| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0924/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/953 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/953
2018 11 05 953
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогч Ц.Ч..............с,
шүүгдэгч Р.Б..............ай, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2714) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Рэгзэдмаагийн Б..............айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0346 90346 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Рэгзэдмаагийн Б..............ай, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумад 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, Үндэсний Техникийн Их сургуулийн цахилгаан хангамжийн инженерийн 2 дугаар дамжааны оюутанаар суралцдаг, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт Завхан аймгийн ......................оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ИГ99052614.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Р.Б..............ай нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны шөнө 03 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн зүүн урд замд Д.Н..............гийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 61-47 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 2 дугаар хавсралт 5.3 дахь заалт “гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл...асахгүй буюу бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ч..............сийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч П.Батням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Ц.Ч..............с шүүх хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эхнэр, 2 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг, ганцаараа ажил хийдэг, эхнэр одоо жирэмсэн. Тархи, өвдөгний зураг авахуулж өгсөн. Өвдөг хагалгаа хийлгэх хэрэгтэй гэсэн. Одоо болтол хагалгаа хийлгээгүй байгаа. Түүнээс хойш Б..............ай надтай нэг ч удаа утсаар яриагүй, би хэсэг хугацаанд ажилгүй гэртээ байсан. Одоо хөлөө эмчлүүлмээр байна. Дурангийн хагалгаа 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-15),
2. Хохирогч Ц.Ч..............сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 03 цагийн орчим би Болор пабаас А..............н, Хүсэлбуян бид нар Бааагий, Сайнаа гэд дууддаг найз нартайгаа гараад Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зүүн урд талын замд дээрээс таксинд суухаар гар өргөх үед 1 дүгээр эгнээнд такси ирж зогссон. Би ирсэн таксины урд талаар тойрч жолоочийн эсрэг талын хаалгаар суух гэж тойрч гарах үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн рүү явж байсан автомашинд баруун гар талаасаа мөргүүлж шидэгдэж зам дээр унасан. Би машинд мөргүүлж унасан газраасаа босолгүй байж байгаад түргэн ирж авахад нь үзүүлээд шууд гэмтлийн эмнэлэг рүү...явсан...шүүх эмнэлэгт үзүүлсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед баруун шаант ясны гадна талын үений гадаргуу шахагдсан хугарал, баруун өвдөгний гадна жийргэвчний мөгөөрсөн урагдал, шаант ясны гадна талын үеийн мөгөрөөсний урагдал, баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, шуу, сарвуу, зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдсон...би өөрийн эмчилгээний зардалд 100 гаруй мянган төгрөгний эм тариа авч хэрэглэсэн ...Б..............айгийн зүгээс эмч нараас бичиж өгсөн эмийг авч өгсөн...тухайн осол болох үед гадаа бороо орж байсан. Мөргүүлсэн машиныг ирж байгааг би хараагүй...баруун өвдөгний гэмтэлд хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Энэ зардлыг жолоочоос гаргуулж авахыг хүсэж байна. Хагалгаанд 2.500.000 төгрөг шаардлагатай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-3),
3. Гэрч Л.М..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн орчим...хүн мөргөчихлөө гэж хэлэхэд нь осол болсон газарт ирсэн...Б..............айгийн жолоодож явсан Приус-20 маркийн 61-47 УНВ улсын дугаартай автомашин нь миний эхнэр Д.Н..............гийн нэр дээр байдаг, Д.Н..............г нь БНСУ-руу яваад 2 жил болж байна хэзээ ирэх нь мэдэгдэхгүй байгаа...Б..............ай нь тухайн осол болсон шөнө надаас машин гуйж унаад гарсан. Намайг ажил гарах болохоор машин авчираад өглөө нь өгдөг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),
4. Гэрч Ц.Б..............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 03 цагийн орчим...Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зүүн урд талын зам дээр гэрэл дохио дээр нэг цагаан өнгийн приус-20 маркийн автомашин зогсож байсан. Энэ машины урд талаар Ч..............с ах гартал 2 дугаар эгнээнээс машин орж ирж Ч..............с ахыг мөргөсөн. Ч..............с ах мөргүүлээд газар шидэгдэж нэлээн хол унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42)
5. Гэрч Г.А..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 15-ны 03 цаг өнгөрч байхад пабаас бүгд гарсан. Гадаа бороо орж байсан тул Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зүүн урд талаар урдаас хойд зүг рүү зам гарах гэж байтал уулзварын гэрэл дохио дээр цагаан өнгийн приус-20 маркийн автомашин ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү чиглэлд ирж гэрэл дохио дээр зогссон...Ч..............с зогсож байсан машины урд талаар тойрч машинд сууж гэж байтал түс хийх чимээ гарахаар нь хартал Ч..............с машинд мөргүүлчихсэн газар хэвтэж байсан. Мөргөсөн машины жолооч бороо ороод харсангүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8897 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн мөрөнд 4.5х3.5см, зүүн шууны гадна дээд хэсэгт 3.5х3.2см, зүүн сарвуунд ар хэсэгт 1.0х1.01см, 2.0х1.0см, баруун өвдөгт 2.5х2.0см, зүүн өвдөгт 2.5х3.0см, баруун шагай дотор хэсэгт 2.5х2.0см, баруун шагай дотор хэсэгт 2.5х2.0см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Баруун өвдөгний үеэр хөдөлгөөн хязгаарлагдмал, өвдөгний үеэр бага зэрэг овойж хавдсан.
2018.07.15-ны Мөнгөнгүүр эмнэлгийн баруун өвдөгний МRI шинжилгээний хариунд: Өвдөгний үений шингэн: Тойгны дээд зайд бага хэмжээний шингэнтэй...Мөгөөрсний дотор хэсэгт цөмөрсөн деформацитай мөгөөрсний урагдал байхаар харагдаж байна... Урд чагтан холбоос шаантны холбогдох хэсэг хавагнаж зузаарсан дохионы эрчим ихэссэн өөрчлөлттэй. Ясны бүтэц, ясны чөмөгт хэсэг: үе үүсгэж буй шаантны гадна булууны дотор хэсэгт бага зэрэг цөмөрсөн деформацитай ба гадна булуунд ясны чөмөгт эдийн хавантай...гэжээ.
2018.07.20-ны баруун өвдөгний МRI шинжилгээний хариунд: Тойгны дээд зайд болон өвдөгний үений зайд шингэн ихэссэн. Гадны жийргэвч мөгөөрсний урд эвэрт дохионы эрчим ихэссэн /урагдал/. Дунд чөмөгний доод булууны гадна ёрвонгийн хэмт эдэд дохионы эрчим ихэссэн хавантай, гиалин мөгөөрс жигд бус нимгэрсэн. Шаант ясны гадна талын үеийн мөгөөрс деформацитай /урагдал/ Шаант ясны гадна үений гадаргуу доош цөмөрсөн деформацитай /шахагдсан хугарал/, ясны хэмт эдэд хавантай. Урд чагтан холбоост шаант ястай бэхлэгдэх хэсэгт дохионы эрчим ихэссэн /хаван суналт/. Өвдөгний үений гадна хэсэгт зөөлөн эдийн бага зэргийн хавантай. Бусад холбоос, шөрмөснүүд хэвийн...гэжээ...ДҮГНЭЛТ:
1. Ц.Ч..............сийн биед баруун шаант ясны гадна талын үений гадаргуу шахагдсан хугарал, баруун өвдөгний гадна жийргэвчний мөгөөрсний урагдал, шаант ясны гадна талын үений мөгөөрсний урагдал, баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, шуу, сарвуу, баруун зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),
7. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 53939 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 50-58),
8. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 555 дугаар дүгнэлтэд
“...1. “Тоёота приус маркийн 61-47 УНВ улсын дугаартай автомашины жолооч Р.Б..............ай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл... асахгүй буюу бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. “Автотээврийн үндэсний төв” Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 53939 дугаартай шинжээчийн дүгнэлт: Баруун холын гэрэл ажиллахгүй гэх гэмтэл нь орчны нөлөөлөл, үзэгдэх орчин хангалтгүй үед осолд нөлөөлж болзошгүй.
2. Явган зорчигч Р.Ч..............с нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно” г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”. 4.1 дэх заалт “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ” б/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам эсвэл хөвөө тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас суухыг зөвшөөрнө” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63),
9. Шүүгдэгч Р.Б..............айгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 15-ны шөнийн 03 цаг 30 минутын орчим ээжийн дүү М..............нгийн гэрийн гаднаас бэр эгч Д.Н..............гийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 61-47 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 1 дүгээр хорооллын арын замаар 3-4 дүгээр хороолол орохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн зүүн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү 1 дүгээр эгнээгээр гэрэл дохиотой уулзвар руу дөхөж ирэхэд 1 дүгээр эгнээнд Тоёота приус-20 маркийн автомашин явган хүний гэрэл дохионы наад талд зогссон, хүмүүс уг машинд суух гэж байгаа харагдсан тул би 2 дугаар эгнээ рүү шилжиж ороод уг машины хажуугаар явах үед зогсож байсан машины урд талаар явган зорчигч гэнэт гарч ирэхэд нь би өөрийн жолоодож явсан автомашины жолооч талын гупер хэсгээр явган зорчигчийг мөргөхөд явган зорчигч газар шидэгдэж унасан...Би явган зорчигч Ч..............сийн шинжилгээ болон эм тарианд бэлэн 436.950 төгрөгийг зарцуулсан. ...Ч..............с надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд нь нийт 40.000 төгрөгийг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 68-71),
10. Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 16, 17), бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 19),
- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 21), хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 123)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэх хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 24, 80), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 23), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн91), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 84-90), Үндэсний Техникийн Их сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 92), шүүгдэгчээс хохирогчид хохирол, хор уршигт зарцуулсан баримтууд (хавтаст хэргийн 82-83) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Б..............айд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б..............айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч Р.Б..............ай нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаар буюу Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн зүүн урд зам буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт, 2018 оны 7 дугаар сарын 15-ны шөнө 03 цаг 30 минутын орчим, Д.Н..............гийн эзэмшлийн “Toyota” маркийн “Prius DAA-NHW20” загварын 61-47 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, болгоомжгүйгээр, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан “гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл...асахгүй буюу бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ч..............сийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-15),
- Хохирогч Ц.Ч..............сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зүүн урд талын замд дээрээс таксинд суухаар гар өргөх үед 1 дүгээр эгнээнд такси ирж зогссон. Би ирсэн таксины урд талаар тойрч жолоочийн эсрэг талын хаалгаар суух гэж тойрч гарах үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн рүү явж байсан автомашинд баруун гар талаасаа мөргүүлж шидэгдэж зам дээр унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-3),
- Гэрч Ц.Б..............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цагаан өнгийн приус-20 маркийн...машины урд талаар Ч..............с ах гартал 2 дугаар эгнээнээс машин орж ирж Ч..............с ахыг мөргөсөн. Ч..............с ах мөргүүлээд газар шидэгдэж нэлээн хол унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42)
- Гэрч Г.А..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цагаан өнгийн приус-20 маркийн автомашин ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү чиглэлд ирж гэрэл дохио дээр зогссон...Ч..............с зогсож байсан машины урд талаар тойрч машинд сууж гэж байтал түс хийх чимээ гарахаар нь хартал Ч..............с машинд мөргүүлчихсэн газар хэвтэж байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8897 дугаар дүгнэлт “...1. Ц.Ч..............сийн биед баруун шаант ясны гадна талын үений гадаргуу шахагдсан хугарал, баруун өвдөгний гадна жийргэвчний мөгөөрсний урагдал, шаант ясны гадна талын үений мөгөөрсний урагдал, баруун өвдөгний урд чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, шуу, сарвуу, баруун зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 53939 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 50-58),
- Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 555 дугаар дүгнэлтэд (хавтаст хэргийн 62-63),
- Шүүгдэгч Р.Б..............айгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бэр эгч Д.Н..............гийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 61-47 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 1 дүгээр хорооллын арын замаар 3-4 дүгээр хороолол орохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн зүүн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү 1 дүгээр эгнээгээр гэрэл дохиотой уулзвар руу дөхөж ирэхэд 1 дүгээр эгнээнд Тоёота приус-20 маркийн автомашин явган хүний гэрэл дохионы наад талд зогссон, хүмүүс уг машинд суух гэж байгаа харагдсан тул би 2 дугаар эгнээ рүү шилжиж ороод уг машины хажуугаар явах үед зогсож байсан машины урд талаар явган зорчигч гэнэт гарч ирэхэд нь би өөрийн жолоодож явсан автомашины жолооч талын гупер хэсгээр явган зорчигчийг мөргөхөд явган зорчигч газар шидэгдэж унасан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 68-71) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн явган зорчигчийг мөргөснөөс болж хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б..............айд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох дүгнэлт гаргасан болно.
Хохирогч Ц.Ч..............с нь энэ ослын улмаас хүндэвтэр төрлийн хохирол учирсан. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй ба хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Б..............ай нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа...учруулсан хохирлыг төлсөн, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б..............айг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгож, эрүүгийн хуульд заасны дагуу торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн...нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалт тогтоож болно.” гэж заасан байна. Тиймээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгах зорилгоор шүүгдэгчид мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг түүнд хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин болон 2.500.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогчид баримттай зардал болох 436.950 төгрөгийг төлсөн болох нь (хавтаст хэргийн 82, 83) хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч дээрх зардлыг өөрийн зүгээс гаргаж хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Ц.Ч..............с ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж шүүхэд хөдөлмөрийн гэрээгээ гаргаж өгсөн байх боловч тухай асуудлыг шийдвэрлэх боломжгүй буюу тухайн “Жи энд Ди” констракшн ХХК-д ажилд орсон, эрүүл мэндийн магадалгаагаар хэд хоног өвчтэй байсан талаарх тушаалгүй, түүнчлэн хөдөлмөр эрхэлдэг гэх боловч хуульд заасны дагуу нийгмийн даатгал төлсөн эсэх талаар баримтыг ирүүлээгүй байх тул шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хохирогч нь эрүүл мэнддээ учирсан хохирлын улмаас цаашид 2.500.000 төгрөгний хагалгаа хийлгэнэ гэх хэдий ч мөн адил баримт ирүүлээгүй байх тул дээрх асуудлуудыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндэд учирсан хохирлын баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.
Эрүүгийн 1808 0346 90346 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгч Р.Б..............айгийн В ангиллын 1192971 дугаартай жолоочийн түр үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Рэгзэдмаагийн Б..............айг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б..............айг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б..............ай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Р.Б..............айд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Б..............айгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 267604 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ