Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ДШМ/313

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Ж.О-ын өмгөөлөгч Э.Шинэзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгoийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.О-ын өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.О-т холбогдох 1805032641257 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Ж.О, 1973 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "Оргил дуут хад" ХХК-д хамгаалалтын албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, ачийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын эцсийн буудал, 3 дугаар гудамж, 669 тоотод оршин суух бүртгэлтэй, 

            Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан;

            Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16-383 тоотод О.Б-г маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ж.О-аас 354.700 төгрөг гаргуулж, хохирогч О.Б-д олгож, О.Б нь өөрт учирсан энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн, мөн шатахуун, гар утасны нэгж, гар утас худалдаж авсан, “Батхүлэг” ХХК-ийн ажил тасалсан болон цалин хассантай холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.О-ын өмгөөлөгч Э.Шинэзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д "...Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.7... зүйлд заасан шаардлагыг хангаагүй" гэж тус тус заажээ.

Шийтгэх тогтоолд "...шүүгдэгч Ж.О нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны 383 тоотод хохирогч О.Б-г зодож, ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь ...тогтоогдож байна. ...Түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. ..." гэж Ж.О-ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана. ...” гээд, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр ... хэргийн талаарх нөхцөл байдал... ", мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т "...Өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт ... няцаан үгүйсгэсэн үндэслэл..." зэргийг тусгахаар заасан боловч шийтгэх тогтоол нь уг хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэт нэг талыг баримталсан, таамагласан дүгнэлтийг хийсэн.

Шүүгдэгч Ж.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "... Би О.Б-г цохиж, зодоогүй. Согтуу хөл дээрээ тогтож чадахгүй, унаж, босож яваад байсан. Шатаар буухдаа унаж гэмтсэн. Би том биетэй хүн, хэрвээ хөгшин настай хүнийг зодсон бол хөнгөн гэмтлээс илүү хүнд гэмтэл учрах байсан. Би юу гэж хөгшин настай хүн зодох вээ дээ..." гэж тогтвортой мэдүүлдэг.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Ж.О-ын мэдүүлгүүд болон хавтаст хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч, өөрийн итгэл үнэмшлийн дагуу шүүгдэгчийг цагаатгах байр сууринаас мэтгэлцэж оролцсон боловч анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо өмгөөлөгчийн цагаатгах талын саналын үндэслэл болгосон баримтад няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй юм.

2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хохирогчид хууль сануулан гэрчээр мэдүүлэг авахад "...намайг гараараа цохисон үгүйг сайн мэдэхгүй байна. ..." /хх 6-7/ гэсэн атлаа хохирогчоор мэдүүлэхдээ "...намайг гараараа толгой, нүүр хэсэг рүү олон удаа цохисон... толгой руу хөлөөрөө дэвссэн. ..." /хх 30-33/ гэж харилцан зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлдэг.

Түүнчлэн хохирогч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ "...2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр...Отгоо гэдэг залуугийнд...ярилцаж сууж байгаад..." /хх 6-7/, "...Отгонбаатарын хашаа руу ороод гэр лүү нь явж байх үед ... намайг заамдаж барьж аваад урагшаа угзарч татаж, цементэн дээр унагаасан. ..." /хх 30-З3/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ " ...намайг гэртээ оруулаад, шал мөргүүлж, дээрээс дэвссэн. ..." гэж мөн харилцан зөрүүтэй мэдүүлдэг. Уг хохирогчийн мэдүүлгүүдээс үзэхэд тухайн өдөр О.Б нь Ж.О-ын гэрт нь орсон эсхүл ороогүй. Гадаа эсхүл гэрт нь зодуулсан, зодсон эсэх болон хэргийн талаарх нөхцөл байдал эргэлзээ төрүүлдэг.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хохирогч О.Б, гэрч Б.Батбаяр, шинжээч Г.Ханхүү нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 6787 тоот дүгнэлтийг үндэслэсэн. Гэтэл хохирогч О.Б нь харилцан зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгүүдийг өгсөн. Гэрч Б.Батбаяр нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ж.О нь О.Б-г цохиж, зодсоныг хараагүй. Хэрэг учрал болсон гэх газар, цаг хугацаанд хамт байгаагүй. Хэргийн нөхцөл байдлыг мэдэхгүй бөгөөд О.Б-тай хаана тааралдсан, ямар байдалтай явж байсан талаарх нөхцөл байдлын талаар мэдүүлдэг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 6787 тоот дүгнэлт нь /хх 37/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд эргэлзээтэй гарсан байдаг.

Тухайлбал, хохирогчийн 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал зэрэг гэмтэл үүссэн цаг, хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй талаар дүгнэлтдээ тусгасан байдаг. Үүнээс үзвэл, уг гэмтлүүд нь хэрэг учрал болсон өдөр эсхүл өмнө, дараа нь учирсан эсэх, шинэ, хуучин гэмтлийн аль нь болох нь тогтоогдоогүй юм.

Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо "...Хохирогчийн ...хиймэл шүд хийлгэсэн 35.000 төгрөг ...баримтаар нотлогдож байна. ..." гээд хохиролд тооцож, гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй бөгөөд "...Хохирогчийн 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ..." талаархи дүгнэлт нотлох баримтаар авагдсан байхад хохирогчийн шүдэнд учирсан тухайн гэмтлийг хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр учруулсан, учирсан мэтээр дүгнэлт хийсэн байна.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Ж.О нь хохирогч О.Б-н биед учирсан хөнгөн гэмтлийг ямар аргаар /гараар цохиж, хөлөөр өшиглөж эсхүл шал мөргүүлж аль нь болох/ учруулсан, сэдэлт, зорилго, шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг нэг бүрчлэн, нарийвчлан тусгаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал;”, мөн зүйлийн 1.3-т "гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;", мөн зүйлийн 1.6 "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.'' зэрэг нотолбол зохих байдал нотлогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт " Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт " Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж тус тус заасан. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хохирогч, гэрч нар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Хохирогч О.Б зодуулсныхаа дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж, эмнэлгийн тусламж авч, эмчилгээ хийлгэсэн баримт нь хавтас хэрэгт авагдсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6787 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ханхүүгийн “...Хохирогчид учирсан гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зулай, хуйханд учирсан шарх, зөөлөн эдийн няцрал нь унах үед үүсэх боломжгүй. ...” гэсэн мэдүүлэг байдаг. Мөн 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хохирогчтой уулзсан Зургаадай, Батбаяр нар нь тухай өдөр О.Б-г эрүүл саруул зүгээр явж байсан талаар мэдүүлдэг бөгөөд Ж.О-ынхаас зодуулсан байдалтай гарч ирсэн талаархи мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй тохирдог. Хохирогч мөрдөн байцаалтад тогтвортой мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээх, хэргийн бодит байдлыг нотлох үүрэггүй юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан. Шүүгдэгч Ж.О тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч Ж.О-ын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ж.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон. Өмгөөлөгчийн хэлсэн шиг ямар нэгэн таамаглалаар анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй тул өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16-383 тоотод О.Б-г маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.Б-н “...2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ... 16 цагийн орчим танил Ж.О-ын гэрийн үүдээр явж байгаад, Ж.О-тай тааралдсан. Ж.О-тай юм ярьж, хашаа руу нь орсон бөгөөд гэр лүү нь орох гээд явж байхдаа би “чи бөбөөчдийн ноён юм уу, хаан юм уу” гэж хэлсэн. Тэгтэл Ж.О уурандаа “чи яахаараа намайг ингэж доромжилдог юм бэ” гэж хэлээд, намайг заамдаж, урагшаа угзарч татаж цементэн дээр унагаасан. Намайг цементэн газрыг толгойн зүүн хэсгээрээ мөргөж унасан байхад Ж.О дээрээс дарж, нүүр рүү олон удаа цохисон. Мөн биеийн зүүн талаар цементэн дээр чирээд, толгой руу хөлөөрөө дэвссэн. ... Толгойн зүүн хэсэг хагарсан болон толгой тойрч шалбарсны улмаас цус гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 32/,

гэрч Б.Батбаярын “...2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ гарч юманд явах гэж байтал 17-оос 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Налуугийн 2 тоот хашааны чиглэлээс ирж байсан. Миний аав болох О.Б-н толгой, ам, шүднээс цус ир гарсан. ... Нуруугаараа чирэгдсэн бололтой, хувцас нь урагдаж, зулгарсан байсан. Манарсан байдалтай гудамжаар явж байхаар нь гэр лүү оруулаад “юу болсон бэ гэхэд”, ... аав “... намайг Ж.О зодчихлоо, аав нь яах вэ?” гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 34-35/,

гэрч М.Зургаадайгийн “...Маргааш нь О.Б над руу залгахаар нь утсаа автал "би Отгонбаатарт зодуулсан, нүүр ам авах юмгүй болсон, одоо яах вэ” гэж байсан. Намайг 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр О.Б-н гэрт орж уулзахад О.Б нь хүнд зодуулсан зүйлгүй, бага зэрэг халамцуу байсан. Нүүр ам, хувцас хунар нь зүгээр хүнд зодуулсан шинжгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 92/,

шинжээч Г.Ханхүүгийн “...Тухайн үеийн үзлэгээр 1 шүд унасан, нэг шүд суларсан, буйл, завьж, уруулд ямар нэгэн гэмтлийн өөрчлөлт байгаагүй тул үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байсан. Бүсэлхий, зүүн хонгонд зулгаралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, зовхинд зулгаралт зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зулайн хуйханд учирсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь унах үед үүсэхгүй. Бусад гэмтэл нь унах үед үүсэх боломжтой. О.Б-н бүсэлхий, зүүн хонгонд зулгаралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал бүхий гэмтлүүд нь дан дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хуйх, дух, зовхинд зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал бүхий гэмтлүүд нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин бусад гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан. ...” гэх мэдүүлгүүд /хх 69, 79/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6787 дугаартай шинжээчийн “...О.Б-н биед бүсэлхий, зүүн хонгонд зулгаралт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, зовхинд зулгаралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 37/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 41-42/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 98-99/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ж.О-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Прокуророос Ж.О-ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан ажиллагаа ба хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Ж.О нь хохирогч О.Б-н биед учирсан хөнгөн гэмтлийг ямар аргаар /гараар цохиж, хөлөөр өшиглөж эсхүл шал мөргүүлж аль нь болох/ учруулсан, сэдэлт, зорилго, шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг нэг бүрчлэн, нарийвчлан тусгаагүйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, мөн зүйлийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, мөн зүйлийн 1.6 "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдал нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.О-т холбогдох хэрэгт шаардлагатай гэрч нарыг асууж тодруулсан, нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй, хуульд заасны дагуу зөв шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.О-ын өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О-ын өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ