Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 22

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

С.Д-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12  сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Д

Нарийн бичгийн дарга Ч.Ц нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 онд төрсөн.  Улсад 14 жил ажилласан. Үүнээс 1989 оны 7 сарын 17-ноос 1992 оны 3 сарын 22-ныг  хүртэл  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд, 1992 оны 3 сарын 22-ноос 1994 оны 5 сарын 28-н хүртэл Давших зас ХХК-нд, 1994 оны 5 сарын 28-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Давших зам бүрэн бус хариуцлагатай компанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. 1989 оны 7 сарын 17-ноос 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл ажилласан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй байгаа юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Д  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.Д-ын хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу зөрчилтэй,   холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 365 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Б.Б :“...С.Д  нь 1989 оноос 1993 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1980 оноос 1993 он хүртэл тэмээ маллаж байсан юм. Давших зам нэгдэл нь 1992 онд хувьцаат компани болсон. Хувьцаат компанид мөн нягтлан бодогчоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Т.М :“...Би 1989 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд орж ажилласан. Бид түүнээс хойш хамт ажилласан. С.Д  нь цалин хөлсний нягтлан бодогчоор , би тоо бүртгэгчээр ажиллаж байсан. 1989 оноос хойш нэгдэл тарах хүртэл ажилласан. Нэгдэл 1992 онд тарж хувьцаат компани болсон юм. Энэ компанид 1994 оныг дуустал ажилласан юм ...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Х : “...С.Д  нь 1989 оноос 1993 оныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Манай баг болох Гурвансайхан бригадыг хариуцсан нягтлан бодогчоор ажилладаг байсан юм. Бид хамт нэг нэгдэлд ажиллаж байсан учраас сайн мэднэ...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 365 дугаартай “  Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Гурвансайхан сумын давших зам /Давших зам ХК,ББХК/ нэгдэлд 1987 оны 7 сарын 17-ноос 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай тушаал байхгүй байгаа учир Сосор овогтой Дашдуламд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. С.Д-д холбогдох 1989 оны ажилд томилсон 35-р тушаалыг эх баримтаас хуулбарлан гаргаж хүргүүлэв” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 08/619 дугаартай “ Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл нь 1992 оны 3 сарын 23-нд Давших зам ХК, 1994 оны 5 сарын 28-нд Давших зам ББХКомпани, 1996 оны 4 сарын 30-ны өдөр Давших зам хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1989 оны 7 сарын 17-ны өдрийн 35 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд  “С.Д-ыг тооцооны нягтлан бодохоор 7 сарын 17-ноос томилсугай” гэсэн бичилттэй тушаалын нотариатаар батлуулсан хуулбар,

5.Тайжууд овогт С.Д-ийниргэний үнэмлэхнйи нотариатаар батлуулсан хуулбар,

6.Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1987 оны 9 сарын 1-нйи өдөр С.Д-д олгосон “ 1987 оны 9 сарын 1-нээс ХАА-н ня-бо,эдийн засгийн ангид суралцуулав, 1989 оны 7 сарын 1-нд  ХАА-н ня-бо, эдийн засагч мэргэжлээр төгсөв, Нэгдлийн даргын 1989 оны 7 сарын 17-ны өдрийн 35 тоот тушаалаар 1989 оны 7 сарын 17-ноос Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн тооцооны нягтлан бодогчоор томилов” гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн батлуулсан хуулбар, мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс С.Д-д олгосон 1991-1994 оны дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар  С.Д-ын 1989 оны 7 сарын 17-ноос 1992 оны 3 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд, 1992 оны 3 сарын 23-наас 1994 оны 5 сарын 28-ныг хүртэл Давших зам ХК-нд, 1994 оны 5 сарын 28-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Давших зам ББХК-нд тус тус тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  С.Д нь 1989 оны 7 сарын 17-ноос 1992 оны 3 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд, 1992 оны 3 сарын 23-наас 1994 оны 5 сарын 28-ныг хүртэл Давших зам ХК-нд, 1994 оны 5 сарын 28-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Давших зам ББХК-нд тус тус тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ