Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0070

 

2014 оны 02 сарын 06 өдөр                    Дугаар 70                                      Улаанбаатар хот

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжийг хууль бус акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа'. “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар захирамжаар “Ц” ХХК нь Нийслэлийн арван жилийн 6 дугаар дунд сургуулийн эзэмшлийн 2570 м.кв газарт сургуулийн ажилчдын орон сууцыг барьж, ашиглалтад оруулж “О” сууц өмчлөгчдийн холбоонд орчны газартай нь хамт шилжүүлжээ.

Уг газраас Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжаар “Ц” ХХК-нд 414 м.кв газрыг олгосон нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчин эзэмшүүлсэн байх тул “Ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжийг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. Т давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжаар Нийслэлийн арван жилийн 6 дугаар дунд сургуулийн 2570 м.кв газарт сургуулийн ажилчдын орон сууцыг барьж ашиглалтад оруулж “О” сууц өмчлөгчдийн холбоонд орчны газартай нь хамт шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-ийг зөрчиж, уг газраас Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжаар “Ц” ХХК-нд 414 м.кв газрыг эзэмшүүлсэн тул “Ц” ХХК-нд холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжаар “Ц” ХХК-нд холбогдох хэсгийг хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэл болгож хүчингүй болгосон.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжийн “Ц” ХХК-нд холбогдох заалтыг дараах үндэслэлүүдээр хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гэж үзсэн. Үүнд:

  1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг Нийслэлийн Засаг дарга зөрчиж төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн шийдвэр болсон.
  2. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан Засаг даргын өөрийнхөө хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/- ийг өөрөө хүчингүй болгох эрх хэмжээг үгүйсгэж, маргаан бүхий актыг газар эзэмшигчийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас гаргасан шийдвэр гэж тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.
  3. Тухайн газар нь “Ц” ХХК-нд эзэмшүүлэхээс өмнө 6 дугаар дунд сургуулийн хашаан дотор байршуулан байгууллагын эзэмшлийн газар буюу биеийн тамирын талбай байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
  4. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар Нийслэлийн 6 дугаар дунд сургуульд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.9 га газрыг сургалтын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг баталгаажуулж, 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 452 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-д заасныг үндэслэн Нийслэлийн 6 дугаар дунд сургуульд барилга барих зөвшөөрөл олгон газар эзэмших зориулалтыг өөрчилж багш, ажилчдын 72 айлын орон сууцны барилга барих зориулалтаар 0.81 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг 810 м.кв газрын зарим хэсэгт “Ц” ХХК нь 36 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгчээр барьж 2006 онд ашиглалтад оруулахдаа зөвшөөрөгдсөн байршлыг өөрчилж барьсан болох нь хэрэгт авагдсан 6 дугаар сургуулийн эзэмших газрын баталгаат хэмжээ тогтоосон акт, кадастрын зургууд, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
  5. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар захирамжаар 6 дугаар сургуулийн сургалт, боловсролын зориулалтаар эзэмших газрын хэмжээг 1218 м.кв-аар багасгаж 17882 м.кв болгосон байх бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар багш, ажилчдад зориулагдаагүй (4 ажилтан л орсон тус сургуулийн 2006 оны 25 дугаар албан бичигт дурдсан) нийтийн зориулалттай дээрх орон сууцны “Одод” сууц өмчлөгчдийн холбоонд 2570 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн атлаа, 6 дугаар дунд сургуулийн эзэмшиж байсан газрын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй боловч бодит байдалд тус сургууль уг 2570 м.кв газрыг эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
  6. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/208 дугаар захирамжаар “Ц” ХХК-ийн эзэмшиж байсан 410 м.кв газрыг хүчингүй болгохдоо 6 дугаар сургууль нь уг газраа дахин эзэмших ашиглах боломжтой эсэхийг судалж тогтоогоогүй байна гэжээ.

Гэтэл нэгэнт уг сургуулийн газар эзэмших эрхийг Газрын тухай хууль зөрчин бусдад шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад дахин эзэмшиж ашиглах боломжтой эсэхийг тогтоох шаардлагагүй байна.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар тогтоолын 1.7-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан “ ... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар ...” гэж Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан байгууллагын хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулан эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас газрын байршил, зориулалт, хэмжээг зааж эзэмшүүлсэн болон эзэмшүүлэх газрыг хэлнэ" гэж зөвхөн сургалтын зориулалтаар тухайн газрыг эзэмшиж, ашиглах тухай тодорхой заасан байхад Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт 6 дугаар сургууль нь уг газраа дахин эзэмших ашиглах боломжтой эсэхийг судалж тогтоогоогүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж, хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/208 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчаас захирамжийн үндэслэлээ “сургуулийн эзэмшил газрыг шилжүүлж, хууль зөрчсөн” гэж тодорхойлж, маргажээ.

Гэвч хариуцагчийн нэрлэн заасан үндэслэл хангалттай тогтоогдоогүй, маргаан бүхий газрыг 6 дугаар сургууль биш, өөр этгээд эзэмшиж байсан, нөгөө талаас нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх зэрэг нөхцөлийг захиргааны байгууллагаас шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

“Ц” ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжаар 414 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ “нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн өмнөх шийдвэр хэмээн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 452 дугаар захирамжийн “Ц” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд алдаатай шийдвэр болжээ.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 452 дугаар захирамжаар 10 жилийн 6 дугаар сургуулийн багш, ажилчдын орон сууц барих зориулалтаар тус сургуулийн хашаан дотор байршуулан 810 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 6 дугаар сургуультай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг 6 дугаар сургуульд олгосон байна.

Өөрөөр хэлбэл 2004 оны 452 дугаар захирамжаар “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй байхад “2004 оны 452 дугаар захирамжаар “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн” гэж бичсэн нь утга агуулгын илэрхий алдаатай, нэхэмжлэгч хуулийн этгээдийг “810 м.кв газрыг эзэмших эрхтэй” гэж дүгнэх боломжгүй, эргэлзээтэй нөхцөл үүсэж байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “6 дугаар сургуулийн багш ажилчдын байрыг манай компани барихаар тохиролцож, барилга барьсан” гэж маргаж байх ба энэхүү үйл баримттай холбогдуулан барилга барьснаар газар эзэмших эрх үүсэх хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх зорилго нь юу болох, энэ зорилго хэрхэн биелэгдсэн, 6 дугаар сургуультай хэрхэн тохиролцсон, энэ нь хуульд нийцсэн эсэх зэргээр нотлох баримт цуглуулж, баримтжуулан захиргааны байгууллагаас шалгаж тодруулах ажиллагаа явуулах шаардлагатай.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар “О” сууц өмчлөгчдийн холбоонд 2750 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл энэхүү 2750 м.кв газарт нэхэмжлэгчийн одоо маргаж байгаа газар хамаарч байгаа бөгөөд ямар учраас сургуулийн газраас “О” сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмшүүлсэн, ийнхүү шийдвэрлэхдээ 6 дугаар сургуульд мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

                Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “маргаан бүхий газар нь 6 дугаар сургуульд хамааралгүй, сургууль гомдол гаргаагүй” гэж маргаж байх ба захиргааны байгууллагаас анх 6 дугаар сургуулийн газрыг бусдад эзэмшүүлэх болсон зорилго, шалтгаан, хууль зүйн үндэслэлийг шалгаж тодруулж, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл 10 жилийн 6 дугаар сургууль болон “О” сууц өмчлөгчдийн холбоог татан оролцуулах нь маргааныг үнэн зөв, бодитой, нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Хариуцагчаас “6 дугаар сургуулийн хашаан дотор “Ц” ХХК нь багш, ажилчдын орон сууц барихдаа барилгын байршлыг дур мэдэн өөрчилж, заасан байршлаас өөр газарт орон сууц барьсан” гэж тайлбарлаж байх ба барилгын байршилтай холбогдуулан захиргааны байгууллагаас ямар шийдвэр гарч байсан, одоо барилга барихаар маргаж байгаа газар нь бусдын газартай давхцах эсэх, орох, гарах гарцтай эсэх, барилгын норм, дүрэмд нийцэх эсэхийг шалгаж, холбогдох нотлох баримтыг цуглуулсны эцэст захиргааны байгууллага шийдвэр гаргах нь зүйтэй байна.

Иймд, хариуцагч нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.4.3-т зааснаар шийдвэр гаргах болсон үндэслэл, шаардлагаа тодруулж, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь, эргэлзээгүй баримтаар нотолж, эрх ашиг нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах замаар дахин шинэ акт гаргахыг даалгах нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаар хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах

эрхтэй.