Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 33

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ж.О-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1  сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Ш оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1985 оны 1 сарын 1-нээс 1994 оны 6 сарын 15-ныг дуустал Дундговь аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын хортон мэрэгчтэй тэмцэх группын ариутгалын Дук-452 маркын автомашины жолоочоор ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт зөвхөн жолоочоор гэж бичсэн юм. Миний унаж байсан Дук-452 маркын автомашин нь ариутгал хийдэг байсан ба ариутгалын жолоочоор ажиллаж байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн 1985 оны 1 сарын 1-нээс 1994 оны 6 сарын 15-ныг дуустал Дундговь аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын хортон мэрэгчтэй тэмцэх группын ариутгалын Дук-452 маркын автомашины жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт нэмж өгөх баримт байхгүй тул хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү. Мөн би Улаанбаатар хотод амьдардаг, нааш цааш олон дахин явахад хүндрэлтэй байх тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.О  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.О-ын хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хийгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12  сарын 27-ны өдрийн 370 дугаартай тодорхойлолтуудаар нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Ц.Ө :“... Би 1986 онд цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцад ариутгагчаар ажилд ороход Ж.О  нь ариутгалын Дук-452 машины жолоочоор ажиллаж байсан. Ж.О  нь 1994 он хүртэл ажилласан....” гэх мэдүүлэг,

 Гэрч Н.Ц :“... Би 1966 онд АУДС-ийг төгсөж ирээд Ариун цэвэр халдвар судлалын станцад нян судлалын лобарантаар ажилласан. Ж.О  нь 1985 оноос 1994 он хүртэл Ариун цэвэр хавдар судлалын станцад Дук-452 маркын машины жолоочор ажиллаж байсан. Ариутгалын эмнэлгийн зориулалттай машин барьдаг байсан, бид хөдөөгүүр ариултгалын ажлаар явцгаадаг байсан юм. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ. Ж.О  нь ариутгалын жолоочоор ч ажилладаг, ариутгагчаар ч ажилладаг хүн байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Э : “...Ж.О  нь аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станц гэж байхад ариутгалын тасагт жолоочоор ажиллаж байсан юм. Тэр үед Дук-452 маркын машины жолоочоор ажилладаг байсан ба дарга нь П.М  ажилладаг байлаа. Би ариутгалын тасагт ариултгагчаар ажилладаг байсан юм. Ж.О  нь 1985 оноос 1994 он хүртэл Ариун цэвэр хавдар судлалын станцад ариутгалын жолоочоор ажиллаж байсан....” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 370 дугаартай “Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын 1982 оны 1 сарын 1-нээс 1994 оны 6 сарын 25-ныг хүртэл жолоочоор ажиллаж байсан тухай Жамбал овогтой Отгонбаярт холбогдох томилсон, чөлөөлсөн тушаал нь байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй байна. АЦХССтанцын даргын 1986, 1988, 1989 оны Ж.О  холбогдох тушаалуудыг эх баримтаас хуулбарлан хүргүүллээ.” гэх тодорхойлолт,

3.Нэхэмжлэгч Ж.О-ын Дундговь аймгийн АЦХС-ын станцын даргын 1986 оны 2 сарын 3-ны өдрийн 4 дугаартай, 1988 оны 7 сарын 20-ны өдрийн 14 дугаартай, 1989 оны 7 сарын 22-ны өдрийн 23 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалуудын хуулбар,

4.Нэхэмжлэгч Ж.О-т Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас олгосон “Дундговь аймгийн АЦХС-ын станцын даргын 1985 оны 1 сарын 4-ний өдрийн 5-р тушаалаар 1985 оны 1 сарын 1-нээс жолоочоор авч ажиллуулав”, “1994 оны 6 сарын 25-ны өдрийн 4-р тушаалаар 1994 оны 6 сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлж, эмнэлэг биеийн тамирын төвийн мэдэлд шилжүүлэв” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

5.Нэхэмжлэгч Ж.О-ын 334526 дугаартай 1976 оны 6 сараас 1980 оны 6 сар, 1983 оны 7 сараас 1991 оны 12 сар хүртэл сарын цалин, татварын бичилт бүхий Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл, гэрэл зураг баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар Ж.О-ын 1985 оны 1 сарын 1-нээс 1994 оны 6 сарын 15-ныг дуустал Дундговь аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын хортон мэрэгчтэй тэмцэх группын ариутгалын Дук-452 маркын автомашины жолоочоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.О нь 1985 оны 1 сарын 1-нээс 1994 оны 6 сарын 15-ныг дуустал Дундговь аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын хортон мэрэгчтэй тэмцэх группын ариутгалын Дук-452 маркын автомашины жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ