Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

  2022          03            28                                       2022/ШЦТ/219

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.О,  

шүүгдэгч Н.”О” , түүний өмгөөлөгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Н-ийн “О” ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21100 0000 1155 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр С аймгийн О суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-0, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Сонсголонгийн 0 дугаар гудамжны 000-Б тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

     1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

     2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон,

     3. Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоосон, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 248 дугаартай захирамжаар 4 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан,

     4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, ялыг эдэлж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 15 хоногийг хорих ялаас өршөөн хэлтрүүлж, суллагдсан,

     5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Н-ийн “О”  (РД:).

 

     Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн тогтоох хэсгийн товч агуулга:

     Яллагдагч Н.”О”  нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн “0-000”  тоот хашааны гадна байсан иргэн А.Е-ийн өөрийн 0000 УБЕ улсын дугаартай Соната 6 загварын тээврийн хэрэгслийн кабин дотроос “I Phone XR” гар утсыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдад 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.”О” аас: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 21100 0000 1155 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

 

3. Хохирогч А.”Е” 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн “0-000”  тоот хашаанд амьдардаг. Өнөөдөр би 17 цагийн орчимд өөрийн “0000” -УБЕ улсын дугаартай, саарал өнгийн “Сонота-6” маркийн авто машинтай усанд явчхаад хашааныхаа гадаа ирж, худгаас авсан усаа гэртээ оруулахдаа машинаа цоожлолгүй үлдээгээд, гэртээ орж ...усаа оруул тавьчхаад гараад ирэхэд миний машины урд хянах дээр гар утас тогтоогч дээр тогтоон үлдээсэн I phone Х-10 загварын, хар өнгийн гар утас байхгүй, алдагдсан байсан. Цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Би 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “I phone Х-10” загварын гар утсыг “Сайн” компьютер нэртэй дэлгүүрээс шинээр 1.899.000 төгрөгөөр ...худалдан авч байсан. Би худаг руу машинтайгаа явсан. Усаа аваад ... гэртээ оруулж тавьчхаад гараад ирэхэд миний гар утас байхгүй байсан. Намайг гэр рүү орсон хойгуур “П”  гэх хүн миний машины ойролцоо байсан гэж манай эгчийн хүүхэд Эмүжин харсан гэдгийг нь сонссон. Ойролцоо байдаг “Хөгнө хан” нэртэй хүнсний дэлгүүрт ороод худалдагчаас нь ““П”  танай дэлгүүрт орж ирсэн үү” гэж асуусан. Дэлгүүрийн эгч надад саяхан орж ирээд 0.5 литрийн хэмжээтэй архи аваад гарах үедээ хажуудаа зогсож байсан танихгүй хүнд хар өнгийн гар утас харуулаад, 100.000 төгрөгөөр энэ гар утсыг авах уу гэж асуугаад гарсан гэж хэлсэн. ...Би “С”  ахтай уулзаж “П”  хаана байна, та хоёр миний гар утсыг бариад дэлгүүрийн гадаа зогсож байна гэж хэлэхэд “С”  ах надад ““П”  хар өнгийн I phone загварын гар утасны сим картыг нь надаар авхуулаад, гар утсыг 100.000 төгрөгөөр худалдаж авах уу гэж асуугаад надаас 5.000 гуйгаад энэ гар утсыг зараад буцааж өгье гэж хэлээд явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

-Хохирогчоор 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн: “...Миний алдсан гар утсыг анх төрсөн эгч А.”Т”  “Сайн” компьютероос лизингээр худалдан авч байсан. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би төрсөн эгч  А.”Т” аас 1,930,000 төгрөгийг бэлнээр өгч худалдан авсан. Би бол дэлгүүрийн камерыг шүүж үзээгүй. “С”  ах хэлэхдээ дэлгүүрийн гадна камер шүүхэд бид хоёр зогсож байгаа, би гар утасны симийг салгаж өгсөн байгаа дэлгүүрийн камераас харагдана гэхээр нь өөрөө камер шүүж үзсэн юм шиг хэлчихсэн байна. Мөн “Хөгнө хан” дэлгүүрийн худалдагч “А”  ахтай уулзахад “П”  хочтой “О”  нь манай дэлгүүрт орж ирээд гар утас авах хүн байна гээд асуугаад байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

4. Гэрч Я.”Б” ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ... “Мини” маркет дэлгүүртэй гудамжны үзүүрт ганцаараа явж байсан чинь хочийг нь “П” , нэр нь “О” тай тааралдсан. Тухайн үед бага зэрэг халамцуу байсан. “О”  “Мини” маркет дэлгүүрээс 0,5 литрийн ...архи барьчихсан, нэг том ундаатай нэлээн согтуу ганцаараа гарч байсан. Бид хоёр архийг нь уух гээд гудамжны үзүүрт зогсож байсан чинь цагдаа нар ирээд эрүүлжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

5. Гэрч А.”Т” ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сард “Сайн” электроникоос би “I Phone ХР” загварын гар утас лизингээр 1,999,000 төгрөгөөр худалдан авсан. Төрсөн дүү “Е”  гар утсыг надаас бэлэн 1,930,000 төгрөг төлөөд авсан. Би уг гар утсыг бэлнээр авсан, зээлээ хаагаагүй өөрөө төлж байгаа. ...Энэ гар утас төрсөн дүү “Е” гар утас юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

6. Гэрч С.”С” ын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэж санаж байна, 17 цагийн үед “Хөгнө хан” дэлгүүрээс тамхи авах гээд явж байсан чинь “П”  /нэрийг нь сайн мэдэхгүй/ нэлээн согтуу дэлгүүрийн ойролцоо ганцаараа байсан. “П”  хар өнгийн гар утас гаргаж ирээд, утасны сим картыг аваад өгчих гэхээр нь /учир нь өөрөө нэлээн согтуу симийг нь авч чадахгүй байсан/ би симийг аваад өөрт нь өгсөн чинь симийг нь ...хаячихсан. ...Би наад утас чинь хэний утас юм симийг нь хаяад гэсэн чинь би сая гудамжинд Тунгаагийн дүүгийн гар утсыг хулгайлчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яаж хулгай хийдэг юм бэ гэж хэлсэн. Памбагыг тоглоод байна л гэж бодсон. Тухайн гар утас “I Phone” загварын …хар өнгийн гар утас л байсан. “П”  тэр гар утсыг зарах гээд хүмүүсээс асуугаад байсан. ...Гар утсыг зарсан эсэхийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

7. Гэрч Д.”Б” ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхнэр болон хүүхдүүдийн хамт амьдардаг. ...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эхнэрийн хамт 18 цагийн үед санаж байна, “Хөгнө хан” дэлгүүрийн гадна “Портер” машинтайгаа зогсоод эхнэр дэлгүүр рүү орсон байсан. Тэгсэн нэг согтуу эрэгтэй хүн ...машинд орж ирээд суухаар нь гайхаад чи яах гэж байгаа юм гэж асуусан чинь гар утас авах уу гэсэн. Тэр хүн нэлээн согтуу байсан. Би тэр гар утсыг авахгүй гээд байж байсан чинь эхнэр дэлгүүрээс гарч ирээд ...машинд суух гээд тэр согтуу хүнийг машинаас буу гэхэд буухгүй байсан. Гар утсаа зарчихмаар байна гэсэн. Эхнэр тэр хүнээс чи ямар учиртай гар утас зарах гээд байгаа юм бэ гэхэд тэр хүн согтуу эмэгтэй хүн машинд суугаад төлбөрөө өгөхгүй гар утсаа өгчхөөд явсан гэж хэлсэн. ...100,000 төгрөгөөр зарна гэж байснаа нэг шил аваад өгчих, тэгээд энэ гар утсыг авчих гэж хэлсэн. Наад утас чинь хулгайн утас биш биз гэж би асуухад биш ээ гээд гуйгаад байсан. Яагаад ...хямдхан зарах гэж байгаа талаар асуухад тэр хүн “би согтуу машин барьж яваад машинаа ачуулчихсан, сэтгэл санаа тийм байна, архи уумаар байна” гээд байсан. Тэгэхээр нь би дэлгүүрт ороод өөрийн Хаан банкны “0000000”  дугаарын данснаас нэг архины мөнгө 16,000 төгрөг шилжүүлсэн. ...Маргааш нь машинтайгаа ачаа зөөгөөд явж байхдаа тэр гар утсыг хүнд үзүүлсэн чинь “I Phone” байна ашиглаж болохгүй хүнд нь буцааж өг гэсэн. Гар утсаа ирээд авах байх гэж гар утсыг унтраахгүй машиндаа үлдээсэн. Өнөөдөр цагдаагаас утсаар холбогдоход нь машинд байсан гар утсыг хайгаад олоогүй. ...Миний хувьд 16,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

8. Гэрч П.”З” ын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр Б.”Б”  болон хүүхдүүдийн хамт амьдардаг. ...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нөхрийн хамт 18 цагийн үед ... “Хөгнө хан” дэлгүүрээс ороод хүнсний зүйл аваад гарч ирэхэд нэг согтуу хүн машинд сууж байхаар нь гайхаад “чи яах гэж байгаа юм” гэж асуусан чинь “гар утас авах уу” гэсэн. ...Би тэр гар утсыг нь авахгүй гээд машинаас буу гэхэд буухгүй байсан. ...100.000 төгрөгөөр зарна гэж байснаа нэг шил архи аваад өгчих, тэгээд энэ гар утсыг авчих гэж хэлсэн. Тэгсэн нөхөр “наад утас чинь хулгай утас юм биш үү” гэхэд “согтуу эмэгтэй таксины мөнгөө өгөхгүй оронд нь өгөөд явсан” гэж хэлсэн. ...Тэгээд нөхөр тэр согтуу хүний хамт дэлгүүр орсон. Би машиндаа суугаад үлдсэн. ...Нөхөр надад хэлэхдээ шал дэмий гар утас авсан ашиглах боломжгүй юм байна гэж хэлсэн. Нөгөө гар утсаа машинд байсныг хайгаад олохгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

9. “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХУ2-21-686 дугаартай: “ I phone XR маркийн гар утасны зах зээлийн үнийг 1.599.920 төгрөгөөр тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

10. Хохирогчид хохирол нөхөн төлсөн талаарх Хаан банкан дахь Н.”О” ын 5085167374 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 123 дахь тал),

 

11. Яллагдагч Н.”О” ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр архи уугаад нэлээн согтуу ганцаараа явж байгаад ...7 дугаар гудамжинд саарал өнгийн “Соната-6” машины хаалгыг татсан чинь онгорхой байсан. Машины урд салон дээр байсан гар утсыг авсан. ...Цагаан портер машинтай хүнд зарчих шиг болсон, нэг шил архи авхуулаад мөнгө авсан эсэхээ сайн санахгүй байна. Архийг би “Б” тэй хамт уугаад, цагдаа нарт баригдаад эрүүлжүүлэгдсэн. Гар утасны хохирлыг бүрэн барагдуулсан. 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, үлдэгдэл мөнгийг бэлнээр “Е” д өгсөн. Архи уух гээд л гар утсыг авсан нь үнэн. Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал),

 

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал), Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дахь тал), Н.”О” ын Хаан банканд эзэмшдэг 5085167374 тоот дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 128 дахь тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоол, суллагдсан тодорхойлолтууд  (хавтаст хэргийн 62-109 дэх тал) болон шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуульд “О” ын “А”  нь 8в ангид, “О” ын “А”  нь 3а ангид тус тус суралцдаг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгт “О” ын Чингүүнжав, “О” ын “Ч”  нар суралцдаг тухай тодорхойлолтууд, О.Чингүүнжав, О.”А” , О.”А” , О.”Ч”  нарын төрсний гэрчилгээний хуулбар, Н.”О” ыг өвчний жагсаалтын 1-1-5 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2021 оны 5 дугаар сарын 31-ээс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан эмнэлгийн магадалгаа болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Н.”О”  нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн “0-000”  тоот хашааны гадна байсан өөрийн “0000”  УБЕ улсын дугаартай “Соната-6” загварын, иргэн А.”Е” тээврийн хэрэгслийн кабин дотроос “I Phone XR” гар утсыг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдад 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах”, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

Тээврийн хэрэгслийг тусгайлан хамгаалсан байр, агуулах сав гэж үзэж байгаа. Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 511 дугаартай тогтоолоор Хулгайлах гэмт хэрэг дээр Хүний халдашгүй хуулиар хамгаалсан орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй нэвтэрснийг хууль бус нэвтрэлт гэж үзнэ гэсэн байдаг. Тээврийн хэрэгсэл нь эд зүйлээ хадгалах агуулах, орон байр гэдэгт хамаарна гэж үзэж байгаа тул өмгөөлөгчийн зүйлчлэлийн талаарх тайлбар үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтийг;  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяраас шүүх хуралдаанд хууль зүйн талаас хэргийн зүйлчлэлд маргаж оролцох талаар илэрхийлж, гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “шүүгдэгч Н.”О”  гэм буруу дээр маргахгүй. Харин зүйлчлэлийн хувьд тээврийн хэрэгсэл нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан орон байр, агуулахад хамаарахгүй. Прокурор тээврийн хэрэгслийг эд зүйлээ хадгалах тусгайлан хамгаалсан орон байр, агуулах сав гэж үзсэн. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээврийн замаар тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг ойлгохоор хуульчилсан. Гэмт хэрэг үйлдсэн гэх автомашин нь суудлын машины зориулалттай, тусгай зориулалттай биш юм. Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-в-д “Суудлын тээврийн хэрэгсэл” гэдгийг жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин байхыг хуульчилсан ба суудлын машин байр, агуулах, эд зүйл агуулах зориулалттай биш юм. Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тайлбарлахдаа “нэвтрэхийг зөвшөөрөөгүй, эсхүл тухайн хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай, хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсхүл хамгаалалтыг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээтэй хэсгийг эвдэх, хөших, цуургыг сугалах зэргээр нэвтэрсэн бол хууль бус нэвтрэлт байхаар тайлбарласан. Гэтэл тээврийн хэрэгсэл өөрөө онгорхой, хориг саад, эвдрэл гэмтэл тогтоогдоогүй тул зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн орон байранд түр болон байнга амьдрах гэр, орон сууц, зочид буудал, майхан гэх зэргийг, агуулахад бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгийг хадгалах тусгайлан зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ойлгоно. Тиймээс суудлын тээврийн хэрэгсэл агуулахад хамаарахгүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Н.”О”  нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Сонсголонгийн 7 дугаар гудамжны 294 тоот хашааны гадна байрлуулсан байсан иргэн А.”Е” эзэмшлийн “0000”  УБЕ улсын дугаартай “Соната-6” загварын хүн тээвэрлэх зориулалттай суудлын автомашины кабинд 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр хууль бусаар нэвтэрч  I Phone XR загварын гар утсыг хулгайлан авч, бусдад 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

 

-Хохирогч А.”Е” 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машинаа цоожлолгүй үлдээгээд, ...гараад ирэхэд ...машины ...гар утас тогтоогч дээр үлдээсэн I phone Х-10 загварын, хар өнгийн гар утас байхгүй байсан. ..”С”  ах надад ““П”  хар өнгийн  I phone загварын гар утасны сим картыг надаар авхуулаад, ...5.000 төгрөг гуйгаад ...гар утсыг зараад буцааж өгье гэж хэлээд явсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал) болон түүний 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

-Гэрч С.”С” ын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”П”  хар өнгийн гар утас гаргаж ирээд ...симийг нь ...хаячихсан. ...хэний утас юм ...гэсэн чинь би сая гудамжинд Тунгаагийн дүүгийн гар утсыг хулгайлчихсан гэж хэлсэн. ...“I Phone” загварын …хар өнгийн гар утас байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

-Гэрч Д.”Б” ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...согтуу эрэгтэй хүн ...гар утас авах уу гэсэн. ...Эхнэр ...чи ямар учиртай гар утас зарах гээд байгаа юм гэхэд ...эмэгтэй хүн машинд суугаад төлбөрөө өгөхгүй гар утсаа өгчхөөд явсан гэсэн. ...хулгайн утас биш биз гэж асуухад биш ээ гээд байсан. ...Хаан банкны “0000000”  дугаарын данснаас архины мөнгө 16,000 төгрөг шилжүүлж, ...гар утсыг хүнд үзүүлсэн чинь “I Phone” байна, ашиглаж болохгүй ...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

-Гэрч П.”З” ын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...согтуу хүн ...“гар утас авах уу” ...100.000 төгрөгөөр зарна гэж байснаа нэг шил архи аваад өгчих, тэгээд гар утсыг авчих гэсэн. ...нөхөр тэр согтуу хүний хамт дэлгүүр рүү орсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

-Гэрч А.”Т” ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

-Яллагдагч Н.”О” ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...7 дугаар гудамжинд саарал өнгийн “Соната-6” машины хаалгыг татсан чинь онгорхой байсан. Машины урд салон дээр байсан гар утсыг авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал)

- “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХУ2-21-686 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Дээрх үйл баримтад үндэслэн прокуророос шүүгдэгч Н.”О” ын үйлдлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.М дээр дурдсан хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд үндэслэлээ “суудлын тээврийн хэрэгсэл нь эд зүйл хадгалах, агуулах сав биш, тээврийн хэрэгслийн кабиныг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан орон байранд хамааруулан үзэхгүй. Нэвтрэхийг зөвшөөрөөгүй, хориглосон орон зай, хориг саад, хамгаалалтыг, эсхүл хамгаалалтыг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээтэй хэсгийг эвдэх, хөших, цуургыг сугалах зэрэг үйлдэл байхгүй, тээврийн хэрэгсэл онгорхой байсан, үзлэгээр хориг саад, эвдрэл гэмтэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаснаас шүүх тээврийн хэрэгсэл буюу автомашиныг агуулах сав биш гэж маргасныг, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай дүгнэлтийг доорх үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч А.”Е”  нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 7 дугаар гудамжны 294 тоот хашааны гадна “0000”  УБЕ улсын дугаартай “Соната-6” загварын тээврийн хэрэгслийг байрлуулж, уг тээврийн хэрэгслээр зөөж авчирсан усаа гэртээ оруулах үедээ тээврийн хэрэгслийг цоожлоогүй үлдээсэн байхад нь шүүгдэгч Н.”О”  нь хууль бусаар нэвтэрч кабин дотроос “I Phone XR” гар утсыг нь хулгайлан авсан нь  тогтоогджээ. Тухайн гар утсыг 2021 оны 08 дугаар сард “Сайн” электроникоос худалдан авч улмаар А.”Е” д худалдсан талаар хохирогч, гэрч нараас мэдүүлсэн тул хохирогчийг зөв тогтоосон гэж үзнэ. Энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлжээ.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь хууль зүйн хувьд:

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч байгаа үйлдлийг ойлгоно.

Өөрөөр хэлбэл нууц далд аргаар авах гэдгийг: өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд хөрөнгийг хадгалан хамгаалж буй орон зайнаас хөдөлгөн өөрийн эзэмшил болгоход чиглэсэн бүхий л идэвхтэй үйлдлийг хамааруулна.

 

Мөн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр тодорхойлсон “Агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, тээврийн чингэлэг, хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашин зэргийг хамааруулан ойлгохоор тайлбарласан байна.

Эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдлыг хууль бус нэвтрэлт гэж үзэх бөгөөд тээврийн хэрэгслийн кабин нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байх ба, хаалга нь онгорхой байгаа байдлыг ашиглан сэм орсон үйлдэл нь хууль бусаар агуулахад нэвтэрсэн гэж үзэх үндэслэл болж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй юм.

Дээрхээс нэгтгэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.”О”  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдад худалдсан буюу гар утсыг шилжүүлснээр гэмт хэрэг төгсжээ.

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр үйлдсэн байна.

Харин хүн байнга амьдрах орон байр гэдэгт байнга эсхүл түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, амралт сувиллын газрыг, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нийтийн үйлчилгээний газрыг хамааруулан ойлгох тул прокуророос “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн” гэсэн хүндрүүлэх шинжүүдээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “агуулах”-д нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан ба, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар I phone XR маркийн гар утасны зах зээлийн үнийг 1.599.920 төгрөгөөр үнийг тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.”О”  нь хохирогч А.”Е” д 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 123 дахь тал) байх ба хохирогч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгт “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол саналгүй” гэсэн (хавтаст хэргийн 121, 126 дахь тал) байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.”О” ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаарддаг. Энэ хэрэгт гэм буруугийн талаар маргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байна” гэсэн санал, дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяраас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзнэ” гэж хуульчилсан. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны дөрвөн хүүхэдтэй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Н.”О”  нь өмнө ял эдэлж дууссан учраас хүндрүүлэх нөхцөл болохгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Н.”О” ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгч хууль зүйн талаас хэргийн зүйлчлэлд маргасныг шүүгдэгч маргасан гэж үзэхгүй” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч Н.”О” ын хувийн байдлыг судалсан нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр урьд өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах гэмт хэрэгт 2005, 2009, 2009, 2014, 2018 онд тус тус ял шийтгэгдэж байсан хувийн байдалтай байна.

Тэрээр сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх тул эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй, нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэний дараа хохирол, хор уршгийг арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Н.”О”  хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэх учиртай.

Шүүгдэгчийн гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал буюу удаа дараа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан боловч засарч хүмүүжээгүй зэрэгт шүүх дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”

-1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан буюу шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч нь Н.”О”  нь урьд 5 удаа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан боловч засарч хүмүүжээгүй, нийгэмшээгүй дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалтай байгаа нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг түүнд хэрэглэх нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзнэ.

 

3. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.”О” ын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасахаар тогтоож,

-Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-гийн “О” ыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар “агуулах”-д нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.”О” ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.”О” ад оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.”О”-ын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.”О” ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд  зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.”О” ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН