Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/954

 

 

 

 

 

   

       2018           11           05                                         954

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Н.Г.............ай, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хурц арслан овогт Н............яагийн Г.............найг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0045 11163 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хурц овогт Н............яагийн Г.............най, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сант суманд 1995 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ургац гурил” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт ..........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Н.Г.............най нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмээлт захын орчим “Норд Рөүд” ХХК-ны ажилчдын байранд хамт ажилладаг Г.Д............мын “Самсунг Жи-7” маркийн гар утсыг “эхнэрийн бие муудаад байна, гар утсаараа нэг яриулаач” гэж хуурч, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г.............най мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Д............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Норд Рөүд” ХХК 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр... ажилд орсон. Манай ажил ажилчдаа байрлуулан үйл ажиллагаа явуулдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 23 цаг өнгөрч байхад намайг ажилчдын байрандаа амарч байхад...хамт ажилладаг Н.Г.............най гэх залуу миний гар утсыг гуйгаад “утсаараа залгуулчих, манай найз охины бие нь муудаад байна” гэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн “самсунг жи-7” маркийн гар утсаа өгсөн. Н.Г.............най миний гар утсыг аваад ажилчдын байрнаас гараад явсан. Тэгээд Н.Г.............най миний гар утсыг авч явснаас хойш 5-10 минутын дараа би араас нь ажилчдын байрнаас гараад үйлдвэр дээр очтол ээлжийн ахлах Батбаатар Н.Г.............найг хайгаад явж байсан...би гар утсаа 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Мобикомын Тэди салбараас өөрийн найз Ж...........рын Н..........рын нэр дээр лизингээр 829.000 төгрөгөөр сард 40.000 төгрөг төлөх нөхцөлтэй худалдаж авсан гар утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19),

“...Н.Г.............най манай эхнэрийн бие муудаад байна гэснээ утсаараа нэг яриулаач гээд авсан...5 орчим минут болоход манай хамт ажилладаг залуу “чиний гар утсыг Н.Г.............най аваад явчихлаа” гэхээр нь би итгэхгүй байж байгаад 10 орчим минутын дараа араас нь гарахад Н.Г.............най гадаа байгаагүй. Тэгэхээр нь Н.Г.............найгийн ээлжийн дарга дээр очиж асуухад Н.Г.............найг бас хайгаад явж байсан...би өөрийнхөө дугаар руу 2 удаа залгахад авахгүй байсан...Н.Г.............найгаас гар утсаа асуухад Н.Г.............най надад мөнгөний хэрэг болоод...3 дугаар эмнэлгийн хажууд байдаг ломбарданд барьцаанд 200.000 төгрөгөөр тавьсан гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл надад одоо мөнгө байна одоо очоод авчихъя чи цалин дээрээсээ өгчихөөрэй гэхэд Н.Г.............най үгүй худлаа ярьсан юм. Би танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарчихсан гэсэн...хохирлын мөнгө болох 600.000 төгрөгийг надад барагдуулж өгсөн. Үлдсэн мөнгийг надад барагдуулж өгнө гэсэн...хохирлын мөнгөө барагдуулж авбал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

2. Гэрч Ж.Н..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн Мобикомын 99...878 гэсэн дугаар нь гар утас лизингээр авах болзол шаардлагыг хангаж, эрх нь нээгдсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө нэрийн өмнөөс самсунг жи-7 маркийн гар утсыг найз Г.Д............мд лизингээр авч өгсөн. Гар утасны лизингийн төлбөр сард 40.000 төгрөг төлдөг...самсунг жи 7 маркийн гар утас нь миний эзэмшлийн утас биш би найздаа авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

3. “Тэнцвэр эстимэйт“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаар тайланд “...2017 оны загварын Самсунг галакси Жи-7 гар утас 746.100 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 36-38),

4. Гар утас...хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар (хавтаст хэргийн 64-66),

5. Шүүгдэгч Н.Г.............найгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Норд Рөүд” ХХК-ний ажилладаг байсан. Тэгээд тэр өдөр ажлаа хийж байхад шөнө 23 цагийн үед миний гар утас руу 9941....36 дугаар руу хуучин үерхэж байсан охин Энх-Улирал...залгаад “би дүүтэйгээ хамт цагдаад баригдаад асуудалтай байна. Мөнгө хэрэгтэй байна” гээд надаас мөнгө нэхээд байсан. Тэр үед миний утасны цэнэг дуусаад унтарчихсан. Тэгэхээр нь би хамт ажилладаг Д............маас гар утсыг нь гуйж аваад би эхнэртэйгээ яаралтай утсаар ярьчихаад өгье гээд авсан. Тэгээд гадагшаа гараад Д............мын 9545...34 дугаарын утсаар Энх-Улиралын...над руу залгасан дугаар руу залгаад Энх-Улиралтай ярихад надад мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би Д............мын гар утсыг түүнд хэлэхгүйгээр аваад ажлаасаа гараад явсан. Тэгээд тэндээсээ 01 цагийн үед 3 дугаар эмнэлгийн хажууд талд байх барьцаалан зээлдүүлэх газарт өөрийнхөө нэрээр 200.000 төгрөгөнд барьцаалсан. Тэгээд тэндээсээ такси бариад Энх-Улиралтай уулзаад 200.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-83),

6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49), “Од групп” ХХК-д ажилладаг талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 48), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 42, 47, 50-61), хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 87, 11) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Г.............найд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г.............найг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Н.Г.............най нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт захын орчим байрлах “Норд Рөүд” ХХК-ны ажилчдын байранд амьдарч байхдаа буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, шунхайн сэдэлтээр, өөрийн хэрэгцээг хангах зорилгоор, шууд санаатай үйлдлээр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хамт ажиллаж, амьдардаг Г.Д............мын эзэмшлийн “Samsung Galaxy J-7” маркийн (2017) /Black/ гар утсыг түүнээс хуурч аван, залилсан болох нь:

- Хохирогч Г.Д............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг унтаж байхад хамт ажилладаг Н.Г.............най гэх залуу миний гар утсыг гуйгаад утсаараа залгуулчих манай найз охины бие нь муудаад байна гэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн самсунг жи-7 маркийн гар утсаа өгсөн. ...Н.Г.............най миний гар утсыг авч явснаас хойш 5-10 минутын дараа би араас нь...ажилчдын байрнаас гараад үйлдвэр очтол ээлжийн ахлах Батбаатар Н.Г.............найг хайгаад явж байсан. ...би гар утсаа 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Мобикомын Тэди салбараас өөрийн найз Ж...........рын Н..........рын нэр дээр лизингээр 829.000 төгрөгөөр сард 40.000 төгрөг төлөх нөхцөлтэй худалдаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

“...Н.Г.............най манай эхнэрийн бие муудаад байна гэнэ утсаараа нэг яриулаач гээд авсан...5 орчим минут болоход манай хамт ажилладаг залуу чиний гар утсыг Н.Г.............най аваад явчихлаа гэхээр нь би итгэхгүй байж байгаад 10 орчим минутын дараа араас нь гарахад Н.Г.............най гадаа байгаагүй. ...Н.Г.............найгаас гар утсаа асуухад тэрээр надад мөнгөний хэрэг болоод...3 дугаар эмнэлгийн хажууд байдаг ломбарданд барьцаанд 200.000 төгрөгөөр тавьсан гэсэн. ...Дараа нь танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарчихсан гэсэн...хохирлын мөнгө болох 600.000 төгрөгийг надад барагдуулж өгсөн. ...үлдсэн хохирлын мөнгөө барагдуулж авбал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Гэрч Ж.Н..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийнхөө нэрийн өмнөөс самсунг жи-7 маркийн гар утсыг найз Г.Д............мд лизингээр авч өгсөн. ...Самсунг жи 7 маркийн гар утас нь миний эзэмшлийн утас биш би найздаа авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

- Гар утас...хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар (хавтаст хэргийн 64-66),

 

- “Тэнцвэр эстимэйт“ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаар тайланд “...2017 оны загварын Самсунг галакси Жи-7 гар утас 746.100 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 36-38),

 - Шүүгдэгч Н.Г.............найгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Норд Рөүд” ХХК-ний ажилладаг байсан. Тэгээд тэр өдөр ажлаа хийж байхад шөнө 23 цагийн үед...хамт ажилладаг Д............маас гар утсыг нь гуйж аваад би эхнэртэйгээ яаралтай утсаар ярьчихаад өгье гээд авсан. ...Тэгээд Д............мын гар утсыг түүнд хэлэхгүйгээр аваад ажлаасаа гараад явсан. Тэгээд тэндээсээ 01 цагийн үед 3 дугаар эмнэлгийн хажууд талд байх барьцаалан зээлдүүлэх газарт өөрийнхөө нэрээр 200.000 төгрөгөнд барьцаалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-83) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Г.............най нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж буюу хамт ажиллаж амьдардаг хохирогч Г.Д............мын гар утсыг хуурч авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч Г.Д............мд 746.100 төгрөгийн хохирол учирсан болох “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Н.Г.............найг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Г.............найг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                               

Шүүгдэгч Н.Г.............най Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Н.Г.............най нь “Од групп” ХХК-нд ачигчаар ажилладаг болох түүний мэдүүлэг, ажлын газрын тодорхойлолт зэргээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгчид шүүхээс торгуулийн ял оногдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн 1808 0045 11163 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хурц арслан овогт Н............яагийн Г.............найг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г.............найг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г.............най нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ