Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 123/ШШ2020/0033

 

2020 оны 08 сарын 17 өдөр Дугаар Зуунмод сум 123/ШШ2020/0000

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б ЗГБХН

Хариуцагч: Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б ЗГБХН-ийн захирал М.Т, хариуцагч Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ЗГБХН-ийн захирал М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймгийн У сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хориг тавих тухай А/94 дугаартай захирамжаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт бичил уурхайн зориулалтаар Б ЗГБХН-ийн үйл ажиллагааг зогсоосон тул тус захирамжийг эс зөвшөөрч, түүнийг хүчингүй болгуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123/ШШ2017/0031 дугаартай шийдвэрээр Б ЗГБХН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн эрхийн акт хүчин төгөлдөр хэвээр байна. Тус шийдвэрийг биелүүлж Төв аймгийн У сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаартай захирамж гарснаар тус сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хориг тавих тухай А/94 дугаартай захирамж болон 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/149 дугаартай Гэрээ цуцлах тухай захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар бичил уурхайн зориулалтаар Б ЗГБХН-ийн үйл ажиллагаа явуулах эрх сэргэсэн.

Гэтэл Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 217 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн болон 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай тогтоол, Төв аймгийн У сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хүчингүй болгох тухай А/06 дугаартай захирамжид холбогдуулан дараах шаардлагатай нэхэмжлэлийг Э ТББ-аас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай 09 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаас бусдыг нь багасгасан. Үлдсэн шаардлагын хүрээнд захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаар шийдвэр, тус шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаартай магадлал гарсан. Тиймээс Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд алдаатай бүртгүүлснийг залруулж, 09 дугаартай тогтоолыг 02 дугаартай тогтоолоор өөрчилснөөр тус сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаартай захирамж болон түүнтэй байгуулсан Б ЗГБХН гэрээний олгосон эрхийн дагуу 02 дугаартай тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулах үндэслэл бүрдсэн.

Гэтэл Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоол хүчинтэй хэвээр, хууль зүйн үр дагавартай байтал түүнийг тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон тул түүнийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасан этгээдэд гаргасан. Учир нь Э ТББ захиргааны хэргийг шүүхээр шийдвэрлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 жил удаашруулсан хугацаанд Б ЗГБХН мах их хохирсон бөгөөд ийнхүү удаан хугацааны дараа нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүй болохыг шүүхээс 2 удаа тогтоосон тул орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар тус сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаартай захирамжаар байгуулсан гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ биелүүлэх нөхцөл Б ЗГБХН-д үүсээд байсан. Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоол болон түүний дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулах эрхийг Б ЗГБХН-д олгосон тус сумын Засаг даргын үйл ажиллагаа зөрчилгүй, хуульд нийцсэн, үндэслэлтэйг тогтоосон байтал Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг урьдчилан мэдэгдэлгүйгээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Гомдлын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр Б ЗГБХН-д хариу мэдэгдсэн байна. Тус шийдвэрийг Б ЗГБХН үл хүлээн зөвшөөрч буй тул Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ЗГБХН-ийн нэхэжлэлтэй, У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцан холбогдох тайлбарыг хүргүүлж байна. У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, хуралдааны явцад хурлын Төлөөлөгчөөс Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас гарсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны дугаар 02, 2017 оны 07 дугаар сарын 17-ны дугаар 06 тогтоолууд Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх боломжтой гэсэн саналыг дэвшүүлж, тухайн өдрийн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин тус тогтоолуудыг хүчингүй болгох дугаар 03 тогтоолыг тухайн өдрийн хуралдаанаар баталсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4т Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байдаг тул тухайн хурлын шийдвэр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-г зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Б ЗГБХН-ийн Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус анхдугаар хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн лхагва гарагийн 11 цагт сумын Иргэний танхимд хуралдуулахаар тогтоож, тус хуралдаанаар Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм баталж, ёс зүйн хороо байгуулах талаар хэлэлцэхээр шийдвэрлэжээ.[1]

2020 оны 02 сарын 05-ны өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж,[2] ээлжит бус хуралдааны дотоод журмыг боловсруулсан байна.[3] Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын 3-т Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 сарын 28-ны өдрийн дугаар 02 тогтоол, 2017 оны 07 сарын 17-ны дугаар 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай асуудлыг Хурлын Төлөөлөгч Н.Гантулга танилцуулснаар хэлэлцэж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дугаар 03 дугаар тогтоолыг батлажээ.[4]

Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас гарсан дугаар 02 Орон нутгийг тусгай хэрэгцээнд авах газрын байршил талбайн хэмжээ, солбицолыг батлах тухай тогтоол, дугаарлалтын алдаа гарсан гэж үзэж байгаа тухайн өдрийн дугаар 09 тогтоол/, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаанаас дугаар 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсон тооцсон байна.[5]

2. Нэхэмжлэгч Б ЗГБХН нь Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоол болон түүний дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулах эрхийг Б ЗГБХН-д олгосон тус сумын Засаг даргын үйл ажиллагаа зөрчилгүй, хуульд нийцсэн, үндэслэлтэйг тогтоосон байтал Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг урьдчилан мэдэгдэлгүйгээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Гомдлын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр Б ЗГБХН-д хариу мэдэгдсэн байна. гэж маргажээ.

Харин хариуцагч У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, хуралдааны явцад хурлын Төлөөлөгчөөс Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас гарсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны дугаар 02, 2017 оны 07 дугаар сарын 17-ны дугаар 06 тогтоолууд Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх боломжтой гэсэн саналыг дэвшүүлж, тухайн өдрийн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин тус тогтоолуудыг хүчингүй болгох дугаар 03 тогтоолыг тухайн өдрийн хуралдаанаар баталсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4т Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байдаг тул тухайн хурлын шийдвэр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-г зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэж тайлбарласан байна.

Маргаан бүхий 2020 оны 02 сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолын үндэслэл болох Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас гарсан дугаар 02 Орон нутгийг тусгай хэрэгцээнд авах газрын байршил талбайн хэмжээ, солбицолыг батлах тухай тогтоол, дугаарлалтын алдаа гарсан гэж үзэж байгаа тухайн өдрийн дугаар 09 тогтоол/, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаанаас дугаар 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү маргаан бүхий тогтоолд заасан У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаар тогтоолтой холбогдох маргааныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0031 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, Б.Болдбаатар нарын 9 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э ТББ-ын У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0031 дугаар шийдвэр[6], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар магадлал[7], Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 114 дугаар тогтоол,[8] нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6/2843 дугаар албан бичгээр тус хэргийг шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Маргаан бүхий тогтоолын үндэслэл болох Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах зарим иргэдийн эрх зөрчигдөх боломжтой гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтад эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасныг үндэслэжээ. Шүүхээс 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 63 дугаар албан бичгээр[9] хариуцагчаас захиргааны актыг үндэслэлийг нотолсон баримтыг тодруулж ирүүлэхийг шаардсан боловч хариуцагчаас баримт нотлох баримтуудыг ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэх тайлбарыг ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 дахь заалт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчимд нийцүүлж ажилаагүй нь харагдаж байна.

Төв аймгийн У сумын Засаг даргын 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 09 дугаар албан бичгээр 2020 оны 01 дүгээр сарын байдлаар тус суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болон тус сумд харьяалалтай, оршин сууж амьдардаг иргэнээс Б ЗГБХН-ийн үйл ажиллагааны болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийн талаар иргэн хуулийн этгээдээс гаргасан хуулийн этгээдээс гаргасан нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг цуглуулах болон тус нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоос тухай агуулгатай санал гомдол, шүүмжлэлийн шинжтэй өргөдөл бичгээр гаргаагүй гэх албан бичгийг ирүүлжээ.

Б ЗГБХН-өөс Төв аймгийн У сумын Хар Чулуут, 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Бор-Өндөр уулын өвөр орчим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, тус газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах талаар иргэд болон нийтийн ашиг сонирхлыг тодорхойлох судалгааны анкетуудыг[10] гаргаж ирүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудаар Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 02 сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолын үндэслэлийг Монгол Улсын Засаг захиргаа нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан нөхцөлийг хангахгүй хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна, 25.1.1 ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан тохиолдолд нэхэмжлэгч талаас нотлох баримтаа гаргаж өгөх байсан.

Иймд Б ЗГБХН-ийн Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэн нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б ЗГБХН-ийн Төв аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн У сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ЗГБХН-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 39-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 40-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 41-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 51-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 10-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 18-22-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 23-25-р хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 68-73-р хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 61-р хуудас

[10] 1-р хавтаст хэргийн 208-243-р хуудас