 дахь тал/. Уг захирамжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломж олгох үүднээс шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж нэг бүрчлэн тоочин дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ............гийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хариуцагч ............ ИХШХШТХ-ийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар шүүх хурлын товыг өөрөө лавлаж мэдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна. Мөн шүүх хурлын талаар түүний өмгөөлөгчид /2хх-ийн 245 дахь тал/ 9 хоногийн өмнө мэдэгдсэн байгаа бөгөөд ............ энэ хугацаанд өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлтийг шүүхэд гаргах хангалттай хугацаа байсан боловч хүсэлт гаргаагүй зориуд шүүх хуралдаан дээр гаргаж шүүх хуралдааныг хойшлуулах арга болгон ашигласан. Хурлын өмнөх өдрийн өглөө миний бие эхнэрийн хамт ............тай тааралдахад маргааш шүүх хурал дээр уулзнаа гэж заналхийлж байсан нь хурлын товыг мэдсэн байсныг харуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасан. Хариуцагч ............ болон түүний төлөөлөгч болон өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг нотлох баримтуудыг гаргаж өгөх, шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхэд шүүхийн зүгээс хязгаарлалт тогтоож ямар нэг шийдвэр гаргасан асуудал байхгүй. Хариуцагч ............ анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд шинээр нотлох баримт өгөөгүй нь түүний нотлох баримтуудаа хангалттай өгч мэтгэлцэх эрх нь хангагдсан болохыг харуулж байна гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана,” заасны дагуу шүүх хуралдааны явцад ............ нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ хангалттай нотолж ярих боломжийг шүүх олгосон. Шүүх хуралдааны тэмдэглэлийн ихэнх хэсэг нь ............гийн нэхэмжлэгчтэй маргаж мэтгэлцсэн асуудлууд байгааг харж болно. Түүний үгийг тасалсан, мэтгэлцэх боломж олгоогүй гэх зэргээр эрхийг нь хязгаарласан хурал даргалагчийн ямар нэг үйл явдал, шийдвэр байхгүй. Харин ч анхан шатны шүүхийг үл хүндэтгэж олон удаагийн хуралд ирээгүй Хариуцагч, түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлдэлд шүүх харьцангуй боломж олгосон байдлаар хандаж байсан гэдгийг зориуд хэлмээр байна. Иймд ............гийн эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг анхан шатны шүүх хязгаарласан гэж давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Түүнчлэн талуудын хамтран ажиллаж байсан, төрсөн ах, дүүгийн хувьд эвлэрэн хэлэлцэх боломж байсан эсэхийг 67 дугаар зүйлийн 67.1.4-д зааснаар анхаараагүй байна. Маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй гэж заасан ажиллагааг шүүх анхаараагүй. Талуудад эвлэрэх арга хэмжээг авсан, эвлэрүүлэх ажиллагааг хийсэн баримт байхгүй байна” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд эвлэрэх боломжийн талаар асуусан бид боломжгүй гэдгээ хэлсэн /3хх-ийн 5 дахь тал/. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлээс эхлээд бусад олон баримтад бид эвлэрэн хэлэлцэх ямар ч боломжгүй болсныг нотлох баримтууд байгаа. Бидний хоорондын өмч хөрөнгийн маргаан 2013 оноос эхэлсэн бөгөөд би ахыгаа хүндэтгэн 5 жил гаруй өмч хөрөнгийг маань буцааж өгөхийг гуйж аргадаж үзсэн. Эхлээд удахгүй шилжүүлэн өгнө. Жаахан хүлээж бай гэх зэргээр аргацаадаг байснаа 2017 оноос эхлэн үг хэлээр доромжлох, зодож цохих зэргээр хүч хэрэглэх болсон. Нэг удаагийн уулзалтын үеэр ............ гэнэт уурлаж намайг зодож нүд рүү төмөр зүйл атгасан гараар цохин гэмтээсэн тул арга буюу арга буюу цагдаад хандсан. Цагдаагийн байгууллага ............гийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 842 дугаар шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулсан. /1хх-ийн 5-9, Зхх-ийн 87-93/. Үүний дараа 2019 оны 12 сард дахин намайг зодож гэмтэл учруулсан хэрэгтээ одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгагдаж шүүхэд шилжсэн байгаа. Анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд ............тай эвлэрэн хэлэлцэх талаар 7 удаагийн уулзалт хийсэн боловч ямар ч үр дүнд хүрч тохиролцож чадаагүй. Эвлэрэн хэлэлцэхгүй гэдгээ анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх хугацаанд удаа дараа илэрхийлж байсны зэрэгцээ ............ бидний асуудал хурцдаж ............ нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа баримтыг шүүхэд танилцуулж байсан. Одоо бид 2 зөвхөн иргэний бүртгэл дээр нэг овогтой, нэг эцгийн бүртгэлтэй харагдаж байгаа болохоос төрсөн ах, дүүгийн ямар ч харилцаагүй болсон. Хүний ах дүүгээ хайрлаж, эцгийн оронд эцэг болж дэмжиж тусалж явах ёстой байтал төрсөн дүүгийнхээ эд хөрөнгийг хуурамч баримт бичиг бүрдүүлж луйвардаж авчихаад хууль ёсны эд хөрөнгөө нэхэхээр зодож, дээрэлхдэг эд хөрөнгөний төлөө нүдээ өгөхөөс буцахгүй, ах, дүүсээ ч хөсөр хаяж, яахаас ч буцахгүй байгаа ийм хүнтэй эвлэрэх асуудал яригдах ямар ч боломжгүй гэдгийг хэрэгт байгаа нотлох баримтууд харуулахын зэрэгцээ шүүх хурлын үед ч хурал даргалагч асуухад “Эвлэрэхгүй” гэдгээ хэлсэн, ............д ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол, дахин намайг зодсон хэрэгтээ /3хх-48/ шалгагдаж байгаа гээд хэрэгт байгаа “Талууд эвлэрэх ямар ч боломжгүй”-г нотлох баримтууд хангалттай байхад давж заалдах шатны шүүх эвлэрэл санал болгох үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийснийг хэргийг буцаах гэсэн шалтаг гэж харж байгаа бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна. Эцэст нь хэлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэсний дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтуудыг сайтар танилцан хянаж үзэхгүй хууль үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж гомдож байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаж байгаа шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............, хариуцагч ............д холбогдуулан 2011 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг, 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчингүй болгуулах, ............ ХХК-ийн хувьцаа, эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэх, 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ............ ХХК болон ............ нарын хооронд байгуулагдсан хувьцаа эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг,

хариуцагч ............, ............ нарт холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй ба ............ нь 2000 онд ............ ХХК-ийн 60 хувийн хувьцааны эрхийг ............ид шилжүүлсэн үйлдлийг болон 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу ............ид Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлд нийцээгүйгээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг тус тус зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан журмыг зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.” гэж заажээ.

Шүүх ............ийн нэхэмжлэлд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 8 удаа шүүх хуралдаан товлож, хуралдааныг зохигчийн хүсэлтээр хойшлуулсан, зохигчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан тул шүүх хуралдаанд бэлтгэх, өмгөөлөгч авах эрх, үүргээ биелүүлээгүй хариуцагчийн буруутай үйл ажиллагааг зөвтгөх үндэслэлгүй бөгөөд магадлалыг хүчингүй болгоно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, өөрөөр хэлбэл талуудын хооронд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж өмчлөх эрхээ буцаан шилжүүлэх тухай маргаан эсвэл компанийн хувьцаа эзэмшигч нарын хоорондох маргаан аль нь болохыг тогтоож, зааглаагүйн улмаас хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эсвэл хүчин төгөлдөр бусд тооцуулах аль шаардлагыг гаргасныг тодруулах шаардлагатайгаас гадна бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохын тулд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зайлшгүй хийх эрх зүйн дүгнэлтийг шүүх анхаараагүй байв. Нэхэмжлэгч нь “............... ХХК-ийн эрх, хувьцааг нэр дээрээ шилжүүлэх...” гэх шаардлагыг нэхэмжлэлдээ илэрхийлсэн боловч ............ ХХК-ийн хувьцааг дангаараа, 100 хувь өмчлөлдөө авахыг заагаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой гаргаагүйн улмаас хариуцагч нь өөрийгөө 40 хувийн хувьцаа эзэмшигч гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаж байснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын талаар бүрэн ойлгож, мэтгэлцсэн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Түүнчлэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь компанийн эд хөрөнгө эсвэл тусдаа эд хөрөнгө эсэхийг тодруулах шаардлагатай эсэхийг шүүх анхаарах нь зүйтэй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах үндэслэлтэй гэж үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01121 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1376 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 280 800 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 280 800 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

                                   ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА