Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/711

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808029010876 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ....... аймгийн ....... суманд төрсөн, .... настай, ............. боловсролтой, жолооч мэргэжилтэй, “С” ХХК-д харуул ажилтай, ам бүл ...., хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ......... дугаар гудамж, ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Б /РД:............/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, .........тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.Б-ийн толгойн тус газар хуванцар сандлаар, дал, гаран тус газар шалны модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ их харамсаж байна” гэв.

 

Эрүүгийн 1808029010876 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.Б-ийн: “2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр миний ажилладаг үйлдвэрийн 10 жилийн ой болсон. Намайг хүлээн авалтанд байхад хамтран амьдрагч Б залгаад байсан. Өглөө үүрээр тараад гэртээ ирсэн чинь Б намайг “чи ямар орой ирдэг юм бэ” гэж хэлээд нэг удаа алгадсан. Би “яагаад зодоод байгаа юм, нэг өдөр ажлынхантай явж болдоггүй юм бэ” гэж хэлээд маргалдсан. Б миний баруун дал уруу хуванцар сандлаар хэд хэдэн удаа цохисон. Шалны мод аваад миний толгой уруу нэг удаа цохисон. Толгойноос цус гарахаар нь би Бийн ээж рүү яриад “Б намайг зодоод байна” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт очиж нэг оёдол тавиулсан. Надад эмчилгээ хийлгэсэн баримт болон нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-24-26/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.05.31-ний өдрийн 6857 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Б-ийн биед баруун зулайн хуйханд шарх, зүүн дал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-39/,

Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Б- бид хоёр маргалдаж байгаад би сандлаар Б-ийн нуруу уруу цохисон. Шалны модоор толгой уруу нь нэг удаа цохисон. Түүний толгойноос цус гарсан. Бид хоёр 1996 оноос хойш нэг гэрт амьдарч байна. Гэрлэлтээ батлуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-73-76/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-42-46/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-47-48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-52/, “С” ХХК-ийн тодорхойлолт /хх-80/, хохирогчийн хүсэлт /хх-82/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 26-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... ......... дугаар гудамж, ........ тоот гэртээ хамтран амьдрагч С.Б-тэй маргалдан зодож, биед нь баруун зулайн хуйханд шарх, зүүн дал, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Б-ийн “...Б миний баруун дал уруу хуванцар сандлаар хэд хэдэн удаа цохисон. Шалны мод аваад миний толгой уруу нэг удаа цохисон. Толгойноос цус гарахаар нь...” гэх мэдүүлэг /хх-24-26/, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 6857 дугаар “1.С.Б-ийн биед баруун зулайн хуйханд шарх, зүүн дал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-39/, шүүгдэгч Б.Бийн “...Б- бид хоёр маргалдаж байгаад би сандлаар Б-ийн нуруу уруу цохисон. Шалны модоор толгой уруу нь нэг удаа цохисон. Түүний толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-73-76/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-42-46/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, түүнчлэн хохирогчийн “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-24-26/, шүүхэд гаргаж өгсөн “Хохирол, гомдол саналгүй” гэх хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажил эрхэлдгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа ойлгож байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хуванцар сандал, шалны модоор цохисон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанарт тохироогүй байна гэж шүүх үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                                        

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР