Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/300

 

 

 

 

 

 

   2022          04           19                                       2022/ШЦТ/300

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Б.Хурц,

хохирогч Н.Ш, түүний өмгөөлөгч М.Билгүтэй,

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210003840195 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, 0 ХХК-д нярав ажилтай гэх, ам бүл-2, эхнэрийн хамт 0 дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Б.Ж (РД:0).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн эрүүгийн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нутгийн буяны 0 байрны гадаа Н.Ш-тэй машинаа зогсоолд буруу байрлуулсан гэх шалтгаанаар маргалдаж биед нь халдан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж-аас: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.

Хоёр. Эрүүгийн 221000384 0195 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас, иргэн Н.Ш, Б.Ж нарын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4-7 дэх тал),

 

2. Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримт хураан авах тухай санал, бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

 

3. “0” хотхоны 0 байрны хяналтын камерын бичлэгт 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:

Бичлэг эхлэхэд бараан өнгийн хувцастай залуу цааш гүйгээд саарал машинд орж суугаад хойшоо ухарч наад талын машиныхаа талд нь зогсоход уг машинтай залуу дээр хоёр хүн ирсэн юм ярьж байгаа харагдана. Тухайн машины залуу машинаасаа бууж ирээд эхэлж ирсэн бараан хувцастай эрэгтэй хүнтэй барьцалдаж зууралдаж байгаа мэт харагдах ба дундуур нь нэг хүн орж болиулах гэж байгаа харагдана. Тухайн хоёр залууг зууралдаж байх үед хажуугаар нь явж байсан хоёр хүн ирж мөн салгах гэж дундуур нь орж байгаа харагдана.

2 дахь бичлэгийг эхлүүлэхэд цайвар өнгийн 30 приус харагдах ба уг машин дээр нэг залуу очоод урд талын хаалгыг онгойлгож тухайн машины жолоочтой ярилцаж байгаа мэт дүр зураг харагдах ба араас нь бор шаргал хүрэмтэй нэг эрэгтэй хүн очиход тухайн эхэлж очсон залууг уг машины жолоочтой зууралдах гэж байгаа харагдах ба баруун гар нь цааш хөдөлж уг залууг цохих мэт хөдөлгөөн байв. Тэр үед уг машины жолооч машинаасаа бууж ирээд уг залуутай барьцалдаад авах ба энэ үед шаргал хүрэмтэй залуу дундуур нь орж салгах гэж байгаа харагдана. Тухайн хоёр залуу зууралдаад нэг нэгнээсээ салахгүй харагдах ба хажуугаар нь явж байсан хоёр очиж салгах гэж байгаа харагдана” ...гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-15 дахь тал),

 

4. Хохирогч Н.Ш-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлын шугамаар Хан-Уул дүүрэгт явж байгаад Нутгийн Буян хотхоны орчим машинаа тавьчхаад айл руу орж цэвэр усны шүүлтүүр суулгаж байтал миний утас руу нэг дугаараас залгаад машинаа холдуул гэж хэлсэн. Би гараад машинаа холдуулах гээд хөдлөхөд нэг залуу наана чинь машин тавьдаггүй шүү дээ, гражийн хаалга гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг залууд “өө би мэдсэнгүй ээ машин ухрахад гарахаар нь оронд нь зогсчихсон юм аа уучлаарай” гэж хэлээд машинтайгаа ухраад гарах үед үл таних залуу машины хаалга онгойлгож чи надаас уучлалт гуйх ёстой гэж хэлээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би уг залууд би чамаас яасан гэж уучлалт гуйдаг юм гэж хэлтэл миний баруун шанаа тус газарт шууд 3-4 удаа цохисон. Тэгээд намайг заамдаж машинаас чирч буулгасан. Буугаад машины гадаа намайг заамдаж бид хоёр барьцалдаж байтал намайг дахиад гурван удаа цохисон. Тэгтэл хажуугаар явж байсан хоёр хүн уг залуу бид хоёрыг салгасан. Тэгтэл уг залуу граж руу яваад орохоор нь  би араас нь очиж машин дотроо сууж байгаа зургийг нь дарж дуудлага өгсөн. Дүгнэлт дээр гэмтлийг Сонота-7 маркийн машинтай Жамбалжамц гэх залуу учруулсан. “Медтраума” эмнэлэгт тархины зураг 130.000 төгрөгөөр авхуулсан. Учирсан хохирлыг баримтын дагуу нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

5. Гэрч Я.З-н 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найз залуугийн хамт гэрээсээ гараад граж руугаа ороод бид машиндаа суугаад гарах үед гражийн хаалгыг нэг машин таглаад тавьсан байсан. ...Уг таглаж байсан машины эзэн рүү залгаад машинаа холдуулаач гражийн хаалга таглаж тавьсан байна гэж хэлэхэд за за гэж хэлээд утсаа тасалсан. 15 орчим минут хүлээсэн, гэр рүүгээ ороод ...буцаад доошоо граж руу яваад ортол манай найз залуу үл таних залуугийн куртикнээс заамдчихсан зогсож байсан. Би очоод найз залуудаа юу болоод байгаа юм бэ, явъя гэж хэлтэл энэ хүн чинь тавихгүй байна гэж хэлсэн. Нөгөө залууд нь чи машинаа холдуулаад болоо биз дээ юу хүсээд байгаа бэ гэж хэлсэн, чадахгүй ээ тавихгүй гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо хэрэлдээд орилоод байсан. Тэгээд явъя гэхэд нөгөө залуу манай найз залууг тавихгүй байсан учир би салгах гэтэл тавихгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

6. Яллагдагч Б.Ж-ын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тухайн өдөр гэрээсээ гараад доошоо граж руугаа ороод машиндаа суугаад гартал гражийн хаалга машин таглаад тавьсан байсан. Тэгээд залгаж машинаа холдуул гэж хэлтэл 10 орчим минутын дараа ирсэн. Тэгээд энд машин тавьдаггүй гэж хэлээд ядаж уучлал гуйх зүйл байхгүй юу гэж хэлтэл чамаас яасан гэж уучлал гуйдаг юм, албатай юм уу гэж хэлсэн. Бид хоёр маргалдсан. Би заамдаж аваад нааш цааш нь болгосон. Тэгтэл уг залуу машинаасаа буугаад ирсэн. Тэгээд харилцан заамдалцаж байгаад намайг тавихгүй байхаар нь гар руу нь дээрээс доош дарж салгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн №2346 дугаартай хүний биед хийгдсэн:

-Н.Ш-ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

- Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 

8. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 1 дүгээр сарын №ХУ1-22-04-с дугаартай “монетан гинж 50.000 төгрөг, бугуйн цаг 10.000 төгрөг, нийт 60.000 төгрөгөөр” зах зээлийн үнийг тогтоосон тайлан (хавтаст хэргийн 44-47 дахь тал),

 

9. Хохирогч Б.Ш-с өөрт учирсан хохиролд 288.900 төгрөг нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 41-42), мөн шүүх хуралдаанд шинээр өгсөн үзлэгийн төлбөр, нэхэмжлэх, эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтууд,

 

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн, байнга оршин суугаа хаягийн, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны, тээврийн хэрэгслийн, гэрлэсний бүртгэлгүй, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаанууд (хавтаст хэргийн 63-68 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Ж-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хохирогч, гэрч, яллагдагчийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай.

Хохирогч Б.Ш-с өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад 288,900 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт ирүүлсэн, шүүхийн шатанд 344.000 төгрөгийн баримтыг гаргасан. Иймд 288.900 төгрөг дээр хөрөнгийн үнэлгээний 60.000 төгрөг, үзлэгийн төлбөр 40.000 төгрөгийг гаргах саналтай, бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “хохирогчийн эмчилгээний зардал болон өмгөөллийн хөлсөнд төлсөн 1.200.000 төгрөгийг нэхэмжилсэн, мөн шүүх хуралдаанд гаргасан цаашид хамрын хагалгаанд орох зардлыг нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн, цаад байгууллага нь баримтаа өгөхдөө тоон дээр техникийн алдаа гаргасан байна, уг мөнгийг нэхэмжилж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч гэм буруугийн талаар буюу учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Ж нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нутгийн Буян”-ы 0 байрны гадна 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч  Н.Ш-тэй “зогсоолд машинаа буруу байрлуулсан” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, маргалдан улмаар хохирогчийг автомашинаас нь чирч буулгах, заамдах, цохих зэргээр хүч хэрэглэж биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл, үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас, иргэн Н.Ш, Б.Ж нарын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4-7 дэх тал),

-Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримт хураан авах тухай санал, бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

- “Нутгийн буян” хотхоны 0 байрны хяналтын камерын бичлэгт 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10-15 дахь тал),

-Хохирогч Н.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг дугаараас залгаад машинаа холдуул гэж хэлсэн. Би гараад машинаа холдуулах гээд хөдлөхөд нэг залуу наана чинь машин тавьдаггүй шүү дээ, гражийн хаалга гэж хэлсэн. ...уучлаарай” гээд ...машинтайгаа ухраад гарах үед үл таних залуу машины хаалга онгойлгож чи надаас уучлалт гуйх ёстой гэж хэлээд над руу дайраад байсан. ...миний баруун шанаа тус газарт шууд 3-4 удаа цохисон. ...машинаас чирч буулгасан. ...бид хоёр барьцалдаж байтал намайг дахиад гурван удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 Гэрч Я.З-н өр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машины эзэн рүү залгаад машинаа холдуулаач гражийн хаалга таглаж тавьсан байна гэж хэлсэн. ...манай найз залуу үл таних залуугийн куртикнээс заамдчихсан зогсож байсан. ...Тэр хоёр хоорондоо хэрэлдээд орилоод байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

-Яллагдагч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн №2346 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

-Дамно хөрөнгийн үнэлгээний 2022 оны 1 дүгээр сарын №ХУ1-22-04-с дугаартай тайлан (хавтаст хэргийн 44-47 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

            Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдалд хууль дүгнэлт хийхэд  хохирогчийн бие, эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч Б.Ж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, шүүгдэгч нар харилцааны явцад үл ялих зүйлээс маргалдан нэгнээ үл хүндэтгэсэн байдал, зан төлөв нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болжээ.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ж-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг, суурь болон дээд боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,

- 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,

- 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирснаас гадна эд хөрөнгөд хохирол учирчээ.

Хохирогч Н.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардлын 288.900 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1.200.000 төгрөгийн болон үзлэгийн төлбөр, цаашид хамрын хагалгаа, шинжилгээ хийлгэх зэрэгт 344.000 төгрөг гарах тухай “Эм Би Жи Мед” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр огноолсон нэхэмжлэх зэргийг гаргаж өгсөн.

Шүүх хохирогчийн нэхэмжилсэн хохирлын баримтуудыг судалж, хянаад:

1/Хохирогч Н.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 288.900 (хавтаст хэргийн 41-42 дахь тал )төгрөг дээр шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн үзлэгийн төлбөр 40.000 төгрөг, мөн гэмт хэрэг гарах үед түүний эрүүл мэндэд гэмтэл учруулах явцад хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг буюу Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон гинж, бугуйн цаг зэргийн үнэ 60.000 төгрөг, бүгд 388.900 төгрөгийг шүүгдэгч Б.Ж-аас гаргуулж хохирогч Н.Ш-д олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн хүрээнд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг буюу энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар заасан, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өмгөөлөгчид төлөх зардал”-ыг заасан байгаа боловч уг зардал нь Засгийн газрын тогтоолоор баталсан журмаар тусгайлан заасан этгээдэд хамаарах зардлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6 дахь хэсэгт “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор заасан. Тодруулбал эрх нь зөрчигдсөн насанд хүрээгүй, бага насны хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг зардалд тооцох ба, бусад хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлс 1,200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3/ Шүүх хуралдаанд хохирогч Н.Ш-ээс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “0” ХХК-ний “нэхэмжлэх” гэсэн баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэх гэх баримтыг үзэхэд хамрын хагалгаа, шинжилгээ цаашид хийлгэх зардал гэж нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэх гэсэн баримтын “гүйлгээний утга” хэсэгт “хамрын хагалгаа”, “нийт дүн хэсэг”-т 3.200.000, “гүйлгээний утга” хэсэгт “шинжилгээ”, “нийт дүн 200.000” гэсэн дүн бичигдсэн, харин доод хэсэгт “нийт дүн” гэдэгт 344.000 төгрөг гэсэн, “мөнгөний дүн” гэсэн хэсэгт өгүүлбэрээр  гурван зуун дөчин дөрвөн мянга гэж бичсэн байна. Энэхүү байдлаас үзэхэд нэхэмжлэхэд бичсэн тоон дүн өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий шаардлага хангахгүй баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх, уг зөрүүтэй, алдаатай дүнгээр хохирлыг тооцон гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хохирогч Б.Ш гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан цаашид гарах хор уршгийн зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Ж-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлөхдөө дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан нотлох баримт болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Б.Ж-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн; шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэх зэрэг гэмтлүүдийг учруулсан боловч хор уршгийг арилгаагүй, нөгөө талаас эрхэлсэн ажилгүй зэргийг тал бүрээс харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналыг өөрчлөх, хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул уг саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн биеийн байцаалт буюу хувийн мэдээллийг шалгаж түүнээс тодруулахад “0” ХХК-д нярав ажилтай гэх боловч энэ байгууллагад ажилладаг талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг эрхэлсэн тодорхой ажилтай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, цалин хөлс, орлого нь тодорхойгүй байх тул өөр төрлийн ялыг сонгож хэрэглэх боломжгүй гэж үзсэн.  

3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ж-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-г 500 (таван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

              6. Шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

              7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж-аас 388.900 (гурван зуун наян найман мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ш-д олгосугай.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Ш-ийн өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Ш нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

              11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ж нь  цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

              12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн  өмгөөлөгч гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ДОРЖСҮРЭН