Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1086

 

 

П.Хулангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00677 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Хулангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Бадралд холбогдох

 

Орон сууцыг Х.Бадралын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, Э.Эрдэнэчулуун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Эрдэнэжаргал,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Хулан нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өмчлөх эрхийн Ү-2203031473 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 хороолол, Олимпийн гудамж 306 байрны 64 тоот, 107.8 м.кв, 3 өрөө, эрхийн доголдолгүй, биет байдлын зөрчилгүй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь анх удаа иргэн О.Эрдэнэжаргалд олгогдсон орон сууцыг О.Эрдэнэжаргалаас өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, 250 000 000 төгрөг зээлүүлж, үндсэн зээлээ хүүгийн хамт бүрэн төлж дууссан тохиолдолд уг байрыг О.Эрдэнэжаргалд буцаан шилжүүлэхээр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын сүүлчээр Х.Бадралын эхнэр, манай ээжийн зүс таних н.Хэрлэнтуяа гэдэг эмэгтэй ээж рүү утасдаж манай байр танай охины нэр дээр шилжсэн байна гэж хэлснээр О.Эрдэнэжаргалаас учрыг лавлахад өмчлөх эрхийн Ү-2203031473 дугаартай орон сууц нь П.Хулангийн хэн ч үл маргах хууль ёсны өмч мөн. О.Эрдэнэжаргал, Х.Бадрал нар нь дээрх байрныхаа төлбөр тооцоог барагдуулахын тулд 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 71 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулан, уг гэрээгээ 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 10827 захирамжаар баталгаажуулсан байна. Уг шүүгчийн захирамжид “хэрэв дээрх эд хөрөнгүүдийг гэрээнд заасан хугацаанд эрхийн доголдолгүй, биет байдлын зөрчилгүй, шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд, шилжүүлээгүй эд хөрөнгө тус бүрийг гэрээнд заасан үнийн дүнгээр төлөх болно” гэжээ. О.Эрдэнэжаргал нь П.Хуланд 2016 оны 6 дугаар сарын сүүлчээр үндсэн зээлээ хүүгийн хамт бүрэн төлж дуусгаад уг байрыг өөрийн өмчлөлдөө буцаан шилжүүлэн авахаар тохиролцсон. Гэтэл Х.Бадрал нь энэ байранд эрхийн доголдол болон биет байдлын зөрчил үүссэнийг мэдсээр байж О.Эрдэнэжаргалаас мөнгөө нэхэмжлэн төлүүлэхийн оронд П.Хулан миний хууль ёсны өмчид байгаа байранд, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16427 шүүгчийн захирамж болон мөн өдрийн 1805 гүйцэтгэх хуудсыг гарахаас өмнө цоожийг нь эвдэн орж одоо болтол гэр бүлийн хамт амьдарч байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 10827 захирамжийн дагуу Х.Бадрал нь О.Эрдэнэжаргалаас мөнгөө нэхэмжлэн төлүүлэх ёстой болохоос П.Хулангийн өмчлөлийн байранд амьдрах ёсгүй гэж үзэж байгаа тул Х.Бадралыг гэр бүлийнх нь хамт орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Бадрал нь “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр LА-1/43 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, амины орон сууцны гудамжид баригдаж буй Лакшири апартмент-1 орон сууцны барилгын 14 давхрын 388,5 м.кв бүтэн давхраар нь, 13 давхрын 38,4 м.кв В-2 тоот 1 өрөө, 15 давхрын 76,8 м.кв В-1 болон В-2 тоот 1 өрөө, 16 давхрын 79.2 м.кв В-1 болон В-2 тоот 1 өрөөг тус тус худалдаж авахаар гэрээ байгуулан гэрээний урьдчилгаа төлбөр болгон бартераар 2008 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгөтэй, Тоётота-Хайландер маркийн автомашиныг 40 000 000 төгрөг, 2014 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй, Форд эксплорер автомашиныг 90 000 000 төгрөг, Налайх дүүргийн 10 шард байрлах, 800 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхтэй, 7 давхар барилга барих тусгай зөвшөөрөлтэй, 105 000 000 төгрөгийн үнэ бүхий 105 500 ширхэг “Ананд падаа” ХХК-ийн хувьцаа, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Юнайтед апартмент цогцолборын 10 давхрын 107.88 м.кв 3 өрөө байрыг 449 400 000 төгрөг, нийт 684 400 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгсөн. Гэвч гэрээнд заасан хугацаанд захиалсан орон сууц ашиглалтанд ороогүй тул миний бие гэрээг цуцлах саналаа хүргүүлэн өөрт учирсан хохирлоо барагдуулахаар шүүхийн байгууллагад хандсан. “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийн зүгээс шүүхийн шатанд эвлэрэх саналыг ирүүлсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10827 дугаар талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид бартерийн эд зүйлсээс Налайх дүүргийн 10 шард байрлах, 800 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхтэй, 7 давхар барилга барих тусгай зөшөөрөлтэй, 105 000 000 төгрөгийн үнэ бүхий 105 500 ширхэг “Ананд падаа” ХХК-ийн хувьцааг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэх эд хөрөнгүүдийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн. “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-ийн захирал Ж.Хишигбадрах, түүний эхнэр О.Эрдэнэжаргал нартай удаа дараа уулзахад хохирлыг удахгүй барагдуулна, байрыг чинь хүнд түрээслүүлчихсэн байгаа ... 2016 оны 5 дугаар сарын 01-ний дотор байрны чинь гэрчилгээг шилжүүлж өгнө, эхний ээлжинд байрны түлхүүрээ аваад байрандаа ороод байж бай гэсэн ба 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус компанийн хуулийн зөвлөх В.Мандахаар дамжуулан 2 ширхэг түлхүүрийг авсан бөгөөд цоожийг нь эвдэн орсон зүйл байхгүй болно. Шүүхийн шатанд эвлэрэх үед бартерийн эд зүйлсийг тодорхой мөнгөний барьцаанд тавьсан байгаа удахгүй чөлөөлөөд бүрэн шилжүүлж өгөх талаар тайлбар гаргаж өгч байсан хэдий ч шийдвэр гүйцэтгэлийн шатанд дээрх эд хөрөнгүүдийг бусдад буюу гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь тодорхой болсон. Миний бие жижиг дунд үйлдвэрлэлийн их хэмжээний зээлтэй бөгөөд О.Эрдэнэжаргалаас болоод амьдарч байсан байраа зээлийн хүүд хураалгаж аргагүйн эрхэнд дээрх маргаж буй орон сууцанд нүүж орсон. Миний бие уг байрыг худалдан авахаар “Өгөөж хишиг" ХХК-д 449 000 000 төгрөгийг зуун хувь төлсөн бөгөөд эд хөрөнгөө хамгаалах эрх нь надад бас байгаа гэж үзэж байна. Мөн О.Эрдэнэжаргал нь П.Хуланд байрыг шилжүүлэхдээ 20 сая төгрөгийн худалдах- худалдан авах гэрээ хийсэн бөгөөд 449 400 000 төгрөгийн үнэ бүхий байрыг ийм бага үнийн дүнгээр тооцон гэрээ хийж байгаа нь гэрээгээр халхавчлах шинжийг агуулж байна. Мөн П.Хулан нь О.Эрдэнэжаргалаас өөрт учирсан хохирлоо барагдуулахыг шаардахын оронд миний байрыг барьцаалбар хэлбэрээр шилжүүлэн авчихаад одоо надаас байр чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд миний бие нь шүүхийн шийдвэр болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан байрыг чөлөөлөн өгөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Хулан нь О.Эрдэнэжаргалд 250 000 000 төгрөг зээлүүлсэн гэх бөгөөд уг зээлийн гэрээний эргэн төлөлтийн баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол Олимпийн гудамжны 30б байрны 64 тоот үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор худалдан авах ямар нэгэн зорилгогүйгээр зөвхөн зээлийн гэрээний баталгаа болгож өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахдаа 20 000 000 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээг бодит бусаар байгуулан шилжүүлэн авсан. Уг орон сууцыг О.Эрдэнэжаргал нь надаас худалдаж авч өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй байсан, уг төлбөрийг төлөх боломжгүй гэсэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээгээ цуцалж, Баянзүрх, Сүбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10827 дугаартай шүүгчийн захирамжаар өмчлөх эрхийг надад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. П.Хулан, О.Эрдэнэжаргал нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг зөрчиж хийгдсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл юм. Уг орон сууцны үнэ нь 449 000 000 төгрөгийн үнэ бүхий байхад дүр үзүүлэн 20 000 000 төгрөгөөр гэрээ байгуулсан боловч 20 000 000 төгрөгөөр худалдаж авсан ямар ч хэлцэл бодитойгоор хийгдээгүй. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Х.Бадрал миний бие бөгөөд П.Хуланд өмчлөх хууль бусаар шилжин очсон байна. Иймд дээрх үндэслэлээр П.Хулан, О.Эрдэнэжаргал нарын хооронд хийгдсэн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан үндэслэлийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Х.Бадрал нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Олимпийн гудамж, 30Б-64 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд өмчлөгчийн шаардлага гаргах эрхгүй этгээд юм. Х.Бадрал нь О.Эрдэнэжаргалд холбогдуулан 730 000 000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвд хандаж гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10827 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулсан. Энэхүү шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт ...хэрэв дээрх эд хөрөнгүүдийг гэрээнд заасан хугацаанд эрхийн доголдолгүй, биет байдлын зөрчилгүй шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд, шилжүүлээгүй эд хөрөнгө тус бүрийг гэрээнд заасан дүнгээр төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталгаажуулсугай” хэмээн дурдсан байна. Х.Бадралын хүсэлттэй, О.Эрдэнэжаргалд холбогдох энэхүү маргаанд өмчлөгч болох П.Хуланг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй бөгөөд П.Хулангийн зүгээс тус шүүхийн шүүгчийн 10827 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 25438 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт ...Эвлэрэлд уригдсан тал нь дээрх эд хөрөнгүүдийг гэрээнд заасан хугацаанд эрхийн доголдолгүй, биет байдлын зөрчилгүй шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шилжүүлээгүй эд хөрөнгө тус бүрийг гэрээнд заасан үнийн дүнгээр төлөхөөр тохиролцсон байдал нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч нар нь эрхийн доголдолгүй орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөлд гэрээнд заасан үнийг төлөхөөр тохиролцсон тул бусдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэнд халдах боломжгүй. Төлбөр төлөгч “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК, О.Эрдэнэжаргал нар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Юнайтад апартмент цогцолборын 10 дугаар давхарт байрлах 107.88 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөр авагч Х.Бадралд өгөхөөр тохиролцсоноос бус тоот хаяг нь тодорхой орон сууцыг нэрлэн заагаагүй болохыг дурдах нь зүйтэй хэмээн дурдсан. Мөн тус шүүхийн шүүгчийн 10827 тоот захирамжийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа буюу О.Эрдэнэжаргапаас 730 000 000 төгрөг гаргуулах тухай ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгаа болно. Иймд Х.Бадралаас П.Хуланд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий орон сууцны төлбөрийг гуравдагч этгээд О.Эрдэнэжаргалаас гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. О.Эрдэнэжаргал нь уг орон сууцны төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Хулангийн гаргасан хариуцагч Х.Бадралд холбогдох орон сууцыг Х.Бадралын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Бадралын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, П.Хулан болон О.Эрдэнэжаргал нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.Хулангаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 187 750 төгрөгийг нэхэмжлэгч П.Хулангаас нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Х.Бадралаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 258 000 төгрөгийн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэгч П.Хулангаас 257 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Бадралд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. ...Хариуцагч Х.Бадрал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаснаас бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан хэлцлийн үр дагаврыг арилгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. П.Хулан болон О.Эрдэнэжаргал нарын хооронд байгуулагдсан хэлцлийн улмаас Х.Бадралд хохирол учирсан байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар уг хохирлыг хэрхэн арилгуулах, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх хүсэлт, шаардлагыг тодорхойлон гаргаж, шүүх уг шаардлагыг хэлэлцэх ёстой. Гэтэл шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хуулийн зохицуулалтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Мөн Х.Бадралын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байхад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй. Х.Бадрал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан сонирхогч этгээд биш бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...Х.Бадрал нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн хэмээн үзэж, О.Эрдэнэжаргал болон “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-д холбогдуулан эвлэрүүлэн зуучлагчид хандаж, улмаар талуудын харилцан тохиролцсон тохиролцоог шүүгчийн захирамжаар баталгаажуулан шийдвэрлэсэн ба уг захирамжтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно. ...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №101/Ш32016/10827 дугаар захирамжаар Х.Бадралын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Х.Бадралын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Х.Бадралын өмчлөх эрх нь П.Хулан болон О.Эрдэнэжаргал нарын хооронд байгуулагдсан хэлцлээс бус Х.Бадрал болон О.Эрдэнэжаргал, “Лакшири Хаус энд рийл эстэйт” ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээгээр зөрчигдөж, уг зөрчигдсөн эрхийг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №101/Ш32016/10827 дугаар захирамжаар сэргээн шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байна.

Шүүх Х.Бадралын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж буй дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үнэлж, дүгнээгүй. Учир нь Х.Бадрал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Юнайтед аппартмент цогцолборын 10 дугаар давхарт 107.88 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг шилжүүлэн авахын тулд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тухай тайлбарласан ба хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд дахин шүүхэд хандах хууль зүйн үндэслэлгүй. Мөн шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, дээрх орон сууцыг Х.Бадралд шилжүүлэх нөхцөл байдал бий болох тохиолдолд дээр дурдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу О.Эрдэнэжаргал болон “Лакшири Хаус энд рийл эстэйт” ХХК-иас маргаан бүхий байрны төлбөрт гаргуулсан хөрөнгөөр Х.Бадрал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих хууль зүйн үндэслэлийг шүүх бүрдүүлж байна. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, дээрх орон сууцыг Х.Бадралд шилжүүлэх нөхцөл байдал бий болох тохиолдолд О.Эрдэнэжаргал болон “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иас 449 400 000 төгрөгийг гаргуулж, Х.Бадралд олгох хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болох ба төлбөр гаргуулах асуудлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн хоёр шийдвэр гарах нөхцлийг мөн шүүх бүрдүүлсэн шийдвэр гаргаж буй нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Х.Бадралын хүсэлттэй, О.Эрдэнэжаргал болон “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-д холбогдох эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаанд маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч П.Хуланг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй ба эвлэрүүлэн зуучлагч, шүүхийн зүгээс П.Хуланд мэдэгдэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 741.4-д заасны зөрчсөн. Нэхэмжлэгч П.Хулангийн зүгээс дээрх шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад олж мэдсэн даруйдаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд 2016 оны №10827 дугаар захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №101/Ш32016/25438 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Х.Бадрал болон О.Эрдэнэжаргал, “Лакшири хаус энд рийл эстэйт” ХХК-иудын хоорондын эвлэрлийг баталгаажуулсан шүүгч 2016 оны №101/Ш32016/10827 дугаар захирамж нь дээрх байдлаар нэхэмжлэгч П.Хулангийн өмчлөх эрхэд ямар нэгэн байдлаар халдах, П.Хулангийн өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчих хууль зүйн үндэслэлгүй болохыг тайлбарласан. Шүүгч шийдвэрийн дээрх үндэслэлийг тайлбарлахдаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10827 дугаартай талуудын эвлэрлийг баталгаажуулах түхай захирамж нь өөр хэргийг шийдвэрлэсэн захирамж хэмээн шийдвэрийн тогтоох хэсгийг тайлбарласан болно. Шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №101/Ш32016/25438 дугаар захирамжийг үнэлэлгүй орхиж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10827 дугаар захирамжийг дээрх байдлаар тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх хэсэгт гэж заасныг тус тус зөрчсөн.

Х.Бадрал нь П.Хулан болон О.Эрдэнэжаргал нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаараа зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх тухай шаардлагыг шүүхэд гаргаагүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Х.Бадрал нь П.Хулан болон О.Эрдэнэжаргал нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан хэдий ч П.Хулан нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэвээр байх ба өмчлөх эрхийг хүчингүй болгох шаардлага гараагүй, хууль зүйн үндэслэл байхгүй ба зөвхөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаараа зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй. Маргаан бүхий орон сууцны анхны өмчлөгч нь О.Эрдэнэжаргал байсан ба уг орон сууцыг худалдах зарын хамт П.Хулантай уулзаж байсан. Х.Бадрал нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч байгаагүй ба уг орон сууцыг захиалан бариулах гэрээг Х.Бадрал байгуулсан байсан талаар нэхэмжлэгч нь мэдээгүй. Шүүх дээрх байдлаар нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

 

            Нэхэмжлэгч П.Хулан нь хариуцагч Х.Бадралд холбогдуулан орон сууцыг Х.Бадралын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Х.Бадрал нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр П.Хулан, О.Эрдэнэжаргал нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Шүүх дээрх сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан атлаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд сөрөг нэхэмжлэлийг гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Эрдэнэжаргалд холбогдох хэлцлийн асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцэцэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

 

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ