Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 11

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А.У-ын ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12  сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Нарийн бичгийн дарга Г.Н  нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн. Би 1986 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан юм. Энэ хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэр бүлийн хүмүүс байгаа юм. А.У-ын 1986 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан баримт нь олдохгүй байгаа юм. Иймд энэ хугацаанд ажиллаж байсныг нь тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.У  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч А.У-ын хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12  сарын 18-ны өдрийн 346 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Т.М-ын:“... А.У  нь 1986 оноос 1990 оныг  дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадад малчинаар ажиллаж байсан. Би Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадад адуу маллаж байсан юм. Эднийх сумын хойш нутагладаг айл байсан. Өвөрхангай аймгаас шилжиж ирж байсан айл байгаа юм....” гэх мэдүүлэг,

 Гэрч Х.М-ийн:“... А.У нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадад 1986 оны 1 сараас 1990 оныг  дуустал малчинаар ажиллаж байсан. Манай аав нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан, манайх Төгрөг бригадын төв дээр байдаг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг,

Гэрч З.М-ын: “...Аав, ээжийн хамт Өвөрхангай аймгаас Сайхан-Овоо суманд шилжиж ирж байсан хүн байгаа юм. А.У нь 1986 оны 1 сараас 1990 оныг  дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадад малчинаар ажиллаж байсан. Тухайн үед ажилгүй хүн гэж байдаггүй байлаа. Бүх хүн л  нэгдэлд ажилладаг байсан. Би тухай үед тус нэгдэлд 1981 оноос 1996 он хүртэл малчинаар ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 359 дугаартай “Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд 1986 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан тухай тушаал байхгүй байгаа учир А.У-т холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна....” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 2/34 дугаартай “Тус сумын 4-р багийн иргэн А.У нь Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлийн Төгрөг бригадын Дэлгэрэх хэсэгт 1986 оноос 1990 оныг дуустал мал маллаж байсан болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,

4.Нэхэмжлэгчид 1981 оны 10 сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдлээс олгосон 1985 оны 1 сараас 1990 оны 12 сар хүртэл ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

5.Нэхэмжлэгчид Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдлээс 1989 оны 8 сарын 4-ний өдөр олгосон “Баярын бичиг”-ийн хуулбар, 1990 оны 2 сарын 20-нд олгосон “Энх сүрэгтний гэрчилгээ”-ний хуулбар баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар А.У-ын 1986 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.У нь 1986 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.УРАНЧИМЭГ