| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0925/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/946 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/946
2018 11 02 946
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч П.Б..............м, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2128) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Баатар ван овогт П.............вын Б..............мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1803 0066 80360 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Баатар ван овогт П.............вын Б..............м, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй........................ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........................... оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн ..........................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч П.Б..............м нь 2018 оны 8 дугаар сарын 8-ны шөнө 03 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын замд П.Б...........гийн эзэмшлийн Hyandai Sonata NF маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл, ...асахгүй буюу бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч /41 настай, эрэгтэй/ О.Ц.................ныг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б..............м шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11),
2. Хохирогч О.Ц.................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 07-ны орой 23 цагт гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын буудал дээр найз Б...............гатай уулзахаар гарсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн хуучин автобусны буудлын баруун талд байрлах нийтийн караокед орж Б...............гыг хүлээж суусан боловч ирээгүй. Би найзыгаа хүлээж байх хугацаандаа 0.5 грамм Сэнгүүр пиво 4 шилийг уугаад 2018 оны 8 дугаар сарын 08-ны шөнө 03 цаг 50 минутын орчим караокеноос гарсан. Тэгээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү зам хөндлөн гарсан. Би зам хөндлөн гарах үедээ зүүн талынхаа гарыг өргөөд зам гарсан эхний 2 машин зам тавьж өгсөн түүний араас ирж явсан машин намайг ирж мөргөсөн. Миний зүүн талын ташаа талаас мөргөхөд би баруун талаараа газар унасан байсан...Зам хөндлөн гарах үедээ би явган хүний гарцгүй газраар гарсан болов уу гарц хойхон талд байсан...Машин 30-40 метрийн зайнаас ирж харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25),
- “...жолооч Б..............м бид хоёр наториат орж хохирол барагдуулсан...надад цаашид гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй... надад 2.000.000 төгрөг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9852 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы гадна доод хэсэг, тохой, баруун ташаа, өвдөг, шагайн гадна хажуугаар 7х4см хүртэл хэмжээний хүрэн тав бүхий зулгаралтуудтай...
2018.08.08-ны КТГ: баруун талын зулай, чамархай яс дайран доош хөхлөг сэртэн, баруун суурийн хөндийн гадна хана руу үргэлжилсэн шугаман хугаралтай. Суурь ясны хугарлын харалдаа маш бага хэмжээний хий тодорхойлогдоно. Хугарлын улмаас баруун хөхлөг сэртэн болон 2 талын суурийн хөндийд цустай. Зүүн талын чамархай хэсгийн тархины эдэд 0.4см хэмжээтэй цэгчилсэн цус хуралттай. Зүүн талын чамархайн хэсгийн тархины хооронд цус харвалттай. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан хавантай...баруун талын зулай чамархай хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай...
КТГ: ...Зүүн талын сүүжний дэлбээ ясны хонхорын дээд хэсгээс эхлээд доош ацетабулумын өмнөд багана руу үргэлжилсэн, үений гадаргуу дайрсан зөрөө бүхий, дунд баганад зөрөөгүй хугаралтай. Зүүн умдаг ясны дээд салаа ар хэсгээр ацетабулумын өмнөд багана руу бага зэрэг шаантагласан, доод салаа зөрөөгүй хугаралтай. Ууцны 1-3 нугалмуудын баруун талын латерал масс нүх дайрсан зөрөөгүй хугаралтай. Хугарлын ойролцоох булчингууд хавагнаж зузаарсан... ДҮГНЭЛТ:
- О.Ц.................ны биед гавлын баруун зулай, чамархай хөхлөг сэртэн, баруун суурийн хөндийн гадна ханын шугаман хугарал, тархины зүүн чамархай хэсгийн цус харвалт, аарцаг зүүн сүүжний тогоо ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, тохой, баруун ташаа, өвдөг, шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо....
- Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.6.1-д зааснаар хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46),
4. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 55521 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 52-59),
5. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 554 дугаар дүгнэлтэд
“...1. “Hyundai Sonata NF маркийн ............... улсын дугаартай автомашиныг жолооч П.Б..............м нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, ....асахгүй буюу бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 55521 дугаартай шинжээчийн дүгнэлт: Баруун талын их гэрэл асахгүй, зүүн талын их гэрэл асаж байгаа боловч хүчиндээ хүрэхгүй байгаа нь зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой.
2. Явган зорчигч О.Ц.................н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дахь заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно” а/ “явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй, үедээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-64),
6. Иргэний хариуцагч П.Б...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 08-ны шөнийн 03 цаг 40 минутын орчим миний төрсөн дүү П.Б..............м нь миний өөрийн эзэмшлийн Hyundai Sonata 6 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэрээс гарч намайг тосч авахаар Нисэх рүү явах үедээ Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын орчим зам тээврийн осол гаргасан байсан. Энэ осол гаргасан талаар надад тухайн өдрийн 04 цагт мэдэгдсэн....явган зорчигч О.Ц.................ны эмчилгээний зардлыг дүү Б..............м бид хоёр хамтарч барагдуулах болно. Одоогийн байдлаар нийт 600.000 төгрөгийг өөрт нь гаргаж өгсөн болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),
7. Шүүгдэгч П.Б..............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 08-ны шөнийн 03 цаг 40 минутын орчим төрсөн ах Б...........гийн эзэмшлийн Hyundai Sonata 6 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон...ах Б...........гийг тосч авахаар Баянхошууны Хилчин хотхоны урдаас гэрээсээ гараад ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын замаар 2 дугаар эгнээгээр 40 гаран километр цагийн хурдтай явж байхад 1 дүгээр эгнээнд Hyundai Sonata 5 маркийн автомашин явж байсан. Тэр машины зүүн хойд талын хаалгатай зэрэгцэж явтал 1 дүгээр эгнээнд явсан автомашины урд талаар яван зорчигч гүйж гарч ирэхийг хараад зүүн гар тийш дарсан боловч явган зорчигч миний дарсан тал руу гүйхэд нь буцаж баруун тал руу дарсан боловч өөрийн жолоодож явсан автомашины зүүн урд талаараа явган зорчигчийн зүүн ташаа руу мөргөхөд явган зорчигч хажуу тийш шидэгдэж зүүн талын замын боржуурны хажууд унасан. ...Намайг явган зорчигч дээр очиход доош хараад хэвтчихсэн, толгойн зүүн тийш харсан байрлалтай байсан. Тухайн үед явган зорчигчийн хамарнаас нь цус гараад байсан. Би явган зорчигчийн хажууд очиж юм асуухад архи үнэртэж байсан. ...Гэмтлийн эмнэлэг дээр явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.27 хувийн согтолттой байсан. ...О.Ц.................ны эмчилгээнд нийт 600.000 төгрөгийн дансаар хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 70-73),
8. Явган зорчигч болон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 12, 13), бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 16), ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Дуудлага лавлагааны хуудас Шуурхай удирдлагын хэлтэс-102-ын PCJH16737897 дугаар хуудас (хавтаст хэргийн 76), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 90),
- Хохирогч О.Ц.................ны өвчний түүх (хавтаст хэргийн 80-87), хохирол, хор уршгийн баримт (хавтаст хэргийн 30-32, 34-35),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэх хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 91-92), жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 88), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89), “НБИК” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 95), хохирол, хор уршиг төлсөн баримт (хавтаст хэргийн 99-100), хохирол барагдуулсан тухай хэлцэл (хавтаст хэргийн 28) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний хариуцагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Б..............мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч П.Б..............мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч П.Б..............м нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “Хангай зах” буюу Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын замд, ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй 2018 оны 8 дугаар сарын 8-ны шөнө 03 цаг 45 минутын орчимд, П.Б...........гийн эзэмшлийн Hyandai Sonata NF маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа болгоомжгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан “Гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл, ...асахгүй буюу бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.Ц.................ныг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11),
- Хохирогч О.Ц.................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найзыгаа хүлээж байх хугацаандаа 0.5 грамм Сэнгүүр пиво 4 шилийг уугаад 2018 оны 8 дугаар сарын 08-ны шөнө 03 цаг 50 минутын орчим караокеноос гарсан. Тэгээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү зам хөндлөн...гарах үед...эхний 2 машин зам тавьж өгсөн түүний араас ирж явсан машин намайг ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9852 дугаар дүгнэлт “...1. О.Ц.................ны биед гавлын баруун зулай, чамархай хөхлөг сэртэн, баруун суурийн хөндийн гадна ханын шугаман хугарал, тархины зүүн чамархай хэсгийн цус харвалт, аарцаг зүүн сүүжний тогоо ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, тохой, баруун ташаа, өвдөг, шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.6.1-д зааснаар хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46),
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 55521 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 52-59),
- Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 554 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 63-64),
- Иргэний хариуцагч П.Б...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний төрсөн дүү П.Б..............м нь миний өөрийн эзэмшлийн Hyundai Sonata 6 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэрээс гарч намайг тосч авахаар Нисэх рүү явах үедээ Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын орчим зам тээврийн осол гаргасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),
- Шүүгдэгч П.Б..............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянхошууны Хилчин хотхоны урдаас гэрээсээ гараад ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлын замаар 2 дугаар эгнээгээр 40 гаран километр цагийн хурдтай явж байхад...1 дүгээр эгнээнд явсан автомашины урд талаар яван зорчигч гүйж гарч ирэхийг хараад зүүн гар тийш дарсан боловч явган зорчигч миний дарсан тал руу гүйхэд нь буцаж баруун тал руу дарсан боловч өөрийн жолоодож явсан автомашины зүүн урд талаараа явган зорчигчийн зүүн ташаа руу мөргөсөн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 70-73) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн явган зорчигчийг мөргөснөөс болж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч П.Б..............мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б..............м нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэг П.Б..............мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр ялаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б..............м нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах талаар гаргасан дүгнэлтийг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, бусад дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Тодруулбал шүүгдэгч П.Б..............мын холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч буюу явган зорчигчийн хууль бус буруутай үйлдлийн улмаас гарах болсон байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц.................н (хавтаст хэргийн 99, 100), учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар П.Б..............мыг ялаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд учир нь тухайн зам тээврийн ослын улмаас хохирогчид “...гавлын баруун зулай, чамархай хөхлөг сэртэн, баруун суурийн хөндийн гадна ханын шугаман хугарал, тархины зүүн чамархай хэсгийн цус харвалт, аарцаг зүүн сүүжний тогоо ясны хугарал...гэмтэл...” учирсан бөгөөд тухайн гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргийн нийгмийн аюулын хор уршгийг ухамсарлуулахад орших тул эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтыг хэрэглээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч учирсан хохирол, гэм хорыг шүүгдэгч, иргэний хариуцагч нь бүрэн төлж барагдуулсан, тэрээр шүүгдэгч, хохирогч нар нь хохирол барагдуулсан талаар хэлцэл байгуулсан (хавтаст хэргийн 28) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1803 0066 80360 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.
Шүүгдэгчид эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 655792 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баатар ван овогт П.............вын Б..............мыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан П.Б..............мыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б..............мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч П.Б..............мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 655792 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ