Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/964

 

           

 

 

 

 

      2018           11            07                                        964

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э,

улсын яллагч С.Мөнхтулга (томилолтоор),

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Урианхай овогт Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0326 61036 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Т.Б нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны автобусны буудлын эцэс дээр иргэн Д.Б-ыг “хүчин Бааяа” гэж удаа дараа дуудаж доромжиллоо гэдгээс болж түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Б......дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр танил болох Ч гэдэг хүнтэй хоёр шил 0.5 литрийн архи хувааж уучихаад 17 цагийн орчим гэр рүүгээ харих санаатай Зүүн салааны хуучин эцсийн буудал дээр явж байсан. Тухайн үед Чулуундорж намайг унаанд суулгах гээд хамт явж байсан бөгөөд бид хоёр явж байхдаа Т.Б гэх залууг хараад тэр залууг дуудахдаа хочоор нь болох “хүчин бааяа” гээд дуудтал Т.Б над дээр явж ирээд “чи юу гээд байгаа юм бэ” гээд шууд хоолой боогоод авахаар нь би нүүр рүү нь гараараа цохитол намайг Т.Б шууд унагаасан. Тэгээд Т.Б миний дээр гарч суугаад гараараа дандаа нүүр рүү цохиод байсан...миний хамарнаас цус гарсан. Тэгээд Т.Б миний дээрээс босоод шууд нуруу руу 4-5 удаа өшиглөснөө яваад өгсөн. Тэгээд би бостол миний дух хагарчихсан цус гарчихсан, хамарнаас бас цус гарчихсан байсан...тэгээд тухайн өдрөө эмнэлэгт үзүүлчихээд духандаа 4-5 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

2. Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад Д.Б манай гэрт ирээд өчигдөр зүүн салааны хуучин эцэс дээр “Бааяа” гэх хүнд зодуулсан гэж ярьж байсан...би тасарчихсан байсан болохоор Д.Б нь хүнд зодуулж байсан асуудлын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13)

3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Б зүүн салааны хуучин эцэс дээр уулзаад байж байтал нэг хүн замын цаанаас дуудсан чинь Т.Б зам гараад нөгөө хүн рүү явчихсан. Тэгээд би араас нь зам гарах гэж байтал Т.Б нөгөө хүнтэй зууралдаад барьцалдаад авсан...нөгөө Т.Б-ийг дуудсан хүн газар уначихсан байснаа босоод ирсэн нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8364 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Духны дунд хэсэг зүүн хөмсөгний дотор хэсэгт 2.8х0.2см оёдол тавигдсан шархтай, шарханд боолт хийгдсэн, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний зовхины дотор булан хэсгээр хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, бүсэлхий баруун хажуу хэсэгт 17х0.3см, нурууны дунд хэсэгт 4х2см, 8х2см, нурууны зүүн дунд хэсэгт 5х0.5см, цээжний зүүн хажуу доод хэсэгт 7х1см, баруун бугалганы дотор доод хэсэг болон шууны дээд хэсэг рүү орсон 17х1см хүрэн улаан өнгийн тав бүхий зулгаралттай, баруун бугалганы дотор доод хэсэгт 8х1.5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.

-2018.07.04-ний өдрийн Толгойн компьютер томографийн шинжилгээнд: ...Зүүн талын нүдний ухархайн дотор хана 2,3 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндийрүү 0.5см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугаралтай...Хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн шинэ хуучин хавсарсан хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч баруун тийш мурийлттай...баруун талын хөхлөгийн хөндийн бага хэмжээний шингэнтэй, агааржилт буурсан склероз өөрчлөлттэй...Дух, зүүн нүд болон хамар орчмын зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. Д.Б биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд шарх, дух, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруу, цээж, баруун бугалга, шуунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.5 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

5. Шинжээч эмч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэгдсэн байх боломжтой...бүсэлхий, нуруу, цээж, баруун бугалга, шуунд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин хамар ясны далд хугарал, хамрын ясны далд хугарал, духанд шарх, дух баруун зүүн нүдний зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...дээрх гэмтлүүд нь ямар зүйл дээр унахаас хамаарч уналтаас үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31)

6. Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд...би хүнтэй уулзах гээд Зүүн салааны автобусны буудал дээр явж байтал миний өмнө нь зүс мэдэх Д.Б-д Ч гэх хүнтэй согтуу явж тааралдсан. Тэгэхдээ Д.Б замын цаана явж байсан бөгөөд намайг замын цаанаас харчихаад хөөе “Хүчин Бааяа” наашаа хүрээд ир гэхээр нь би зам гараад очоод заамдаад автал намайг ямар ч үгийн зөрүүгүй шууд шанаа руу цохихоор нь би зөрүүлээд зүүн хөмсөг руу нь гараараа нэг удаа цохингуут хөмсөгнөөс нь ямар ч байсан цус гарч харагдсан...Д.Б-ын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд шарх, дух, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруу, цээж, баруун бугалга, шуунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан...би Д.Б-ын хохирлын нэхэмжилсэн 150.000 төгрөгийг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-69),

7. Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 35),

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 37), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 39), хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 70), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 49-54) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Т.Б нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны хуучин эцсийн буудлын орчим, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим найз Б.Б-той уулзаад зогсож байсан байна. Гэтэл тухайн газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан Д.Б, Б.Ч нар нь хамт явсан байх бөгөөд улмаар Д.Б нь Т.Б-ийг замын эсрэг талд зогсож байхыг хараад дуудахдаа түүнийг “хүчин бааяа” хэмээн дууджээ.  Ийнхүү дуудсанд шүүгдэгч Т.Б нь уурлан “хүчин бааяа” гэж дуудлаа гэх сэдэлтээр замын эсрэг талд зогсож буй Д.Б дээр очин түүний энгэрээс заамдахад тэрээр шүүгдэгчийг эхэлж нүүр лүү нь цохисон шалтгаан нөхцөлийн улмаас хохирогчийн бие махбодид шууд санаатай үйлдлээр халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр танил болох Ч гэдэг хүнтэй хоёр шил 0.5 литрийн архи хувааж уучихаад 17 цагийн орчим гэр рүүгээ харих санаатай Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн салааны хуучин эцсийн буудал дээр явж байсан. Тухайн үед...бид хоёр явж байхдаа Т.Б гэх залууг хараад тэр залууг дуудахдаа би...“хүчин бааяа” гээд дуудсан. Тэгтэл Т.Б над дээр явж ирээд “чи юу гээд байгаа юм бэ” гээд шууд хоолой боогоод авахаар нь би нүүр рүү нь гараараа цохитол намайг Т.Б шууд унагаан...миний дээр гарч суугаад гараараа дандаа нүүр рүү цохиод байсан...миний хамарнаас цус гарсан. Тэгээд Т.Б миний дээрээс босоод шууд нуруу руу 4-5 удаа өшиглөснөө яваад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

- Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Б манай гэрт ирээд өчигдөр зүүн салааны хуучин эцэс дээр “Бааяа” гэх хүнд зодуулсан гэж ярьж байсан...би тасарчихсан байсан болохоор Д.Б нь хүнд зодуулж байсан асуудлын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13)

- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Б-тэй зүүн салааны хуучин эцэс дээр уулзаад байж байтал нэг хүн замын цаанаас дуудсан чинь Т.Б зам гараад нөгөө хүн рүү явчихсан. Тэгээд би араас нь зам гарах гэж байтал Т.Б нөгөө хүнтэй зууралдаад барьцалдаад авсан...нөгөө Т.Б-ийг дуудсан хүн газар уначихсан байснаа босоод ирсэн нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

- Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хүнтэй уулзах гээд Зүүн салааны автобусны буудал дээр явж байтал миний өмнө нь зүс мэдэх Д.Б, Ч гэх хүнтэй согтуу явж тааралдсан. Тэгтэл Д.Б ...замын цаанаас харчихаад хөөе “Хүчин Бааяа” наашаа хүрээд ир гэхээр нь би зам гараад очоод заамдаад автал намайг ямар ч үгийн зөрүүгүй шууд шанаа руу цохихоор нь би зөрүүлээд...гараараа нэг удаа цохингуут хөмсөгнөөс нь ямар ч байсан цус гарч харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-69),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8364 дугаар дүгнэлт “...1. Д.Б-ын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, духанд шарх, дух, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруу, цээж, баруун бугалга, шуунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч, нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Б нь хууль зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “хүчин бааяа” гэж дуудлаа гэх сэдэлтээр, хохирогч Д.Б-ыг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б нь хохирогч ...Д.Б-ыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Т.Б-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь эмчилгээний зардалд баримтаар 150.000 (хавтаст хэргийн 23-24) нэхэмжилсэн боловч шүүгдэгч Т.Б нь хохирогчид 150.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 69-71) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Т.Б нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0326 61036 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. У овогт Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ