Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

С.Ц-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын  15-ны өдөр хүлээн авч, 2017  оны 12 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Ц

Нарийн бичгийн дарга Ч.Ц нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 56 нас хүрч байна. Улсад 24 жил ажилласан. Үүнээс 1982 оны 6 сарын 20-ноос 1991 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэггүй, шаардлага хангахгүй байна. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн 1982 оны 6 сарын 20-ноос 1991 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.Ц-ийн ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 318 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Д.Д :“... С.Ц нь Говь-Угтаал сумын  Хонгор бригадын хүн байгаа юм. Манай охины ангийн хүүхэд байгаа юм. С.Цэнд-Аюуш нь 1982 оны 6 сарын 20-ноос 1991 оны 1 сарын 1-нийг хүртэл Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлийн Хонгор бригадад мал тууварчинаар ажиллаж байсан юм. Би энэ хугацаанд тус нэгдэлд малчинаар ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг,

 Гэрч Д.Б : “ ...С.Ц нь 1982 онд цэргээс ирээд 1982 оны 6 сарын 20-ноос 1991 оны 1 сарын 1-нийг хүртэл Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлийн Хонгор бригадад малчин, мал тууварчинаар ажиллаж байсан. Би энэ хугацаанд тус нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Э : “...С.Ц нь 1982 оны 6 сарын 20-ноос 1991 оны 1 сарын 1-нийг хүртэл Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлийн Хонгор бригадад малчин, мал тууварчинаар ажиллаж байсан.Би энэ хугацаанд Говь-Угтаал сумын АДХГЗ-ны санхүү тасгийн ня-бо, татварын байцаагчаар ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 318 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн- Өрнөлт нэгдэлд 1982 оны 6 сарын 20-ноос 1991 оны 1 сарын 1-нийг хүртэл малчинаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир С.Ц-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна...” гэх тодорхойлолт,

3.Нэхэмжлэгчид Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлээс олгосон 1983 оны 3, 4, 8, 9, 10 сар, 1984 оны 3-7, 11 сар, 1985 оны 10 сар, 1986 оны 2-9, 12 сар, 1987 оны 4, 8 сар, 1988 оны 9, 11-12 сар, 1989 оны 3-5, 8-12 сар, 1990 оны 1-12 сарын ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

5.Дундговь аймгийн Говь-Угтаал сумын АДХГЗ-ны 1988 оны 8 сарын 25-ны өдрийн 50 дугаартай “МАА-н үйлдвэрлэлд малчин гаргах тухай” тушаалын хуулбар,

6.Нэхэмжлэгчид Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 8 сарын 16-ны өдрийн 3/100 дугаар албан бичгээр олгосон 1982 оноос 1991 онуудын цалин тооцооны хүснэгтийн хуулбар, 423212 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар С.Ц-ийн 1982 оны 6 сарын 20-ноос 1991 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн Өрнөлт нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Ц нь 1982 оны 6 сарын 20-ноос 1991 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.УРАНЧИМЭГ