Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 52

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ч.С-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 1  сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.С

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 57 нас хүрч байна. Улсад 35 жил ажилласан юм. Үүнээс 1983 оны 8 сарын 22-ноос 1986 оны 8 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт угаагчаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт шаардлага хангахгүй байна. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн 1983 оны 8 сарын 22-ноос 1986 оны 8 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт угаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.С  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.С-ийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт шаардлага хангахгүй байгаа, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1  сарын 9-ний өдрийн 25 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Л.Х :“... Би Ч.С  Говь-Алтай аймгаас шилжиж ирж байсныг нь  мэднэ. Ч.С  нь 1983 оны 8 сараас 1986 оны 8 сар хүртэл Дэлгэрцогт сумын Хүн эмнэлгийн салбарт угаагчаар ажиллаж байсан. Би тус эмнэлэгт няраваар ажиллаж байсан ба бид нэг салбарт хамт ажилладаг байсан юм. 1986 оны 8 сараас сургуульд явсан санагдаж байна....” гэх мэдүүлэг,

 Гэрч С.Э :“... Би Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Тэгэхэд 1983 онд Ч.С  нь угаагчаар орж ирсэн. Би энэ хүнийг ажилд орсноос нь хойш хэдхэн сар ажиллаад ажлаасаа гараад хөдөө гарч байсан. Ямар ч байсан Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт угаагчаар ажиллаж байсныг л мэднэ. Миний мэдэхийн 2-3 жил ажилласан санагдаж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.А : “...Ч.С  нь 1983 оны 8 сараас 1986 оны 8 сар хүртэл Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт угаагч, асрагчаар ажиллаж байсан. Үндсэн ажил нь бол угаагч, хааяа асрагчаар ээлжинд гардаг байсан юм. Би тухайн үед тус эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Бид хамт нэг байгууллагад ажиллаж байсан юм....” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 9-ний өдрийн 25 дугаартай “Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт 1983 оны 8 сарын 22-ноос 1986 оны 8 сарын 20-ныг хүртэл угаагчаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа тул Ч  овогтой С-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна....” гэх тодорхойлолт,

3.Нэхэмжлэгчид 1980 оны 6 сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тээврийн удирдах газрын захиргаанаас олгосон “Дундговь амйгийн Дэлгэрцогт сумын Хүн эмнэлгийн 1983 оны 8 сарын 22-ны өдрийн 52-р тушаалаар 1983 оны 8 сарын 22-ноос Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт угаагчаар авч ажиллуулав”, 1986 оны 8 сарын 20-ны өдрийн 68-р тушаалаар 1986 оны 8 сарын 20-ноос угаагчийн ажлаас чөлөөлөв” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

4.Нэхэмжлэгчид Дундговь аймгийнДэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 сарын 11-ний өдрийн 3/14 дугаартай албан бичгээр олгосон 1984 оны 8, 10, 11, 12 саруудын цалин тооцооны хүснэгтийн хуулбар,

5.Нэхэмжлэгч Ч.С-ийн 518763 дугаартай 1982 оны 1 сараас 1991 оны 4 сарын цалин, татварын бичилт бүхий Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар Ч.С-ийн 1983 оны 8 сарын 22-ноос 1986 оны 8 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт угаагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.С нь 1983 оны 8 сарын 22-ноос 1986 оны 8 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүн эмнэлэгт угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ