| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0665/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/684 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/684
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Х.Анхцэцэг,
хохирогч, шүүгдэгч М.Т, өмгөөлөгч Д.Энхцэцэг,
хохирогч, шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, М.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808029530750 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Бэлхийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянголын ** дугаар гудамж, ** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Б-гийн Б /РД:****/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Согоотын ** гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй,
урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 сар 10 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн, Б* овогт М-гийн Т /РД:*****
Яллагдагч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн*** дугаар хороо, Баянголын *** тоот гэртээ М.Ттай “охиноо өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч М.Т нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянголын ** тоотод Б.Бтэй “охиныг дээрэлхлээ” гэх шалтгаанаар маргалдан харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.
Шүүгдэгч, хохирогч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.
Эрүүгийн 1808029530750 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч М.Т-ын: “2018 оны 6 дугаар сарын 11-ний 22 цагийн үед өөрийн охин Тунгалагтай уулзахаар очиход хүргэн Б охинтой хэрэлдэж маргалдаад сууж байхаар нь “Чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ” гээд хэлэхэд “Чамд ямар хамаатай юм” гээд хүүхдийн унадаг дугуй шидээд миний цээжинд оносон. Би уурлаж Бтэй барьцалдаж аваад ноцолдох үед түлээний мод гарт баригдахаар нь Б-ийн баруун хөмсөг орчимд нэг удаа цохисон. Б намайг заамдаж аваад хамар ам уруу мөргөсөн. Цагдаа нар ирэх үед Б гэрээс гарч зугатаад хашааны буланд байхад нь барьж авсан. ...Миний биед учирсан гэмтлийг хүргэн Б 1 удаа мөргөн цохиж, хамт ноцолдож байхдаа учруулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээ хийлгээгүй, баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Хохирогч Б.Б: “2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад найз П-тэй уулзаад эхнэр Т-тай утсаар яриад “найзтайгаа хамт яваад очъё, маргааш хамт буйраа янзалж засна” гэж хэлсэн. Эхнэр “найзыгаа дагуулж ирэх хэрэггүй” гэхээр нь би найзтайгаа 1 шил архи 2 шилтэй пиво уучихаад гэртээ 22 цагийн үед ирсэн. Эхнэр уурлаад “тэр чигтээ зайлахгүй яасан юм бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би орондоо хэвтсэн. Гаднаас хадам аав Т орж ирээд “Чи миний охиныг дарамтлаад байгаа юм уу” гэхээр нь “Та нарт миний амьдрал хамаагүй” гэтэл аав өөдөөс үг сөрж бид хоёр барьцалдаж авах үед миний үснээс зулгаахаар нь ноцолдсон чинь үүдэнд байсан чулуу аваад миний баруун хөмсөг хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед би манарч эхэлсэн. Тэгээд эхнэртэй нийлж намайг хүлж байгаад хадам аав нуруу нүүрэнд гараараар цохиж зодсон. Би “амь авраарай” гэж орилох үед хадам аав Т “би чамайг ална” гээд уяагаар хоолой боож байсан. ...Дээрх гэмтлийг хадам аавтай ноцолдож байх үед учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Гэрч Ө.П-гийн: “...Б гэртээ харихаар явсан. Өглөө унтаж байтал найз Б залгаад “өчигдөр орой хадам аав, эхнэр хоёртой маргалдаад, хадам аав намайг зодчихлоо” гэж байсан. Би яваад очтол хадам ээж нь ирчихсэн Б-ийг загнаж зандарч байсан. Б-ийн баруун хөмсөг сэтэрчихсэн, толгойгоо боочихсон байхаар нь би цагдаад өргөдөл бичүүлж шүүх эмнэлэгт, гэмтэлд үзүүлж харуулсан” гэх мэдүүлэг /хх-22/,
Гэрч Т.Т-ийн: “2018 оны 6 дугаар сарын 11-ний ...22 цагийн орчим гэртээ согтуу орж ирээд агсам тавиад “би яахаараа найзуудаа гэртээ оруулж болдоггүй юм” гээд хэрэлдээд байсан. Бтэй маргалдаж байтал аав Т ороод ирсэн. Аавтай Б маргалдсан. Б хүүхдийн дугуй шидээд хүзүүг нь оносон. Тэгтэл аав босож ирээд заамдаад автал толгойгоороо аавын нүүрэнд мөргөчихсөн. Аав түлээний мод аваад зүүн хөмсөг орчимд нэг удаа цохисон чинь цус гараад эхэлсэн. Би салгах гэтэл намайг түлхээд байхаар нь оролцоогүй. Тэгтэл Б хутга аваад “аавыг чинь ална” гэхээр нь булааж аваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг” /хх-24/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.18-ны өдрийн 7528 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.М.Тын биед 1 шүдний булгарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, нуруу, бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1 болон 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдангид нөлөөлөхгүй” гэжээ /хх-30/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.12-ны өдрийн 7428 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.Б.Б-н биед тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цээж, баруун дал, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-31/,
Шүүгдэгч М.Тын яллагдагчаар өгсөн: “...Хүргэн Б охинтой хэрэлдэж маргалдаад сууж байхаар нь “чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ” гээд хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд хүүхдийн унадаг дугуй шидээд миний цээжинд оносон. Би уурлаж Бтэй барьцалдаж аваад ноцолдож эхлэх үед түлээний мод гарт баригдахаар нь аваад Б-нийн баруун хөмсөг орчимд нэг удаа цохисон. ...Б.Б биед учирсан гэмтлийг би ноцолдож байх үедээ түлээний модоор нэг удаа баруун хөмсөг орчимд цохиж учруулсан. Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо эвлэрсэн, хохирлын талаар маргаангүй болсон тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-45-46/,
Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Эхнэр бид хоёр маргалдаж байгаад би орондоо ороод хэвтэж байтал гаднаас хадам аав Т орж ирээд “Чи миний охиныг дарамтлаад байгаа юм уу” гэхээр нь “Та нарт миний амьдрал хамгаагүй” гэж хэлсэн. Гэтэл аав өөдөөс үг сөрж бид хоёр барьцалдаж авах үед миний үснээс зулгаахаар нь би ноцолдсон. Үүдэнд байсан чулуу аваад миний баруун хөмсөг хэсэгт нэг удаа цохиж хөмсөг сэтэлсэн. Тын биед учирсан гэмтлийг ноцолдож байхдаа нэг удаа мөргөж учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид эвлэрсэн, хохирлын талаар маргаангүй болсон тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-49-50/,
гэрч Д.Т-ийн мэдүүлэг /хх-25-26/, шүүгдэгч Б.Б дансны хуулга /хх-62-64/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-66-68/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-71/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/, “Татах хурд” ХХК-ийн тодорхойлолт, хамтран ажилах гэрээний хуулбар, солилцох хуудас, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, шүүгдэгч М.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, М.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-56, 58-60/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-75/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-81/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б, М.Т нар 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-74 тоотод хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, харилцан хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч М.Тын “...хүргэн Б охинтой хэрэлдэж маргалдаад сууж байхаар нь “Чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ” гээд хэлэхэд “Чамд ямар хамаатай юм” гээд хүүхдийн унадаг дугуй шидээд миний цээжинд оносон. Б намайг заамдаж аваад хамар ам уруу мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-11-12/, хохирогч Б.Б-ийн “...аав өөдөөс үг сөрж бид хоёр барьцалдаж авах үед миний үснээс зулгаахаар нь ноцолдсон чинь үүдэнд байсан чулуу аваад миний баруун хөмсөг хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-16-17/, гэрч Ө.П-гийн “...Б залгаад “өчигдөр орой хадам аав, эхнэр хоёртой маргалдаад, хадам аав намайг зодчихлоо” гэж байсан. Бат-Эрдэнийн баруун хөмсөг сэтэрчихсэн, толгойгоо боочихсон байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч Т.Т-гийн “...аав Т ороод ирсэн. Аавтай Б маргалдсан. Б хүүхдийн дугуй шидээд хүзүүг нь оносон. Тэгтэл аав босож ирээд заамдаад автал толгойгоороо аавын нүүрэнд мөргөчихсөн. Аав түлээний мод аваад зүүн хөмсөг орчимд нэг удаа цохисон чинь цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг” /хх-24/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.18-ны өдрийн 7528 дугаар “1.М.Тын биед 1 шүдний булгарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, нуруу, бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1 болон 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-30/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.12-ны өдрийн 7428 дугаар “1.Б.Б-н биед тархи доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цээж, баруун дал, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-31/, шүүгдэгч М.Т, Б.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-45-46, 49-50/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б, М.Т тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б, М.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан боловч нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, “Гомдол саналгүй, эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-46-47, 49-50/-үүдийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр нь жирэмсэн байгааг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч М.Т эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байгааг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3-т заасан хязгаарлалт тогтоох арга хэмжээг шүүгдэгч Б.Бд, 3.1-д заасан хязгаарлалт тогтоох арга хэмжээг шүүгдэгч М.Тт тус тус хэрэглэх саналтай байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх “Шүүгдэгч Б.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хэргээ шударгаар хүлээсэн, 3 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн эмнэлэгт байгаа, ажил хийдэг байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг “Шүүгдэгч М.Тын насны байдал, гэм буруутай үйлдлээ ухамсарлаж байгаа байдлыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хувийн байдал /хөдөлмөр эрхэлж орлого олдог, 3 бага насны хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн/-ыг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,
мөн шүүгдэгч М.Тын хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, урьд ял шийтгэгдэж байсан/-ыг тус тус харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Хохирогч М.Тын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал гэрч Т.Тунгалагийн “...Ааь намайг өмөөрч Бтэй хэрэлдсэн чинь Б хүүхдийн унадаг дугуй шидээд аавын хүзүүг оносон. Тэгтэл аав босож ирээд заамдалцсан...” гэх мэдүүлэг /хх-24/-ээр үгүйсгэгдэж байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3-т заасан хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх” дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б, М.Т нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Б-гийн Б, Бн овогт М-ийн Т тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч М.Тыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б, М.Т нар бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР