Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            Улсын яллагч Ж.Энхжаргал,

            Шүүгдэгч Г.Ганзориг, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Дамдинсүрэн,

            Хохирогч Ш.Батсүрэн, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,

Шинжээч эмч Б.Ламчин,

Техникийн шинжээч Д.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганхуягийн Ганзоригт холбогдох эрүүгийн 201624000487 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: ы

Буурал овгийн Ганхуягийн Ганзориг, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, МИАТ ХК-ний автобаазад жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 3 дугаар гудамжны 89 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар РЖ82102717.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;

Г.Ганзориг нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Их тойруу /Тасганы Овоо/ Сод монгол шатахуун түгээх төвийн хойд талын замд МИАТ ХК-ний эзэмшлийн 07-37 УБҮ улсын дугаартай Хюьндай соната маркийн авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч… хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцогч Ш.Батсүрэнг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ганзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 21-ний орой би Тасганы овоо уруудаад баруунаас зүүн тийш явж байхад урд унадаг дугуйтай хүн гэнэт гарч ирсэн. Миний өмнөхөн баруун гар талд буюу 2 дугаар эгнээнд машин зэрэгцэж явж байсан. Би тэр дугуйтай хүнийг хараад шууд тормос гишгэсэн. Тэгэхэд АВС тоормосны систем ажиллаад өөдөөс түлхээд байсан. Машинаа зогсоогоод гүйж очиход хохирогч болох Батсүрэн босч ирээд “чи улаан гэрлээр орж ирээд намайг мөргөчихлөө” гээд байсан. Тэгээд би цагдаа дуудаад, бас аавыгаа дуудаад хохирогчийг аавтай хамт  эмнэлэг явуулсан. Би цагдаа нартай хэмжилт хийлгээд үлдсэн. Тэгээд намайг эмнэлэг дээр очиход үүрээр эмнэлгийн сувилагч нар “наад хүндээ ус битгий өг, тасарчихсан хүн байна ш дээ” гэж хэлж байсан. Маргааш нь Батсүрэн надад өөрөө “2 шил 0,75-ийн архи бид гурвуулаа хувааж уусан” гэж ярьж байсан. Би түүнд учир байдлаа хэлэхэд ойлгож байсан. Тэгээд хохирогч Батсүрэнгийн дүү нар руу нь залгаад ах чинь осолд орчихлоо гээд хэлэхэд ирээгүй, дараа нь утсаа ч авахгүй, салгаад байсан.  Маргааш нь бүр үдээс хойш том эрэгтэй дүү нь ирсэн. Хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1.975.000 төгрөг өгсөн ...” гэв.

Хохирогч Ш.Батсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр осолд орсон. Тухайн үед би найзтайгаа 0.33 граммын нэг шил архи хувааж уусан. Биеэ авч явах чадвартай, согтоогүй байсан. Би гэртээ харьж явсан учраас уулзвараар зүүн гар тийшээ эргэх байсан. Тэгээд нэгдүгээр эгнээнээс хоёр, гуравдугаар эгнээнд шилжиж байгаад уг машинд мөргүүлсэн. Намайг эгнээ солихоор эргээд харахад нэг ч машин байгаагүй, би эргэж харчихаад ойролцоогоор 3-4 минутын дараа эгнээгээ сольсон. Уг машинд мөргүүлснээс миний тархи хагарч, зүүн хөл хугарч, баруун хөл гэмтсэн. Тархиндаа мөн гэмтэл авсан. Би уг осолд орохоос өмнө огт эмнэлгээр явдаггүй байсан. Гэтэл энэ ослоос хойш олон удаа хагалгаанд орсон. Одоо хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаад групд орчихсон. Биеийн байдал хүнд байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Ял шийтгэлийн хувьд санал байхгүй...” гэв.

Шинжээч эмч Б.Ламчин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж уусан архи нь харилцан адилгүй нөлөөлнө. Ерөнхийдөө дунд зэргийн согтолттой хүн биеэ авч явах чадвартай байна. Гэвч энэ нь харьцангуй ойлголт. Уусан зүйлээс буюу архиа уусан уу, пиво уусан уу гэдгээс шууд шалтгаална гэсэн ойлголт байхгүй. Ерөнхийд нь дундажлаад ангилсан ангилал нь хөнгөн, дунд, хүнд, үхлийн гэсэн зэрэг байдаг. Энэ хэргийн хувьд хохирогч Ш.Батсүрэнгийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч, согтолтын дунд зэрэгтэй байсан болохыг тодорхойлсон...” гэв.

Шинжээч Д.Батзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хэрэгт миний бие 376 дугаартай дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Хэрэг болсон газрын хувьд замын гэрэлтүүлэгтэй байсан ч гэсэн шөнийн цагаар осол болсон учир үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэж үзнэ. Унадаг дугуй нь стандартын шаардлагыг хангаагүй байсан. Гэрэл ойлгогч байгаагүй. Бид нар зам дээр гарсан тоормосны мөрийг үндэслэж хурдыг тогтоодог. АВС системийн талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нар дүгнэлт гаргах ёстой. Бид шүүгдэгч Г.Ганзоригийг Замын хөдөлгөөний дүрмийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Харин Батсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн эсэхийг одоо би хэлэх боломжгүй, хохирогч уулзвар руу дөхөхдөө уг 3 дугаар эгнээнд шилжиж чиглэлээ өөрчилсөн гэж хохирогчийн ярианаас сая ойлголоо. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэргийн хүрээнд авагдсан баримтаар, асуултын дагуу бид гаргадаг. Дүрэмд 60 цаг/цагаас хэтрүүлэхгүй гэж байдаг боловч замын нөхцөлөөс шалтгаалж хурдаа сонгох ёстой. Бид нар хурдных нь талаар тогтоосон зүйл байхгүй. Тоормосны мөр байвал бид хурдыг тогтоож боломжтой. Тухайн АВС системтэй тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нар тогтоох байх. АВС систем нь хурднаас хамааран зам дээр дугуйн мөр ер нь бол гардаггүй. Зорчих хэсэг маань уруу байсан гэдгийг анхаарах нь зүйтэй байх. Мөн Батсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцох ёстой. Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан тэмдэглэгээ байдаг. Олон улсын стандартын дагуу тасархай зураасан дээр эгнээ байр сольж болно гэсэн үг. Уулзвар руу дөхөж цагаан зурвасын тасархай хэсэгт эгнээ байраа сольж болно. Эгнээ байр сольж байгаа хүн давуу эрхтэй гэсэн зүйл байхгүй...” гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Л.Ганчимэгээс мэдүүлэхдээ: “...Уг машины үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Машины эвдрэл гэмтлүүдийг Г.Ганзориг өөрөө засварлаж өгсөн, одоо машин хэвийн ажиллаж байгаа. Манай байгууллагын зүгээс гомдол санал байхгүй, уг машин МИАТ ХК-ны дэд захирлын машин юм...” гэжээ /хх-42/.

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Л.Ганчимэгээс мэдүүлэхдээ: “...Энэ автомашинаар манай байгууллагын дэд захирлын ажилд явдаг юм. Хуулиараа төлөх үүрэгтэй, шүүхээс шийдвэр гарвал зохих хэмжээнд төлөх болно...” гэжээ /хх-45/.  

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны ¹7145 тоот дүгнэлтэд:

“1. Ш.Батсүрэнгийн биед дух яснаас духны хөндий дайрч зүүн ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, хамар яс, хацар ясны хугарал, дух, дагз, шилбэнд урагдсан шарх, нүүр, тавхай, сарвуунд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт бүхий гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-50/.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний ¹4586 тоот дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Батсүрэн гэх цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Цусан дахь 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэжээ /хх-124/.

Техникийн  шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний ¹376 тоот дүгнэлтэд:

1. Урьд гаргасан шинжээч Б.Батзоригийн №325 дугаар дүгнэлттэй санал нэг байна.

2. 07-37 УБҮ улсын дугаартай Нyundai Sonata маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.Ганзориг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

/Жолооч Г.Ганзориг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй” гэж үзэж байна. Учир нь дээрх осол хэрэг нь 03.40 цагт буюу шөнийн цагаар, харанхуй орчинд үйлдэгдсэн, шөнийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал байдаг/.  

3. Унадаг дугуйтай зорчин явсан Ш.Батсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглон: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 23.Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага: 23.2 Унадаг дугуй дугуйн тормос, жолоо, хонх бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй буюу үзэгдэлт, хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шөр өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ /хх-122/.   

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. 

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, Г.Ганзориг нь 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Их тойруу /Тасганы Овоо/ Сод монгол шатахуун түгээх төвийн хойд талын замд МИАТ ХК-ний эзэмшлийн 07-37 УБҮ улсын дугаартай Хюьндай соната маркийн авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч… хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцогч Ш.Батсүрэнг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Батсүрэнгийн мэдүүлэг, зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.05.25-ны өдрийн ¹7145 тоот акт, Техникийн шинжээчийн 2016.7.19-ний өдрийн ¹376 тоот дүгнэлт, 2016.6.22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн өвчний түүх, хохирогчид учирсан хохирлын баримт, хохирогчид эмчилгээний зардал хүлээлгэн өгсөн баримт болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Ганхуягийн Ганзоригийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Батсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд: Эмчилгээний зардалд гарсан нийт 1.984.693 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд үүнээс 1.975.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ганзориг төлжээ. Үүнээс гадна хохирогч Ш.Батсүрэн нь шүүх хуралдаанд шинээр 510.440 төгрөгийн баримт гаргаж өгснийг үлдэгдэл 9.693 төгрөгийг хамт шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний нэхэмжлэгч Л.Ганчимэг нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Нyundai Sonata маркийн 07-37 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.  

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо баримтын хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, бөгөөд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурал овогт Ганхуягийн Ганзоригийг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Г.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганзоригт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5. Мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 07-37 УБҮ улсын дугаартай Нyundai Sonata маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.   

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ганзоригоос нийт 520.133 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Батсүрэн (РД: ХЗ73091578)-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

7. Шүүгдэгч Г.Ганзоригийн жолоочийн ¹368325 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хянал тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.   

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.

10. Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН