Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Н.Г-ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын  20-ны өдөр хүлээн авч, 2017  оны 12 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Г

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 58 нас хүрч байна. Улсад 25 жил  7 сар ажилласан юм. Үүнээс 1975 оны 1 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдгийн зөрчилтэй болоод байна. Мөн тухайн үеийн хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж хөдөлмөрийн дэвтэрт овог зөрүүтэй бичигдсэн. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд Н.Г гэж байхад хөдөлмөрийн дэвтэрт Ц.Г гэж зөрүүтэй бичсэн байна. Иймд Ц.Г гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Н.Г болохыг тогтоож, 1975 оны 1 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Г  нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Г-ын хөдөлмөрийн дэвтэрт овог зөрүүтэй бичсэн, хөдөлмөрийн дэвтэрт тамга, тэмдгийн бөглөлтийн шаардлага хангахгүй  зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 339 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч С.А :“... Н.Г  нь 1975 оны 1 сараас 1992 оны 2 сар хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд малчинаар ажиллаж байсан юм. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан ба би мөн малчинаар ажиллаж байсан. Н.Г  нь адуу болон тэмээ малладаг байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Н :“... Би 1980 оны 7 сараас Дундговь аймгийн Өлзийт сумын АДХГЗ-ны санхүүгийн тасагт нягтлан бодогчоор ажилласан юм. Тэгэхэд Н.Г  нь Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Тагт бригадад тэмээ, адуу маллаж байсан. 1980 оны 7 сараас хойш 1992 оны 2 сар хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Бид нэг сумын хүмүүс учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ. Манай аав нэгдэлд адуучинаар ажиллаж байсан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.О : “...Н.Г д нь 1975 оноос 1992 оны 2 сар хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн Тагт бригадад тэмээ, адуу маллаж байсан. Би 1957 оноос тус нэгдэлд мал малласан хүн. Н.Г нь эхлээд тэмээ маллаж байгаад дараа нь адуу малласан...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 339 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд 1975 оны 1 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай Н.Г холбогдох тушаалыг гаргах боломжгүй байна. Нэгдлийн зөвлөлийн хуралдааны 1975, 1975, 1987 оны Н.Г  холбогдох тушаалыг эх баримтаас хуулбараар гаргаж хүргүүллээ....” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 08/614 дугаартай “Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэл нь 1956 оны 2 сарын 13-нд байгуулагдсан. 1992 оны 2 сарын 17-нд Хоёрдугаар таван жил ХК, 1994 оны 5 сарын 10-нд Мөнхрөх ББХК, 1996 оны 2 сарын 14-нд Гэсрээ ХХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан болно....” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1975 оны 3 сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоол, 1976 оны 2 сарын 25-ны өдрийн 01 тоот тогтоол /Ц.Г гэх/-ын хуулбар,

5.Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн даргын 1987 оны 4 сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Ц.Г-ийг 1987 оны 3 сарын 20-ны өдрөөс хоньчиноор томилон ажиллуулсугай” гэх тушаалын хуулбар,

6.Нэхэмжлэгчид 1981 оны 4 сарын 24-нд Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлээс олгосон 1981 оны 1 сараас 1990 оны 12 сар /бичилт дутуу/ хүртэл ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны 10 сарын 1-ний өдөр олгосон 1991 оны 1 сараас 1992 оны 12 сар хүртэл ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

7.Нэхэмжлэгчийн 1980 оны 2-12 саруудын хөдөлмөрийн хөлс олгох хүснэгтийн хуулбар,

8.Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 005/001780 дугаартай “эцэг:Д.Н, эх:Г.Ц” гэх лавлагаа баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар Н.Г  нь Ц.Г-д Хоёрдугаар таван жил нэглээс 1981 оны 4 сарын 24-нд, 1991 оны 10 сарын 1-нд тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд 1975 оны 1 сарын 1-нээс 1986 оны 3 сарын 1-нийг хүртэл, 1987 оны 3 сарын 20-ноос 1992 оны 2 сарын 17-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд, 1992 оны 2 сарын 17-ноос 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил ХК-д тус тус малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 3 сарын 1-нээс 1987 оны 3 сарын 20-ныг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ц.Г нь Ц.Г-д Хоёрдугаар таван жил нэглээс 1981 оны 4 сарын 24-нд, 1991 оны 10 сарын 1-нд тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Г нь 1975 оны 1 сарын 1-нээс 1986 оны 3 сарын 1-нийг хүртэл, 1987 оны 3 сарын 20-ноос 1992 оны 2 сарын 17-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдэлд, 1992 оны 2 сарын 17-ноос 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил ХК-д тус тус малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 3 сарын 1-нээс 1987 оны 3 сарын 20-ныг хүртэл хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.УРАНЧИМЭГ