| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0296/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/292 |
| Огноо | 2022-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/292
2022 04 18 2022/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Ч.Т,
шүүгдэгч Ц.”Э” нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:Б овогт Ц-ний “Э”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110020770330 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр У аймгийн М суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Тракторын жолооч мэргэжилтэй, “Т” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл-0, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Зүүн нарангийн 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 1900 оны 000 дүгээр сарын 24-ний өдрийн 94-А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдэж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан.
Б овогт Ц-ний “Э” (РД:).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:
Яллагдагч Ц.”Э” нь 2000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 20-706 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.”Б”ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.”Э”оос: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хоёр: Эрүүгийн 211002077 0330 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
2. Хүний биед 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
3. Хохирогч Ч.”Б”ын мөрдөн шалгах ажиллагаанд:
-000 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...000 оны 10 дугаар сарын 21-нд аавын төрсөн дүү “П” бас нэг танихгүй хүнтэй гэрт ирж архи уусан. 22 цаг өнгөрч байхад тэр ахтай явлаа гэж гараад 00 цаг өнгөрч байхад буцаж ирэхээр нь би зөрж гараад нойл ороод ирэхэд намайг зодож үснээс чирч хоолой дээр дарж, бүх бие рүү цохиж, хамаг бие хөх няц болгосон. Өглөө нь хүргэн ахаа дуудаж нөгөө хүнээ олж ир гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
-2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Би тогооч нарын баяр гээд гадуур ажлынхаа хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэртээ согтууруулах ундаа хэрэглээгүй. Манай ээж “Д”, аавын төрсөн дүү болох “П” эгч, нөхөр “С” болон 10 настай Ариунхүсэл хүүхдийн хамт ирсэн байсан. “С”ын найз болох “Э”, манай 11 настай “Н”, 6 настай “А”нар байсан. “Э” миний үснээс зулгаагаад гэрийн үүднээс баруун талын хашааны хажууд байсан машин хүртэл ойролцоогоор 10 гаран метр газар чирсэн. Тэгээд дээр гараад хоолойг гараараа боогоод, нөгөө гараараа миний зүүн баруун гарын булчин хэсэг, цээж хэсгүүдэд цохиод байсан, хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Миний баруун хөлийн гуяны ар хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, хөлөөрөө хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Тэр үед би нэг удаа ээжээ гэж хашхирсан, шоконд орсон байсан учир дахиж миний хоолой гарахгүй байсан. Тэгсэн манай хоёр хүүхэд, “П” эгчийн хүүхэд тэр гурав гарч ирээд буцаад орсон. Удалгүй миний ээж “Д” гэрээс гарч ирээд “Э”ыг надаас салгасан. Би гэрт ороод байж байхад араас “Э” орж ирсэн. Ээж, “Э” хоёр хоорондоо хэрүүл хийгээд байсан. Тэгснээ “Э” цай уучхаад савтай байсан цайг шидэж асгачхаад гараад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
-2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Ц.”Э” миний үснээс зулгаагаад доош дарахад би газар унасан. Намайг 10 гаран метр газар чирсэн, миний өмднөөс татаад байсан, тэр үйлдлийг нь би намайг хүчиндэх гэж байна гэж бодсон. Тэрнээс Ц.”Э” миний өмдийг тайлж намайг хүчиндэхийг завдсан үйлдэл хийгээгүй. Ц.”Э” гэх хүн намайг үсдэж доош дарж газар унагаагаад газар чирээд баруун гарынхаа шуу хэсгээр миний хоолойн дээр дарж боогоод зүүн талын гараараа миний зүүн, баруун гарын булчин хэсэг, цээж хэсгүүдэд цохиод байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Миний баруун талын гуя хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Аль хөлөөрөө өшиглөснийг нь мэдэхгүй. Дээрх гэмтлүүдийг Ц.”Э” учруулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),
-2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “....Ц.”Э” надад 300,000 төгрөг өгсөн. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал),
4. Гэрч Н.”С”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “....000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Э”ын хамт эхнэр “П” дээр очихоор “Д” эгчийн гэрт 21 цагийн үед очсон. “Э” бид хоёрыг очиход “Б”, “Д”, “П” гурав Хараа нэртэй 0,5 литрийн нэг шил архи хувааж ууж байсан. “Э” бид хоёр хамт архи хувааж уусан. “Д” дэлгүүр явж Хараа нэртэй 0,5 литрийн 2 шил архи авч ирсэн. Тэр архинаас “Б”, “Э”, “Д”, “П” бид тав хувааж уусан. “Д” “Б”ыг чи одоо унтаж амар арай их архи уулаа гэж хэлсэн чинь “Б” танд ямар хамаатай юм гэж хэлээд “Д”, “Б” хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд, хоорондоо зодолдсон. “Б” “Д”ын үснээс нь хоёр гараараа зулгаагаад авахаар нь “Д” зүүн гараараа “Б”ын үснээс нь татаад баруун гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь 1 удаа цохихоор нь би дундуур нь орж салгасан. Тэгээд “Д” эгч “Э” бид хоёрыг зайл яв гээд давс, ус цацахаар нь “Э” бид хоёр гараад явсан. “Э” гарч ирчхээд би утсаа орхичихсон байна гар утсаа авч байж явна гэж хэлээд буцаад “Д” эгчийнх рүү орсон би Болдбаатар ахынд очоод хоносон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
5. Гэрч Б.”П”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр өгсөн: “...Би 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр 00 настай төрсөн хүү “А”ын хамт бэр эгч “Д”ын гэрт очиж, тэндээ хоносон. 000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...12 цагийн үед “Б”, “Д” бид гурав Хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архи, Хараа нэртэй 0,5 литрийн 2 шил архи хувааж уусан. Сүүлийн 0,5 литрийн 1 шил архийг хувааж ууж байхад 21 цагийн үед “С”, “Э” хоёр хүрч ирсэн. “Б”, “Д”, “С”, “Э” бид тав тухайн 1 шил архийг хувааж ууж дуусгаад би дэлгүүр явж Хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архи авч ирсэн. Тэр архинаас “Б”, “С”, “Э”, “Д” тэр дөрөв хувааж ууж байсан. Би нэлээн согтоод тасраад унтаад өгсөн маргааш нь “Б” ярьж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),
6. Гэрч Г.”Д”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...000 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хадам дүү “П” нөхөр “С” хүүхдийн хамт манайд ирсэн. Маргааш нь гэрээ буулгаж янзалсан. “С” хүүхдийнхээ хамт гэртээ харилаа гээд явсан. “Б” ажлаа тараад 18 цаг өнгөрөөд гэрт ирсэн. Би “Б”аас мөнгө аваад дэлгүүр орж 1 шил архи авсан. Орой 21 цаг өнгөрч байхад “С” найз “Э”ын хамт манайд согтуу ирсэн. “С”, “Э”, “П”, “Д” бид дөрөв хувааж уусан. Би “С”, “Э” нарыг одоо яв зайл гэж хөөсөн. “Э” орж ирэхдээ гар утсаа манай зээ охин “Н”д өгсөн юм гарахдаа гар утсаа аваад гарсан. Би “Э”, “С” хоёрыг гэрээс гаргаад хашааны хаалга цоожилчхоод орж ирээд гэрийн зүүн талын орон дээр унтсан. Нэг мэдсэн “Н” намайг дуудаад, эмээ ээжийг гадаа нэг хүн цохиод байна гэж хэлэхээр нь би гараад очтол “Э”, “Б”ын хоолойг нь баруун гараараа боочихсон машины хамар дээр унагаасан зогсож байсан. Би “Э”ыг “Б”аас салгахад “Б” гэр лүүгээ гүйгээд орсон. ...Би гэрт ороход “Б” надад миний толгой өвдөөд байна гэж цаасан дээр бичээд өгөхөөр нь би чиний хэл чинь яав гэж асуусан чинь “Б” ярьж чадахгүй байна гэж бичсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),
7. Насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Хамаатны ах, эгч болох “С”, “П” нар хүү “А”ын хамт манай гэрт 000 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирж хоносон. 000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...ээж ажлаа тараад ирсэн. “Д” эмээ ээжийг “С” ах чинь ирж байгаа нэг шил архи, тамхи аваад өгчих гэж хэлсэн. Ээж эмээд мөнгө өгсөн. Эмээ дэлгүүр яваад 1 шил архи авчирсан. Орой 21 цагийн үед “С” ах хүү “А” болон нэг танихгүй хүний хамт ирсэн. “С” ах, “П”, “Д” эмээ, “С” ахтай хамт ирсэн танихгүй ах тэр хэд “Д” эмээгийн дэлгүүрээс авсан 1 шил архийг хувааж уусан. Танихгүй ах надад гар утсаа өгөх гэхэд эмээ надад хандан наад утас чинь хулгайн утас байж магадгүй гэж хэлэхээр нь би авахгүй гэхэд ав ав гээд байхаар нь би аваад толины урд тавьсан. Тэгсэн эмээ “С” ах нөгөө танихгүй ах хоёрыг одоо яв би гэртээ танихгүй хүн хонуулахгүй яв гээд хөөсөн. Нөгөө танихгүй ах би гар утсаа аваад явъя гэж хэлэхээр нь би толины урдаас аваад өөрт нь өгсөн. Тэгэхэд нөгөө танихгүй ах “С” ах хоёр гэрээс гараад явсан. Танихгүй ах гар утсаа газар шидээд эвдээд аваад явсан. Орой унтах гээд хэвтэж байхад гадна хашааны хаалгыг цохиод байгаа юм шиг дуу гарахаар нь ээж “Б” намайг дуудаад хамт гарчхаад ирье гэж хэлэхээр нь би миний нойр хүрээд байна гэж хэлэхэд ээж ганцаараа гарсан. Удалгүй гадаа эрэгтэй хүн алнаа гээд орилоод байсан. Тэгснээ чимээгүй болохоор нь би “А”ыг хамт гарчхаад ирье гэж хэлээд “А”тай хамт гарахад гэрийн баруун талд байсан машины хамар дээр нэг эрэгтэй хүн ээжийн хоолойг нь боосон байдалтай зогсож байхаар нь би эмээг дуудаад ээжийг гадаа танихгүй эрэгтэй хүн хоолойг нь боогоод байна гэж хэлсэн. Эмээ босоод гадаа гарсан. Удалгүй ээж орж ирсэн. Эмээ гадаа байгаа хүнтэй хэрүүл хийгээд яв гээд хөөгөөд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),
8. Гэрч Б.”С”гын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Ч.”Б” их дуу муутай хүн байдаг. 000 оны 09 дүгээр сарын 01- ний өдөр Быстро ресторанд ажилд орсон болохоор Ч.”Б”тай сайн танилцаж амжаагүй. 000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ч.”Б” ажиллаагүй амрах ёстой өдөр нь байсан болохоор амарсан. Дэлхийн тогооч нарын баярын өдөр нь 10 дугаар сарын 20-ны өдөр болдог. 000 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ч.”Б” бид хоёр хамт ажилласан. ...Халаад, өмд, хормогчтой ажилладаг учраас нүүрнээс бусад газар нь харагдахгүй учир биед нь ил харагдах гэмтэл, шарх байсныг нь мэдэхгүй, нүүр нь зүгээр байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 0000 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
-Ч.”Б”ын биед тархи доргилт, гуя, бугалага, дал, тохой, мөрөнд зулгаралт, цус хуралтууд, сэтгэл зүйн шалтгаант дуу авиагүйдэл гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
-Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Сэтгэл зүйн шалтгаант дуу авиагүйдэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
-Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
10. Шинжээч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр өгсөн: “...”Б”ын биед учирсан тархи доргилт, сэтгэл зүйн шалтгаант дуу авиагүйдэл гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, сэтгэл зүйн шалтгаант дуу авиагүйдэл нь сэтгэл зүйн цочролоос үүснэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
11. Хохирогч Ч.”Б”ын КТГ-ын шинжилгээ, Эрүүл мэндийн дэвтэр, Яаралтай түргэн тусламжийн хуудас зэрэг баримтуудын хуулбар (хавтаст хэргийн 21-25 дахь тал),
12. Яллагдагч Ц.”Э”ын мөрдөн шалгах ажиллагаанд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр өгсөн: “...Би 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэртээ байж байгаад 18 цагийн үед найз “С”ын гэрт нь очиход “С” хүүхдийнхээ хамт байж байсан надад 0.33л хараа гэ нэртэй нэг шил архи дэлгүүрээс авч өгөөд “С” бид хоёр гэрт нь хувааж уусан. Архи ууж дуусчхаад “С” манай эхнэрийг нисэхээс аваад ирье гээд бид хоёр хамт нисэх рүү явсан. “Д” гэх айлынд 00 цагийн үед очиход “С”ын эхнэр “П”, “Д”, “Б” түүний хоёр хүүхэд байсан. “П”, “Д”, “Б” нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. “П” хүнсний дэлгүүр явж 0.5л хараа нэртэй 1 шил архи авчраад “С”, “Д”, “П”, “Б” бид тав хувааж уусан. “Б”ын хэл нь татаад юм дуугарч чадахгүй болчихоор нь би “Д”т хандан танай охин яачих гэхэд “Д” “Б”ыг одоо наад архиа боль гэж хэлчхээд “С” бид хоёрыг хөөсөн. “С” хамаатныхаа айлд очиж хононо гээд бид хоёр хамт гараад би гар утсаа мартсан байна. Гар утсаа авч байж явна гэж хэлээд буцаж “Д”ынх руу ороход хашаан дотор “Б” явж байхаар нь би үснээс нь баруун гараараа зулгаагаад газар унагаж ноцолдсон тэгж байхад “Д” гарч ирээд бид хоёрыг салгаад “Б”ыг аваад гэр рүүгээ орсон бөгөөд би шууд харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),
13. Хохирогч Ч.”Б”ын гомдол, саналгүй гэх тэмдэглэл (хавтас хэргийн 93 дахь тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч Ц.”Э”ын хүсэлт (хавтаст хэргийн 94 дэх тал), Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ял тохиролцсон санал (хавтаст хэргийн 96-98 дахь тал),
14.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 44-46, 87-89 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад яллагдагчийн гаргасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.”Э”ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар буюу гэм бурууд маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.”Э” нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б 00-00 тоотод 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр согтуурсан үедээ иргэн Ч.”Б”ыг шалтгаангүйгээр үснээс нь зулгаах, газар чирч явах, өшиглөх, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж зодож бие, эрүүл мэндэд нь тархи доргилт, гуя, бугалага, дал, тохой, мөрөнд зулгаралт, цус хуралтууд, сэтгэл зүйн шалтгаант дуу авиагүйдэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэмт хэргийн талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
-Хүний биед 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
-Хохирогч Ч.”Б”ын мөрдөн шалгах ажиллагаанд 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр өгсөн (хавтаст хэргийн 13-14 дэх тал), 2022 оны 00 дугаар сарын 00-ний өдөр өгсөн (хавтаст хэргийн 54 дэх тал), 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн (хавтаст хэргийн 56 дахь тал), 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 58 дахь тал),
-Гэрч Н.”С”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
-Гэрч Б.”П”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),
-Гэрч Г.”Д”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал),
-Насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),
-Гэрч Б.”С”гын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
-Яллагдагч Ц.”Э”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 0000 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
-Хохирогч Ч.”Б”ын КТГ-ын шинжилгээ, Эрүүл мэндийн дэвтэр, Яаралтай түргэн тусламжийн хуудас зэрэг баримтуудын хуулбар (хавтаст хэргийн 21-25 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах шинжээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.”Э” нь тухайн үед үүссэн үл ойлголцол, согтуурлын улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.
Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.”Э”ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.”Б”ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч хор уршгийн зардлыг нэхэмжилж:
-000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн с-ний 48.510 төгрөг, 000 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Н,А” эмийн сангаас авсан эмийн үнэ 15.270 төгрөг, Авто зогсоол 1.000 төгрөг, 1000 төгрөг, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Лазер мед эмнэлгийн төлбөр 100.000 төгрөг, 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн “А” лабораторид төлсөн төлбөр 30.000 төгрөг, 000 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А сүлжээ эмийн сангаас авсан эмийн үнэ 33.040 төгрөг, 000 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзлэгийн 24.000 төгрөг, нийт 152.820 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь гомдол саналгүй, 1.300.000 төгрөгийг хохирлыг хүлээн авсан талаарх хүсэлтийг бичгээр (хавтаст хэргийн 93 дахь тал), мөн Хаан банканд Ч.”Б”ын эзэмшдэг 00000000000 тоот дансанд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр 1.100.000 төгрөг шилжүүлсэн тухай санхүүгийн баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.”Э”од оногдуулах ялын саналыг танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч Ц.”Э”ын хувийн байдлыг судалсан нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэгдэж байсан шүүхийн шийдвэр зэргээр урьд хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдэж, хорих ялыг эдэлж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эдлээгүй үлдсэн 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдаж, уг ялын хугацаа дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч Ц.”Э” нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч Ц.”Э”од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бн овогт Ц-ийн “Э”ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц-ий “Э”ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.”Э”од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.”Э”од торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.”Э”од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Ц.”Э”од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.”Э”ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.”Э”ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН