Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/682

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Т.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808016400396 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн мэргэжилтэй, “Б ХХК-д автын засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Х-гийн М /РД:****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Х.М нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамж, ** тоот хашааны гадна Т.А-ын толгойн тус газарт алхаар цохиж эрүүл мэндэд “Гавлын зулай ясны баруун талд титэм заадас дайрсан цөмөрсөн ил хугарал, зулайн баруун хэсгийн хуйханд няцарсан шарх“ бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 500.000 төгрөг өгсөн. Хохирогчоос уучлалт гуйя. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан. Миний биеийн байдал сайн байгаа, хагалгаа хийлгэх шаардлагагүй болсон. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 1808016400396 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.Аын: “...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эхнэр над уруу залгаад хүүхэд өвдчихсөн, мөнгө хэрэгтэй байна, мөнгө шилжүүлчих гэж хэлсэн. Дүү Х.М залгаад та ажлаа тараад манай гэрт хүрээд ирээч гэхээр нь орой 22 цагийн орчим очсон. Яваад орсон чинь Т.Б нь чи энд юу хийж явж байгаа юм бэ” гээд бараг зайл гэж хэлэхээр нь мөнгөө өгчихөөд гараад ирсэн чинь миний араас Х.М гарч ирээд гараас татаад зогсож бай, та хоёр талд амьдарч байхаар энэ асуудлаа нэг тийш нь шийд л дээ” гэхээр нь би энэ хүнтэй яриад байх зүйл алга гэхэд гар утсаар яриад Бийг дуудаж гаргаж ирсэн. Би машинд суусан чинь Х.М хаалга онгойлгоод гараад ир гэхээр нь гараад ирсэн чинь намайг заамдаж аваад “чамайг алчихъя гэхээр нь чи намайг алдаг болчихсон юм уу гээд зууралдаж байсан чинь намайг мангасдаад авахаар би зөрүүлээд мангасдахад гартаа барьсан алхаараа баруун чамархайн дээд хэсэгт нэг удаа цохисон. Миний ууц өгзөг орчим алхаараа цохисон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Гэрч Н.Т-гийн: “...А ирээд удаагүй гараад явчихсан. Араас нь Х.М гараад уулзсан юм шиг байгаа юм. Яг юу ярьж маргалдсан талаар мадэхгүй байна. Тэгээд гадаа чимээ гараад, хүний дуу чангараад байсан. Манай охин орж ирээд А Мтай зодолдоод байна гэж надад хэлсэн. Тэгээд нэг их удаагүй Х.М орж ирээд эхнэрээ дагуулаад гэртээ харина гээд яваад өгсөн юм. Надад өөр мэдэж байгаа зүйл алга байна. Би хашаанаас болон гэрээс ямар нэгэн алх олж харсан зүйл байхгүй. Манай гэрт байдаг том алх хүн олох арга байхгүй газар байгаа” гэх мэдүүлэг /хх-15-17/,

Гэрч Л.Ш-ийн: “...22 цагийн орчим А ирээд хоёр хүүхдэдээ тортой хүнсний зүйл өгөөд Х.М, А ах хоёр гэрээс гараад явсан. Удалгүй Б араас нь гараад удаагүй Х.М орж ирэхдээ өмсөж явсан футволк нь урагдчихсан байдалтай орж ирэхээр юу болсон талаар асуусан чинь А ахтай зодолдсон гэж байсан. Гаднаас орж ирэхдээ зодолдсон нь илт байсан. Тэгээд ...М бид хоёр гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-18-19/,

Гэрч Ц.Б-ийн: “...Манай найз Т.А 22 цагийн орчим манай гэрээс намайг аваад манай хүүхэд өвдчихсөн байна, хамт очоод эм тарианы мөнгө өгье” гээд бид хоёр гарсан. Т.Аын хадмын гадна ирээд Т.А орчихоод удаагүй гараад ирсэн. Эхнэрийн дүү гэх залуу хамт гарч ирээд тэр хоёр уулзаад байсан. Яриаг нь сонсоход энэ амьдралаа шийд, хоёр хүүхдээ яах гээд байгаа юм бэ гэх зэргээр яриад зогсож байхад Б гарч ирээд Аыг зайл гэх зэргээр маргалдаж эхэлсэн. М нь Атой зууралдаж байгаад жижиг алхаар толгой орчим нь нэг удаа цохисон, газар уначихсан байхад нь нуруу орчим нь цохисон. Би Аыг машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-21/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.05-ны өдрийн 4190 дүгээр  шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.А-н биед гавлын зулайн ясны баруун талд титэм заадас дайрсан цөмөрсөн ил хугарал, зулайн баруун хэсгийн хуйханд няцарсан шарх, тархи доргилт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6.Гэмтлийн ... журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-25/,

Шүүгдэгч Х.М-ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ...ээж Т залгаад эгч Бийн хүүхэд хатгаа авчихсан юм шиг байна. Хүүхдүүдийн аав А уруу залгаж хүүхэд чинь өвдчихсөн байна, ирж эм тариа авч өг гээд хэлчих гэхээр нь би залгаад хэлсэн. ...Орой 22 цагийн орчим Т.А ирээд тортой хүнсний зүйл, мөнгө өгсөн гэж байсан. Бид хоёр хашаан дотор тамхи татаж байгаад Т.А ахад хандаж одоо эгчтэй учраа ол оо, хоёр хүүхдээ бод” гэж хэлээд эгч Бийг гар утсаар дуудаад эгч гараад ирсэн чинь тэр хоёр хоорондоо учраа олохгүй шууд маргалдаад эхэлсэн. Маргалдаж байгаа үгэн дотроо манай ээж Тг ганц бие үлдсэн гэх зэргээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд А ахыг барьж авахад намайг зөрүүлээд бариад авсан. Би өөрийн машиндаа юм хийж байсан жижиг гагнуур хийдэг алх машины хажуу талд тавьчихсан байсныг аваад уурандаа А ахын толгойны оройн баруун хэсэгт нэг удаа цохичихсон. Тэгээд А ахтай хамт явж байсан ах нь салгаад машиндаа суулгаад аваад явчихсан. Би шууд ээжийн гэрт ороод эхнэр Ш-ийг дагуулаад гэртээ харьсан. Би А ахын толгойг цохисон жижиг алхаа хашааны гадаа газар хаячихсан. Би тухайн үедээ сандраад балмагдаад хаана хаяснаа санахгүй байгаа. Би А ахын толгойн тус газар алхаар цохиж биед нь хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-59-61/,

шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/, “Боса констракшн” ХХК-ийн тодорхойлолт /хх-38/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-39-46/, хохирогчийн гаргасан хүсэлт /хх-64/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.М нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 32 дугаар гудамж, 34 тоот хашааны гадна иргэн Т.Атой маргалдан толгойн тус газар алхаар цохиж эрүүл мэндэд “Гавлын зулай ясны баруун талд титэм заадас дайрсан цөмөрсөн ил хугарал, зулайн баруун хэсгийн хуйханд няцарсан шарх“ бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Аын “...Гартаа барьж байсан алхаараа миний баруун чамархайн дээд хэсэгт нэг удаа, унасны дараа ууц, өгзөг орчим нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-12-13/, гэрч Ц.Тгийн “...Манай охин орж ирээд А Мтай зодолдоод байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-16/, гэрч Л.Шийн “...удаагүй Х.М орж ирэхдээ футволк нь урагдчихсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь А ахтай зодолдсон гэж байсан. Гаднаас орж ирэхдээ зодолдсон нь илт байсан...” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Ц.Бийн “...М нь Атой зууралдаж байгаад жижиг алхаар толгой орчим нэг удаа цохисон. Газар уначихсан байхад нь нуруу орчим цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-21/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4190 дүгээр “1. Т.А-н биед гавлын зулайн ясны баруун талд титэм заадас дайрсан цөмөрсөн ил хугарал, зулайн баруун хэсгийн хуйханд няцарсан шарх, тархи доргилт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...6. Гэмтлийн ... журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-25/, яллагдагч Х.Мын “...Бид хоёр зууралдаж би гагнуур хийдэг алх машины хажуу талд байсныг аваад уурандаа А ахын толгойны оройн баруун хэсэгт алхаар нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-60-61/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогчийн биед гэмтэл учруулахад хэрэглэсэн “гагнуурын алх” нь зэвсэг гэх ойлголтод хамаарахгүй бөгөөд Х.М нь хүний биед гэмтэл учруулах зорилгоор тухайн эд зүйлийг тусгайлан бэлтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй хэмээн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 601 дүгээр магадлалд дурдсаныг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд “Эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-64/-үүдийг тус тус үндэслэн шүүгдэгч Х.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Х.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хохирогчийг эргэж тойрч байсан, байнга санаа тавьж тусалж дэмжиж байсныг нь харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Х.Мд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.М урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Х-ийн Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.М урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                    

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР